Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2024/ДШМ/279

 

 

 

 

 

 

   2024           3               5                                        2024/ДШМ/279

 

                                                   

                                                    Г.Бт холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай                                         

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           прокурор З.Бат-Амгалан,

           хохирогч, хуулийн этгээд “Шижиржин” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Шгийн өмгөөлөгч Б.Очбадар,

           шүүгдэгч  Г.Бын өмгөөлөгч Ж.Ундармаа,

           нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан,

           Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/697 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч, хуулийн этгээд “Шижиржин” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ш, түүний өмгөөлөгч Б.Очбадар нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Г.Бт холбогдох эрүүгийн 2010007850467 дугаартай хэргийг 2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Авид овгийн Г.Б, 1995 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Оросын холбооны улсад төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт .................. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД:............................../;

Шүүгдэгч Г.Б нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүртэл Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шижиржин” ХХК-д нягтлан бодогчоор ажиллах хугацаандаа харилцагч байгууллагаас шилжүүлсэн борлуулалтын орлогыг авлагаар бүртгэн 36.160.787 төгрөгийг Хаан банк дахь 5027597566, Голомт банк дахь 2715109067 дугаарын дансаар, “Дүүхээ” ХХК-иас 15.434.540 төгрөгийг бэлнээр тус тус авч өөрийн хэрэгцээндээ зарцуулж завшсан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ажиглаж завшин, “Шижиржин” ХХК-д 51.595.397 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Г.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Авид овогт Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр албан тушаалын байдлаа ашиглаж, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Г.Быг 20,000 /хорин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 20,000,000 /хорин сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч Г.Бт шийтгэсэн 20,000 /хорин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 20,000,000 /хорин сая/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 01 /нэг/ жил, 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн 2010007850467 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ш гомдолтой гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

Хохирогч, хуулийн этгээд “Шижиржин” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Шгийн өмгөөлөгч Б.Очбадар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөгчөөс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг хөдөлбөргүй тогтоогоогүй, хэргийн явцад нотолбол зохих байдлыг хангалттай тогтоогоогүй.

1. Шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 172 дугаар дүгнэлт /1хх 68-78/, “Шижиржин” ХХК-ийн захирал Ц.Бдансанд мөнгө шилжүүлсэн гэснийг тодруулах, хавсралтад мөрдөн байцаалтаар тогтоолгохоор тусгасан гүйлгээ болгонтой холбоотой харилцагч иргэн, хуулийг этгээдийг төлөөлөх, мэдэх хүмүүсээс гэрчээр мэдүүлэг авхуулах, аудитын зөрүү гэсэн тодруулгыг нэг мөр шалгуулах. Шинжээч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авхуулах байдлаар тогтоолгох, зарим нэр бүхий /Оюун, Бадмаараг гм/ харилцагч руу шилжүүлсэн мөнгө, орлого, зарлагын талаар дэлгэрэнгүй мэдүүлэг авхуулах.

2. 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 230 дугаар шинжээчийн дүгнэлтэд тодорхойгүй зүйлийг тусгасан. Тухайлбал, шинжилгээгээр тогтоох боломжгүй, зайлшгүй мөрдөн байцаалт, мэдүүлгээр тогтоох талаар дүгнэлтийн 2, 3 дахь хариултуудад тодорхой дурдсан байна. /1хх 84-86/

3. Хамгийн сүүлд гарсан 2022 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 45 дугаар шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлтийн хариулт 4, 5, дүгнэлтийн хавсралт 2, 3 зэрэгт төлбөр болон борлуулалтын орлоготой холбоотой эсэхийг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна.” гэж маш тодорхой тусгасан. /5хх 153-154/

