Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 319/ШШ2025/00321

 

 

 

 

 

2025 05 15 319/ШШ2024/00321

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан би,

Нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, Цамбагарав багт байрлах, Ховд аймгийн Нийгмийн даатгалын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Тахилт багийн 1-26 тоотод байрлах, Бүгд ******* ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр 16,534,130 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Ховд аймгийн Нийгмийн даатгалын газар нь нэхэмжлэлдээ: Ховд аймгийн Нийгмийн даатгалын газар нь нэхэмжлэлдээ: Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10 дахь хэсэгт зааснаар Нийгмийн даатгалын шимтгэл гэж нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч, ажил олгогч, төрөөс энэ хуульд заасны дагуу нийгмийн даатгалын санд урьдчилан төлсөн мөнгөн хөрөнгийг хэлнэ гэж заажээ.

Ажил олгогч нь ажилтны хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй гэж Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2 дахь хэсэгт тусгасан.

Гэтэл харилцагч Бүгд ******* ХХК нь 2023 оны 07 дугаар сараас 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Нийгмийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь төлөөгүй хуримтлагдсан шимтгэл, 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар 16,534,130 төгрөгийн өр үүсгэж нийгмийн даатгалын санд учруулсан хохирлоо барагдуулаагүй байна.

Иймд хариуцагч Бүгд ******* ХХК иас нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр төлбөр 16,534,130 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын газарт төлүүлэхээр шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Бүгд ******* ХХК нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ховд аймгийн Нийгмийн даатгалын газрын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 16,534,130 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор ******* төлж барагдуулна гэжээ.

3. Нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын газар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Бүгд ******* ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу зохигч эвлэрэх эрхтэй. Хариуцагч Бүгд ******* ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр төлбөр болох 16,534,130 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, хариуцагч Бүгд ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 16,534,130 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөх санал гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүлээн зөвшөөрч зохигч эвлэрчээ.

2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар нийгмийн даатгалын шимтгэлийн үлдэгдэл төлбөр 16,534,130 төгрөг болохыг хариуцагч Бүгд ******* ХХК нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан нь Бүгд ******* ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаар нотлогдож, талууд энэ талаар маргаагүй тул Ховд аймгийн Нийгмийн даатгалын газрын нэхэмжлэлтэй, Бүгд ******* ХХК-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар зохигч эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт төсвийн байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр заажээ. Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын газар нь хариуцагч Бүгд ******* ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр төлбөр 16,534,130 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргахдаа 240,621 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна" гэж заажээ. Нэхэмжлэлийн үнийн дүн 16,534,130 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 240,621 төгрөгийн тал хувь болох 120,310.5 төгрөгийг хариуцагч Бүгд ******* ХХК-иас гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээр зохигчид энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах, шүүхийн шийдвэрт гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Бүгд ******* ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр төлбөр 16,534,130 (арван зургаан сая таван зуун гучин дөрвөн мянга нэг зуун гуч) төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор Нийгмийн даатгалын сангийн 5845138908 тоот дансанд төлж барагдуулахаар нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын газартай эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын газар нь нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Бүгд ******* ХХК ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 120,310.5 (нэг зуун хорин мянга гурван зуун арван төгрөг таван мөнгө) төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.РАУШАН