Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 112/ШШ2025/0033

 

                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

         Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар               

         Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Баянгол дүүргийн иргэн С.А

         Хариуцагч: Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э

          Гуравдагч этгээд Н.Х, С.А.ж нарын хоорондын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.А /цахимаар/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, гуравдагч этгээд Н.Х-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгчээс 2005 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн өмчлөгч өөрчлөгдсөн бүртгэл, 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн бүртгэл, 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн бүртгэлүүдийг хууль бус болохыг тогтоож, 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн бүртгэлийг хүчингүй  болгуулахаар маргаж байна.

 

2. Хэргийн үйл баримт, процессын тухайд:

 

2.1.Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 18 дугаар байрны 26,04м2 өвлийн орон сууцны зориулалттай 3 өрөө орон сууцыг 2025 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн бүртгэлээр Л.Н, С.А.ж нарт, 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн бүртгэлээр С.О-д, 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн бүртгэлээр Т.Ц-д харин 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн бүртгэлээр тухайн маргаан бүхий орон сууцыг Н.Х-т тус тус олгож,  үл хөдлөх эд  хөрөнгийн хууль ёсны өмчлөг тул эрхийн бүртгэлийн гэрчилгээ олгосон байна.

 

2.2. Нэхэмжлэгч С.А нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2005 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн өмчлөгч өөрчлөгдсөн бүртгэлийг хүчингүй болгуулахаар хандаж, Улсын  бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 6/14098 дугаар албан бичгээр Гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэсэн хариу хүргүүлжээ.

2.3  Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хариуг эс зөвшөөрч нэхэмжлэгч С.А нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2-т зааснаар  тухайн захиргааны шүүхийн харьяаллын бус гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.

 

2.3. Иймд нэхэмжлэгч С.А нь дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч 2025 оны 02 дугаар сарын 06-нд тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

3. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:

 

3.1 С.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: С.А  миний бие нэрээ өөрчилж С.А болсон. Тус аймгийн Есөнбулаг сумын ........................ 26.04 мкв 2 өрөө , ................ улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг төрөөс анх удаа 1998 онд хувьчлах үед миний төрсөн эцэг С, эх Л Н, Сын А, С-ын А, С-ын Б нар байсан бөгөөд бид гэр бүлээрээ өмчилж авсан. Ийнхүү анх удаа өмч хөрөнгөтэй болсон бөгөөд миний зөвшөөрөлгүй, надад мэдэгдэлгүйгээр Говь-Алтай аймгийн .........................................26.04 мкв 2 өрөөулсын бүртгэлийн дугаартай орон сууцнаас хасагдсан болохыг олж мэдээд тус аймгийн бүртгэлийн хэлтэст гомдол гаргасан. Улмаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргахад 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 6/14092 дугаартай албан бичгээр шүүхэд хандах эрхийг зааж өгсөн тул хариуцагчаар Улсын бүртгэлийн ерөнхий газрыг сонгож хариуцагчаар татаж энэхүү нэхэмжлэлээ гаргалаа. Миний бие аавын үлдээсэн энэ хөрөнгөнөөс өөр ямар нэг үл хөдлөх хөрөнгөгүй, намайг хууль бусаар өмч хөрөнгөнөөс минь салгасанд ихэд гомдолтой байна. Хувь хүний нууцтай холбоотой асуудлаар миний бие бүртгэл хэрхэн явагдсан талаар мэдэх боломжгүй, мөн нотариат хэрхэн баримт үйлдсэнийг мэдэх боломж алга. Ямар ч байсан миний бие өмч хөрөнгөөсөө татгалзсан зүйл үгүй тул аргагүйн эрхэнд шүүхэд нэхэмжлэл гаргахад хүрлээ. Улсын бүртгэлийн ерөнхий газар ийм хууль бус үйлдлийг хаацайлах эрхгүй бөгөөд дотоод хяналт шалгаптаа хуульд нийцүүлэн хийж, хууль бус бүртгэлийг хүчингүй болгох эрхээ хэрэгжүүлээгүйд гомдолтой байна.

Улсын бүртгэлий ерөнхий газрыг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхээс 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 10087 тоот захирамжаар нэхэмжлэлээ харьяалалын дагуу Говь-Алтай аймаг дахь захиргааны шүүхэд гарга гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бөгөөд үүнийг эс зөвшөөрч Захиргааны давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг хэлэлцээд 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 01 тоот тогтоол гаргаж, захирамжийг хэвээр үлдээсэн тул энэхүү нэхэмжлэлээ гаргаж байна гэжээ. 2022 онд ээжийгээ алдсан. 2022 оны 08 сарын 16-нд ээжийгээ алдсанаас хойш би холбоогүй байгаа. 3 нялх үрээ аваад би С.А.ж дээр очсон боловч намайг хүлээж аваагүй. Ярихад үнэхээр хэцүү байна, Намайг уучлаарай.  Нэгт гэвэл хүний ах дүү нар ингэж болохгүй. 2-т энэ гуравдагч этгээд Ц гэдэг хүн миний ээжийг амьд байхад энэ байр зарсан гэдгийг би бол мэдэхгүй. Би сүүлд мэдсэн. Булган шуба авсан, Быг  2 жил тэжээж байсан гэж байна. Миний ээж өөрөө амьд байхдаа мөнгө авч байсан юм байхгүй. Хэвтэрт байхдаа ч гэсэн мөнгөө авъя гэж бичдэг байсан гэсэн. Би тэрийг бол мэдэхгүй. Сүүлд нас барсны дараа А очиж мөнгө авсан гэсэн. Тэгэхээр миний ээж амьд байхдаа мөнгө төгрөг авсан тийм юм байхгүй гэв.

