| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
| Хэргийн индекс | 2205028490168 |
| Дугаар | 2024/ДШМ/280 |
| Огноо | 2024-03-05 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | М.Анхбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 2024/ДШМ/280
2024 3 5 2024/ДШМ/280
Д.Ид холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Анхбаяр,
шүүгдэгч Д.И, түүний өмгөөлөгч С.Соронзонболд, Э.Шинэцэцэг,
нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 2023/ШЦТ/928 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Игийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2205028490168 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Адуучин овгийн Д.И, 1961 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 63 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Хүний их эмч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, нөхрийн хамт ......................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:........................./;
Шүүгдэгч Д.И нь 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лайв мед” эмнэлэгт Монгол Улсын стандартад байхгүй озон буюу хүчил төрөгчийн эмчилгээг амь хохирогч Ч.Мд хийсний улмаас хохирогч таталт өгч улмаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүргэгдэж ирээд бөглөрлийн шок, судсанд цус түгээмэл бүлэгнэх хам шинжээр хүндрэн зүрхний дутагдал давамгайлсан олон эрхтний дутагдлаар нас барсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Д.Игийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Адуучин овогт Д.Иг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ид 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ид 5 /тав/ жилийн хугацаагаар эмчлэх мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх хасах ялыг түүнд оногдуулсан хорих ял дээр нэмж оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг эдэлж дууссаны дараа эмчлэх мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх хасах ялыг тоолж, шүүгдэгч Д.Ид оногдуулсан хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолж түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Д.Ид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Д.Ид шүүхээс оногдуулсан ялын хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж, энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.И давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь нас хохироосон үйлдэлдээ маш их харамсаж, гэмшиж байгаа бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн хувьд маргаагүй, болсон асуудлын талаар үнэн зөвөөр бодит байдлаар мэдүүлж байсан. Би тус эмнэлгийн эмчээр 2018 оноос ажиллаж байсан бөгөөд “озон хүчилтөрөгчийн холимгийн эмчилгээг олон өвчтөнд хийж, тэдний эрүүл мэндийг сайжруулж байсан. Тус эмчилгээ нь “ковид”-ын халдварын дараах нөхөн сэргээх эмчилгээнд маш үр дүнтэй байсан. Гэтэл тэр өдөр талийгаачид эмчилгээний улмаас хүндрэл үүсч таталт өгч эхэлсэн. Тухайн өдөр би эмнэлгийн шаардлагатай тусламжийг цаг алдалгүй үзүүлж Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн яаралтай түргэн тусламжийн хүлээн авах тасагт хүргэж ирэхэд эмч нь байгаагүй, мөн 5 давхарт сэхээн амьдруулах тасагт өвчтөнөө аваад очиход эмч нь бас байгаагүй. Ингэж цаг хугацаа алдаж талийгаач нас барсанд маш их харамсаж, гэмшиж байна. Би өөрийнхөө хийсэн ямар ч үйлдлийг зөвтгөхгүй байна. Миний хувийн байдал ам бүл хоёр, нөхрийн хамт амьдардаг. 1985-2018 оны хооронд улсын байгууллагад 33 жил ажилласан. Сүүлийн 20 жил Улсын гуравдугаар төв эмнэлэгт эрчимт эмчилгээний тасагт сэхээний эмчээр ажиллаж багаар ажиллан олон мянган хүний амь аврах ажил хийсэн. Урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй бөгөөд миний хувийн байдал, хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг өөр төрлийн ялаар сольж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Д.Игийн өмгөөлөгч С.Соронзонболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Амь хохирогчийн ар гэрт харамсаж байгаагаа илэрхийлье. Анхан шатны шүүхээс ял оногдуулахдаа Д.