Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 307/ШШ2025/00903

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ............... байранд оршин байх, Г ХК /РД:........../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, ............... тоот хаягт оршин суух, Б овогт Ч.Н /РД:.............../-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 15,511,819.43 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ч.Н нь 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Гтай ...........30833 тоот Дижитал зээлийн гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, мөн 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 3,000,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 500,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 1,000,000 төгрөг, дахин 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 1,880,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай тус тус зээл авсан.

Зээлдэгч Ч.Н нь ...........30833 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 312 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 15,511,819.43 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт Гинд олгуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Ч.Н нь тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны хариу тайлбарын баримтад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэснийг тэмдэглэж ирүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г ХК нь хариуцагч Ч.Нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,511,819.43 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Н нь нэхэмжлэгч Г ХК-ийн нэхэмжилсэн 15,511,819.43 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Дээрх хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Ч.Нд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Хариуцагч Ч.Н нь нэхэмжлэгч Г ХК-ийн нэхэмжилсэн 15,511,819.43 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, Ч.Нд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,509 төгрөгөөс 117,754.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Дархан-Уул аймгийн Татварын хэлтсээс 117,754.5 төгрөгийг, хариуцагч Ч.Наас 117,754.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