 3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э шүүх хуралдаанд хэлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага 2005 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн өмчлөгч өөрчлөгдсөн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгож, 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн бүртгэлийг бас хүчингүйд тооцуулах гэсэн ийм шаардлага байгаа.  С.А буюу А нь манай байр буюу Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 1 дүгээр баг, ................26м2  2 өрөө Ү.......... улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг хувьчилж авахад өмчлөгчөөр оролцсон байдаг. Гэтэл өмчлөгч Ар-ийн зөвшөөрөлгүйгээр 2005 оны 11 сарын 16-ны өдөр бүртгэл хийхэд ямар шалтгаанаар нь тодорхойгүй Ар-ийн нэрийг хасчихсан байдаг. Тэгэхээр 2003 оны 06 дугаар сарын 19-ний өдөр батлагдан гарсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн болоод эрхийн улсын бүртгэлийн тухай гэсэн хуулийн 19 дүгээр зүйлийг ноцтойгоор зөрчсөн байдаг. Нэгэнт улсын бүртгэлийн хууль буюу Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн хуулийг ноцтой зөрчсөн учраас захиргааны маргаан болж байгаа юм. Нэгэнт захиргааны байгууллага хуулиа зөрчсөн ийм асуудал байгаа. Ийм учраас энэ хуульд заасны дагуу одоо 2005 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн бүртгэлийг илт хууль бол тооцож 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдөр бүртгэлийг хүчингүйд тооцож өгнө үү. Нотлох баримт шинжлэн судалсны дараа асуудал гарч ирж байна. Ах дүү нарын хоорондын асуудал, хэд хэд дамжчихсан үл хөдлөх эд хөрөнгийн асуудлууд яригдаж байна. Хэд хэд дамжина гэдэг тухай асуудалд О гэдэг нь нэг айлын бэр, хүү нь тогоон дотроо нэг нэгэн рүүгээ шилжүүлсэн ийм юм байдаг. Ийм хууль бусаар юм хийчихсэн. За хууль бус гэдэг нь бол тэртээ тэргүй тогтоогдсон буюу 2003 оны бүртгэлийн тухай хуульд зааснаар бол Ар-г оролцуулахгүйгээр бүртгэл хийх боломж хуулиараа Монголд байхгүй. Нэгэнт ийм байгаа учраас бид нар нэхэмжлэлээ гаргасан. Хамгийн сүүлд тодруулсан тайлбартаа хичнээн хэд оруулсан байгаа, яах вэ, тохиролцоо хийж болох юм гэдэг санаа агуулсан. Тэгэхдээ гуравдагч этгээд болон хариуцагч талаас А-тай тохиролцох тал дээр ямарваа нэгэн санал ирээгүй. Уг нь бид нар тохиролцож болно гэж үзсэн. Болохгүй юм байна. Тийм учраас хуулийнх нь дагуу шийдэж өгнө үү гэв.

  3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа:  Эрхийн улсын бүртгэлийн ...................дугаартай Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 1-р баг, ..... .......... дахь 26.04м2 талбайтай, 2 өрөө орон сууц нь анх 1998 оны 12 дугаар сарын 21-ний өдөр иргэн Б.С /......../, Л.Н /............../, С.Баярмагнай /............/, С.Б /.............../, С.Ар /.............../, С.А.ж /................../ нарын 6 иргэний хамтын өмчлөлд бүртгэгдсэн. Энэ нь тухайн үед мөрдөгдөж байсан Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 9-р зүйлийн 1,2,5 дахь заалтыг үндэслэн өмчлөх эрх бүхий этгээдийн гаргасан мэдүүлэг, өргөдөл, орон сууц ашиглах эрхийн бичиг зэрэг нотлох баримтыг үндэслэн өмчлөх эрх баталгаажуулж улсын бүртгэлд бүртгэсэн байна.

2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр өмчлөгч Б.С, Л.Н, С.Ар, С.А.ж нарын гаргасан мэдүүлэг, өргөдөл, орон сууцны үнийн тухай тус аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль зүйн хэлтсийн даргын албан бичиг, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ зэрэг нотлох баримтыг үндэслэн тухайн орон сууцны үнийг өөрчлөн 6000000 төгрөгийн үнэтэй болгон бүртгэлд өөрчлөлт оруулж бүртгэсэн байна.