Игийн хувийн байдлыг харгалзан үзээгүй. Д.И нь улсад 35 жил эмч мэргэжлээр ажиллахдаа сүүлийн 20 жил сэхээний эмчээр ажилласан. Маш олон хүний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалж байсан туршлагатай, маш сайн эмч. Түүнийг улсаас алтан гадас одонгоор шагнаж байсан. Д.И нь амь хохирогчтой цусан төрлийн холбоотой үеэлүүд байсан бөгөөд маш ойр дотны харилцаатай байсан. Уг хэргийн дараа Д.И нь сэтгэл зүйн хувьд хохирогчийн ар гэртэй адил хэмжээнд сэтгэлээр унаж, гэмшиж харамссан. Д.И нь хохирогчийн ойр дотны хүмүүс болох өвөө, эмээ, аавынх нь амь насыг аварч байсан бодит түүхтэй. Уг хэргийн улмаас учирсан хохирлыг хамааттан садан хүмүүс учир өөрсдийнхөө хэмжээнд төлсөн. Д.И одоо 63 настай, эмчээр ажиллаж байх хугацаандаа мэргэжлээс шалтгаалан олон төрлийн өвчинтэй болсон. Элэгний С вирус, артерийн даралт, зүрхний дутмагшил, нүдний даралт, бамбайгаа авхуулсан гэх мэт олон өвчтэй болсны улмаас эмний хамааралтай болсон. Мөн үүнтэй холбоотой Улсын гуравдугаар эмнэлгийн архиваас 5 хуудас баримтыг хуулбарлан авчирсан. Д.И нь маш их гэмшиж байгаа. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн Эрүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Д.Игийн өмгөөлөгч Э.Шинэцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй. 2015 оны Эрүүгийн хуульд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд гэм хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж ял оногдуулахаар заасан. Хэргийн материалаас харахад Д.И нь мөрдөн шалгах ажиллагаанаас эхэлж өөрийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, гэм буруутай талаар маргаагүй байдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 9 дэх талд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж дүгнэсэн. Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн гэж заасны дагуу Д.И нь туслалцаа үзүүлсэн. Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуульд заасан цөөн тооны болгоомжгүй гэмт хэрэгт холбогдсон. Түүний үйлдлээс гарсан хохирол нь гэнэт үүссэн тохиолдлын шинжтэй учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хангаж байна. Хэрэгт авагдсан нэр бүхий гэрчүүдийн мэдүүлгээр Д.И нь цаг алдалгүй эмнэлгийн тусламж дуудаж, яаралтай тусламжийн хүлээн авах тасагт хүргэсэн байдаг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Эхувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “энэ хэрэгт ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэдэг. Энэ талаар анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо бусдад төлөх төлбөргүй талаар дүгнэсэн. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэгт үйлдсэн гэмт этгээдийг нийгэмшүүлэхэд оршдог. Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан болгоомжгүй гэмт хэрэгт ялын төрлийг хорихоос өөр төрлийн хөнгөн ялыг сонгож хэрэглэхээр зохицуулсан. Иймд дээрх нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хүнлэг энэрэнгүй байх зарчмыг үндэслэж нийгмээс тусгаарлахгүйгээр өөр төрлийн ялаар сольж өгнө үү. ...” гэв.
Прокурор М.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гасан. Амь хохирогчийн хувьд 7 сартай жирэмсэн байсан. Ямар шалтгааны улмаас эмчилгээ хийлгэх болсон болсон бэ гэвэл амь хохирогч нь умайн хүзүүн шархлаа гэх өвчтэй байсан тул түүнийгээ цэвэрлүүлэх, эмчлүүлэх зорилгоор хүчилтөрөгчийн болон хяналтад байдаг эмнэлэгүүддээ үзүүлдэг байсан. Нас бардаг өдрийн өглөө нь хяналтад байдаг эмнэлэгтээ очиж толь тавьж нээлттэй үзлэг хийлгээд шүүгдэгч Д.Иг утсаар дуудаад сүүлийн удаа эмчилгээгээ хийлгэе гэж хэлсэн. Д.И нь үтрээгээр эмчилгээгээ залгаад хувцасаа солих гээд явсан. Энэ хооронд амь хохирогч таталт өгч эхэлдэг. Таталт хүндрээд эхлэх үед Д.Игийн хажууд сууж байсан хүн сонсоод, эмчид хэлээд түргэн дуудаж, түргэн 4 минут 40 секундын дотор ирсэн. Замдаа амьсгал дэмжих эмчилгээ хийгээд эх нялхас дээр ирсэн. Шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч нь N86 өвчтэй байсан тул үтрээгээр озон эмчилгээг хийх явцад дээрх өвчнөөс шалтгаалсан хүндрэл эрсдлийг тооцоогүй гэж дүгнэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хохирол арилсан гэж үзэхээргүй байгаа тул тэнсэн харгалзах боломжгүй. Шүүгдэгч Д.