Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 307/ШШ2025/00837

 

                                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2015/00792/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

: Дархан-Уул аймгийн Засаг дарга /утас ********/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум,******* баг, ******* гудамж, *******байрлах ******** ХХК /утас ********/-д холбогдох,

 

18,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Төрийг төлөөлж, прокурор ********,

Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********гийн өмгөөлөгч Б.Содболд,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч ********,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

...Дархан-Уул аймгийн засаг дарга *************** ХХК-ий захирал ******** нарын баталсан Орхон сумын Цагдаагийн хэсгийн /кабон/ барилгын ажлыг гүйцэтгэх гэрээг 2007 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ГТ-05/02 дугаартай байгуулж, гүйцэтгэгчийг төлөөлж ******** гарын үсэг зурсан. Тус тендерт оролцох хүсэлтээ ******** ХХК-ий 2007 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 08 дугаар албан бичгээр холбогдох 47 хуудас бүхий материалын хамт ирүүлсэн ба уг албан бичигт захирал ******** өөрөө гарын үсэг зурж байгууллагын тамгыг дарсан байдаг. Гэрээний нийт дүн 18.0 сая төгрөг, ажил гүйцэтгэгч нь барилгын ажлыг 2007 оны 10 дугаар сарын 19-ний өдөр эхэлж, 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ашиглалтад оруулахаар улсын комисст хүлээлгэн өгсөн бөгөөд барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комисс 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар акт, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 14 тоот актаар барилгыг 2007 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн.

Тус барилга нь аймгийн Цагдаагийн газрын эзэмшилд байгаа болно. Аймгийн цагдаагийн газрын 2009 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2/643 тоот албан бичгээр хүргүүлсэн хүсэлтийн дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч үзлэг хийхэд ажлын өрөө болон сууцны өрөөнүүдийн таазны гипсэн хавтангууд ховхорч унасан, гадна хана шавардлага, тамбарын хэсгээр хагарсан байна. Энэ нь дотор заслын ажил технологийн дагуу хийгдээгүй, барилгын чийг хатаагүй байхад гипсэн хавтангаар дүүжин тааз хийснээс болсон гэж үзээд Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т Барилга байгууламжийн чанарын баталгаат хугацаа дуусаагүй байхад өөрийнх нь буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн чанарын зөрчлийг өөрийн зардлаар арилгах гэсэн заалтын дагуу барилгын чанарын баталгаат хугацаанд илэрсэн зөрчлүүдийг арилгуулах шаардлагатай гэсэн 2009 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 36/17/456 тоот дүгнэлтийг гаргасан.

