Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/01363

 

 

2021 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/01363

 

Н ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2021/01208 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.О -д холбогдох автомашин зээлээр худалдах-худалдан авах гэрээг цуцалж, 10 267 323 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай Н ХХК нь автомашины түрээс, худалдан борлуулах чиглэлээр 2017 оноос хойш идэвхитэй үйл ажиллагаа явуулсаар ирсэн. 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр иргэн Г.О -тэй 105 дугаартай автомашин зээлээр худалдах-худалдан авах гэрээг байгуулсан. Тус гэрээгээр Тоёота Приус маркийн хар өнгөтэй улсын 7980 УБЭ дугаартай автомашиныг нийт 10 800 000 төгрөгөөр худалдах- худалдан авахаар харилцан тохиролцон гэрээний 1.2-т зааснаар иргэн Г.О  нь гэрээний урьдчилгаа төлбөрт 2 679 297 төгрөгийг төлж, автомашиныг өөрийн эзэмшил ашиглалтдаа шилжүүлж авсан. Гэрээний нийт үнийн дүнгээс үлдсэн 8 121 000 төгрөгийг нийт 36 сарын хугацаанд сарын 2 хувийн хүүтэй байхаар талууд харилцан тохиролцсон бөгөөд гэрээний нэгдүгээр хавсралтад заасны дагуу төлж барагдуулан, төлбөрийг бүрэн төлж дууссаны дараа автомашины өмчлөх эрхийг шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Гэтэл иргэн Г.О  нь 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс хойш гэрээний нэгдүгээр хавсралтанд заасны дагуу нэг ч удаа төлбөрийг хийлгүйгээр өнөөдрийг хүрсэн. Г.О -тэй утсаар холбогдон гэрээний дагуу төлбөрөө төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээ цуцлах талаар удаа дараа мэдэгддэг байсан. Холбогдох болгонд төлнө гэдгээ хэлдэг байсан боловч энэхүү амлалтаа биелүүлээгүй. Г.О  нь гэрээний үндсэн зээл 8 121 000 төгрөг, зээлийн хүүд 3 467 613 төгрөгийг төлөхөөс үндсэн зээлд 2 274 496 төгрөг, зээлийн хүүд 1 815 749 төгрөгийг тус тус төлж нийт 4 090 345 төгрөгийг төлсөн байдаг. Н ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, автомашиныг Г.О-ийн эзэмшилд шилжүүлсэн. Гэтэл Г.О  нь гэрээгээр хүлээсэн графикийн дагуу төлбөрөө хугацаандаа төлөхгүйгээр өнөөдрийг хүртэл автомашиныг өөрийн эзэмшил, ашиглалтад байлгаж үр шимийг ашигласаар байгаа тул гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 5 846 404 төгрөг, зээлийн хүүд 1 497 717 төгрөгийг төлөхөөр байна. Мөн талуудын хооронд байгуулсан 105 дугаартай гэрээний 2.11, 4.1-т заасны дагуу 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 549 хоног 15 492 979 төгрөг алдангид тооцогдох боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар үндсэн зээлийн төлбөрийн 50 хувь буюу 2 923 202 төгрөгөөр бууруулан хуульд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон болно. Иймд автомашин зээлээр худалдах-худалдан авах гэрээг цуцалж, үндсэн зээлийн төлбөрт 5 846 404 төгрөг, зээлийн хүүд 1 497 717 төгрөг, алдангид 2 923 202 төгрөг, нийт 10 267 323 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд бичгээр тайлбар гаргаагүй болно.

 

