Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2025/0376

 

 

 

 

 

 

 

   2025        05           19                                      128/ШШ2025/0376

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны дөрөвдүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ш.А*******,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Х*******,

Хариуцагч: Цагдаагийн ерөнхий гарын дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Г*******, Н.М******* нарын хоорондын төрийн албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулсан тухай маргааныг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г*******, Г.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянзул нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Ш. А******* нь “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 11  дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилдаа эргүүлэн тогтоолгох, цагдаагийн хошууч цолыг сэргээлгэх, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” гэж тодорхойлсон байна.

1. Нэхэмжлэгч Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны  өдрийн ******* дугаартай тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гомдол гаргаж, гомдлыг  хариуг 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ******* тоот  албан бичгийг хүлээн авч  шүүхэд 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

2.1. Сахилгын шийтгэл нь Ш.А*******ын гаргасан ажил тасалсан гэх зөрчлийн шинж, давтамж, учирсан хохирол, гэм буруугийн хэм хэмжээнд тохироогүй бөгөөд өдөр шөнө ялгалгүй нэгэн сэтгэлээр ажиллаж ирсэн цагдаагийн албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулсан,

2.2. Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4 дэх т заасан сахилгын шийтгэлээс сонгох боломжтой байсан, Г.А*******ын тухайд Цэргийн байнгын тэтгэвэрт гарахад 10 сар дутуу байхад  ажлаас халагдаж байгаа бөгөөд тэтгэвэрт гарах эрх нь үүсэхгүй,

2.3. Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дах т зааснаар аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн албан хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг 5 жил тутам олгодог урамшуулал тасалдах нөхцөл үүссэн,