2005 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өмчлөгч Л.Н, С.А.ж нарын гаргасан мэдүүлэг, 19-р нотариатчаас олгосон 16 дугаартай өв залгамжлах эрхийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ зэрэг нотлох баримтыг үндэслэн тухайн үед мөрдөгдөж байсан "Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам"-ын 5.5-д заасны дагуу өв залгамжлалаар өмчлөгч өөрчлөгдөх бүртгэл хийгдэж өмчлөгч Л.Н, С.А.ж нарын өмчлөлд бүртгэгдэж улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байна. 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр тухайн орон сууцны өмчлөгч Л.Н, С.А.ж нарын гаргасан мэдүүлэг, 19-р нотариатчийн баталсан орон сууцны бэлэглэлийн гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг нотлох баримтыг үндэслэн тухайн үед мөрдөгдөж байсан "Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль"-ийн 24-р зүйлд заасны дагуу өмчлөх эрх шилжүүлж иргэн С.О-ийн өмчлөлд бүртгэгдэж улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байна. Үүнээс хойш уг орон сууц нь 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдөр бэлэглэх гэрээгээр Т.Ц-д, 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдөр худалдах худалдан авах гэрээгээр Н.Хт шилжиж, 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Хас банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээнд бүртгэгдэж, 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр уг барьцааны гэрээ дуусгавар болсон бүртгэл хийгдэж, 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Хас банкны барьцаат зээлийн гэрээнд бүртгэгдсэн бүртгэлтэй болно.

Энэ бүртгэлийн хувьд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн дагуу нэхэмжлэлд дурдагдсан 2005 оны 11 сарын 16-ны өдрийн өв залгамжлах эрхийн бүртгэлд гомдол гаргаж байна. Хууль бус өмчлөгчийг тогтоож бүртгэсэн гээд энэ бүртгэлийн хувьд бол тухайн үед мөрдөгдөж байсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, түүнд холбогдох журмуудын дагуу хийгдсэн бүртгэл байна. Юуг үндэслэсэн бэ гэхээр 2002, 2005 оны 11 сарын 16-ны өдөр өмчлөгч Н, А нарын гаргасан мэдүүлэг байна. Улсын бүртгэлд хандаж гаргасан мэдүүлэг мөн 19 дүгээр нотариатчаас олгосон 16 дугаартай өмчлөх өв залгамжлах эрхийн гэрчилгээ, эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ эдгээр нотлох баримтуудыг үндэслээд энэ орон сууцад өмчлөгч Н, А нарын өмчлөлд бүртгэгдсэн байна. Энэ бүртгэлийг хийхдээ тухайн үед ажиллаж байсан бүртгэгч нь тухайн үед мөрдөгдөж байсан хуулиар олгогдсон эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтууд мөн энэ хуулиар олгогдсон эрх үүргийнхээ хүрээнд хяналтаа тавиад нотлох баримтууддаа үнэлэлт дүгнэлт өгөөд эрх зүйн шаардлага хангасан гэж үзээд шийдвэрлээд өмчлөх эрх шилжүүлэх зөв байна гэж үзээд өмчлөх эрхээ шилжүүлж бүртгэсэн байна.

Тухайн үеийн хууль журмаар заагдсан гол нотлох баримт, яг барих, өмчлөх эрх шилжих гол нотлох баримт бол өв залгамжлах эрхийн хувьд бол нотариатаас олгогдсон өмчлөх эрхийн гэрчилгээ байсан. Одоо ч тийм хэвээрээ л байгаа. Өмчлөх эрхийн гэрчилгээг үндэслэж мөн манайд хандаж гаргасан хүсэлт буюу мэдүүлэг дээр бичигдсэн гарын үсэг, нэрс энэний хүрээнд бүртгэлийг хийж байгаа. Тэрнийхээ дагуу хийгдээд энэ өмчлөх эрх нь дээрх 2 иргэний өмчлөлд бүртгэгдсэн байна. Тэгээд цаашаа итгэмжлэл өгсний үндсэн дээр өмчлөх эрх нь шилжээд 3 иргэнд өмчлөх эрх шилжиж бүртгэгдсэн байна. Энэ бүртгэлийн хувьд бол ямар нэгэн хууль зөрчөөд өмчлөгчийн өмчлөх эрх зөрчөөд бүртгэсэн зүйл бол байхгүй. Хууль журмын дагуу хийгдсэн байгаа гэжээ.

 3.4. Гуравдагч этгээд С.А.ж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  Говь-Алтай аймаг .................тоот 26.04 мкв 2 өрөө ,...................улсын бүртгэлийн дугаартай орон сууцанд ээж Л овогтой Н РД:............-ийн хамт 2011 он хүртэл хамт амьдардаг байсан. Бүртгэл өөрчлөгдсөн гэх 2005 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр би насанд хүрээгүй буюу 11 настай байсан юм.Гэхдээ тухайн үед болж байсан бүх процессыг санаж байгаа. Тухайн байрны өмчлөлд хамт нэр байсан С овогтой Б (том ах) С овогтой Б(бага ах) С овогтой А ( эгч) нартай ээж Л.Н нь уулзаж санал авч өргөдөл бичүүлж авч байсан. Харин тухайн үед эгч С.Ар. нь энэ байрны нэр шилжүүлэх итгэмжлэлийг мэдэж байсан мөртлөө тухайн үед хаана байсан нь бас тодорхойгүй болж байна. Хэрвээ асуудал санал хүсэлт байсан бол насанд хүрсэн хүн байсан тул гэр бүлийнхэндээ хэлэх боломжтой байсан гэж бодож байна.