И нь гэм буруу дээрээ маргахгүй байгаа хэдий ч хүний амь нас хохирсон учраас хорих ялыг оногдуулсан нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...”гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Д.И нь 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лайв мед” эмнэлэгт Монгол Улсын стандартад байхгүй озон буюу хүчил төрөгчийн эмчилгээг амь хохирогч Ч.Мд хийсний улмаас хохирогч таталт өгч улмаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүргэгдэж ирээд бөглөрлийн шок, судсанд цус түгээмэл бүлэгнэх хам шинжээр хүндрэн зүрхний дутагдал давамгайлсан олон эрхтний дутагдлаар нас барсан болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Э“...2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн өглөө намайг ажил дээрээ байж байхад 09.40 цагийн үед биеийг нь асууж чатаар харилцаж байхад удалгүй манай хүргэн Эрдэнэсайхан утсаар залгаж Моолой гэнэт таталт өгөөд түргэний тэргээр Эх хүүхдийн эрүүл мэндийн төв явж байгаа талаар ярьсан. Би болсон явдлыг сонсоод Эх хүүхдийн эрүүл мэндийн төв рүү такси барьж явсан. Эмчилгээ хийж байсан эмч эгч болох Д.И утсаар ярьж Молор-Эрдэнийн зүрх орж ирэхгүй байна гэж хэлсэн. Би сандарч яаж сэхээний тасаг руу явж орсон талаараа санахгүй байна. Миний охинд хиймэл амьсгал массаж хийж амьсгалын аппарат барьчихсан нүүр нь хөхөрчихсөн байдалтай байсан. Тэнд байсан эмч нар одоо массажаа зогсоо шинжлэх ухаан талаасаа хийх зүйлээ хийчихлээ зүрх нь зогсчихлоо одоо аврахаасаа өнгөрсөн гэж хэлсэн. Эмч нараас гуйж ахиад амилуулах юм хийгээч хүүхдийг аврах боломжгүй бол эхийг авраач гэж гуйсан. Надад авч болох бүхий л арга хэмжээг авлаа гэж хэлсэн. Тухайн үед зүрхний бичлэг хийдэг аппарат дээш доошоо болоод байхаар нь зүрх нь зогсоогүй юм биш үү гэж асуухад эмч надад зүрхэнд хийсэн массажны нөлөөгөөр ингэж байгаа талаар тайлбарлаж хийж болох бүх эмчилгээг хийлээ гэж хэлсэн. Энэ үед манай хүргэн ороод ирчихсэн байсан тэгээд охиныгоо өнгөрсөн талаар нь мэдсэн. Надад энэ хэрэгтэй холбоотой санал хүсэлт гэх зүйл байхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” /2хх 2-7/,
хохирогч Ч.Э“...2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэгт очиж талийгаач эхнэр шинжилгээ өгсөн. 08 цагийн орчим эмнэлгээс гарч ирээд Озон эмчилгээгээ сүүлийн удаа хийлгэчхээд ирье гэж хэлж 08 цаг 56 минутад эмнэлгийн гадаа очсон. Очоод эмчтэй ярихад эмч ирж байна гэж хэлээд эмнэлэг рүү эмчилгээ хийлгэх гэж бид гурав орсон. Эмнэлэгт ороод би охины хамт хүлээлгийн зааланд сууж эхнэр эмчилгээний өрөө рүү орсон. Эмчилгээгээ залгуулаад байж байхад зааланд хамт сууж байсан эгч сонин дуу гараад байна гэж хэлэхээр нь эмч эмчилгээ хийлгүүлж байсан эхнэрийн өрөө рүү орсон. Намайг хүрээд ир гэж дуудсан. Би эмчилгээ хийлгэж байсан өрөө рүү охины хамт явж очиход таталт өгсөн байдалтай байж байсан. Өрөөнд надтай хамт сууж байсан эмэгтэй яаралтай түргэн тусламж дуудсан. Тэр эмнэлэг озоны эмнэлэг байсан учраас хүчилтөрөгчийн аппарат юм уу ам руу нь гуурс хийсэн. Эмч намайг эмийн сан руу манитол гэдэг дусал аваад ир гэж явуулсан. Эмийн сан руу очиж манитол гэдэг дусал 2 ширхгийг авч ирэхэд түргэний машин ирчихсэн байсан. Эрэгтэй эмч жолооч хоёр талийгаач эхнэрийг маань насилк дээр гаргаж, түргэний машинд суулгаад авч явсан. Би араас нь өөрийн машинаараа Эх хүүхдийн эрүүл мэндийн төв рүү ороход бид хоёрыг эмнэлэгт оруулаагүй. Би хадам ээж рүү залгаж болсон зүйлийн талаар хэлсэн. Бид хоёр Гандангийн тэнд байх “Жи Эс”-ийн тэнд охиндоо хоол авч өгөөд буцаж эмнэлэг рүү явж байхад хадам ээж залгаж намайг хурдан ирээрэй хаана байна гэж уйлсан байдалтай хэлсэн. Би охинтойгоо хамт Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн 5 давхарт гарахад эмч нар дагуулж гарч охиноо үлдээгээд очиход эхнэр тань аль дээр нас барсан байна. Хадам ээж тань эмчилгээг зогсоохгүй гэж байна. Бидний зүгээс хиймэл амьсгал дэмжих эмчилгээ ирсэн цагаас нь хойш байж болох бүх эмчилгээг хийсэн гэж хэлсэн. Түргэний машинд насилк дээр суулгаж явах үед талийгаач өөрөөрөө амьсгалж байсан. ..." /1хх 29-31/,