2009 онд ******** ХХК-аас засвар хийсэн боловч барилгад хагарал үүссэн тул аймгийн Цагдаагийн газрын 2012 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 3/265 дугаартай албан бичгээр хүргүүлсэн хүсэлтийн дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шалгалт хийхэд гал тогооны өрөөний цонхны доод төвшнөөс суурь хүртэл, ялуунаас дээврийн банзан эмжээр хүртэл шаталсан хэлбэрээр 1-1,3 см өргөнтэй хагарсан, энэ хэсэгт сууринд цууралт үүссэн, барилгын үндсэн ханын хоорондын өрөг гэмтэж салсан, сууц ажлын өрөөг тусгаарласан 25 см-ийн зузаантай тоосгон хана 3.5 м урттай 0,1-1.2 см хүртэл өргөнтэй нэвт хагарсан, гал тогоо, амрах өрөө хоорондын 12 см-ийн зузаантай хана гадна ханаас хөндийрч өдрийн туршид 1-2 см зузаантай зааг гарсан, өрөө тасалгааны хаалганы, цонхны ялууны төвшинд ташуу цууралт үүссэн байдалтай байсан ба Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчаас дээр дурдсан гэмтлүүд нь Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйл, барилгад тавигдах шаардлагын Хүний ажиллаж амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн, түүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан байх, 9.1.1 дэх заалтын ашиглалтын шаардлагыг хангаагүй гэсэн 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 36/29/59 дугаартай дүгнэлтийг гаргасан. Мөн тус байранд хүн ажиллаж, амьдрахгүй байх, үйл ажиллагаа явуулахыг түр хугацаагаар зогсоох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Чанар муутай барилга барьсан асуудалд ******** ХХК-ны даамал ажилтай ********т эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж гэм буруутай нь тогтоогдсон боловч Монгол улсын Өршөөл үзүүлэх тухай 2009 оны хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн ******** тоот хэрэг нь хэрэгсэхгүй болж шийдвэрлэгдсэн. Орхон суман дахь Цагдаагийн кабоныг ашиглах баталгаат хугацааны явцад чанарын гологдол нь илэрсэн ба 2012 оноос одоог хүртэл ашиглах боломжгүй байгаа болно. Аймгийн Цагдаагийн газраас уг асуудлаар Сум дундын шүүхэд хандан 2013 оны 11 дүгээр сарын 13-ний өдрийн шүүгчийн 3844 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн боловч Сум дундын 7 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 05 дугаар сарын 1636 дугаар захирамжаар нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна. Монгол улсын Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасны дагуу аймгийн Цагдаагийн газраас гомдлын шаардлага гаргах хугацаанд /3 жил/ болон Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын актанд дурдсан /2жил/ хугацаанд шүүхэд хандсан ба аймгийн Засаг даргаас дээрх зүйлийн 349.2-т заасны дагуу Хууль буюу гэрээнд баталгаат хугацааг заасан бөгөөд уг хугацааны дотор ажлын дутагдлыг илрүүлсэн бол гомдлын шаардлага гаргах хугацааг дутагдал илрүүлсэн өдрөөс эхлэн тоолно" гэж заасны дагуу гомдлын шаардлагыг гаргаж байгаа болно. Сум дундын 7 дугаар шүүхийн шүүгчээс 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 380-4616 тоот захирамжаар шинжээчээр Арлын ам ХХК-г томилон, Орхон суманд баригдсан Цагдаагийн хэсгийн байрыг чанаргүй баригдсан гэж үзсэн ГМ05/02 дугаартай барилгын зургаар одоо уг барилгыг шинээр дахин барихад хэдий хэмжээний төсөв шаардлагатай болохыг тогтоож өгнө үү гэсэн хүсэлтийг тавьсан байх ба барилгыг одоо барихад 135.912.038 /Нэг зуун гучин таван сая есөн зуун арван хоёр мянга гучин найман/ төгрөгийн өртөгтэй болохыг тодорхойлсон.

Орхон сумын Засаг дарга болон иргэдээс уг барилгыг бариулах шаардлагыг удаа дараа гаргаж байна.

Монгол улсын Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн шаардлага гаргах эрхийн дагуу ажлыг шинээр гүйцэтгүүлэхэд шаардагдах зардал135.912.038 /Нэг зуун гучин таван сая есөн зуун арван хоёр мянга гучин найман/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээний үнийн дүнгийн хэмжээгээр буюу 18,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан гэв.

 

