Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 128/2015/0844/З |
Дугаар | 170 |
Огноо | 2016-05-06 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 170
Б.Энхтуяагийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Одгариг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сандаг нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 63 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 175 дугаар магадлалтай, Б.Энхтуяагийн нэхэмжлэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Б.Энхтуяагаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Энхтуяа би Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2013 оны 09 дүгээр сар хүртэл 21 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байгаад 2013 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэх албаны Баянзүрх дүүргийн 158 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан. Баянзүрх дүүргийн 158 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Дуүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн захирамжаар Н.Аравнаасүрэнгийн 7210741 төгрөг гаргуулж "Скай Ворлд Финанс" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Н.Аравнаасүрэнгээс 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 0007121 дугаарын бэлэн мөнгө хураасан актаар 7210741 төгрөгийг бэлнээр хураан авахад шийдвэр гүйцэтгэгчийн сургалттай байсан ба төлбөр төлөгчөөс орой хичээлээ тараад бэлэн мөнгөөр нь хураан авч, 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хичээлийн завсарлагаанаар төлбөр авагч "Скай Ворлд Финанс" ХХК-ийн 100 хувийн үүсгэн байгуулагч Б.Насанбаярын Төрийн банкны дансанд шилжүүлж, хаах хүсэлтийг тухайн өдөр нь авсан. Гэтэл 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын б\1115 тоот тушаалаар "...бэлэн мөнгө хураасан акт үйлдэхдээ засварласан, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, дуусгавар болгосон тогтоол нь төлбөр төлөгдөхөөс өмнө үйлдэгдэж, бүртгэлээс зөрүүтэй дугаар олгосон..." зөрчил гаргасан гэж ажлаас халсан.
Миний бие Н.Аравнаасүрэнд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тогтоолыг үйлдэхдээ хайхрамжгүй хандаж он сарыг алдаатай бичсэн нь миний буруу хэдий ч, хувийн ашиг сонирхол, мөнгө завшсан асуудал байхгүй байхад сануулах арга хэмжээ авалгүй, шууд ажлаас халсанд маш их гомдолтой байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны ёс зүйн дүрэмд ажилтны гаргасан зөрчилд ногдуулах сахилгын шийтгэл нь тухайн ажилтны хувийн байдал, гэм буруугийн хэр хэмжээнд тохирсон байна гэж заасан бөгөөд санамсаргүй, ялимгүй зөрчил гаргасан, түүнээс болж хэн нэгэн хохироогүй, уг зөрчлийг санаатай, гэм буруутай гаргаагүй байхад 2 хүүхэдтэй намайг ажлаас халж, амьдралын баталгаагүй болгож байгаа нь үндэслэлгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 31-ний б\1115 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд минь эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сандаг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжпэгч Б.Энхтуяа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/621 дүгээр тушаалаар Говьсүмбэр аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 21 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр, 2015 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Баянзүрх дүүргийн 158 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байгаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн б/1115 дугаар тушаалаар төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халж, шийдвэр гүйцэтгэгчийн эрхийг хүчингүй болгох сахилгын шийтгэл хүлээсэн.