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.О-оос нийт 10 267 323 /арван сая хоёр зуун жаран долоон мянга гурван зуун хорин гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-д олгож, үлдсэн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Автомашин зээлээр худалдах худалдан авах гэрээ-г цуцлах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч Н ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 179 230 төгрөгөөс 179 227 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 3 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Г.О-оос улсын тэмдэгтийн хураамжид 179 227 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхээс анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэхдээ хэргийн бодит үнэнийг тогтоож чадаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс автомашиныг худалдан авахад урьдчилгаа төлбөр 2 679 297 төгрөгийг төлсөн гэжээ. Гэвч бодит үнэн нэхэмжлэлд дурдсан үнийн дүнгээс үзэхэд илэрхий буруу тооцоолж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж чадаагүй байна. 2 679 297 төгрөгийг ямар хэлбэрээр хэрхэн төлсөн, 10 сая 800 мянган төгрөгийн үнэтэй автомашины урьдчилгаа төлбөр ийм бутархай хэлбэртэй байгааг тодорхойлж чадаагүй тооцооллын алдаа гарсан. Мөн Н ХХК-д хамгаалалтын үйлчилгээ үзүүлсний хөлсөнд тухайн автомашины үлдэгдэл төлбөрийг суутгаж авчихаад одоо тухайн автомашины үнийг нэхэмжилж байгаагаа үнэн зөвөөр мэдүүлэхгүй байгаа. Хэргийн оролцогч намайг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч авч оролцох боломжийг хангаагүй. Эвлэрүүлэх хугацаа өгсөн боловч шүүх хурлыг хуралдуулсан. Мөн Н ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эсэхийг шүүхээс тодруулж шалгаагүйд гомдолтой байна. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд зааснаар аливаа зээлийн үйл ажиллагааг эрхлэхэд тусгай зөвшөөрөлтэй байхыг шаарддаг. Гэтэл Н ХХК-д ийм тусгай зөвшөөрөл байсан эсэхийг тогтоогоогүйд гомдолтой байгаа. Иймд шүүгч хэт нэг талд илэрхий үйлчилсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож хэргийн анхан шатны журмаар шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү. Хариуцагчийн зүгээс эвлэрэх гэж байгаа гэж ойлгож байсан. Тиймээс энэхүү хэргийг хариуцагчийн эрхийг хамгаалах, эрх нь зөрчигдөхөөс сэргийлж дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт тооцооллын өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Г.О -д холбогдуулан автомашин зээлээр худалдах-худалдан авах гэрээг цуцалж, 10 267 323 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Н ХХК, Г.О нарын хооронд 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр автомашин зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч Н ХХК нь 10 800 000 төгрөгийн үнэ бүхий 7980 УБЭ улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг Г.О-ийн эзэмшилд шилжүүлэх, Г.О  нь үнийн дүнгээс 2 679 297 төгрөгийг төлж, тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч, үлдэгдэл төлбөр 8 121 000 төгрөгийг, сарын 2 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаанд гэрээний 1 дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон байна. /хх7-9 дэх тал/

 

Маргааны зүйл болох 79-80 УБЭ улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Н ХХК болох нь хэргийн 10 дах талд авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв боловч тооцооллын хувьд алдаатай байгааг залруулах боломжтой байна.

 

Хариуцагч Г.О  гэрээгээр тохиролцсоны дагуу тээврийн хэрэгслийн үнэ 10 800 000 төгрөгийн урьдчилгаа төлбөрт 2 679 297 төгрөг, зээлийн хүү 1 815 749 төгрөг төлсөн талаар зохигчид маргаагүй, харин хариуцагч нь гэрээний үлдэгдэл төлбөр 8 121 000 төгрөгийг хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүйгээс талуудын хооронд маргаан үүсчээ.

 

Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй. Хуульд өөрөөр заагаагүй бол талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан тул нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлээр худалдах-худалдан авах гэрээний үндсэн төлбөр, хүүгийн хамт шаардах эрхтэй ба нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд гэрээгээр хүлээсэн нэмэлт үүрэг нэгэн адил цуцлагдах тул тэрээр алданги 2 923 202 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас шаардах эрхгүй гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн автомашин зээлээр худалдах-худалдан авах 105 тоот гэрээний тооцооллыг үндэслэн 79-80 УБЭ улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн үндсэн төлбөрийн үлдэгдэл төлбөрт 5 846 404 төгрөг, хүү 1 497 717 төгрөг, нийт 7 344 121 төгрөгийг хариуцагч Г.О-с гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-д олгож шийдвэрлэсэн нь зөв боловч хариуцагчаас алданги 2 923 202 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь буруу байх тул алдангид нэхэмжилсэн 2 923 202 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт тооцооллын өөрчлөлт оруулав. Энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжтой байна.

 

Түүнчлэн, шүүх 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн автомашин зээлээр худалдах-худалдан авах гэрээг цуцлах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу бөгөөд гэрээг цуцлах нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл шийдвэрлэх шаардлагагүй тул шүүхийн шийдвэрийг залруулна.

 

Анхан шатны шүүх 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэлийг хүлээн авч 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэж 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх, үүрэг тайлбарлан өгснөөс хойш 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хэргийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хариуцагч нь өмгөөлөгч авах, нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой байсан тул шүүх хариуцагчийн дээрх эрхийг хэрэгжүүлэх боломж олгоогүй, эрхийг нь хязгаарласан нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан бөгөөд талууд харилцан тохиролцож зээлээр худалдах-худалдан авах гэрээг байгуулсан нэхэмжлэгч нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй эсэхийг шүүхээс тодруулах шаардлагагүй тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Г.О-с 7 344 121 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-д олгож, үлдэх 2 923 202 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2021/01208 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дах хэсэгт зааснаар хариуцагч Г.О-с 7 344 121 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-д олгож, үлдэх 2 923 202 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дах заалтын 179 227 гэснийг 132 456 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179 227 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