2. Хариуцагч ******** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********гийн өмгөөлөгч Б.Содболд нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хөөн хэлэлцэх хугацаа бол хэвээрээ байна. Гэрээ албан ёсоор ******** ХХК болон Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын хооронд байгуулагдсан гэж үзвэл гомдол гаргах хугацаа нь Иргэний хуулийн 349 дүгээр зүйл, 75 дугаар зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Энэ тайлбарыг дэмжиж байна. Талуудын хооронд байгуулагдсан Орхон сумын Цагдаагийн хэсгийн барилгын ажил гүйцэтгэх гэрээг бодит байдлаар ******** ХХК байгуулаагүй, ******** тухайн компанийг төлөөлж гарын үсэг зурсан. Барилгын ажлыг 100 хувь хариуцаж явсан. Гэрээний дагуу орж ирсэн 18,000,000 төгрөгийг ******** ХХК аваагүй, захиран зарцуулах, барилгын ажлыг барьж гүйцэтгэх, хүлээлгэж өгөх, дахин засвар хийх гэсэн бүх зүйлийг ******** хариуцсан гэсэн байр суурьтай байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж харж байна. Энэ нөхцөл байдал нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байна. 2007 онд барилгыг ашиглалтад аваад, 2009 онд гарсан зөрчилтэй холбоотой засвар үйлчилгээ хийсэн асуудлууд байдаг. Үүний дараагаар Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар, Прокурорын газарт эрүүгийн журмаар шалгагдсан. Энэ нь нотлох баримтыг шинжлэн судлахад тодорхой гарч ирнэ. Дархан-уул аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч, ахлах дэслэгч ********2012 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр сэжигтнээр татах тухай тогтоол гаргаад, маргаан бүхий байрны асуудлаар ******** сэжигтнээр татаж, 2 удаагийн мэдүүлэг авсан үйл баримт байдаг. Тухайн барилгыг чанаргүй барьсан, доголдолтой хүлээлгэж өгсөн гэдэг зүйл дээр ******** 100 хувь өөрөө хариуцаж явж байсан. Миний буруу гэдэг байдлаар хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг авагдсан байдаг. Үүний дараа Дархан-Уул аймгийн Прокурорын газраас тогтоол гарсан. Эрүүгийн журмаар шалгагдаж байсан дээр прокурор эцсийн байдлаар тогтоол гаргаж хэрэгсэхгүй болгосон шийдвэрлэсэн баримт хэрэгт авагдсан. Чанаргүй барьсан учраас 18,000,000 төгрөг авъя гэдэг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдож байгаа байрыг барьсан асуудлаар хэн буруутай байна вэ? гэдгийг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 185 дугаартай тогтоолоор тогтоосон байна. 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгоно уу гэсэн агуулгатай тогтоол гарсан. Тэгэхээр Өршөөлийн хуульд хамрагдаж, Иргэний хэрэг хэрэгсэхгүй болсон нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн буюу барилгыг чанаргүй барьсан асуудал дээр гэм буруутай гэдэг нь тогтоогдсон. Гэхдээ Өршөөлийн тухай хуульд зааснаар хамрагдаж байгаа учраас өршөөл үзүүлэх хуулийн дагуу хэрэгсэхгүй болгосон тогтоол гаргасан. Энэ барилгын ажлыг хэн гэдэг этгээд барьсан, ямар байдлаар чанаргүй барьсан гэдэг гэм буруутай талаар эрүүгийн журмаар шалгагдаад тогтоогдсон гэж үзэж байна. ******** ХХК-ийн захирал бол мэдүүлэгтээ танилын үүднээс гуйсан учраас гэрээнд нь гарын үсэг зурсан гэдэг тайлбарыг өгдөг. Энэ нөхцөл байдал нь эрүүгийн журмаар шалгахад тогтоогдсон. ******** ХХК-ийн зүгээс гэм буруутай гэдэг ч юм уу бусад байдлаар тогтоогдсон зүйл байхгүй. ******** шалгахдаа ******** ХХК дээр ямар нэгэн байдлаар эрүүгийн журмаар шалгасан, хэрэг үүсгэсэн зүйл байдаггүй. ******** би чанаргүй баригдахад нөлөөлсөн гэж байгаа үйл баримт байдаг. Энэ барилгын асуудлыг Эрүүгийн журмаар 12-13 жилийн өмнө шалгасан. Гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдсэн. Тэгэхээр 18,000,000 төгрөгийг хохирол гэж үзээд байгаа юм уу? Гэрээ гэж нэхээд байна уу? эсхүл гэрээнээс татгалзаад байна уу? гэдэг асуудал дээр ******** ХХК нь хариуцлага хүлээх үндэслэл байхгүй. Ажил гүйцэтгэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус гэрээнээс татгалзаж, 18 сая төгрөгийг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Харин барилгыг барихдаа чанаргүй бариад Улсад гэм хор учруулсан нь тогтоогдсон. ******** ХХК нь иргэний хэргийн хариуцагч биш байна гэсэн тайлбарыг гаргаж байна гэв.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Манай Цагдаагийн газрын данс бүртгэлд байхгүй, ашиглахгүй байгаа. Орхон сумын Засаг даргын Тамгын газраас гаргаж өгсөн байранд байгаа гэв.