Уг байрыг ээж маань 28,000,000 сая төгрөгөөр зарж борлуулж 2013.08.16-ны өдөр байр зарсан мөнгөнөөс 10,000,000 сая төгрөгийг .............. /Хаан банк данс/ гэх өөрийн данснаас бэлэн гүйлгээ хийж авч хадгалж байгаад. Америк явч суралцан гэх үед саналыг нь дэмжиж уг ............... тоот 26.04 мкв 2 өрөө ,...................улсын бүртгэлийн дугаартай орон сууц худалдсан мөнгөнөөсөө 2014 оны 03 дугаар сарын 12-нд өөрийн данс болох .......... /Хаан банк данс/-наас С овогтой А-гын өөрийнх нь эзэмшлийн дансанд 4,000,000-төгрөг шилжүүлж бэлэн 5,000,000 сая төгрөгийн тус тус өгч байсныг би харж, өгөх үед нь хамт байсан болно. Асуудал гомдол гаргаад байгаа уг байрыг шууд дураараа нэрийн хасч шилжүүлж юу ч өгөөгүй гэх мэт гомдол гаргасан байгаад би гайхаж байна. Ээж минь огт хаяаагүй үргэлж чадахаараа дэм тус болчих юмсан гэж их хичээдэг байсан. Бүхий л цаг хугацаанд ээж минь өөрийнхөн төрсөн том хүү Ц.П-ыг хүртэл өөр дээрээ авч асарч эгчийг маань дэмжиж тусалж явж байсан. Хэрвээ санал гомдол байсан бол ээжийг минь эрүүл саруул үед хэлж ярилцахгүй бурхан болсны дараа нь өөрийнх нь нутаг ус найз нөхдийнх нь дунд байрны гэрчилгээг  хасуулаад бүртгүүлчихсэн юм шиг мэдээлэл өгч байгаад миний бие гуравдагч этгээдийн хувьд гайхаж,  бас гомдолтой байна. Мөн тухайн байрны төлбөрийг бид  хоёр 10,000,000 саяыг дансаар авч бусад төлбөрүүдийг өөрийн их сургуулийн төлбөрт зарцуулж үлдсэн төлбөрийг эгчдээ гадаад улсад бодовсрол эзэмшин мэргэжлээ дээшлүүлэх боломжийг нь дэмжиж өгч зарцуулсан болно гэжээ.

3.5. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Н хүүхэд нь сургуульд явах болсон учраас байраа 5 сараас эхлээд зарна гээд зар өгсөн боловч байраа хэд  хэдэн хүнд үзүүлээд тэгээд зарагдахгүй байж байгаад 8 сарын 20-ны үеэр хүүхдээ сургуульд бүртгүүлэх гээд явах шаардлага гарсан. Тэгээд би чамд найдаж байна. Надад энийг ямар ч байсан зараад хурдхан над руу явуулаач гэж хүсэлт тавьсан. Тэгээд би тухайн үедээ би чадахгүй гэсэн. Одоо өөр ямар ч арга алга чамд итгэмжлэл хийж өгнө гээд тэгээд би тухайн үедээ бол бүтэн зарагдах юм бодоод бэрийнхээ нэр дээр бэлэглэлийн гэрээ хийж авч үлдээд тэгэхдээ хүү Б-ыг үлдээгээд явсан юм байгаа юм.

Тэгээд тухайн үед бол тэр байраа үзүүлсэн боловч ерөөсөө зарагдаагүй. Тэгээд цаашдаа бүүр зарагдахгүй. Сүүлдээ нөгөө Б-ыг цаанаа авах боломжгүй хотод очоод ээж, охин 2-ын байх байрыг ах нь нэг бизнес эрхлэх гээд хүнд мөнгө зээлээд түрээсэлчихсэн байсан. Тэр нь тэгээд  бүтэлгүйтээд тэгээд бид 2 одоо орох оронгүй байна.  Байраа түр хүлээгээд Б-ыг наанаа байлгаж байгаарай. Бид 2 өөрөө айлын кармаа өрөө түрээслэхээр боллоо гэж ярьсан. Тэгээд байж байгаад бараг 3 жил болсон байх, 2 жил ч ажилласан байх. Нөгөө байрны түрээс нь дуусахгүй байж байгаад тэр хугацаандаа Б энд ажил төрөл хийгээгүй. 2012 онд хэрэгт холбогдоод тэгээд бас нэг тодорхой хугацаанд хоригдох болсон. Тэгээд гараад ирэхэд нь энэ хүүхдийг би цааш нь асран хамгаалах боломжгүй боллоо. Одоо байр саваа нэг тийш нь болгоод хүүхдээ ав гэдгийг санал болгосон. Тэгээд санал болгосны дагуу байрыг нь худалдаж авсан юм. Байрыг нь худалдаж авахад тэрнээс 1 жилийн өмнө байх. Ямар ч байсан би байрандаа орлоо гэсэн. Тэгээд байрыг нь худалдаж авахдаа би байрныхаа мөнгийг зээлд оруулаад мөнгийг чинь гаргаж өгье гэсэн зээлд оруулаад мөнгийг нь гаргаад мөнгийг чинь хийе гээд дансаа явуул гэсэн. Би одоо чамаас ямар ч байсан 20 сая төгрөгийг нь авъя. Бусдыг нь одоо хүүхдийнхээ төлбөр, төгсөхөд нь хувцас хунар сургалтын төлбөрт зарцуулъя. Тэрийг чи надад боломжтой юм чинь намайг мөнгө хүссэн үед л явуулчихаад байвал болно гэж ээж нь хэлсэн. Тэгээд 20 сая төгрөгийг нь авъя гэсэн, 20 сая төгрөгийг шилжүүлсэн. Байрны ордер гараад байрны зээл гарахад 20 сая төгрөгийг нь шилжүүлсэн. Тэгээд тэрнээс хойш намарт хүүхдийн сургалтын төлбөр, тэгээд төгсөлтийн хувцасны мөнгө шилжүүлсэн. Тэгээд Б-ыг асран хамгаалж байх хугацаанд сар бүр 30 мянган төгрөг өгч байсан. Тэр 30 мянган төгрөгийг тухайн үедээ ямар нэгэн төрлийн ажил хийдэггүй, ажил хийе гэвэл би бас хөөцөлдсөн.