2.4. Сахилгын зөрчил гаргасан байдлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд албаны шалгалт явуулж үндэслэл бүхий баримт нотломжоор тогтоосон байна гэж заасныг зөрчиж, Ш.А*******ыг 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг 4 хоног ажил тасалсан гэдгийг тогтоогоогүй, ажил амралтыг тооцолгүй  гаргасан гэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 11 сарын 25-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажил эргүүлэн тогтоох, цагдаагийн хошуу цолыг сэргээлгэж, ажилгүй байсан хугацаанаас цалин хөлсийг гаргуулах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх даалгах тухай шаардлагыг бол гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэл нь Ш.А******* нь ******* аймгийн цагдаагийн газрын даргын 2005 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 110 дугаар тушаалаар ******* аймгийн цагдаагийн газарт томилогдож 2024 оны 11 сарын 25-ны өдрийг хүртэл нийт 19 жил 02 сарын хугацаанд тасралтгүй ажилласан бөгөөд ******* аймгийн цагдаагийн газрын сумын сум дундын цагдаагийн хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэсгийн ахлах зохицуулагч цагдаагийн хошуу цолтойгоор албан үүргээ гүйцэтгэж байсан. Ш.А******* нь ажиллаж байх хугацаандаа албан үүргээ хариуцлагатай, цаг хугацаанд нь гүйцэтгэж 24 цаг ажиллаж, 48 цаг амрах ээлжийн хуваариар ажилладаг бөгөөд 2024 оны 08 сарын 03-ны өдөр ажиллаж 2024 оны 08 сарын 04-ний өдрийн 09 цагт ажлаа хүлээлгэн өгч 48 цаг амрах эрх нээгдсэн. Ээлжийн хуваарийн дагуу 2024 оны 08 сарын 04-ны өдөр ажлаа хүлээн авах байсан боловч хувийн шалтгааны улмаас суманд айлаар орж саатсаны улмаас ажилдаа очихгүйгээр 1 өдрийн ажлыг тасалсан. Мөн 2024 оны 08 сарын 08-ны өдөр буюу хуваарийн дагуу Ш.А*******ыг ажилд гарах ээлж ирэхэд цагдаагийн дэс ахлах дэслэгч С ээлжээ солих хүсэлт гаргасан учир дээд шатын удирдлагуудад мэдэгдэж зөвшөөрөл авсны дагуу ээлжээ солилцсон болно. Ш.А******* нь 2024 оны 08 сарын 04-ний өдрийн гаргасан зөрчлийг 2024 оны 08 сарын 05-ны өдөр шалгаж шийдвэрлэсэн байдаг. Гэтэл Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 11 сарын 25-ны өдрийн Б1631 дугаар тушаалаар бусдын ажилд гарах ээлжийг хамаатуулан 2024 оны 08 сарын 05-ны өдрөөс 2025 оны 08 сарын 08-ны өдрийг хүртэл 4 хоног ажил тасалсан гэх шалтгаанаар цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулж, цагдаагийн хошууч цолыг хураасанд гомдолтой байна. Дээрх тушаалын хууль зүйн үндэслэл нь Цагдаагийн албаны ёс зүйн дүрмийн 02 дугаар зүйлийн 2.5.5 дахь заалт, Цагдаагийн албаны тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5 дахь заалтыг тус тус баримтлан цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулж Цагдаагийн бага, дунд, ахлах цол олгох бууруулах хураан авах сэргээх журмын 5.2.2-т заасны дагуу ******* аймгийн цагдаагийн ерөнхий газраас цагдаагийн хошууч цолыг хураах шийдвэр гаргасан. Үүнээс харахад Цагдаагийн албаны ёс зүйн дүрмийн 03 дугаар зүйлийн 3.2 дахь т ёс зүйн зөрчил авсан цагдаагийн албан хаагчид эрх бүхий албан тушаалтан Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг тухайн зөрчлийн шинж байдал түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан дэс дараалан хэрэглэхгүйгээр оногдуулна гэж заасан байдаг. Гэтэл сахилгын шийтгэл нь Ш.А*******ыг ажил тасалсан гэх зөрчлийн шинж давтамж учирсан хохирол, гэм буруугийн хэм хэмжээнд тохироогүй бөгөөд өдөр шөнө ялгалгүй нэгэн сэтгэлээр ажиллаж ирсэн цагдаагийн албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна. Өөрөөр хэлбэл сануулах, цалингийн хувь бууруулах, цол бууруулах зэрэг Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4 дэх т заасан сахилгын шийтгэлээ сонгох боломжтой байтал Ш.А******* анх удаа ажлаа тасалж, албан үүргээ гүйцэтгэлгүй ажлын байраа орхигдуулсан зөрчил гаргаагүй атал шууд 1 жилийн хугацаанд эргэн орох ирэхгүйгээр ажлаас халах сахилгын шийтгэл ноогдуулсан нь Ш.А*******ын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг дараах байдлаар ноцтой зөрчиж байна. Үүнд Ш.А******* нь цагдаагийн байгууллагад ажлын гараагаа эхэлж тууштай ажилласаар цэргийн байнгын тэтгэвэрт гарахад 10 сар дутуу байхад ажлаас халж байгаа бөгөөд цэргийн байнгын тэтгэвэрт гарах эрх нь үүсэхгүй байна Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т аймгийн төвөөс бусад сумд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн албан хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг 5 жил тутамд олгох гэж заасан урамшуулал тасалдах зэрэг нөхцөл байдал үүсэж байна. Мөн маргаан бүхий тушаалыг гаргахдаа Цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрмийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь т сахилгын шийтгэл ноогдуулах тохиолдолд албан хаагчаас сахилгын шийтгэл гаргасан байдлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд албаны шалгалт явуулж үндэслэл бүхий баримтаар тогтоосон байна гэж заасныг зөрчсөн байна. Ш.