| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржготовын Чанцалням |
| Хэргийн индекс | 128/2025/0595/З |
| Дугаар | 128/ШШ2025/0614 |
| Огноо | 2025-09-09 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 128/ШШ2025/0614
2025 09 09 128/ШШ2025/0614
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: “Д******* б*******” ХХК,
Хариуцагч: О*******,******* Хяналтын улсын байцаагч Б.Ц******* нарын хооронд үүссэн О*******,******* хяналтын улсын ахлах байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анармаа, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н*******, хариуцагч Б.Ц******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гомдлын шаардлага:
1.1. Гомдол гаргагч “Д******* б*******” ХХК нь тус шүүхэд хандан Оюуны өмчийн газрын хяналт******* хяналтын улсын ахлах байцаагч Б.Ц*******гийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага гарган маргасан.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. “Д******* б*******” ХХК нь 2010 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд О.О болон түүний охин О.Баасансүрэн нарын эзэмшилд бүртгэлтэй ба захирлаар О.Оыг томилсон байна.
2.2. “Д******* б*******” ХХК-ийн гол нэрийн бүтээгдэхүүн “Г*******” наполеон тортны бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэгтийн эзэмшигч нь эхнэр Б.М******* байдаг.
2.3. Уг барааны тэмдэг болон бүтээгдэхүүний загвар дээр “Д******* б*******” ХХК гэж бичсэн байна.
2.4. Гэтэл Б.М******* нь өөр хуулийн этгээд байгуулан бүтээгдэхүүний загвар болон барааны тэмдгийг эзэмшдэг гэдгээ давуу байдал болгож “Д******* б*******” нэрийг ашиглаж бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулсан бөгөөд энэ нь нэхэмжлэгч компанийн эрх ашгийг зөрчиж байхад шийтгэлийн хуудсаар торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй гэж нэхэмжлэгчээс маргаж байна.
2.5. Б.М*******гаас 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан 30-2021- 0004239 мэдүүлгийн дугаартай "Г*******” наполеон тортны уутны хэвлэмэл загварын патент болон 40-2020-0027110 мэдүүлгийн дугаартай Д******* /үг дүрсний хосолмол/, 40-2020-0027109 мэдүүлгийн дугаартай Г*******, 40-2016-0018203 мэдүүлгийн дугаартай Д******* /үг дүрсний хосолмол/ барааны тэмдгийн хууль ёсны эзэмшигч ба барааны тэмдэг, патентыг хуурамчаар үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнийг зарж борлуулж хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа “Д******* б*******” ХХК, “Д******* ” ХХК, “Н” худалдааны төвийн 140, 118, 225, 181, 184-р лангуугаар худалдан борлуулж байна гэх гомдол гаргасан байна.
2.6. Уг гомдолд 2 дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, холбогдогч "Д******* б*******” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 5 000 000 төгрөгийн шийтгэл оногдуулсан байна.
2.7. Эрх эзэмшигч Б.М******* нь "D B" барааны тэмдгийг 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн анхдагч огноотойгоор 15996, "Г*******" барааны тэмдгийг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн анхдагч огноотойгоор 40- 0023463, "D" барааны тэмдгийг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн анхдагч огноотойгоор 40-0023464, "Г*******" наполеон тортны уутны хэвлэмэл загварыг 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн анхдагч огноотойгоор 30-0003272 дугаартай бүтээгдэхүүний загварын патентын эрхийн хамгаалалт хийлгэсэн байна.
2.8. Гэтэл "Д******* б*******" ХХК нь эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй дээрх барааны тэмдэг, бүтээгдэхүүний загварын патентыг ашиглаж, үйлдвэрлэн, худалдан борлуулсан нь хохирогч, холбогдогчийн мэдүүлэг, үзлэг хийсэн тэмдэглэл, бусад холбогдох материалаар тогтоогдож байх ба Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2, Патентын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3.1 дэх заалтад заасныг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдсон гэж хариуцагчаас тайлбарлан маргаж байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д******* б******* ХХК нь 2010 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Захирал О.О болон эхнэр Б.М******* нар нь хамтран үйл ажиллагаа явуулдаг байсан. О.О нь 2024 онд Оюуны өмчийн газарт гол нэрийн бүтээгдэхүүн болох г******* наполеон торт дээр оюуны өмчийн патентыг авах гээд мэдүүлэг гаргах үедээ мэдүүлгийг эхнэр Б.М******* нь өөрийн нэр дээр гаргаад патентыг эзэмшсэн байсан. Үүний дараа О.О, Б.М******* нар нь гэрлэлт цуцлуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад хэрэг нь шийдэгдээгүй явж байгаа. Гэтэл Оюуны өмчийн газрын улсын байцаагч Б.Ц******* нь энэ маргаан болсныг мэдэхгүйгээр шийтгэлийн хуудас буюу оюуны өмчийг зөрчсөн байна гэж үзээд 5 сая төгрөгөөр торгууль оногдуулсан. Г******* наполеон тортны бүтээгдэхүүний загварын эзэмших эрхэд халдаж, зөвшөөрөлгүйгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн гэх үндэслэлээр О.Оыг 5 сая төгрөгөөр торгосон. Энэ асуудал нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд Иргэний хуульд зааснаар хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзээд маргаантай асуудал явагдаж байна. Маргаантай байхад нь шууд 5 сая төгрөгөөр торгож болохгүй гэдэг үндэслэлээр бид шүүхэд гомдол гаргасан. Б.М*******гийн нэр дээр байдаг бүтээгдэхүүний загварын эзэмших эрх юм” гэв.