Надад хөөцөлдөөд олдсон ажил барилгын ажил байсан. Аав нь барилгын ажил хийж байсан. Тэгээд манай нөхөр ч гэсэн барилгад ажиллаж байсан учраас надад барилгын байгууллагад бол ажилд оруулах боломж байсан. Миний хүү нэг барилгад ажиллаад 5, 10 цаас аваад амьдралдаа дэм бол гэсэн. Би тийм барилгын ажил хийхгүй гээд хийгээгүй. Ерөөсөө тэр хүн маань тухайн үедээ яаж болгодог байсан юм мэдэхгүй. Би боорцог гэхээр хэдэн боорцог өгдөг. Мал ахуй гаргаад ирэхээр жоохон мах өгдөг, тэгээд бас хувцасыг нь 2 жил гаран хариуцсан. Өөр ямар нэгэн орлого байгаагүй. Бүрэн хувцасласан хувцсанд өөрөө жижигхэн хүн учраас хасах янзлахаас өгсүүлээд надад тухайн үедээ бэрхшээл байсан. Би тэрийг ерөөсөө бэрхшээл гэж бодоогүй. Тэгээд 2 жил болох хугацаанд 6 сард тэр хорих ангид ажил хийсэн. Тэр хугацаанд асран хамгаалагч нь гээд 7 хоногт 1, 2 удаа хоол өгдөг. Тэгээд байнга дуудагдаж сүүлдээ хүмүүжлийн доголдолтой болоод л хувцас хунар нь урагдахаар та нөгөө хүний хувцас өмсүүлэх гэж байна энэ тэр гэдэг байсан. Тэгээд сүүлдээ ээжийг нь дуудаад өгсөн юм. Нэг нэгэндээ тавих анхаарал халамжийн хувьд би бол маш сайн тусалсан. Мөнгөө өөрөө тэгж авна гэсэн учраас өмнө нь надад 28 сая төгрөгөөр заръя гэж хэлсэн. Тэгээд надад Быг 2 жил гаран харуулчихсан байсан. Би хуучин зарах гэж байсан үнэнд чинь авах юм уу гэсэн тэг гэсэн. Тэгээд би тэрнээс хойш 28 сая төгрөгөө хийе гэж бодоод тэгээд сүүлд нь хэдэн цаас үлдчихсэн байсан. Хамгийн сүүлд ээжийг нь нас барсны дараагаар А-д өгч дуусгасан байгаа гэжээ.

  ҮНДЭСЛЭХ нь:

4. Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон хэргийн оролцогч нарын тайлбарт тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Нэхэмжлэгчээс: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 1 дүгээр баг, ............тоот 26м2  2 өрөө Ү.........улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг хувьчилж авахад өмчлөгчөөр оролцсон байдаг. Гэтэл өмчлөгч Ар буюу А-гийн зөвшөөрөлгүйгээр 2005 оны 11 сарын 16-ны өдөр бүртгэл хийхэд ямар шалтгаанаар нь тодорхойгүй Ар буюу А-ийн нэрийг хасчихсан байдаг. Тэгэхээр 2003 оны 06 дугаар сарын 19-ний өдөр батлагдан гарсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн болоод эрхийн улсын бүртгэлийн тухай гэсэн хуулийн 19 дүгээр зүйлийг ноцтойгоор зөрчсөн гэж, 

Хариуцагчаас: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, түүнд холбогдох журмуудын дагуу хийгдсэн бүртгэл байна. Юуг үндэслэсэн бэ гэхээр 2002, 2005 оны 11 сарын 16-ны өдөр өмчлөгч Н , А нарын гаргасан мэдүүлэг байна. Улсын бүртгэлд хандаж гаргасан мэдүүлэг мөн 19 дүгээр нотариатчаас олгосон 16 дугаартай өмчлөх өв залгамжлах эрхийн гэрчилгээ, эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ эдгээр нотлох баримтуудыг үндэслээд энэ орон сууцад өмчлөгч Н, А нарын өмчлөлд бүртгэгдсэн байна. Тухайн үеийн хууль журмаар заагдсан гол нотлох баримт, яг барих, өмчлөх эрх шилжих гол нотлох баримт бол өв залгамжлах эрхийн хувьд нотариатаас олгогдсон өмчлөх эрхийн гэрчилгээ байсан гэж,  

