Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 19

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цэрэнханд даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,

           Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн иргэн Ц.Алтансүхийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Сүхбаатар аймгийн Засаг даргад холбогдох

           Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/40 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахыг хүссэн захиргааны хэргийг хянан хэлэлцэв.   

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Алтансүх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мандахнар, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг нар оролцов.
 
ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч Ц.Алтансүх шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн Засаг дарга гэх З.Энхтөр 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 5/40 тоот захирамжаар “Дөрвөлж” компанийн захирал Ц.Алтансүх миний биеийг үүрэгт ажлаас чөлөөлсөн. Энэ захирамж нь хууль бус, учир нь 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн захиргааны хэргийн шүүхийн 36 тоот шүүгчийн захирамжаар анхдугаар хуралдаанаас гаргасан 6 захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай шийдвэр гарсан. Дээрх шүүгчийн 36 дугаартай захирамжаар “Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 06 дугаартай тогтоолын биелэлтийг эцэслэн шийдвэрлэтэл түдгэлзүүлсэн нь аймгийн Засаг дарга гэх З.Энхтөр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.11 дэх заалтыг үндэслэн захирамж гаргах, тодорхой асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхгүй болохыг нотлож байгаа болно. 
Мөн тус захирамжийг гарсны дараа надад мэдэгдэж, хүргүүлсэн бөгөөд ажлаас чөлөөлж байгаа шалтгаан, үндэслэл зэргийг огт дурдаагүй нь дараах хуулиудыг зөрчиж байна. Үүнд: 
          1. ОНӨҮГ-ын гүйцэтгэх захирал миний биеийг чөлөөлөхдөө МУЗЗНДНТУТХуулийн 30.1.11-д зааснаар ИТХ-тай зөвшилцөж байж томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэх ёстой. Мөн дээр дурдсан шүүгчийн захирамжаар хуучин хурлын тэргүүлэгчид, даргын бүрэн эрх сэргэсэн бөгөөд хуулийн дагуу хуралтай зөвшилцсөн зүйл байхгүй байна. 
2. Намайг ажлаас чөлөөлөх гэж байгаа тухай өмнө нь огт мэдэгдээгүй бөгөөд ямар зөрчил, дутагдал шалтгаанаар чөлөөлж байгааг ч дурдаагүй. Энэ нь миний хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрхийг шууд хохироож байна. Захиргааны ерөнхий хуулийн 26.1-д зааснаар захиргааны байгууллага, албан тушаалтан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх захиргааны акт гаргаж байгаа бол оролцогчоос шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгож оролцогчийг сонсох үүрэгтэй гэсэн заалтыг зөрчиж байна. 
3. Захиргааны ерөнхий хуулийн 40.2.3, 40.4-т зааснаар захиргааны актыг бичгээр гаргах тохиолдолд захиргааны шийдвэр гаргах бодит нөхцөл байдал хууль зүйн үндэслэл, захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдал зэргийг заах ёстой гэсэн ч 5/40 дүгээр захирамжид энэ талаар огт заагаагүй, мөн тус хуулийн 40.2.5-д захиргааны актыг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд, хугацаа зэргийг заах байтал энэ талаар заагаагүй зэрэг нь Захиргааны ерөнхий хуулийн 40.2-т заасан захиргааны актын шаардлагыг хангаагүй байна .
4. Энэ хууль бус үндэслэлгүй захирамжийн улмаас иргэн миний Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрхүүд зөрчигдөж байна. 
Иймд миний бие аймгийн Засаг дарга З.Энхтөрийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/40 тоот захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.

Хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. З.Энхтөр миний бие Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 20 дугаар захирамжаар Сүхбаатар аймгийн Засаг даргаар томилогдон ажиллаж байна. 
Ажил авснаас хойш аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажилд гол анхаарлаа хандуулж “Дөрвөлж” ОНӨҮГ-ын үйл ажиллагаатай танилцахад тус компани нь 2016 оны 8-р сарын 10-ны байдлаар мөнгөн орлого зарлагын балансаар төсөвт байгууллагуудаас 66,4 сая төгрөг, аж ахуй нэгжээс 55.3 сая төгрөг, иргэдээс 35.4 сая төгрөгийн авлагатай боловч авлагыг цаг хугацаанд  нь барагдуулаагүйгээс тус байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдаж санхүүгийн ноцтой зөрчлүүд үүссэн байна. 
Зөвхөн балансад тусгагдсан өглөгийг тоон үзүүлэлтээр илэрхийлэхэд цалингийн өглөг 47.5 сая төгрөг, Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 324.8 сая, татварын өр 231.3 сая төгрөг, Төрийн банкинд зээлийн өр 324.8 сая төгрөг, татварын өр 231.4 сая төгрөг, Төрийн банкинд зээлийн өр 800 сая төгрөг, нүүрсний компаниудад 141.6 сая төгрөг зэрэг албан байгууллагуудад нийтдээ 2.390.116.000 / хоёр тэрбум гурван зуун ерэн сая нэг зуун арван зургаан мянга/ төгрөгийн өртэй ажиллаж байгаа нь байгууллагын удирдлагын менежментийг өөрчлөх үндэслэл болсон болно. 
Аймгийн Засаг даргын хувьд хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.11-т зааснаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай зөвшилцөн үүрэг гүйцэтгэгч Ц.Алтансүхийг ажлаас чөлөөлсөн. 
Иймд Ц.Алтансүхийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мандахнар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. З.Энхтөр нь Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 20 дугаар захирамжаар аймгийн Засаг даргаар томилогдон ажиллаж байна. Тэр ч утгаараа бүрэн эрхийнхээ хүрээнд үйл ажиллагаа  явуулж, захирамж гаргах эрх нь нээлттэй байгаа гэж ойлгож байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан “Засаг даргад өргөн мэдүүлэх тухай” 06 дугаар тогтоолыг хүчингүй болгосон Захиргааны хэргийн шүүхийн эцсийн шийдвэр гараагүй, хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа гэж ойлгож байна. Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын даргыг ажлаас чөлөөлөхдөө Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай зөвшилцөх ёстой. Үүний дагуу тухайн үед үйл ажиллагаа явуулж байсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд санал тавьж албан ёсоор зөвшилцсөний үндсэн дээр шийдвэр гаргасан гэдгийг хэлмээр байна. Захиргааны ерөнхий хуулийн дээрх заалт хамаарахгүй гэж үзэж байна. Өнөөдрийн байдлаар нэхэмжлэгчийн эрх ашиг ямар нэг байдлаар хөндөгдөөгүй, албан ёсоор захирамж биелэгдээгүй, цалингаа аваад явж байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж ойлгож байна. Засаг дарга захирамж гаргахдаа хуулийн зүйл заалтыг зөв баримталсан. “Дөрвөлж” ОНӨҮГ-ын үйл ажиллагаа доголдсон, менежментийн хувьд алдаатай гэсэн ажлын хэсгийн дүгнэлт гарсан. 1.7 тэрбум төгрөгийн алдагдалтай, банкинд 800 сая төгрөгийн зээлтэй байгаа учраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай зөвшилцөн “Дөрвөлж” ОНӨҮГ-ын менежментийг сайжруулах шаардлагатай гэж үзсэн гэв. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн өмгөөллийн саналдаа: Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 36 дугаар шүүгчийн захирамжаар З.Энхтөрийг аймгийн Засаг даргаар томилуулахаар өргөн барьсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаас гарсан тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсэн. Мөн анхан болон давж заалдах шатны шүүхээс уг тогтоолыг хүчингүй болгосон. Ингэснээр З.Энхтөрийн ямар нэг шийдвэр гаргах эрхийг нь түдгэлзүүлсэн гэж ойлгож байна. Тиймээс Засаг дарга орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дарга Ц.Алтансүхийг ажлаас чөлөөлсөн нь буруу юм. 
Ц.Алтансүх нь 2004 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн аймгийн Засаг дарга Дашсүрэнгийн захирамжаар “Дөрвөлж” ОНӨҮГ-ын захирлаар томилогдон 12 жил ажиллаж байна. Орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт өр төлбөрийн асуудал байдаг. Хариуцагч өвөлжилтийн бэлтгэл муу, менежмент буруу байснаас “Дөрвөлж” ОНӨҮГ хангалтгүй ажилласан, их хэмжээний өр төлбөртэй гэсэн тайлбарыг өгсөн байсан. “Дөрвөлж” ОНӨҮГ нь аймаг орон нутгийг дулаан, цэвэр усаар хангадаг томоохон байгууллага. 2004 оноос хойш аймаг орон нутгийн иргэдээ бодоод ус, дулааны төлбөрөө нэмээгүй гэсэн тайлбарын нэхэмжлэгчээс өгдөг. 
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “хууль ёсны эрх  ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгох үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.2.4-т заасныг зөрчиж захирамждаа захиргааны акт гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг дурдаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв. 