Иймд санхүүгийн баримтгүй, бэлнээр болон бусдын дансыг ашиглах байдлаар завшсан мөнгө, хохирлыг бүрэн бодитой тогтоолгох, мөн гэмт хэрэгт санаатайгаар Г.Бын үйлдэлд нэгдсэн, гэмт хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй нөхцөл байдлыг шалгуулах зайлшгүй шаардлагатай болно. Учир нь хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ш анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “...2017 оны 7 сараас 2020 оны 02 дугаар сарыг дуустал тооцооны нягтлангаар ажиллаж байсан Г.Быг нийт 144.207.902.47 төгрөгийг дутагдуулж завшсан талаар тодорхой мэдүүлсэн. Мөн тухайн компани хөрөнгө завшсан үйлдлийг ганцаараа хийх боломжгүй, түүний үйлдэлд гэмт хэрэг үйлдэгдэх үед тооцооны нягтлангаар ажиллаж байсан Болорчимэг ерөнхий нягтлангаар ажиллаж байсан Мөнгөн-Од нар оролцсон үйлдэл байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын хяналтад удаа дараа гомдол гаргасан боловч шалгаагүй болохыг дурдсан. Түүнчлэн шийтгэх тогтоолын 5-6 дугаар хуудсанд шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 172 дугаар дүгнэлт, мөн хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 230 дугаар дүгнэлт, 2022 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 45 дугаар дүгнэлтүүдэд барааны төлбөртэй хамааралтай эсэх, авсан барааны борлуулалттай холбоотой орлого эсэхийг мөрдөн байцаалтаар тогтоохоор заасан талаар дурдсан. Дээрх дүгнэлтүүдийн үндсэн дээр шинжээч С.Содномцогийг шүүх хуралдаанд хүсэлт гарган оролцуулан өмгөөлөгч бидний зүгээс тавьсан асуултуудад авлагын зөрүүг тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан тохиолдолд Г.Бын дутагдуулсан буюу яллах дүгнэлтэд дурдагдсан хохирлын хэмжээ нэмэгдэх боломжтой талаар хариултыг өгсөн. Ийнхүү хэргийн хохирлын хэмжээ нэмэгдэх хангалттай үндэслэл тогтоосон бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ бодитой тогтоогдоогүй буюу хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай нотлогдоогүй болох нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, 1.4-т зааснаар дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байгаа нь мөн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдал нийцээгүй гэж үзэх үндэслэл болж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. ...”  гэв.

Шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч Ж.Ундармаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хугацаатай байдаг. Нийт 3 удаагийн шинжээчийн дүгнэлт гарахад 51.595.397 төгрөгийг завшсан гэдгийг тогтоосон. Үүнийг шүүгдэгч Г.Б хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн. “Шижиржин” ХХК аудитын дүгнэлтээр 104.000.000 төгрөг гэдэг боловч аудитын дүгнэлт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн. Шинжээчийг дүгнэлт гаргах хугацаанд “Шижиржин” ХХК-ийн зүгээс баримтаа гаргаж өгөх үүрэг  нь байсан. Анхан шатны шүүхийн баримт нэг удаа үйлдэгддэг. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтуудыг хангалттай цуглуулсан учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор З.Бат-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 697 дугаартай шийтгэх тогтоол оролцогч нарын эрхийг хязгаарласан, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах, хохирлын хэмжээнд зөрүүтэй асуудал тогтоогдоогүй гэж үзэж байгаа. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч, хуулийн этгээд “Шижиржин” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Шгийн өмгөөлөгч Б.Очбадар нараас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Г.Б нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүртэл Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шижиржин” ХХК-д нягтлан бодогчоор ажиллах хугацаандаа харилцагч байгууллагаас шилжүүлсэн борлуулалтын орлогыг авлагаар бүртгэн 36.160.787 төгрөгийг Хаан банк дахь 5027597566, Голомт банк дахь 2715109067 дугаарын дансаар, “Дүүхээ” ХХК-иас 15.434.540 төгрөгийг бэлнээр тус тус авч өөрийн хэрэгцээндээ зарцуулж завшсан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ажиглаж завшин, “Шижиржин” ХХК-д 51.595.397 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б“...Дүүхээ төвийн “Шижиржин” ХХК-нд орох байсан чихрийн борлуулалтын 17.798.340 төгрөгийг Г.Б 2019 оны 8 дугаар сарын 15-аас 2019 оны 12 дугаар сарын 26-ны хооронд нийт 13 удаагийн үйлдлээр авсан. 2018 оны 7 дугаар сарын 01-ээс 2018 оны 12 дугаар сарын 31- ний өдрийн хооронд сарын 400.000 төгрөгийн цалин өгсөн, тэрнээс сар бүр нийгмийн даатгал нь хасагдаад гар дээр 333,733 төгрөгийг авсан. Дээрх мөнгөнөөс цалингаас 4.284.634 төгрөгийг хассан, ...Болорын нийт авсан мөнгөнөөс хасаж болно, ...одоогоор 24.284.634 төгрөг өгсөн. ...” /4хх 129-130, 135-136/,

хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Шгийн “...2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 104.946.275 төгрөгийг Г.Б завшсан гэж дүгнэлт гарсан. ...“Хөвсгөл Ану” ХХК-аас 19.319.260 төгрөгийг компанийн дансанд орсон гэж бичсэн боловч компанийн дансанд ороогүй. ...Тухайн компанийг Г.Б хариуцаж байсан. ...“Дүүхээ” төвөөс бэлнээр авсан 15.434.540 төгрөг 107.946.275 төгрөгтэй хамааралгүй тусдаа. ...Г.Б ажиллаж байхдаа 2.777.565 төгрөгийн чихрийн зээл аваад өгөөгүй. ...” /5хх 112-113/,

            гэрч А.Б“...2020 оны 01 дүгээр сарын үед Болорын ажлаас залгаад Г.Б манайд ажиллаж байх хугацаандаа мөнгө идсэн байна, чи хамт идсэн үү гэхээр нь би гайхаад үгүй гэхэд ...40.000.000 төгрөг идсэн, чиний дансаар орсон байна гэж хэлсэн. ...Аудитын дүгнэлтээр 60.000.000 төгрөг болсон гэж хэлсэн, хамт амьдарч байх үедээ хоол ундны зүйл аваарай гээд 20.000-30.000 төгрөг шилжүүлдэг байсан, компаниас мөнгө төгрөг авдгийг би мэдээгүй, ...ээж ...миний хүүгийн найз охин болохоор 20.000.000 төгрөг өгье гээд дансаар өгсөн. ...” /1хх 33-34/,

   гэрч П.Г“...2017 оны 7 дугаар сарын 01-нээс 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр нийт 25 удаагийн гүйлгээгээр 3.630.000 төгрөг охин Г.Бын Хаан банкны 502хххх566 тоот данс руу охиндоо хэрэглээндээ зарцуулаарай гэж шилжүүлсэн, ...39 удаагийн гүйлгээгээр 5.070.000 төгрөгийг ...энэ мөнгө “Шижиржин” ХХК-тай холбоогүй. ...” /4хх 120-121, 5хх 208-209/,

гэрч Ч.Ц“...Дүүхээ төв нь 2019 оны 6 дугаар сарын 5-наас эхэлж “Шижиржин” ХХК-аас чихэр худалдаж авсан. “Шижиржин” ХХК-ийн түгээгч нар барааг авчирч өгдөг. Ингээд барааны мөнгийг 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр “Дүүхээ” төв тооцооны төвөөс “Шижиржин” ХХК-ийн нягтлан бодогч Г.Б ирж бэлнээр 2.363.800 төгрөг, дахин 2.090.000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 466.330 төгрөг, 1.080.750 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 2.411.650 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдөр 1.19.,810 төгрөг, 544.040 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 1.560.360 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр 2.074.040 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 519.300 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1.290.980 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1.578.680 төгрөг, 624.600 төгрөг нийт 13 удаа 17.798.340 төгрөгийг бэлнээр Г.Б ирж авсан. 14 дэх удаагийн 4.511.410 төгрөгийг “Шижиржин” ХХК-ийн өөр ажилчин ирж авахдаа өмнөх 13 удаагийн барааны мөнгө орж ирсэнгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь 17.798.340 төгрөгийг Г.Бт өгсөн гэж хэлсэн. ...Г.Б нь өөрөө бэлэн мөнгөний падаан авчирч байсан болохоор бэлнээр өгсөн. ...” /4хх 164-165/,

гэрч Г.Б“...2019 оны 5 дугаар сарын 15-наас 2020 оны 6 дугаар сарын 01-ний хооронд сүлжээ дэлгүүрийн баримтад шалгалт хийхэд 2019 онд 15 харилцагчийн 18.738.853 төгрөгийн зөрүү, 2020 онд 19 харилцагчийн 8.440.653 төгрөг, нийт 27.179.506 төгрөгийн зөрүү гарсан. Г.Б харилцагчийн падааныг засдаг, тэр үнийн зөрүү дээрээ өөрсдөө бараа авч хувьдаа хэрэглэдэг гэж үзэж байгаа. ...” /5хх 121-122/,

гэрч С.Н“...Би Г.Бын нагац эгч ...дүү Г.Бын Хаан банкны 502хххх566 тоот данс руу ...нийт 320,000 төгрөг бол дүүдээ тухайн үед мөнгөний хэрэг байна гэхэд нь өгч байсан мөнгө. ...” /5хх 196-197/,