Гуравдагч этгээд С.А.жаас: Бүртгэл өөрчлөгдсөн гэх 2005 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр би насанд хүрээгүй буюу 11 настай байсан юм.Гэхдээ тухайн үед болж байсан бүх процессыг санаж байгаа. Тухайн байрны өмчлөлд хамт нэр байсан С овогтой Б(том ах) С овогтой Б(бага ах) С овогтой Ар ( эгч) нартай ээж Л.Н нь уулзаж санал авч өргөдөл бичүүлж авч байсан. Харин тухайн үед эгч С.Ар нь энэ байрны нэр шилжүүлэх итгэмжлэлийг мэдэж байсан мөртлөө тухайн үед хаана байсан нь бас тодорхойгүй болж байна. Орон сууц худалдсан мөнгөнөөсөө 2014 оны 03 дугаар сарын 12-нд өөрийн данс болох ........... /Хаан банк данс/-наас С овогтой Ар-ын өөрийнх нь эзэмшлийн дансанд 4,000,000-төгрөг шилжүүлж бэлэн 5,000,000 сая төгрөгийн тус тус өгч байсныг би харж, өгөх үед нь хамт байсан болно. гэж тус тус маргадаг.

6. Улаанбаатар хот, Баянгол дүүргийн .......... хорооны иргэн С.А-гаас “2005 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн өмчлөгч өөрчлөгдсөн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан. Нэхэмжлэгч 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ........... багт байрлах 26.04м2 талбайтай, 2 өрөө үл хөдлөх хөрөнгийн “2005.11.16, 2012.01.27, 2012.02.06-ны өдрийн бүртгэлүүдийг хууль бус болохыг тогтоолгож, 2013.07.16-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлж тодруулсан.

7. Хэрэгт тогтоогдсон үйл баримтын талаар:

7.1. Эрхийн улсын бүртгэлийн Ү............... дугаартай Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ............... тоот дахь 26.04м2 талбайтай, 2 өрөө орон сууц нь анх 1998.12.21-ний өдөр иргэн Б.С /........../, Л.Н /................./, С.Б /............../, С.Б /............./, С.Ар /............/, С.А.ж /............../ нарын 6 иргэний хамтын өмчлөлд бүртгэгдсэн байна.

7.2. 2002.05.02-ны өдөр өмчлөгч Б.С, Л.Н, С.Ар, С.А.ж нараас орон сууцны үнийг зах зээлийн үнэд нийцүүлэн 6000000 төгрөгийн үнэтэй болгон бүртгэлд өөрчлөлт оруулж хүсэлт гаргаснаар ........ дугаартай “Монгол Улсын иргэн Б-ийн С, 4 хүний өмч” гэсэн бичвэр бүхий үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 2002 оны 05 дугаар сарын 02-ны өдөр олгосон байна.

7.3. Нэхэмжлэгч Сын А/............./ нь С.А гэсэн нэртэй байсан байх бөгөөд өөрийн нэрийг хожим А болгон өөрчилсөн байдаг.

7.4. Өмчлөгч Б.С 2004 оны 05 дугаар сарын 06-ны өдөр нас барж, 19-р  тойргийн нотариатчаас олгосон 16 дугаартай өв залгамжлах эрхийн гэрчилгээ, 2005.11.16-ны өдөр өмчлөгч Л.Н, С.А.ж нарын гаргасан өмчлөгч өөрчлөх мэдүүлгээр бүртгэл хийгдэж уг эд хөрөнгө Л.Н, С.А.ж нарын өмчлөлд бүртгэгдэж, .............. дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ 2005 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр олгогдсон байна.

7.5. 2012.01.27-ны өдөр тухайн орон сууцны өмчлөгч Л.Н, С.А.ж нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц-гийн гаргасан мэдүүлэг, 19-р тойргийн нотариатчийн баталсан орон сууцны бэлэглэлийн гэрээгээр иргэн С.О-ийн өмчлөлд бүртгэгдэж улсын бүртгэлийн гэрчилгээ олгогджээ.

7.6. Уг орон сууц нь 2012.02.06-ны өдөр бэлэглэх гэрээгээр иргэн С.О-ээс Т.Ц-д шилжсэн.

7.7. 2013.07.16-ны өдөр худалдах худалдан авах гэрээгээр иргэн Т.Ц-гаас иргэн Н.Хт шилжүүлсэн бүртгэл хийгдсэн байна.

          8. 2005 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн өмчлөгч өөрчлөгдсөн бүртгэлийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

8.1. Нэхэмжлэгч С.А-гийн эцэг Б.С-ыг нас барсны дараа Говь-Алтай аймаг, 19 дүгээр тойргийн нотариатчаас “Хууль ёсоор өвлөх эрхийн гэрчилгээ”-г түүний эхнэр Л.Н-д 2005 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр олгосон байдаг.

8.2. “Хууль ёсоор өвлөх эрхийн гэрчилгээ” олгох харилцаанд эрхийн бүртгэлийн хууль үйлчлэхгүй, харин уг харилцаа Иргэний хуульд заасан өв залгамжлал, 1997 онд батлагдсан Нотариатын тухай хууль, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2003 оны 216 дугаар тушаалаар батлагдсан “Нотариатын үйлдэл эрхлэн хийх заавар”-аар зохицуулагдаж байсан байна.