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг өмгөөллийн саналдаа:  Аймгийн Засаг дарга 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б\40 тоот захирамжаар Ц.Алтансүхийг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан. Захирамж гаргасан үндэслэлийг тайлбарлая.
2016 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгох сонгуулиар Монгол ардын намаас 17 төлөөлөгч сонгогдож олонхи болсон.  Улмаар анхдугаар хуралдаанаа хийж, аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тогтоол гаргасан ч үүнийг хүлээн зөвшөөрөхгүй захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхдугаар хуралдаанаас гарсан тогтоолуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн  боловч тухайн маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа. Хяналтын шатны шүүхэд гомдол гаргах хугацаа дуусаагүй байгаа. Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 20 тоот захирамжаар З.Энхтөрийг Сүхбаатар аймгийн Засаг даргаар томилсон. Энэ захирамжийг хүчингүй болгуулахаар аймгийн Ардчилсан намын дарга Ж.Батсуурь Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчээс Ерөнхий сайдын захирамжийн биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргасныг 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 7943 дугаар шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгож, анхдугаар хуралдаантай холбоотой хэргийг эцэслэн шийдвэрлэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Тэгэхээр Ерөнхий сайдын захирамж хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд З.Энхтөрийг аймгийн Засаг даргын хувьд ямар нэгэн шийдвэр гаргах бүрэн эрхтэй гэж үзэж байна. 
Захиргааны ерөнхий хууль орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын даргыг ажилд томилж, чөлөөлөхөд хамаарахгүй. Харин нийтэд чиглэсэн шийдвэр гаргах үйл ажиллагаанд хамаарах учраас Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн гэсэн тайлбарыг үндэслэлгүй гэж үзэж байна. 
2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр аймгийн Засаг даргын томилсон ажлын хэсэг өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгахад аймаг орон нутгийг дулаанаар хангах ёстой байгууллага болох “Дөрвөлж” ОНӨҮГ-ын бүх хөрөнгийг Төрийн  банкинд барьцаалж 800 сая төгрөгийн зээл авсан байсан. Энэ зээлийг өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад зарцуулаагүй, бэлнээр 80 гаруй сая төгрөгийг авч зарцуулалт нь тодорхой бус байсан. Талын гал, Нутгийн гал компаниуд, Нийгмийн даатгалын хэлтэс зэрэг байгууллагуудад өртэй, ажилчдынхаа цалинг өгч чадахгүй, байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдах нөхцөл байдал үүссэн байсан. Дээрх байдлыг шалгалтаар тогтоож, санхүүгийн хувьд суларсан, менежментийн бодлого, байгууллагын хэвийн үйл ажиллагааг сайжруулах үүднээс удирдлагыг солих шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан. 
Аймгийн Засаг дарга иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 795 тоот албан бичгээр зөвшилцөх санал хүргүүлсэн. Үүнийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хүлээж аваад, хуралдаанаар хэлэлцэн “Дөрвөлж” ОНӨҮГ-ын захирлыг солих нь зүйтэй гэж  шийдвэрлэсэн. Дэмжсэн саналаа албан бичгээр аймгийн Засаг даргад хүргүүлсэн байсан. Ингэснээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.11 дэх заалтыг зөрчөөгүй юм. 
Эдгээр нөхцөл байдлууд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа учраас Ц.Алтансүхийг ажлаас чөлөөлсөн аймгийн Засаг даргын захирамж үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