Сахилгын шийтгэл авагдсан шалтгаан нь иргэн Н.Аравнаасүрэнгийн гаргасан гомдлоор Шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр баталсан удирдамжийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 158 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Энхтуяагийн ажлыг шалгасан шалгалтын дүн болно. Уг шалгалтаар Б.Энхтуяа нь төлбөр төлөгч Н.Аравнаасүрэнгээс 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төлбөрт гаргуулсан гэх 7130741 төгрөгийн бэлэн мөнгө хүлээн авсан баримтыг санаатайгаар засварласан, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол нь төлбөр төлөгдөхөөс 1 сарын өмнө үйлдэгдсэн, бүртгэлээс зөрүүтэй дугаар олгосон, төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг 2 сарын хугацаанд сэргээх ажиллагааг хийгдээгүй зэрэг зөрчлүүд илэрч Б.Энхтуяа нь хууль тогтоомж болон ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн нь тогтоогдсон байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн б/1115 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т Төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах", Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-т "хууль тогтоомжид заасны дагуу, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах", 8.4-т "Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана", Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т "шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтныг албан тушаалд томилох, чөлөөлөх, халах, ...", мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-т "Шийдвэр гүйцэтгэгч төлбөрт бэлэн мөнгө хүлээн авах, түүнийг төлбөр авагчид олгохдоо энэ тухай баримтыг 2 хувь үйлдэж, үйлдсэн огноог бичиж, гарын үсэг зуруулан, төлбөр төлөгчид 1 хувийг өгч, 1 хувийг нь хувийн хэрэгт хавсаргана", 72.3-т "Бэлэн мөнгө хүлээн авсан баримт нь ямар нэгэн засваргүй байна", 136 дугаар зүйлийн 136.1.2-т "шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах эрхийг хүчингүй болгох", Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны сахилгын дүрмийн 2.3.8-д "ажлын байрны тодорхойлолт болон хууль тогтоомжоор хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй" гэж заасныг тус тус үндэслэсэн бөгөөд хууль зүйн үндэслэлтэй юм. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн б/1115 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд холбогдох хуульд заасан сахилгын шийтгэл оногдуулсан хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 63 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.3, 136 дугаар зүйлийн 136.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Энхтуяагийн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 31-ний б\1115 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 175 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 63 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Одгариг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Б.Энхтуяа нь нэхэмжлэлдээ захиргааны актыг зөрчил гаргаагүй гэж үгүйсгэж маргаагүй, харин зөрчлийн улмаас хохирол учраагүй байхад ажлаас халсан нь үндэслэлгүй гэж маргасан байгааг шүүх анхаараагүй бөгөөд дараах байдлуудыг нарийвчлан тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Үүнд:
1. Хариуцагчийн тайлбараас үзэхэд Б.Энхтуяаг ажлаас халахдаа Н.Аравнаасүрэнгийн эрх зөрчигдөж, гомдол гарсны улмаас шалгалт хийж, зөрчил илрүүлсний улмаас ажлаас чөлөөлсөн гэсэн утга агуулагдаж байхад шүүх Н.Аравнаасүрэнд хохирол учирсан гэсэн үндэслэлээр захиргааны акт гараагүй гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Хохирол учраагүй бол арга хэмжээ авах тохиолдолд зөрчлийн шинж чанар, хүнд хөнгөн, гэм буруугийн хэр хэмжээ, ажилтны хувийн байдлыг харгалзан үзэх зохицуулалтыг байгууллага хэрэглэх боломжтой байхад Б.Энхтуяагийн эрх зүйн байдлыг дордуулан ажлаас шууд халж байгаа нь үндэслэлгүй байна. Н.Аравнаасүрэн шүүх хуралдаанд биеэр оролцож надад ямар нэгэн хохирол учраагүй гэж өөрөө тайлбарласан байхад ажлаас халсан энэ үндэслэлийг шүүх зөрчлийн хэр хэмжээнд тохирсон, зорилгодоо нийцсэн байна гэж үзсэн нь учир дутагдалтай байна.
2. Б.Энхтуяаг ажлаас халсан үндэслэлд “...бэлэн мөнгө хүлээн авсан баримтыг санаатайгаар засварласан...” гэсэн боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас бэлэн мөнгө засварласан баримтыг Б.Энхтуяа үнэхээр санаатай засварласан эсэх, эсвэл алдаатай бичсэн эсэх, мөнгийг хувьдаа ашиглах санаа зорилго байсан эсэхийг нарийвчлан шалгаж тогтоолгүйгээр гэм буруутай мэтээр үзэж ажлаас халсан нь үндэслэлгүй байхад захиргааны шүүх энэ талаарх нотлох баримтыг гаргуулалгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй байна. Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүртэл гэм буруугийн хэр хэмжээнээс шалтгаалж ял шийтгэл хөнгөрүүлэх, хүндрүүлэх зарчим үйлчилдэг байхад ажил хийж яваад алдаа гаргасан хүнд энэ зарчим яагаад үйлчилж болдоггүй юм. Б.Энхтуяагийн гаргасан зөрчлүүд хэдийгээр холбогдох дүрэм журам, хууль зөрчсөн боловч хамгийн гол нь хүндрүүлж авч үзэх ямар нэгэн хор уршиг учруулаагүй байгааг шүүх анхаарах ёстой.
