Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2024/ДШМ/278

 

 

 

 

 

 

  2024            3              5                                          2024/ДШМ/278

                                   

А.Мид холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар  даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Ганбаатар,

нарийн бичгийн дарга  Б.Соёлмаа нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 2023/ШЗ/444 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Аянагүлийн бичсэн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай эсэргүүцлээр А.Мид холбогдох 2307000000332 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Найман овгийн А.М, 2000 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, эрэгтэй, 23 настай, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Сейф арматур” ХХК-д туслах ажилтай ажилтай, ам бүл, эцэг, эх, дүү нарын хамт .......................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:................................../;

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 4 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн.

Шүүгдэгч А.М нь 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 11 дүгээр сарын 2-ны өдрийн хооронд Налайх дүүргийн 3 дугаар хороо, Нарангийн 28 дугаар гудамжны 600 тоот гэртээ өөрийн Самсунг А7 загварын гар утсан дахь цахим тоглоомын “покер” аппликейшныг ашиглан, ашиг олох зорилгоор, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй “No time cash 100%” гэсэн клуб нээн өөрийн эзэмшлийн Хаан банкны 5306469833 тоот, дүү Б.Ээзэмшлийн Хаан банкны 5749715592 тоот, найз Д.Дэзэмшлийн Хаан банк дахь 5779173822 тоот, найз Б.Бэзэмшлийн Хаан банкны 5779022035 тоот, эх Х.Нэзэмшлийн Хаан банк дахь 5759024411 тоот, найз А.Бэзэмшлийн Хаан банкны 5749313392 тоот дансыг тус тус ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: А.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  А.Мэд холбогдох эрүүгийн 2307000000332 дугаартай хэргийг Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүл нь шүүгдэгчийн өөрийн зүгээс гаргаж өгсөн банкны дансны хуулга /хх-59-129/-г үндэслэн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр яллах дүгнэлт үйлдсэн ба уг дансны хуулгыг хууль ёсны шаардлага хангасан хэлбэрээр хэрэгт хавсаргаагүй, түүнчлэн шүүгдэгч А.М нь нийт хэчнээн хүнд хэдэн төгрөгийн хохирол учруулсан нь тодорхойгүй, шүүгдэгч нь ...эх, дүү, найз нарын дансыг тус тус ашиглан... гэсэн атлаа
гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэр байгаа эсэхийг шалгаагүй, мэдүүлэг, дансны
хуулга зэргийг хуулийн дагуу авч бэхжүүлээгүй, нотлох баримтын шаардлага
хангаагүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр
зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Шүүх тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилго бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт уг хуулийн зорилтыг “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх...” гэж тодорхойлон заасан ба энэ зорилтыг хангах хүрээнд дээрх хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах,
цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж
хуульчлан тогтоосон. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтад
тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг
хөтөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм
буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэж эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго хангагддаг тул Эрүүгийн хуулийн ерөнхий
ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь
шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн
тодо
рхойлсон. Иймд А.Мид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2307000000332 дугаартай хэргийг Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцааж, шүүгдэгч А.Мунханмедид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт очтол хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Прокурор Д.Аянагүл бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүх шүүгдэгч А.Мид холбогдох хэргийг “...хяналтын прокурор Д.Аянагүл нь шүүгдэгчийн өөрийн зүгээс гаргаж өгсөн банкны дансны хуулгыг үндэслэн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр яллах дүгнэлт үйлдсэн ба уг дансны хуулгыг хууль ёсны шаардлага хангасан хэлбэрээр хэрэгт хавсаргаагүй, түүнчлэн шүүгдэгч А.М нь нийт хэчнээн хүнд хэдэн төгрөгийн хохирол учирсан нь тодорхойгүй, шүүгдэгч нь эх, дүү, найз нарын дансыг тус тус ашигласан гэсэн атлаа гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр байгаа эсэхийг шалгаагүй, мэдүүлэг, дансны хуулга зэргийг хуулийн дагуу авч бэхжүүлээгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй” хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Яллагдагч А.Мийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан банкны дансны хуулгуудыг хууль ёсны шаардлага хангасан хэлбэрээр хэрэгт хавсаргаагүй гэх асуудлын хувьд А.М нь гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн эх Х.Нургүл, дүү Б.Эрмек, найз Н.Дагвацэрэн, Б.Батмягмар, А.Ботажан нарын эзэмшлийн “Хаан банк”-ны данснуудыг ашигласан болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон тул тэдгээрээс гэрчээр мэдүүлэг авч, дансны хуулгуудыг арилжааны банкнаас нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулан авч мөрдөгчид хүлээлгэн өгсний дагуу мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт заасны дагуу “Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай” тогтоол үйлдэж хэрэгт хавсаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй байна. Түүнчлэн мөрдөгч тухайн данснуудад нэг бүрчлэн үзлэг хийж, тэмдэглэл үйлдэн, хэрэгт хавсаргаж, 900 орчим хүнээс 5.000-10.000 төгрөгийн үнийн дүнтэй 1454 удаагийн гүйлгээгээр 19.434.000 төгрөгийн орлого орж, 18.888.000 төгрөгийн зарлага гаргаж, 546.000 төгрөгийн ашиг олсон болохыг тогтоосон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, Иргэний хуулийн 468 дугаар зүйлийн 468.1 дэх хэсэгт "Тоглоом болон мөрий нь шаардах эрхийг бий болгохгүй”, 468.3 дахь хэсэгт “Хонжворт сугалаа, түүнтэй төсөөтэй бусад тоглоом болон мөрийний дагуу төлсөн мөнгө, шилжүүлсэн хөрөнгө, бусад зүйлийг эргүүлэн шаардаж болохгүй.” гэж тус тус хуульчилсан тул өөрийн хүсэл сонирхлын дагуу мөрийтэй тоглоом тоглосон 900 орчим иргэдийг хохирогчоор тогтоож, мэдүүлэг авах ажиллагааг хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно. Харин 5.000-10.000 төгрөгийн бооцоо тавьж мөрийтэй тоглоом тоглосон иргэдийн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлд “мөрийтэй тоглоом тоглох” гэж заасан зөрчлийн шинжтэй гэж дүгнэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