А******* 2024 оны 08 сарын 05-ны өдрөөс 2024 оны 08 сарын 08 өдрийг хүртэл 4 хоног ажил тасалсан гэдгийг тогтоогоогүй, гаргасан зөрчилд нь нийцээгүй, Ш.А*******ын эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, эрх зүйн байдлыг дордуулсан сахилгын шийтгэл оноогдуулсан гэж үзэж байна. Иймд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 11 сарын 25-ны өдрийн Б1631 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эргүүлэн тогтоох, цагдаагийн хошуу цолыг сэргээх, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү” гэв.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хууль зүйн үндэслэлийн тухайд өмгөөлөгчийн зүгээс тайлбар хэлье. Цагдаагийн албаны тухай хуулийн 81.3 дугаар зүйлд заасан 81.2 болон 81.3-т заасан ёс зүйн дүрмийг зөрчсөн бол сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болно гэж заасан. Ш.А*******ын тухайд 1 өдөр ажил тасалсныг бол хүлээн зөвшөөрч байна. Өөрөөр хэлэх юм бол тухайн өдөр ажил тасалсантай холбогдуулж ажил тасалсан өдрийн хэмжээнд тохирох сахилгын шийтгэл ноогдуулж өгөөч гэсэн хүсэлтэй. Гэтэл Цагдаагийн ерөнхий ******* аймгийн цагдаагийн газрын даргын зүгээс 1 сар цалингийн 20 бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан. Харин Цагдаагийн ерөнхий газрын даргын зүгээс цагдаагийн албанд 1 жил орох эрхгүйгээр халсан. Тухайн ажлаас халсан шийдвэрт нь Ш.А******* гомдол гаргасан. Ажлаас халсан шийдвэр нь хуулиас давсан байна. Үүнийг товчхон тайлбарлавал маргаан бүхий тушаалд ёс зүйн дүрмийн хоёрын 2.5.5-т заасныг баримталсан. Ёс зүйн дүрмийн 2.5.5-т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилд ирээгүй бол сахилгын арга хэмжээ авна гэж зааснаас биш ажлаас халахаар хэмжээний сахилгын арга хэмжээ авна гэсэн зүйл байхгүй. Мөн дүрмийн 3.2 болон 3.3-т ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн албан тушаалтныг цагдаагийн албанаас хална гэж заасан. Гэтэл ёс зүйн дүрмийн 3.3-т тайлбарлахдаа ноцтой зөрчил гэдэг нь Цагдаагийн албаны тухай хуульд заасан цагдаагийн албан хаагчийн хориглох зүйлийг зөрчсөн буюу бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх үр дагавар бий болгосон бол 1 жилийн хугацаанд эсхүл ажил орох эрхгүйгээр хална гэж заасан тайлбар байна. Цагдаагийн албаны тухай хуульд заасан цагдаагийн албан хаагчийн хориглох зүйлд Ш.А*******ын сахилгын зөрчилд тохирох хэмжээний шийтгэл байхгүй. Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлд өргөсөн тангараг, ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн бол заасан. Мөн хориглох зүйлийг заахдаа ажлын байранд, ажил үүргээ гүйцэтгэх хувцастайгаар согтуу согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно гэж заасан байдаг. Үүнээс биш тухайн ажил үүргээ гүйцэтгээгүй үедээ эсвэл ажлын байран дээр байхгүй үедээ согтуурсан үйлдэлтэй байгаа бол ажлаас халах зохицуулалтад хамааруулаагүй байна. Мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлд ажлаас халах тохиолдлуудыг дурдахдаа өргөсөн тангараг болон ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн бол гэж оруулсан байдаг. Өргөсөн тангаргаа зөрчсөн зүйл Ш.А*******ын тухайд бол байхгүй. Цагдаагийн албаны тухай хуульд хуульд цагдаагийн албан хаагч нь Төрийн албаны тухай хуульд заасан баталгаагаар хангагдана гэж заасан. төрийн албаны тухай хуулийн 62.1.1-т төрийн албан хаагчийг энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр албанаас халах, чөлөөлөхгүй байх гэж заасан. Иймд Ш.А*******ын тухайд 08 сарын 04-ний өдөр ажил таслахдаа хөдөө явж байснаа хүлээн зөвшөөрдөг. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэснээ хүлээн зөвшөөрдөг. Ингээд 08 сарын 04-ний өдөр тасалсан нь гэм буруугаа өөрөө хүлээн зөвшөөрч, үүндээ тохирох сахилгын шийтгэл авах хүсэлтэй байна. Цагдаагийн албан хаагч нэг талаасаа цагдаагийн албан хаагч боловч нөгөө талаасаа төрийн албан хаагч юм. Төрийн албанаас чөлөөлж, сахилгын шийтгэл оногдуулсан тушаалд Төрийн албаны тухай хуультай холбогдох ямар ч үндэслэл одоо заалт байхгүйг тусгайлан дурдъя” гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Цагдаагийн алба гэдэг нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүрэгтэй төрийн тусгай алба гэж Цагдаагийн албан тухай хуульд заасан. Нэхэмжлэгч Ш.