 

4. Прокурор ******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийг төлөөлж оролцож байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасны дагуу 2007 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 02 дугаартай барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр гэрээний үнийн дүн 18,000,000 төгрөгөөр байгуулсан байна. Барилгын ажлыг гүйцэтгэгч нь 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ашиглалтад оруулахаар тохиролцсон. Гүйцэтгэгч ******** ХХК-ийн хувьд барилгын ажлыг хийж гүйцэтгэх гэрээний дагуу барилгын ажлыг хийж гүйцэтгээд, 2007 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хүлээлгэн өгсөн. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-д Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заасан. Ажил гүйцэтгэгчийн үүрэг бол захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй шилжүүлж, хүлээлгэн өгөхийг даалгасан. ******** ХХК-ийн хувьд хуульд заасан шаардлагыг биелүүлээгүй. Тухайн барилгыг ашиглалтад оруулаагүй. Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2009 оны 07 дугаар сарын 01-ний 36/17/458 дугаартай, 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 59 дугаартай дүгнэлтээр тус байранд хүн амьдарч болохгүй мөн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоосон гэж тогтоогдож байна гэж үзэж байна. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд тайлбарыг хэлье. Уг гэрээг 2007 онд хийгдсэн. 2007 оны 12 дугаар сард ашиглалтад оруулж өгсөн. 2009 оны 5 дугаар сард Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт гарсан. Энэ асуудлаар эрүүгийн журмаар шалгаад, 2012 оны 5 дугаар сард хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол авагдсан. 2013 оны 11 дүгээр сард Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч талаас нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дархан-Уул аймгийн Засаг даргаас 2015 оны 7 дугаар сарын 09-ны өдөр ******** ХХК холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдаагүй байна гэж үзэж байна. Энэ хэргийн хувьд 2019 онд шийдэгдсэн. Гэтэл тухайн үед хариуцагч ******** ХХК-аас барилга барьсан газар бол цэвдэгтэй байсан учраас доголдол гарахад нөлөөлсөн гэсэн тайлбарыг хэлдэг. Давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Хэргийг дахин шийдүүлэхээр болж ******** ХХК-аас шинжилгээ хийлгэхээр болсон. Уг шинжээчийн дүгнэлт тухайн газарт цэвдэг илрээгүй байна гэдэг дүгнэлтийг ирүүлсэн байдаг. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслээд, гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй улмаас учирсан хохирлыг нэхэмжилсэн. Тиймээс 18,000,000 төгрөгийг ******** ХХК-аас гаргуулж, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газарт олгох нь зүйтэй юм гэсэн тайлбарыг гаргаж байна гэв.

 

3. Нэхэмжлэгчээс 2007 оны 12 сарын 12-ны өдрийн Комисс томилох тухай Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамж, Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2007 оны 01 сарын 11-ний өдрийн 04 дугаартай тогтоол, Барилга, хот байгуулалтын сайдын 2006 оны 09 сарын 07-ны өдрийн 137 дугаартай сайдын тушаал зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