Нотариатын тухай хууль/1997 он/-ийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 9-т “өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгох” нь нотариатын үйлдэлд хамаарч байна. Мөн дээр дурдсан зааврын 4 дэх хэсгийн 4.5.6-т Гэрлэгсдийн аль нэг нь нас барсан тохиолдолд өв нээгдсэн газрын Нотариатч, Нотариатчийн үүрэг гүйцэтгэгч нь тэдний дундын эд хөрөнгөөс хууль тогтоомжид заасан хэмжээгээр оногдох хувиа өмчлөх эрхийг бэлэвсэрсэн эхнэр буюу нөхрийн өргөдлөөр энэ тухай өв залгамжлагчдад мэдэгдэж, тэмдэглэл үйлдэж гарын үсэг зуруулсаны дараа гэрчлэнэ. Мэдэгдэлд эхнэр буюу нөхөрт олгох дундын эд хөрөнгийн оногдох хувийн бүрэлдэхүүнийг заахаас гадна уг эд хөрөнгийг өмчлөх эрхийн талаар өв залгамжлагчид маргавал эхнэр буюу нөхөр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг тайбарлана., 4.5.7-т  Дундын эд хөрөнгөөс оногдох хувиа өмчлөх эрхийг гэрчлүүлэх бэлэвсэрсэн эхнэр буюу нөхөр нь нас барагчийн насанд хүрээгүй хүүхэд болон эрх зүйн чадамжгүй өв залгамжлагчийн хууль ёсны төлөөлөгч биш бол мэдэгдлийг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч эцэг, эх, үрчлэгч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч/-д өгнө. Мэдэгдлийг шуудангаар явуулж болно.

Харин өв залгамжлагчид өөрсдөө хүрэлцэн ирсэн бол Нотариатч тэдэнд амаар мэдэгдэж, бэлэвсэрсэн эхнэр буюу нөхрийн ирүүлсэн өргөдөлтэй танилцуулан, энэ тухайгаа өргөдөл дээр тэмдэглэж, дээр нь өв залгамжлагчдаар гарын үсэг зуруулна., 4.5.8-т  гэрлэгсдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс оногдох хувиа өмчлөх эрхийг гэрчлэхдээ эхнэр буюу нөхрийн нас барсны гэрчилгээ, гэрлэгсдийн гэрчилгээ,гэрлэгсдийн дундаа эд хөрөнгө өмчлөх эрхийг нотолсон бичиг баримтыг үндэслэнэ. гэж тус тус заасан байна.

8.3. Тухайн үед 2003 оны 06 дугаар сарын 19-ны өдөр батлагдсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль үйлчилж байсан бөгөөд энэхүү хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т зааснаар эрхийн улсын бүртгэгчийн ажиллах журмыг Засгийн газар 2004 оны 02 дугаар сарын 25-ны өдөр баталжээ. 

8.4. Л.Н 2005 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өмчлөгч хасуулах бүртгэл хийлгэхээр ___ дугаартай мэдүүлэг гаргахдаа өөрийн насанд хүрээгүй хүүхэд болох С-ын А-ыг хамтран өмчлөгчөөр мэдүүлсэн байна.

Улсын бүртгэл нь захиргааны байгууллагын өөрийн санаачлагаар хийгдэх ажиллагаа биш бөгөөд эрх бүхий этгээд өөрөө бүртгэлийн үйл ажиллагааг хийлгэж эрхээ баталгаажуулахаар төрийн байгууллагад ханддагаараа онцлогтой. Энэ нь иргэний гаргасан мэдүүлэг юм.

8.5. Энэ бүхнээс дүгнэвэл нотариатаас олгосон “Хууль ёсоор өвлөх эрхийн гэрчилгээ” болон өв залгамжлах эрх бүхий иргэн Л.Н-ын мэдүүлгийг үндэслэн хийсэн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь улсын бүртгэгч нотариатаас олгосон “Хууль ёсоор өвлөх эрхийн гэрчилгээ”-г хууль бус гэж бүртгэхээс татгалзах боломжгүй.

Тодруулбал, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль/2003/-ийн 13 дугаар зүйлийн 13.5-д 13.5.1.тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг; 13.5.6.улсын тэмдэгтийн хураамж, эсхүл үйлчилгээний хөлс төлсөн баримт; 13.5.7.өмчлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, 13.5.8.энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг бүртгүүлэхийг хүссэн этгээдийн өргөдөл. гэсэн баримт бичгийг мэдүүлэгт хавсаргасан байх зохицуулалттай байжээ.

Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын Эрхийн улсын ерөнхий бүртгэгчийн 2004 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 50 дугаар тушаалаар батлагдсан “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийг хөтлөх журам”-д өв залгамжлах эрхийн гэрчилгээг үндэслэн бүртгэл хийхдээ шаардах баримтыг талаар тусгайлан журамлаагүй, харин Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 38 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 5.5-д Өв залгамжлах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхдээ нотариатаас олгосон өв залгамжлах эрхийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээ, үйлчилгээний хураамж тушаасан баримт зэргийг үндэслэн бүртгэнэ. гэж заасан байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль/2003/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1-т тоочин дурдсан мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй учир мөн зүйлийн 14.2-т зааснаар улсын бүртгэгч мэдүүлгийг хүлээн авахаас татгалзахыг хориглосон байна.