А******* нь ******* аймгийн цагдаагийн хэлтэс, сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн ахлах зохицуулагчаар ажиллаж, хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүний хэрэгжилтийг хангуулах чиглэлээр үйл ажиллагааг хариуцаж, чиг үүргийг хэрэгжүүлж байсан. 2024 оны 08 сарын 05-ны өдрөөс 08-ны өдрийн хооронд хуваарьт томилгоонд ээлжит үүргээ гүйцэтгээгүй, согтууруулах ундааг хэрэглэж, ажил тасалсан гэж сумын сум дундын цагдаагийн хэлтсээс одоо Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны акт гаргах процессын өмнөх үйл ажиллагаа буюу цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд зааснаар албаны шалгалт явуулсан. Албаны шалгалтын хүрээнд ажил тасалсан нь тогтоогдсон тул Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 11 сарын 25-ны өдрийн ******* дугаартай тушаалаар Цагдаагийн албаны тухай хуулийн 81.4.5-т зааснаар цагдаагийн албанд 1 жил эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулсан. Тушаалын үндэслэл нь Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.4.7 буюу ажлын цагаар согтууруулах ундааг хэтрүүлэхгүйгээр 2.5.5 буюу цагдаагийн алба хаагч нь удирдлагын зохих шийдвэр, хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил таслахыг хориглосон ёс зүйн дүрмийн заалтыг дурдсан үндэслэсэн. Цагдаагийн албаны тухай хуулийн 81.4.5-т заасныг баримтлан 1 жил цагдаагийн албанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулсан нь Төрийн албаны тухай хуульд зааснаар гаргасан зөрчлийнх нь шинж байдалд нь тохирсон гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлсэн Ш.А*******ыг зөрчлийг ноцтой зөрчилд хамруулж буй нь буруу гэж байна. Цагдаагийн албаны ухай хуулийн 82.1 буюу сахилга ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн гэдэг нь тусдаа асуудал юм. Мөн хуулийн 81.4.5-т цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах асуудал нь тусдаа юм. Учир 81.2.1 нь цагдаагийн албанд эргэж орж ирэхгүй гэсэн халах зохицуулалт байгаа юм. Ноцтой зөрчилд бол хамаарахгүй, хууль зүйн хувьд тусдаа ойлголт юм. Нэхэмжлэлийн шаардлагад албаны шалгалт явуулаагүй гэж дурдаж байна. Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны акт гаргахын өмнө тухайн нөхцөл байдлыг тогтооно гэсэн хуулийн заалт байдаг. Мөн цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам буюу хөдөлмөрийн дотоод журамд зааснаар тухайн албан хаагчийн зөрчилд заавал шалгалт явуулж тогтоодог. Нэхэмжлэгч Ш.А*******ын үйлдлийг тухайн үедээ албаны шалгалт явуулж үйлдлийг тогтоож үйлдэлд нь тохирох сахилгын шийтгэл оногдуулсан. Нэхэмжлэгч нь хувийн байдлын хувьд 2023 оны 11 сарын 28-нд ******* аймгийн цагдаагийн газрын даргын дугаартай тушаалаар сахилгын шийтгэл оногдуулж байсан. Сахилгын шийтгэлийн хувьд ажлын байранд ажлын цагаар эсхүл албан үүрэг гүйцэтгэж байхдаа болон цагдаагийн дүрэмт хувцастай согтууруулах ундаа хэрэглэж, хуулиар хориглосон газарт тамхи татахгүй байх заалтыг зөрчсөн тул  сарын үндсэн цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулж байсан. Мөн 2024 оны 02 сарын 22-ны өдөр ******* аймгийн цагдаагийн газрын даргын тушаалаар удирдлагыг буруу мэдээллээр хангасан, өгсөн үүрэг даалгавар ажлын чиглэлийг хэрэгжүүлээгүй гэсэн үндэслэлээр Цагдаагийн албаны тухай хуулийн 81.4.2-т заасны дагуу 1 сарын үндсэн цалинг 23 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулчихсан боловч тухайн үедээ хугацаанаас нь өмнө сахилгын шийтгэлгүйд тооцсон байна” гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ш.А******* нь сахилга ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг тогтоохын тулд Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу урьдчилсан шалгалтыг явуулна гэж зааснаар цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд заасны дагуу албаны шалгалт хийсэн. Энэ шалгалтын 2024 оны 08 сарын 4-ны өдрөөс 7-ны өдрүүдийн хооронд нийт 4 өдөр ажил тасалсан гэдгийг тогтоосон. Учир нь ажилдаа ирээгүйгээс болж амарч байсан алба хаагчид дуудагдаж ажиллаж байснаас харагддаг. Зарим албан хаагч ээлж сольж чадахгүй 48 цаг үүрэг гүйцэтгэсэн зүйл байдаг. Энэ он сар өдрөөр нь шалгаж ажилдаа ирээгүй гэдгийг тогтоочихсон. Ш.А*******т тохирох сахилгын шийтгэлийг оногдуулсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

            ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэг авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт дүгнэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1. ******* аймгийн Цагдаагийн газрын сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн албаны шалгалтын дүнгийн тухай танилцуулгаас үзвэл ******* аймгийн Цагдаагийн газрын сумын Сум дундын Цагдаагийн хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэсгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Ш.А******* нь 2024 оны 8 дугаар сарын 03-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх шалтгааны улмаас 2024 оны 08 дугаар 04-ний өдөр  Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд даргын баталсан удирдамжийн дагуу 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс Улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа “Ш ” арга хэмжээний хүрээнд хөдөлгөөнт эргүүлд үүрэг гүйцэтгэх томилгоотой, 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ******* аймгийн сумын Замын цагдаагийн хяналтын постод 24 цагаар үүрэг гүйцэтгэх томилгоотой байсан боловч 2 өдөр ажил тасалсан, улмаар 2024 оны 8 дугаар сарын 6, 7, 8-ны өдрүүдэд нийт 5 өдрийн ажил тасалсан болохыг цагдаагийн хэлтсийн Ёс журам сахиулах эргүүлийн тэмдэглэл, хоногийн мэдээ, иргэд, албан хаагч нараас асууж авсан тайлбар,  албаны шалгалтын хүрээнд шалгах ажиллагаа явуулж авагдсан баримтуудаар тогтоогдсон байна. Тухайлбал:

1.2. ******* аймгийн сумын ахлах зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Энхсайханы “...2024 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хариуцсан нутаг дэвсгэрийн зам буюу А0301 зам дээр хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэх байсан ... 8 дугаар сарын 5-ны өдөр сумын Замын цагдаагийн хяналтын постод 24 цагаар үүрэг гүйцэтгэх ёстой байсан боловч ажилдаа ирээгүй, ...8 дугаар сарын 6, 7, 8 өдөр мөн ирээгүй, ...4,5-ны өдрүүдэд гар утас нь дуудаж байсан боловч тэрээр утсаа аваагүй, 8 дугаар сарын 7-ны өдрийн орой 21 цаг 25 минутад... дүрсээ харж ярихад согтуу байсан тул ажилд гаргалгүй Э сумаас ахлах дэслэгч О.Сыг  дуудан ирүүлж 24 цагаар  ажилд гаргасан гэх,

1.3. сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Манлайбаатарын “... би 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 24 цагаар үүрэг гүйцэтгээд 05-ны өдрийн өглөө ээлжээс буух гэтэл... хошууч Г.А*******ыг ирэхээр буугаарай гэсэн боловч тэр өдөр ирээгүй тул дахиад 24 цагаар ээлжид гарсан ...” гэх,

1.4. сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Эийн “...2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хошууч Ш.А******* надтай хамт 24 цагаар үүрэг гүйцэтгэх байсан боловч ирээгүй...” гэх,

1.5. Э сумын зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч О.Сын  “...2024 оны 08 дугаар сарын 08-ны өглөө 10 цагт ирж 24 цагаар ажилласан, намайг ирэхэд хошууч Ш.А******* уг нь ирсэн байсан боловч нэгэнт ажлаа зохицуулаад ирсэн ирсэн тул би гарсан...” гэх,

2. Цагдаагийн хошууч Ш.А*******ын “...2024 оны 08 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд... айлд байсан, тухайн өдрийн урьд өдөр архи уусан тул шартаад бие өвдөөд ажилдаа ирээгүй,...08 дугаар сарын 08-ны өдөр би томилгоотой байсан харин О.С гарна гэсэн...” гэх тайлбаруудаар ******* аймгийн Цагдаагийн газрын сумын Сум дундын Цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэсгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Ш.А******* нь Цагдаагийн алба хаагчийн Ёс зүйн дүрмийн 2.5 дугаар зүйлийн 2.5.5-д “...удирдлагын зохих шийдвэргүй, хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил таслах, ажлын байр, хариуцсан ажил, үүргээ дур мэдэн орхих, хууль журмын хүрээнд өгөгдсөн үүрэг, даалгавар, шаардлагыг хууль бусаар эсэргүүцсэн байх...” гэснийг зөрчсөн болохыг тогтоож, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.3 дах т зааснаар “албан тушаал бууруулах” сахилгын шийтгэл оногдуулахаар дүгнэлт гаргаж танилцуулсан байна.

3. Дээрх нөхцөл байдлыг үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” ******* дугаартай тушаалаар Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3, 97 дугаар зүйлийн 97.1, Засгийн газрын 2017 оны 72 дугаар тогтоолоор баталсан Цагдаагийн бага, дунд, ахлах цол олгох, бууруулах, хураан авах, сэргээх журмын 5 дугаар зүйлийн 5.2.2 дах заалтыг үндэслэн ******* аймгийн Цагдаагийн газрын сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Шын А******* нь 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.5.5-д заасныг зөрчсөн тул Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.5 дах заалтад заасныг баримтлан 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөр тасалбар болгон цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулж, цагдаагийн хошууч цолыг хураасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч “...Ш.А*******ыг 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг 4 хоног ажил тасалсан гэдгийг тогтоогоогүй, ажил амралтыг тооцолгүй  шийтгэл оногдуулсан...” гэж тайлбарлан маргаж байна.

4. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны А/194 дүгээр тушаалаар батлагдсан Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.4.7-д “Ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэхгүй байх”, 2.5.5-д “Цагдаагийн алба хаагч нь удирдлагын зохих шийдвэргүй, хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил таслахыг хориглох”, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1.-т “Цагдаагийн алба хаагч нь үйл ажиллагаандаа цагдаагийн төв байгууллагаас тогтоосон олон нийттэй харилцах хууль хэрэгжүүлэхэд баримтлах ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн алба хаагчид эрх бүхий албан тушаалтан дараах сахилгын шийтгэл оногдуулна”, 81.4.5-д цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” гэж заасныг тухайн тохиолдолд холбогдуулан үзвэл цагдаагийн албан хаагчийн гаргасан сахилгын зөрчилд албаны шалгалт явуулж, зөрчлийг тогтоож Цагдаагийн ерөнхий газрын даргын эрх хэмжээний хүрээнд сахилгын шийтгэл оногдуулсныг буруутгах боломжгүй байна.