4. Шүүхийн журмаар Дархан-Уул аймаг дахь анхан шатны шүүхийн тамгын газраас Орхон сумын цагдаагийн хэсгийн барилгын ажлыг гүйцэтгэх гэрээ, Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 05 сарын 07-ны өдрийн 1636 дугаартай шүүгчийн захирамж, сум дундын 7 дугаар шүүхийн шүүгчийн 2014.03.06-ны 380-4616 дугаартай захирамж, Арлын ам ХХК-ий шинжээчийн дүгнэлт, Улсын байцаагчийн ажлын комиссын акт, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комиссын актууд, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтүүд, 2012.04.10-ны өдрийн Сэжигтнээр тооцох тогтоол, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2007.10.15-ны өдрийн 1/949 дугаартай Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тухай зөвлөмж, Дархан-Уул аймгийн Засаг даргаас ******** ХХК-д хүргүүлсэн албан бичиг, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2012 оны 05 сарын 22-ны өдрийн 186 дугаартай Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын 2013 оны 10 сарын 25-ны өдрийн 1/2006 дугаартай шүүхэд гаргасан нэхэмжлэл, ******** ХХК-ийн удирдах болон инженер техникийн ажилтны тодорхойлолт, Б.Ган-Эрдэнийн, С.Цэвэлравжаа нараас авсан байцаалтын тэмдэглэл, Сум дундын 7 дугаар шүүхийн 2014.03.19-ний 205 дугаартай албан бичиг, Таван үндэс ХХК-ийн 2014.04.02-ны өдрийн 11/14 дугаартай албан бичиг, ********ээс авсан байцаалтын тэмдэглэл, Орхон сумын Цагдаагийн хэсгийн барилгын ажлын тендерийг нээсэн тухай тэмдэглэл, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2007.09.25-ны 1/872 дугаартай албан бичиг, Орхон сумын Цагдаагийн хэсгийн барилгын ажлын тендерийн үнэлгээний хорооны тайлан, ******** ХХК-ийн удирдах болон инженер техникийн ажилтны тодорхойлолт, ******* хариг ХХК-ийн 2012.03.22-ны 05 дугаартай албан бичиг, ********ийн гар бичмэл, Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газраас Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын 2014 оны ерөнхий мэдээлэл, барилга байгууламжийн бүртгэл, Санхүүгийн байдлын тайлан, Орхон сумын цагдаагийн хэсгийн барилгын ажлыг гүйцэтгэх ГТ-05/02 дугаартай гэрээ, нэхэмжлэх, Дархан-Уул аймгийн Орхон сумын Цагдаагийн хэсгийн /кабон/ барилгын ажлын гүйцэтгэл, нэхэмжлэх, 2007 оны 12 сарын 05-ны өдрийн 14 дугаартай , Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт, ,Барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комиссын акт, гэрээгээр гүйцэтгэх барилга угсралт, засварын ажлын гүйцэтгэл, Цагдаагийн хэсгийн барилгын ажлын гүйцэтгэл, ********ийн депозит дансны хуулга, Таван-Үндэс ХХК-ийн 2025 оны 03 сарын 27-ны өдрийн 16/025 дугаартай дүгнэлт зэргийг нотлох баримтаар гаргуулсан.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Засаг дарга нь хариуцагч ******** ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирол 18,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагчийн өмгөөлөгч нь ...талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл бөгөөд тухайн барилгыг ашиглах боломжгүй, чанар муутай барьсан гэм буруутай этгээд нь ******** болохоор эрүүгийн журмаар шалгагдан тогтоогдсон учраас ******** ХХК нь дээрх төлбөрийг хариуцахгүй. Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болно.

2. Хэрэгт авагдсан 2007 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Орхон сумын Цагдаагийн хэсгийн барилгын ажлын тендерийг нээсэн тухай тэмдэглэл, 2007 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн "Орхон сумын Цагдаагийн хэсгийн барилгын ажлын тендерийн үнэлгээний хорооны тайлан, Дархан- Уул аймгийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1/949 тоот Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тухай, 2007 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1/950 тот албан бичиг, баримтаас үзэхэд Орхон сумын цагдаагийн хэсгийн барилга /кабон/-ын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт ******** ХХК нь оролцож, тэрээр уг барилгын ажлыг 18,000,000 төгрөгийн төсөвт өртөгт багтаан гүйцэтгэхээр санал ирүүлснийг хүлээн авч, Дархан-Уул аймгийн Засаг дарга болон ******** ХХК нарын хооронд 2007 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ГТ-05/02 дугаартай Орхон сумын Цагдаагийн хэсгийн барилгын ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.

2007 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн ГТ-05/02 тоот Орхон сумын Цагдаагийн хэсгийн барилгын ажлыг гүйцэтгэх гэрээ-гээр гэрээний нийт дүн 18,000,000 төгрөг, ажил гүйцэтгэгч нь барилгын ажлыг 2007 оны 10 дугаар сарын 19-ний өдөр эхэлж, 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ашиглалтанд оруулах болон гэрээний бусад нөхцлийг тохиролцож, уг гэрээнд захиалагч Дархан-Уул аймгийн Засаг дарга Д.Хаянхярваа, гүйцэтгэгч ******** ХХК-ний захирал ******** нар тус тус гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч нь дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргадаг бөгөөд тэрээр ******** ХХК-ний нэрийг ашиглан ******** нь тухайн цагдаагийн хэсгийн барилгыг барьсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 т заасан дүр үзүүлж хийсэн хүчин төгөлдөр бус байх гэрээ гэж тайлбарладаг.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн гадаад илэрхийллийг бий болгож хийгддэг бөгөөд энэхүү хүчин төгөлдөр бус байх үндэслэл нь талуудын хооронд 2007 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээнд хамаарахгүй байна.