гэрч Н.М“...Би 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 08 цагаас маргааш өдрийн 08 цаг хүртэл 24 цагийн дуудлагын эмчийн үүрэг гүйцэтгэж эхэлсэн бөгөөд дотоод станцаар 09.23 цагт Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 77 сургуулийн ард жирэмсэн эмэгтэй татаад байна гэж дуудлага ирээд 09:26 цагт дуудлага өгсөн газар буюу нэг сувилагч гэж эмэгтэй тосож аваад зам заагаад Live гэсэн нэртэй озон эмчилгээ гэх нэртэй хувийн эмнэлэг рүү дагуулж очсон бөгөөд 1 давхарт зүүн гар талд байрлах тасаг руу ороход 35 орчим насны эмэгтэй орон дээр дээшээ харсан ухаангүй, нүүр, уруул хөхөрсөн байдалтай байх ба үзлэг хийхэд тухайн эмэгтэй аманд хэл дарагч хийгээд хүчилтөрөгч өгсөн байсан. Анх дагуулж очсон сувилагч хэлэхдээ тухайн эмнэлэгт озон эмчилгээ өгөхөд таталт өгч ухаан алдсан гэж хэлсэн. Тухайн орон дээр байсан ухаангүй эмэгтэй 7 сартай жирэмсэн гэж анх дуудлага өгөх үед хэлсэн. Би ухаангүй эмэгтэйг үзэхэд даралт 50/20 той, пүльс сул, амьсгал бүдэг, ухаангүй байсан учир түргэн тусламжийн машинд оруулаад хүчил төрөгч өгөөд хэл дарагч хийгээд СРR /суурь амь оруулах массаж/ хийсэн. Надтай хамт лайв эмнэлгийн сувилагч эмэгтэй цуг байсан бөгөөд АНБУ-аар амьсгалуулж явсан. Би дексаметазон гэх тариаг 2 мл-ийг булчинд буюу зүүн өгзөгний дээд хэсэгт тарьсан. Тариа хийж дуусахад түргэний тэрэг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн яаралтай тусламж хүлээн авах хэсэгт 9:39 цагт ирээд өвчтөнийг дотогш оруулж ирэхэд эмч нар яриа хийж байсан бөгөөд Батцэцэг эмч өвчтнийг хүлээн авсан. Өвчтөнийг Чинзориг овогтой Молор-Эрдэнэ гэж байсан. Ухаангүй хэвээрээ байсан. Ураг ямар байсан гэдгийг үзэх цаг хугацаа байгаагүй. ...” /1хх 33-34/,
гэрч Д.Б“...09:40 цагийн үед 103-аас маш хүнд ухаангүй хүн ирлээ гэж эх баригч Алтанчимэг дуудсан. Би гүйгээд очиход яаралтай тусламжийн тасгийн хүлээн авахад насилк дээр 30 орчим насны жирэмсэн эмэгтэй хэвтэж байсан. Уг эмэгтэй нь ухаангүй, орчны харьцаагүй, амьсгал сонсогдохгүй, захад судасны цохилт мэдрэгдэхгүй, хоёр нүдний хүүхэн хараа өргөссөн, гэрлийн урвалгүй, хүнд хүн байсан. Би 09:42 цагт эрчимт эмчилгээний Мөнгөн эмчийг дуудсан. Өвчтөнийг яаралтай тусламжийн өрөөнд тээвэрлэж оруулаад багаараа сэхээн амьдруулах тусламж үзүүлсэн. Өвчтөн анх ирэх үед клиникийн үхэлд орсон байдалтай байсан. 1 цаг 10 минутын хугацаанд сэхээн амьдруулах арга хэмжээ авсан боловч үр дүн өгөөгүй тул 10.50 цагт зогсоож ар гэрийн хүмүүст тайлбарлаж хэлсэн. Өвчтөнтэй хамт нөхөр гэх эрэгтэй хүн, мөн хувийн эмнэлгийн эмч гэх Д.И гэх хүн хамт ирсэн. ...” /1хх 47-48/,
гэрч Б.М“...Миний бие Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгчээр ажилладаг. Өнөөдөр ажлын байранд байхад 09:40 цагийн үед манай тасгийн хүлээн авахын эмч Батцэцэг утасдаж хүнд өвчтөн ирлээ гэж мэдэгдсэн. Яаралтай тусламжийн өрөөнд байсан өвчтөн дээр очсон. Эрдэнэбаяр эмч өвчтөнийг зохиомол амьсгалын аппаратад оруулж байсан. Өвчтөний зүрхний цохилт байхгүй, царай хөхөрсөн, даралт байхгүй, хүчилтөрөгчийн хангамж хэмжигдэхгүй байсан. Эрчимт эмчилгээний Эрдэнэбаяр, Оюунчимэг, Мөнгөн нар сэхээн амьдруулах арга хэмжээ авч эхэлсэн. Мөн Пунцалдулам, Эрдэнэцэцэг нар байсан. Сэхээн амьдруулах арга хэмжээ авсан. Зүрхний шахалт, хүчилтөрөгч, апреналин эмчилгээ зэргийг хийж эхлүүлсэн. Удирдамжийн дагуу сэхээн амьдруулах арга хэмжээг 45 минут үргэлжлүүлсэн боловч зүрх сэргээгүй тул зогсоосон. Зогсоосон хугацаа нь 10:50 цагт болно. ...” /1хх 41-42/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 903 дугаар “Талийгаач Ч.