ҮНДЭСЛЭХ нь: 

Иргэн Ц.Алтансүх нь шүүхэд хандан “Аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 5/40 дүгээр илт хууль бус захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдаанд “Аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/40 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.  

    Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Сүхбаатар аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/40 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.11 дэх заалтыг үндэслэн Ц.Алтансүхийг “Дөрвөлж” ОНӨҮГ-ын гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс чөлөөлжээ.

Нэхэмжлэгчээс “... маргаан бүхий актыг гаргахдаа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай зөвшилцсөн зүйл огт байхгүй, ... Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан сонсох ажиллагааг хийгээгүй, ... бичгээр гаргах захиргааны актын шаардлагыг хангаагүй, ... аймгийн Засаг дарга З.Энхтөр нь захирамж гаргах, тодорхой асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхгүй этгээд ...”  гэж, хариуцагчаас  “ ... аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс авах авлагыг цаг хугацаанд нь барагдуулаагүйгээс байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдаж, санхүүгийн ноцтой зөрчлүүд үүссэн, ... аж ахуйн нэгж байгууллагуудад 2.390.116.000 /хоёр тэрбум гурван зуун ерэн сая нэг зуун арван зургаан мянга/ төгрөгийн өртэй ажиллаж байгаа нь байгууллагын менежментийг өөрчлөх үндэслэл болсон, ... Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 20 дугаар захирамж хүчин төгөлдөр байгаа тул аймгийн Засаг дарга нь хуулиар олгогдсон бүрэн эрхээ эдэлнэ ...” гэж тус тус маргаж байна.

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 36 дугаар шүүгчийн захирамжаар анхдугаар хуралдаанаас гарсан “Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 06 дугаар тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэснээр тухайн актын үйлчлэл хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд түр зогсох боловч, уг актын хууль зүйн үйлчлэл бүрмөсөн зогсох эрх зүйн үр дагаврыг  бий болгохгүй юм. 
  
Мөн З.Энхтөрийг Сүхбаатар аймгийн Засаг даргаар томилсон Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 20 дугаар захирамж хүчин төгөлдөр үйлчилж байгаа, шүүхээс уг захирамжийг хөндсөн ямар нэгэн шийдвэр гараагүй байгаа болох нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 7943  дугаар шүүгчийн захирамжаар нотлогдож байх тул З.Энхтөрийг аймгийн Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрхгүй этгээд гэж үзэх боломжгүй юм. 

Сүхбаатар аймгийн Засаг даргаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад хандан “Дөрвөлж” ОНӨҮГ-ын захирал Ц.Алтансүхийг ажлаас нь чөлөөлж, мөн газрын захирлаар О.Дүүрэнбилэгийг томилох асуудлаар зөвшилцөх саналыг хүргүүлж, дээрх асуудлыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдаанаараа хэлэлцэн саналаа аймгийн Засаг даргад хүргүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Сүхбаатар аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1/795 дугаар албан бичиг /хх-ийн 24-рт/, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны тэмдэглэл /хх-ийн 65-68-рт/, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 01/118 дугаар албан бичгүүдээр тус тус тогтоогдож байгаа ба энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.11-д “ ...  Хуралтай зөвшилцөн томилох, чөлөөлөх” гэж заасан хуулийн зохицуулалтыг зөрчөөгүй байна. 