Өөрөөр хэлбэл тухайн ажил гүйцэтгэх гэрээг байгуулахаар нэхэмжлэгч талаас хүсэл зоригоо илэрхийлэн тендер сонгон шалгаруулалт зарлаж, ******** ХХК нь тухайн гэрээ байгуулах хүсэл зоригийн хүлээн авч тендер сонгон шалгаруулалтад оролцон шалгарсан учир ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан бөгөөд ажлын хөлс 18,000,000 төгрөгийг гүйцэтгэгч ******** ХХК-нд өгсөн үйл баримт байх тул тухайн гэрээг бодитоор хийгдээгүй гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээ нь хүчин төгөлдөр байх хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзлээ.

 

3. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна, мөн хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-т ажил гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүнг шилжүүлэх үүрэгтэй, 353 дугаар зүйлийн 353.2-т гэрээнд заасан тоо хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ, 350 дугаар зүйлийн 350.1.7-т ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад шаардагдах зардлыг хариуцах, Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т ажил гүйцэтгэгч нь барилга байгууламжийн чанарын баталгаат хугацаа дуусаагүй байхад өөрийнх нь буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн чанарын зөрчлийг өөрийн зардлаар арилгах үүрэгтэй гэж тус тус заасан.

Хариуцагч ******** ХХК нь хуульд заасан үүргээ гүйцэтгээгүй, чанарын доголдолтой үр дүнг шилжүүлсэн болох нь Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2009 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 36/17/458 тоот дүгнэлтэнд: ...Ажлын өрөө болон сууцны өрөөнүүдийн таазны гипсэн хавтангууд ховхорч унасан, гадна хана шавардлага тамбурын хэсгээр хагарал гарсан..., Дотор заслын ажлыг технологийн дагуу хийгээгүй, барилгын чийг хатаагүй байхад гипсэн хавтангаар дүүжин тааз хийснээс болсон гэж үзэв. Иймд барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т барилга байгууламжийн чанарын баталгаат хугацаа дуусаагүй байхад өөрийнх нь буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн чанарын зөрчлийг өөрийн зардлаар арилгах заалтын дагуу барилгын чанарын баталгаат хугацаанд илэрсэн зөрчлүүдийг арилгуулах шаардлагатай гэж дүгнэв,

Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 36/29/59 тоот дүгнэлтэнд: ...Албан хаагчийн сууцны гал тогооны өрөөний цонхны доод төвшингөөс суурь хүртэл, ялуунаас дээврийн банзан эмжээр хүртэл шаталсан хэлбэртэй 1-1,3 см өргөнтэй хагарсан. Энэ хэсэгт сууринд цуурал үүссэн. Барилгын бетон хаяавч сууринаас хөндийрсөн, нүүр болон ар талаас орох хаалганы үүдний хэсэг, барилгын үндсэн ханын хоорондын өрөг гэмтэж салсан. Сууц, ажлын өрөөг тусгаарласан 24 см-ийн зузаантай тоосгон хана 3,5 см урттай 0,1-1,2 см хүртэл өргөнтэй нэвт хагарсан. Гал тогоо амрах өрөө хоорондын 12 см хүртэл нэвт хагарсан. Гал тогоо амрах өрөө хоорондын 12 см-ийн зузаантай хана гадна ханаас хөндийрч өндрийн туршид 1-2 см зузаантай зааг гарсан, өрөө тасалгааны хаалганы, цонхны ялууны төвшинд ташуу цууралт үүссэн байдалтай байна.

...дээр дурдсан гэмтлүүд нь газар дээр хийсэн үзлэг шалгалтаар илэрсэн бөгөөд Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-т Хүний ажиллах амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн, түүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан байх гэсэн заалтын ашиглалтын шаардлагыг хангахгүй байна.