Молор-Эрдэнийн цогцост гэмтэл тогтоогдсонгүй. Талийгаач нь умайн хүзүүний шархлаа /ӨОУА-10N86/ өвчтэй байжээ. Талийгаач Молор-Эрдэнийн биед озон эмчилгээ хийгдсэн байх бөгөөд уг эмчилгээ нь Монгол Улсын Стандарт, техникийн зохицуулалтын улсын мэдээллийн санд озон хүчилтөрөгчөөр эмчилгээ хийх, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой стандарт байхгүй байна. Талийгаачид эмнэлгийн анхан шатны тусламж болон сэхээн амьдруулах суурь тусламжийг зохих журмын дагуу үзүүлээгүй байна. Талийгаач нь жирэмсний 27-28 хоногтой, умайн хүзүүний шархлаатай байсан ба үтрээгээр озон эмчилгээ хийх явцад хийн эмболи үүсэж бөглөрлийн шок, судсанд цус түгээмэл бүлэгнэх хам шинжээр хүндрэн зүрхний дутагдал давамгайлсан олон эрхтний дутагдлаар эндсэн байна. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн өвчний түүхийн хуулбарт талийгаач нь 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 10 цаг 50 минутад нас барсан. ...” /1хх 155-163/ гэсэн дүгнэлт,
2022 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 19-25/, Монгол Улсын Эрүүл мэндийн яамны 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 5/3068, 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 5/4316 дугаартай албан бичиг /2хх 12, 33-34/, 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 6-11/ зэрэг анхан шатны шүүх хуралдаанд цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Дээрх нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ нотлогдсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Д.Иг “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Шүүх шүүгдэгч Д.Игийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.
Анхан шатны шүүх, шүүгдэгч Д.Ид Эрүүгийн хуулийн тусгай 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эмчлэх мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм буруу, хувийн байдалд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.Игийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал шүүгдэгчийн хувийн байдал, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Эзүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг зорчих эрх хязгаарлах ял болгон хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.И 2023 оны 12 дугаар сарын 5-н өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл нийт 91 /ерэн нэг/ хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 2023/ШЦТ/928 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ид 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ид 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй. ...”,
3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ид 5 /тав/ жилийн хугацаагаар эмчлэх мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх хасах ялыг түүнд оногдуулсан хорих ял дээр нэмж оногдуулсугай. ...” гэснийг, “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ид 5 /тав/ жилийн хугацаагаар эмчлэх мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх хасах ялыг түүнд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ял дээр нэмж оногдуулсугай. ...”,
4 дэх заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг эдэлж дууссаны дараа эмчлэх мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх хасах ялыг тоолсугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын зорчих эрх хязгаарлах ялыг ял оногдуулсан үеэс эмчлэх мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх хасах ялыг тоолсугай. ...” гэж тус тус өөрчилсүгэй.
шийтгэх тогтоолын тогтоох 5, 6 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгосугай.
шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногт тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Ид сануулсугай. ...”,
“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Игийн цагдан хоригдсон 91 хоногийн нэг хоногийг зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, зорчих эрх хязгаарлах ялаас зохих журмын дагуу хасч тооцохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
2. Шийтгэх тогтоолын бусад хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Игийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