гэрч С.О“...Г.Б бол миний төрсөн охин, ...7 удаа шилжүүлсэн 980.000 төгрөг бол охиндоо хэрэглээнд нь өгсөн мөнгө. ...” /5хх 200-201/,

гэрч П.Н“...Г.Б миний төрсөн ах Ганбилэгийн охин. Манай дүү Г.Бт мөнгөний хэрэг гарахаар бага багаар мөнгө шилжүүлдэг байсан. ...” /5хх 204-205/,

шүүгдэгч Г.Бын яллагдагчаар өгсөн: “...Тухайн үед компанийн дансаар биш өөрийн хувийн Хаан банкны 502хххх566 дугаартай дансаар “Шижиржин” ХХК-д орох байсан орлогын мөнгийг өөрийн хувийн хэрэгцээнд ашиглах гэж авсан, тэгээд буцаагаад хийчихнэ гэж бодсон. ...Дүүхээ төвийн “Шижиржин” ХХК-д орох байсан 15.434.540 төгрөгийг хэрэг гараад бэлнээр очиж авсан. Дээрх 56.284.658 төгрөг “Шижиржин” ХХК-д орох байсан орлого байхад та компанид мөнгө нь одоо болтол орж ирээгүй гэж хаадаг байсан. Би бодит тайланг гаргадаг байсан, тайлан дээрээ мөнгө нь орж ирээгүй байгаа гэж бичдэг байсан. 2018 оны 6 дугаар сарын сүүл цалингаа аваагүй, ...2018 оны 7 дугаар сарын 01-ээс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл цалингүй ажилласан. Тухайн цалингүй ажилласан 6 сарын хугацааны мөнгийг миний авсан мөнгөнөөс хасна гэж хэлсэн. 5.900.000 төгрөг, 8.400.000 төгрөг нийт 14.300.000 төгрөгийн цалингаа аваагүй, тэгээд 20.000.000 төгрөг буюу нийт 34.300.000 төгрөгийг барагдуулсан байгаа гэж үзэж байна. ...Аав миний данс руу ...3.630.000 төгрөг хийсэн дээрх мөнгийг хасаад 37.220.118 төгрөгийг бол авсан байна. Ингээд “Дүүхээ” төвөөс бэлнээр авсан, 17.798.340 төгрөгөөс анх авсан буюу 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 2.363.800 төгрөгийг бэлнээр аваад “Шижиржин” ХХК-ийн данс руу шилжүүлсэн байгаа. Бэлнээр авсан мөнгөнөөс 15.434.540 төгрөгийг авсан нийт 52.654.658 төгрөгийг авсан байна. Энэ мөнгөнөөс 20.000.000 төгрөгийг төлсөн байгаа бөгөөд “Шижиржин” ХХК-аас гаргаж өгсөн цалингийн суутгал болох 4.284.634 төгрөг нийт 24.284.634 төгрөгийн хохирол төлсөн байгаа, одоо би 28.370.028 төгрөгийг төлнө. ...Би “Шижиржин” ХХК-д тооцооны нягтлан бодогч албан тушаалтай байсан. Хөвсгөл Ану ХХК-д тухайн үед дахин шалгахад ямар ч зөрүү гараагүй. ...19.319.260 төгрөгийг би аваагүй. ...2.777.565 төгрөгийн чихрийн зээл аваагүй. .../4 хх 111-113, 116- 117, 5хх 27-28, 138-140/ гэсэн мэдүүлгүүд,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 172 дугаар “...Шинжээч тайлангуудыг шалгаж үзээд дутуу тайлагнасан 79.404.618.4 төгрөгийн дебит талын зөрүү, 4.754.818 төгрөгийн кредит талын зөрүүг тогтоосон. Эдгээр зөрүүгийн талаар тайлбарыг гаргасан. Аудит тооцооллын алдаа гаргасан, зарим ажил гүйлгээний утга байхгүйгээс буруу ойлгосон, тухайн үед үзсэн падаанууд байхгүй байсан зэргээс шинжээчийн дүн өөр гарч байна. Зөрүү гарсан харилцагч бүртэй тооцоо нийлэх шаардлагатай байна. Борлуулалтын орлогын 3.538.267 төгрөг нь Г.Б компанид өгөх өр юм. Шинжээчид ирүүлсэн тооцооллын хугацаа, санхүүгийн баримтын хүрээнд Г.Б компанийн хөрөнгөөс зарж борлуулж, бусдад шилжүүлснийг тогтоох боломжгүй байна. 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Харилцан тохиролцлын гэрээ нь үндэслэлгүй байна. Г.Бын бэлнээр авсан гэх мөнгөний тооцоог мөрдөн байцаалтаар тогтоохоор байна. Энэ нь шинжээчийн шалгасан хугацаанд хамрагдаагүй болно. ...” /1хх 68-78/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 230 дугаар “...