| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/00466/И |
| Дугаар | 307/ШШ2025/00912 |
| Огноо | 2025-05-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 307/ШШ2025/00912
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ........................ тоот хаягт оршин суух Б овогт А.М /РД:.........../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, .................... хаягт оршин байх Х ХХК /РД:3377148/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ө.Г,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.А /цахимаар/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Д нар оролцож тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.М нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
А.М миний бие Х ХХК-тай 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж Дархан сум, ................ тоот, 54.93 мкв, 2 өрөө байрыг 1 мкв-ыг нь 1,250,000 төгрөг буюу нийт үнэ 68,662,500 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцоод 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөө 68,662,500 төгрөгийг төлбөрийг бүрэн төлсөн. Ингээд орон сууц захиалгаар бариулах гэрээний 5.3, 5.4-т тус тус зааснаар төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх талаар зохицуулсан байх боловч өнөөдрийг хүртэл үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргаж Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэрээр А.М намайг өмчлөгчөөр тогтоосон хүчин төгөлдөр шийдвэр байдаг тул орон сууц захиалгаар бариулах гэрээний үүргийн дагуу ................ тоот, 54.93 мкв 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг хариуцагч хуулийн этгээдэд даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амарсайхан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Нэмэмжлэгч тал гомдолдоо А.М намайг өмчлөгчөөр тогтоосон хүчин төгөлдөр шийдвэр байдаг тул орон сууц захиалгаар бариулах гэрээний үүргийн дагуу ................ тоот, 54.93 мкв 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг хариуцагч хуулийн этгээдэд даалгаж өгнө үү гэсэн.
........... дүгээр байрны айлуудын гэрчилгээг нэгдсэн журмаар гаргуулж байх хугацаанд ........... тоот нь манай байгууллагатай гэрээ байгуулсан хувь лизингээ төлж дуусгаагүй байсан учир тухайн үед гэрчилгээ гаргах боломжгүй байсан. Харин иргэн А.М нь иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж асуудлыг шийдвэрлэх үед манай байгууллагад Дархан-Уул аймгийн татварын газарт 600 орчим сая төгрөгний татварын өртэй байсан тул тухайн гэрчилгээг гаргаж өгөх боломжгүй байсан. Тухайн цаг хугацаанаас хойш манай байгуулагад татварын өрний асуудлыг шийдвэрлэгдсэн тул холбогдох материалыг бүрдүүлж эрх бүхий байгууллагад шилжүүлж гэрчилгээг гаргуулж өгөх болно.
"Х ХХК-ны зүгээс иргэн А.Мын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч гэрчилгээг гаргуулах асуудлаар холбогдох материалыг бүрдүүлж эрх бүхий байгууллагад шилжүүлэх болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.М нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Дээрх хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Х ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хариуцагч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А нь нэхэмжлэгч А.Мын нэхэмжилсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, Х ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-иас 35,100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Мд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү тогтоолыг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргахгүй, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