Тус байранд хүн ажиллаж, амьдрахгүй байх, үйл ажиллагаа явуулахыг түр хугацаагаар зогсоох нь зүйтэй гэсэн, нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар нь 2009 оноос хариуцагч ******** ХХК-нд уг барилгыг засварлах талаар гомдлын шаардлага гаргаж байсан тухай зохигчдын тайлбар, Сум дундын 7 дугаар шүүхий шүүгчийн 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1636 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Цагдаагийн байр /кабон/-ны эвдэрлийг харуулсан гэрэл зураг зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч тал нь дээрх нотлох баримт /үйл баримт/-аар тогтоогдсон тухайн барьсан барилга /кобон/-ны чанар, доголдлын талаар маргаддаггүй, хүлээн зөвшөөрдөг бөгөөд хэрэгт авагдсан улсын байцаагчийн акт нь хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй, хуулбар хувийг нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн байх ба хариуцагч тал нотлох баримаар шинжлэн судлахыг зөвшөөрсөн тул нотлох баримтын хэмжээнд үнэлсэн болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага гаргаж буй үндэслэлээ ...******** ХХК нь Орхон сумын Цагдаагийн хэсгийн /кабон/ барилгын ажил хийж гүйцэтгэсэн. ...Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр барилгын ажил технологийн дагуу хийгдээгүй, тус барилгыг ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан. Иймд хариуцагч ******** ХХК-иас гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд 18,000,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна. Анх шүүхэд тухайн барилыг дахин барихад гарах зардал 135,912,038 төгрөгийг гаргуулахаар шаардаж байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, гэрээний үнийн дүн болох 18,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан ... гэх агуулгаар тайлбарласан.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад Иргэний хуулийн 497 дугааар зүйлд зааснаар гэм хор учруулснаас хариуцлага хүлээлгэх эрх зүйн зохицуулалтаар шаардаагүй, харин гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас учирсан хохирлыг гаргуулахаар шаардсан байна.

Иймд хариуцагч талын гаргасан ...нэхэмжилж буй төлбөрийг хариуцах хүн нь ******** гэж тодорхойлж, ******** нь эрүүгийн журмаар шалгагдан гэм буруутай нь тогтоогдсон. Тухайн этгээдээс нэхэмжлэх эрхтэй, хариуцагч этгээд нь ******** биш ХХК... гэх тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-т заасны дагуу нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Засаг дарга нь хариуцагч ******** ХХК-иас гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирол 18,000,000 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

5. Иргэний хуулийн 349 дугаар зүйлийн 349.1-т Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг ....Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно, 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасан.

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр ...ажил гүйцэтгэх гэрээний дагуу баригдсан Цагдаагийн байрыг ашиглалтанд оруулснаас хойших хугацаанд Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын өмчлөл ашиглалтанд өгсөн бөгөөд тухайн цагдаагийн байранд илэрсэн доголдлын талаар Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар шаардлага гаргасан. Дархан-Уул аймгийн Засаг дарга тухайн ******** ХХК-иар бариулсан Цагдаагийн байранд доголдол илэрсэн талаар мэдээгүй, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар нь ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой шаардлага гаргах эрхгүй гэж шийдвэрлэсэн тус шүүхийн шүүгчийн 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1636 дугаар захирамж гарснаар Дархан-Уул аймгийн Засаг дарга мэдэж, энэ талаар нэхэмжлэлийг шүүхэд 2015 оны 07 дугаар сарын 09-ны өдөр гаргасан... гэж хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор ажил гүйцэтгэх гэрээний дагуу шаардлага гаргаагүй шалтгаанаа тайлбарласан бөгөөд энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, 76.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж заасан байх тул нэхэмжлэгчийн дээрх тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж дүгнэхээр байна.

 

Нөгөөтэйгүүр тухайн цагдаагийн хэсгийн барилга/ кабон/-ыг эзэмшигч болох Дархан-УУл аймгийн Цагдаагийн байгууллагаас гомдлын шаардлага гаргаж байсан бөгөөд ******** ХХК-ниас 2012.03.022-ны өдөр хохиролгүй болгох талаар албан бичиг хэрэгт авагдсан байна.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд ...баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заажээ.

Өөрөөр хэлбэл хөөн хэлэлцэх хугацаа тасалдах гэдэг нь энэ хугацаа эхнээсээ дахин тоологдох нөхцөл байдал гэж ойлгох тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж дүгнэж байна.

 

Иймд хариуцагч ******** ХХК-иас 18,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Засаг даргад олгож шийдвэрлэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.1-т зааснаар хариуцагч ******** ХХК-аас 18,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн засаг даргад олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 247,950 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  З.ТУНГАЛАГМАА