Дээрх хоёр дансны хуулганаас “Шижиржин” ХХК-тай холбоотой болон нэр бүхий хүн, хуулийн этгээдээс хэзээ, хаанаас ямар бараа бүтээгдэхүүний төлбөр орж ирснийг нарийвчлан тогтоох боломжгүй байна. А.Бэзэмшлийн 584хххх288 дугаартай Хаан банкны дансанд 799,580 төгрөгийн барааны нэртэй орлого орсон байна. Болорын Хаан банкны 502хххх566, 271хххх067 данснаас Болор бэлнээр 11.996.000 төгрөг шилжүүлсэн байна. А.Бэзэмшлийн 150хххх350 дугаартай Голомт банкны дансанд Болор бэлнээр 8.814.391.4 төгрөг шилжүүлсэн байна. Дээр хоёр дансны хуулганаас “Шижиржин” ХХК-тай холбоотой болон нэр бүхий хүн, хуулийн этгээдээс хэзээ, хаанаас, ямар, бараа бүтээгдэхүүний төлбөр орж ирснийг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх данснуудын гүйлгээний утга нь тодорхойгүй байгаа тул “Шижиржин” ХХК-ийн хохирлыг тогтоох боломжгүй байна. Шинжилгээний явцад шинээр нөхцөл байдал илрээгүй болно. ...” /1хх 84-93/ гэсэн,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 45 дугаар “...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 172, 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 230 дугаартай дүгнэлтүүдийг бүрэн үндэслэлтэй гэж үзэхээргүй байна. Г.Б нь хувийн харилцах дансаараа болон бэлнээр 56,668,272 төгрөгийг бэлнээр авсан байна. Г.Б нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүртэл “Шижиржин” ХХК-д тооцооны нягтлан бодогчоор ажиллах хугацаандаа компанийн борлуулалтын орлогоос 53,959,127 төгрөгийг хувийн дансаараа болон бэлнээр авсан болох хэрэгт авагдсан Г.Бын Хаан банкны 502хххх566 тоот, Голомт банкны 271хххх067 тоот, А.БХаан банкны 584хххх288 тоот харилцах дансны хуулгаар мөн Дүүхээ ХХК-ийн бэлэн мөнгөний зарлагын баримтаар тус тус тогтоогдож байна. Файнаншил Про аудит ХХК-ийн тогтоосон 104.945.275 төгрөгийн зөрүү дүнгээс Ц.БХаан банкны 517ххх367 тоот дансанд 2.833.950 төгрөг, Голомт банкны 301хххх042 тоот дансаар 22.730.005.00 төгрөг тус тус төлөгдсөн, харин 36,160,787 төгрөгийн орлого нь Г.Бын хувийн харилцах дансанд орсон байна. “Шижиржин” ХХК нь дээрх хүснэгтээр харуулсан 43,221,533 төгрөгийн авлагын зөрүүг харилцагч бүртэй тооцоо нийлж, тооцоо нийлсэн актаар баталгаажуулахаар байна. ...Мөн Г.Бын Хаан банкны 502хххх566 тоот дансаар орсон 29,106,500 төгрөгийн гүйлгээг “Шижиржин” ХХК-ийн барааны төлбөртэй хамааралтай эсэхийг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна. ...Мөн Г.Бын Голомт банкны 271хххх067 тоот харилцах дансаар орсон 14,080,935 төгрөгийн харьцсан дансны дугааргүй болон АТМ-ээр хийгдсэн тодорхойгүй гүйлгээг “Шижиржин” ХХК-ийн бараан төлбөртэй хамааралтай эсэхийг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна. Өмнөх шинжээчийн дүгнэлтүүдэд Г.Бын өөрийн авсан бараатай холбоотой өглөг авлагын зөрүү тогтоогдоогүй байна. Шинжилгээнд ирүүлсэн баримтад Г.Бын бараа хүлээн авсан зарлагын баримт болон барааны үнийн дүнгүй агуулахын баримтууд, мөн Г.Боос Ц.Бхарилцах данснуудад тушаасан чихрийн үнэ гэсэн гүйлгээний утгатай төлбөрүүд байна. Г.Бын харилцах дансаар орсон барааны нэртэй 5,072,945 төгрөгийн орлого нь өөрийнх нь авсан барааны борлуулалттай холбоотой орлого эсэхийг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна. ...”/5хх 149-176/ гэсэн дүгнэлтүүд,