Гэхдээ аймгийн Засаг дарга нь 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/40 дүгээр сөрөг нөлөөлөл бүхий захирамжийг гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд болох “Дөрвөлж” ОНӨҮГ-ын захирал Ц.Алтансүхэд шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал авах боломж олгоогүй буюу сонсох ажиллагааг явуулаагүй, захиргааны шийдвэрийн хувийн хэрэг бүрдүүлээгүй, шийдвэрт хяналтын дагалдах хуудас байхгүй байгаа зэргээр захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагааг зөрчсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс шүүхэд ирүүлсэн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 8/854 дүгээр албан бичгээр нотлогдож байна. 
 
Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ.”, 4.2.5-д “ зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх “, 4.2.6-д “ бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэсэн захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчимтай нийцэхгүй байна. 

Мөн захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д “ захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах”, 40.2.5-д “ захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах” гэсэн бичгээр гаргасан захиргааны актад тавигдах шаардлагыг, 40 дүгээр зүйлийн 40.4-д “ Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэсэн хуулийн шаардлагыг тус тус хангаагүй байна. 

Хариуцагчийн “ ... Захиргааны ерөнхий хууль нь нийтэд чиглэсэн захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаанд хамаарах бөгөөд Ц.Алтансүхийг ажлаас чөлөөлсөн шийдвэрт үйлчлэхгүй,  ... Дөрвөлж ОНӨҮГ нь их хэмжээний өртэй ажиллаж байгаа нь байгууллагын удирдлагын менежментийг өөрчлөх үндэслэл болсон, ... Засаг даргын захирамж нь холбогдох хуулийн заалтыг л баримтлах ёстой. Захиргааны актын үндэслэл нь нотлох баримтуудаар тогтоогдож байгаа учраас хууль зүйн үндэслэлийг захирамжид бичих шаардлагагүй ... ” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

Учир нь “Дөрвөлж” ОНӨҮГ-ын 2014, 2015 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар  хэд хэдэн алдаа зөрчлүүд илэрч албан шаардлага, зөвлөмж хүргүүлэх болон төлбөрийн акт тогтоож байсан болох нь хавтас хэрэгт авагдсан  Сүхбаатар аймгийн Аудитын газраас ирүүлсэн нотлох баримтуудаар /хх-ийн 37-63-рт/ нотлогдож байх боловч энэхүү алдаа зөрчил нь “Дөрвөлж” ОНӨҮГ-ын захирал Ц.Алтансүхээс шууд хамааралтай болох нь тогтоогдохгүй байна. 

Түүнчлэн захиргааны байгууллагаас захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт гаргах, захиргааны гэрээ байгуулах замаар иргэн, хуулийн этгээдтэй харилцах үйл ажиллагааг Захиргааны ерөнхий хуулиар зохицуулах бөгөөд аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/40 дүгээр захирамж нь захиргааны актад хамаарч, бичгээр гаргах захиргааны актад тавигдах шаардлагыг бүрэн хангасан байвал зохино. 

Аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/41 дүгээр захирамжаар О.Дүүрэнбилэгийг “Дөрвөлж” ОНӨҮГ-ын гүйцэтгэх захирлаар томилсон хэдий ч “... нэхэмжлэгч нь албан ёсоор ажлаа хүлээлгэж өгөөгүй, цалин хөлсөө үргэлжлүүлэн авч байгаа ...” гэсэн оролцогчдын тайлбараас дүгнэвэл тухайн маргааныг шүүх шийдвэрлэснээр О.Дүүрэнбилэгийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх бодит нөхцөл байдал үүсэхгүй байх тул шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулаагүйг дурдах нь зүйтэй.

Иймд маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийг дээрх байдлуудаар зөрчиж гарсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “Ц.Алтансүхийг ажлаас чөлөөлөх тухай” Б/40 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5, 4.2.6, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.11 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Алтансүхийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “Ц.Алтансүхийг ажлаас чөлөөлөх тухай” Б/40 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг даргаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.ЦЭРЭНХАНД