5. Мөн ******* аймгийн Цагдаагийн газрын сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Шын А******* нь 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил үүргээ гүйцэтгээгүй болох нь цагдаагийн байгууллагын хоногийн нөхцөл байдлын танилцуулга, үүрэг гүйцэтгэх алба хаагчдын хуваарь, томилгоо, Замар сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн шуурхай удирдлагын нэгийн Ёс журам сахиулах эргүүлийн дэвтэр, сум замын хөдөлгөөний хяналтын цэгт ажиллах алба хаагчдын  долоо хоногийн хуваарь зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

6. Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.3 дах т зааснаар “албан тушаал бууруулах” сахилгын шийтгэл оногдуулах саналыг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж,  Цагдаагийн ерөнхий газрын дарга Цагдаагийн албаны тухай хуулийн  81 дүгээр зүйлийн 81.1-т “Цагдаагийн алба хаагч нь үйл ажиллагаандаа цагдаагийн төв байгууллагаас тогтоосон олон нийттэй харилцах, хууль хэрэгжүүлэхэд баримтлах ёс зүй, сахилгын дүрмийг мөрдөж ажиллана”, 81.3-д “Энэ хуулийн 81.2, 81.3-т заасан ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн нь сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болно” гэж заасан эрх хэмжээнийхээ хүрээнд нэхэмжлэгчид Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн  81.4.5-д “цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” гэж зааснаар  сахилгын шийтгэл оногдуулсныг холбогдох хууль журмыг зөрчсөн гэж үзэх боломжгүй, нөгөөтэйгөөр цагдаагийн албан хаагчийн аливаа үйл ажиллагаа нь ёс зүйн болон сахилгын дүрэмд захирагдахаас гадна энэ нь зөвхөн ажлын цагт хамаарахаар ойлголт гэж үзэх боломжгүй  байна.

7. Учир нь тухайн тохиолдолд нэхэмжлэгч Ш.А******* нь  нь ажлын бус цагаар архидан согтуурч, ажил үүргийн хуваарийн дагуу ажил үүргээ гүйцэтгээгүйгээс шалтгаалан бусад алба хаагчдын хөдөлмөрлөх эрх буюу ажлын ачаалалд тэнцвэргүй байдал бий болж, ажил, амралтын зохисгүй харьцаа үүссэн үндсэн нөхцөлийг бүрдүүлсэн нөхцөл байдлыг албаны шалгалтаар тогтоогдож байгаа нь тангараг өргөсөн төрийн тусгай албан хаагчийн ёс зүйн болон сахилгын зөрчилд тооцогдох бөгөөд Захиргааны байгууллага албаны шалгалт явуулахдаа цагдаагийн алба хаагчийн үйл ажиллагаа нь ёс зүйн болон сахилгын дүрмийг зөрчсөн эсэх талаарх цар хүрээнээс хэтэрсэн гэж үзэхээргүй байна.

8. Нэхэмжлэгч нь нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах чиг үүрэг бүхий тангараг өргөсөн цагдаагийн албан хаагчийн хувьд  ажлын болон ажлын бус цагаар ч Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 37.1.13-д “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” гэж заасныг зөрчих ёсгүй тул Цагдаагийн албан тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.5-д “цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” гэж заасны дагуу сахилгын шийтгэл оногдуулсан хариуцагчийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

9. Мөн Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн  48.3-д “Энэ хуулийн 48.1-д заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэхийг шаардахгүй” гэж заасан тул тухайн тохиолдолд шүүхээс эрх бүхий албан тушаалтны оногдуулсан сахилгын шийтгэл хүндэдсэн гэж дүгнэх  эрхгүй болно.

10. Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно” гэх заалт нь тухайн тохиолдолд хэрэглэгдэхгүй харин төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас халах тохиолдолд болон төрийн албан хаагчид хуулиар олгосон баталгаа хангагдаагүй тохиолдол хэрэглэгдэхээр байна.

11. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгохоор заасан, хариуцагчаас энэ талаарх хуульд заасан үүргээ биелүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

12. Иймд захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.” 24.2-д “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасны дагуу албаны шалгалт явуулж зөрчлийг шалган тогтоосон нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.14 дэх т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Цагдаагийн албаны тухай хуулийн  81 дүгээр зүйлийн 81.1, 81.4.5, 81.3, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх т заасныг баримтлан Ш.А*******ын нэхэмжлэлтэй Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 11  дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилдаа эргүүлэн тогтоолгох, цагдаагийн хошууч цолыг сэргээлгэх, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

ШҮҮГЧ                               Д.ЧАНЦАЛНЯМ