Фиананшил Про Аудит ХХК-ийн аудитын тайлан /1хх 107-115/, Г.Бын ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний хуулбар /1хх 119-138/, Г.Бын Хаан, Голомт банкны дансны хуулганы хуулбарууд /2хх 3-37, 40-59, 3хх 199-250, 4хх 35-92/, А.БХаан, Голомт банкны дансны хуулганы хуулбарууд /2хх 95-137, 138-175, 177-204, 232-250, 4хх 2-29/, “Шижиржин” ХХК-ийн харилцагчийн жагсаалт /2хх 206-231/, “Фиананшил Про Аудит” ХХК-ийн аудитын тайлан /3хх 2-196/, Г.Бын Голомт банкны 275109067 дугаарын дансанд, Хаан банкны 5027597566 дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэлүүд /4хх 30-34, 94-102/, Г.Быг ажилд томилсон тушаалын хуулбар /4хх 137/, Г.Бын хөдөлмөрийн гэрээний хуулбар /4хх 141-151/, Г.Бт олгосон цалингийн нэгтгэлийн хуулбар / 4хх 168/, Г.Бт 2019 онд олгосон цалингийн хуулбар /4хх 169/, 2018 оноос 2020 оны 03 дугаар сарын хооронд “Шижиржин” ХХК-аас Нийгмийн даатгалын тайлангийн хуулбар /4хх 183-250, 5хх 2-14/, “Шижиржин” ХХК-д “Дүүхээ” ХХК-ийн 2.363.800 төгрөгийг төлсөн баримт /5хх 33/, хохирол төлсөн баримт /5хх 66/, “Шижиржин” ХХК-ийн сүлжээ дэлгүүрийн харилцагчидтай хийсэн гүйлгээний тулгалт /5хх 125-135/ зэргээр давхар нотлогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба эдгээр нь хоорондоо ноцтой зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Бын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж, их хэмжээний хохирол учруулж завшсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд хууль, гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшихыг хөрөнгө завших гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүнээр тодорхойлж, харин энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн тохиолдолд хүндрүүлж эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчилсан.

Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуульд заасан дараах хохирлын хэмжээг доор дурдсанаар ойлгоно:”, 4.1-т “их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг” гэж заасан.

            Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Г.Б нь “Шижиржин” ХХК-д тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байхдаа харилцагч байгууллагаас шилжүүлсэн борлуулалтын орлогыг авлагаар бүртгэн нийт 51.595.397 төгрөгийг өөрийн хэрэгцээндээ зарцуулж завшсан нөхцөл байдал нотлогдсон тул завших гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн тухай анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн тохиолдолд арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан бөгөөд анхан шатны шүүхээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, учруулсан хохирлын хэмжээ, хохирлыг бүрэн төлж барагдуулсан, бага насны хүүхэдтэй зэргийг харгалзан үзээд шүүгдэгч Г.Бын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгийн торгох ялыг сонгон оногдуулсныг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Түүнчлэн, гэмт хэргийн улмаас ““Шижиржин” ХХК-д учирсан хохирлын хэмжээг хэргийн хүрээнд үндэслэлтэй зөв тогтоож, шүүгдэгч Г.Боос гаргуулсан нь нийцсэн байна. 

Иймд “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ бодитой тогтоогдоогүй буюу хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай нотлогдоогүй гэх...” асуудлаар гаргасан хохирогч “хохирогч, хуулийн этгээд “Шижиржин” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Шгийн өмгөөлөгч Б.Очбадарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/697 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, “хохирогч, хуулийн этгээд “Шижиржин” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Шгийн өмгөөлөгч Б.Очбадарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

  ШҮҮГЧ                                             М.АЛДАР

  

  ШҮҮГЧ                                             Л.ДАРЬСҮРЭН

 

  ШҮҮГЧ                                             О.ЧУЛУУНЦЭЦЭГ