3.2. Хариуцагч О*******,******* Хяналтын улсын ахлах байцаагч Б.Ц******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Б.М*******гаас оюуны өмчийн эрхийн хамгаалалттай 3 барааны тэмдэг, г******* гээд бүтээгдэхүүний загварын патентыг О.О, “Д******* б*******” ХХК, “Д******* ” ХХК Н олон улсын худалдааны төвийн нэр бүхий 5 лангуунд зөвшөөрөлгүй худалдан борлуулсан гэх гомдол гаргаж, гомдолд 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Нийслэлийн Прокурорын газарт дугаартай зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогч, хохирогч нараас мэдүүлэг авч, үзлэг хийсэн тэмдэглэл үйлдэж, “Д******* б*******” ХХК-ийг бүтээгдэхүүний загварын патентыг зөрчсөн буюу Зөрчлийн тухай хуулийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр 5 сая төгрөгийн шийтгэл оногдуулсан” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх гомдлын шаардлага, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, гомдол гаргагч, хариуцагч нарын зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, гомдлын шаардлагад дурдсан маргаж буй акт болох О*******,******* улсын байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл нэг сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
2. Тогтоогдсон үйл баримтын тухайд авч үзвэл, хариуцагч О*******,******* улсын байцаагч Б.Ц******* нь 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай дугаар шийтгэлийн хуудсаар “Д******* б*******” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 5000 нэгж буюу 5.000.000 төгрөгийн шийтгэл оногдуулжээ.
3. Хавтаст хэрэгт авагдсан Зөрчлийн хэргийн баримтуудаар Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолд “… иргэн Б.М*******гийн гомдлоор Г******* наполеон тортны хэвлэмэл загвар, D B, Г*******, D барааны тэмдгийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй барааны тэмдэгтэй хуурамч бүтээгдэхүүн их хэмжээгээр худалдан борлуулж байж болзошгүй үйлдэлд Д******* б******* ХХК-д холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг үүсгэсэн атлаа холбогдогчоор О.Оыг тогтоож мэдүүлэг авсныг үзвэл хариуцагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны “зохих ёсны” холбогдогчийг буруу тодорхойлсон нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ”, 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж заасныг зөрчсөн байна.
4. Зөрлийн тухай хуулийн Зөрчлийн тухай хуулийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Патентаар хамгаалагдсан бүтээгдэхүүнийг, эсхүл патентаар хамгаалагдсан аргаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг патент эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр үйлдвэрлэсэн, зах зээлд нийлүүлсэн, импортолсон, худалдах санал гаргасан, худалдсан, хэрэглэсэн, эсхүл эдгээр зорилгоор хадгалсан, эсхүл патентаар хамгаалсан аргыг хэрэглэсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байх бөгөөд энэхүү хуулийн хэм хэмжээг хэрэглэхдээ Зохиогчийн эрхийн тухай хуулийг хэн, хэрхэн зөрчсөнийг хариуцагч хөдөлбөргүй тогтоох учиртай.
5. Өөрөөр хэлбэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ”, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан дараах хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно”, 1.2.-д “хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг” гэж заасныг тухайн тохиолдолд холбогдуулан үзвэл эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэгт холбогдогчоор О.Оыг тогтоож мэдүүлэг авсан атлаа “Д******* б*******” ХХК-ийг шийтгэлийн хуудсаар торгосон нь дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн байна.
6. Мөн хохирогч Б.М******* 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр “...О.О бол миний нөхөр бид хоёр хамтдаа компани байгуулаад ажиллаж байсан...би О.Оаас хамгаалж энэ олон барааны тэмдэг, патентыг аваагүй гадна зах зээлээс хамгаалах гэж хийж байсан... “Д******* бэйкер” ХХК-ийг шалгаад хэрэггүй...” гэж мэдүүлж байхад эрх бүхий албан тушаалтан эдгээр нөхцөл байдлыг шалган тогтоогоогүй болох нь тогтоогдож байна.
7. Иймд шүүхээс хариуцагч эрх бүхий албан тушаалтны шалган шийдвэрлэсэн зөрчлийн хэрэгт хамааралтай баримтуудыг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул дахин захиргааны шинэ акт гарах хүртэл маргаан бүхий шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.11 дэх заалт, 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 1.2, Зөрчлийн тухай хуулийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг баримтлан О*******,******* Хяналтын улсын байцаагчийн Б.Ц*******гийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 /хоёр/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1-д заасан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд ******* дугаартай шийтгэлийн хуудас хүчингүй болохыг тогтоосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