8.6. Захиргааны хэргийн шүүх улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааг хууль болон холбогдох журмын дагуу явагдсан эсэхийг хянах чиг үүрэгтэй.

Аливаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрчлөх бүртгэл хийхдээ улсын бүртгэгч нотариатын баримт байгаа эсэхийг шалгах бөгөөд харин нотариатын үйлдэл хуульд нийцсэн эсэхийг хянах эрхгүй байна. Энэ тохиолдолд улсын бүртгэлийг хууль бус гэж дүгнэх үндэслэлгүй.

9. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 1-р багт байрлах 26.04м2 талбайтай, 2 өрөө үл хөдлөх хөрөнгийн 2012.01.27, 2012.02.06-ны өдрийн бүртгэлүүдийг хууль бус болохыг тогтоолгож, 2013.07.16-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

9.1. 2012.01.27-ны өдөр тухайн орон сууцны өмчлөгч Л.Н, С.А.ж нарын гаргасан мэдүүлэг, 19-р тойргийн нотариатчийн баталсан орон сууцны бэлэглэлийн гэрээгээр иргэн С.О-ийн өмчлөлд, 2012.02.06-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр иргэн С.О-ээс Т.Ц-д,  2013.07.16-ны өдөр худалдах худалдан авах гэрээгээр иргэн Т.Ц-гаас иргэн Н.Хт шилжүүлсэн бүртгэл хийгдсэн байна.

9.2. 2011 онд өмчлөгч Л.Н, С.А.ж нар Улаанбаатар хотод амьдрах болсон тул тухайн орон сууцыг бусдад худалдах, бэлэглэх, хөлслөх зэрэг бүрэн эрхийг иргэн Т.Цд итгэмжлэн олгожээ. Үүний дагуу улсын бүртгэлд өмчлөгч Л.Н, С.А.ж нарыг итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цгийн гаргасан 185 мэдүүлгийг үндэслэн 28 сая төргөгийн үнэлгээ бүхий орон сууцыг С.О-д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 13 дугаар зүйлийн 13.5.Мэдүүлэгт энэ хуулийн 17.1-д заасан зүйлийг тусгах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана: гээд баримт бичгийн жагсаалтыг хуульчилсан ба 13.6.-д Хуульд тусгайлан заасан бол мэдүүлэгт хавсаргах баримт бичгийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байна., 14 дүгээр зүйлийн 14.2.Энэ хуулийн 14.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг хориглоно, 18 дугаар зүйлийн 18.1.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг энэ хуульд заасны дагуу бүртгэсэн бол мэдүүлэг гаргасан иргэн, хуулийн этгээд нь түүний хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгож, хуулбар хувийг хэрэгт хавсаргана. гэж тус тус заажээ.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 38 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 5.1.1-т өмчлөх эрх шилжүүлэх гэрээ, хэлцэлд хуульд заагдсан нөхцөлүүд тусгагдсан байх, 5.4-т Гэрээ хэлцэлд итгэмжлэлээр оролцсон бол итгэмжлэлийн эх хувь, түүний хуулбар /эх хувьтай тулгаж авна/, 5.9-д Эд хөрөнгө өмчлөх эрх өөр этгээдэд шилжсэн тохиолдолд өмнө олгосон улсын бүртгэлийн гэрчилгээг хураан авч хүчингүй болгон хувийн хэрэгт хавсарган хадгална гэж журамласан байна.

Нэгэнт өмчлөгчөөр бүртгэгдсэн иргэнээс өөрийн өмчлөлийн орон сууцыг бусдад шилжүүлэхэд, дараагийн өмчлөгч мөн адил одоогийн өмчлөгчид худалдахад тэдгээрийн өмчлөх эрхийг бүртгэж, гэрчилгээ олгох нь хариуцагчийн хуулиар хүлээсэн үүрэг болно.

9.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: Эдгээр бүртгэлийг хуульд бусад тооцож, хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн орон сууц өмчлөх эрх сэргэнэ гэж тайлбарлаж байх боловч хууль ёсоор өвлөгч Л.Н нас барсан, түүнээс хойш иргэний эрх зүйн гэрээ хэлцэлийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдсөн зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байгаа учир бодит байдалд нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх сэргэхгүй.

9.4. Иймээс хариуцагч бүртгэлийн байгууллага Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ........... 26.04м2 талбайтай, 2 өрөө үл хөдлөх хөрөнгийн 2005.11.16, 2012.01.27, 2012.02.06, 2013.07.16-ны өдрийн бүртгэлүүдийг хийхдээ тухайн үед мөрдөгдөж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан журмуудыг зөрчөөгүй гэж шүүх дүгнэлээ.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106 дугаар зүйлийн 106.5, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль/2003 он/-ийн 13 дугаар зүйлийн 13.5, 13.6, 14 дүгээр зүйлийн 14.2, 18 дугаар зүйлийн 18.1 дэх заалтыг тус тус баримтлан Улаанбаатар хотын Баянгол дүүргийн иргэн С.А-гаас Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын .........байрлах 26.04м2 талбайтай, 2 өрөө үл хөдлөх хөрөнгийн 2005.11.16, 2012.01.27, 2012.02.06-ны өдрийн бүртгэлүүдийг хууль бус болохыг тогтоолгож, 2013.07.16-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.ОЮУНСҮРЭН