“...Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж дуусгавар болгосон тогтоол нь төлбөр төлөгдөхөөс өмнө үйлдэгдэж, бүртгэлээс зөрүүтэй дугаар олгогдсон...”гэжээ. Гэтэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолыг тасгийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч З.Бямбарагчаа хянаж, баталсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133-р зүйлийн 133.3.3-т “...шийдвэрийн гүйцэтгэлийг хугацаанд нь биелүүлэхэд хяналт тавих...” гэж заасны дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны удирдлага энэ үүргээ хэрхэн биелүүлсэн. Б.Энхтуяад бүртгэлийн дугаар зөрүүтэй олгогдсон үйлдэлд үнэхээр тэр өөрөө буруутай эсэх, энэ ажиллагааг гүйцэтгэдэг хариуцдаг ажилтан ямар учраас зөрүүтэй дугаар олгосон, эсхүл дугаар олгох, ямар ч хяналт шалгалтгүй, явагддаг эсэх талаарх нотлох баримтыг гаргуулалгүйгээр зөвхөн шийдвэр гүйцэтгэгчийг буруутай мэтээр үзэж байгаа нь үндэслэлгүй байна.
Ийм учраас Б.Энхтуяаг гэм буруутай гэж үзэн ажлаас халсан маргааныг хянан шийдвэрлэхэд дээр дурдсан нөхцөл байдлын талаарх нотлох баримтуудыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасны дагуу холбогдох байгууллагаас гаргуулсны эцэст дүгнэлт хийн шийдвэрлэх нь хуульд нийцэхээр байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 63 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 175 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны Баянзүрх дүүргийн 158 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Энхтуяаг ажлаас нь халсан Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/1115 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт “төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1.2-т “шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах эрхийг хүчингүй болгох” гэж тус тус заасантай нийцсэн, хууль ёсны захиргааны акт байна.
Шийдвэр гүйцэтгэгч Б.Энхтуяагийн саналыг үндэслэн төлбөр төлөгч Н.Аравнаасүрэнгийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэхээр Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2015 оны 2 сарын 06-ны өдрийн 26/222 дугаар албан бичгийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын шалган нэвтрүүлэх газарт хүргүүлжээ.
Иргэн Н.Аравнаасүрэн нь дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 5668 дугаар захирамжаар төлөх 7210741 төгрөгийг 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч Б.Энхтуяад хүлээлгэн өгсөн, Б.Энхтуяа нь 650 дугаар “Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан тухай тогтоол”-ыг 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөр огноолон үйлдсэн байна.
Дээрх байдлаар төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэрийг биелүүлсэн байхад түүний гадаадад зорчих эрхийг нь сэргээгүйн улмаас 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Н.Аравнаасүрэн нь Замын–Үүдийн боомтоор зорчих үедээ хил дээр саатуулагдаж, иргэний “чөлөөтэй зорчих” болон “халдашгүй, чөлөөтэй байх” Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрх зөрчигджээ.
Иргэн Н.Аравнаасүрэнгээс гаргасан “... гадаадад зорчих эрх зөрчигдсөн ....” гэх гомдлыг үндэслэн явуулсан албаны шалгалтаар Б.Энхтуяа нь төлбөр төлөгчөөс бэлэн мөнгө хураан авсан баримт засвартай байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72.3-т “Бэлэн мөнгө хүлээн авсан баримт нь ямар нэгэн засваргүй байна” гэсэн шаардлагад нийцээгүй болон маргаан бүхий тушаалын үндэслэлд дурдсан зөрчлүүд тогтоогдсон нь шүүхийн шийдвэр, магадлалд тодорхой дүгнэгдсэн байна.
Иймд “...Б.Энхтуяагийн гаргасан зөрчил нь хэдийгээр холбогдох хууль, дүрэм, журамд нийцээгүй боловч, сахилгын шийтгэл нь зөрчлийн шинж байдалд тохироогүй...” гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Одгаригийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.
Шүүхүүд хэрэглэвэл зохих Төрийн албаны болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудын холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 63 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 175 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