Прокурор П.Ганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Нэмж хэлэх тайлбар байхгүй. Анхан шатны шүүхээс  хамтран оролцсон хэлбэр байгаа эсэхийг шалгаагүй гэсэн үндэслэлээр хэргийг буцаасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар шаардах эрхгүй учраас ажиллагаа хийгдээгүй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд заасан мөрийтэй тоглоом зохион байгуулах шинжийг хангаж байгаа учраас анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлгүй. ...” гэв.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос А.Мийг 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 11 дүгээр сарын 2-ны өдрийн хооронд Налайх дүүргийн 3 дугаар хороо, Нарангийн 28 дугаар гудамжны 600 тоот гэртээ өөрийн Самсунг А7 загварын гар утсан дахь цахим тоглоомын “покер” аппликейшныг ашиглан, ашиг олох зорилгоор, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй “No time cash 100%” гэсэн клуб нээн өөрийн эзэмшлийн Хаан банкны 5306469833 тоот, дүү Б.Ээзэмшлийн Хаан банкны 5749715592 тоот, найз Д.Дэзэмшлийн Хаан банк дахь 5779173822 тоот, найз Б.Бэзэмшлийн Хаан банкны 5779022035 тоот, эх Х.Нэзэмшлийн Хаан банк дахь 5759024411 тоот, найз А.Бэзэмшлийн Хаан банкны 5749313392 тоот дансыг тус тус ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тогтоол үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

             Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн зүйлд заасан нотолбол зохих байдлыг” хөтөлбөргүй, эргэлзээгүй тогтоосноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоох ял шийтгэж эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго хангагддаг гэсэн дүгнэлтийг хийж хэргийг прокурорт буцаасан байна.

Тухайлбал, А.Мийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны үед гаргаж өгсөн өөрийн эзэмшлийн Хаан банкны 5306469833 тоот, дүү Б.Ээзэмшлийн Хаан банкны 5749715592 тоот, найз Д.Дэзэмшлийн Хаан банк дахь 5779173822 тоот, найз Б.Бэзэмшлийн Хаан банкны 5779022035 тоот, эх Х.Нэзэмшлийн Хаан банк дахь 5759024411 тоот, найз А.Бэзэмшлийн Хаан банкны 5749313392 тоот дансны хуулгуудыг гаргаж өгснийг прокурорын зүгээс хууль ёсны шаардлага хангасан нотлох баримт гэж үнэлж байгаа нь өөрөө нотлох баримтын үнэлгээ, нотолгооны чадварт нөлөөлнө гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Учир нь, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан дансны хуулгуудыг банкнаас албан ёсоор нь гаргуулж, уг баримтад үнэлэлт дүгнэлт хийсний эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн түүнчлэн, А.М нь мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг үйлдсэн гэж үзвэл уг гэмт хэргийн улмаас хэдэн төгрөгийн ашиг олсон, тухайн ашгаас хамааран Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заасан нөхцөл байдлууд үүсч болзошгүй тул энэ талаар тодорхой ажиллагаануудыг зайлшгүй хийх шаардлагатай байна.

Иймд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зүйлийн 1 дахь хэсэгт заасан “хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоож чадаагүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөтөлбөргүй, эргэлзээгүй тогтоогоогүй” гэсэн үндэслэлээр хэргийн прокурорт буцаасан Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 2023/ШЗ/444 дүгээр захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 2023/ШЗ/444 дүгээр захирамжийг хэвээр үлдээж, прокурор Д.Аянагүлийн бичсэн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол А.Мэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                          М.АЛДАР

  

ШҮҮГЧ                                          Л.ДАРЬСҮРЭН

 

ШҮҮГЧ                                          О.ЧУЛУУНЦЭЦЭГ