| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/00467/И |
| Дугаар | 307/ШШ2025/00914 |
| Огноо | 2025-05-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 307/ШШ2025/00914
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ..................... тоот хаягт оршин суух Б овогт М.О /РД:............./-ийн хүсэлттэй,
Баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох, ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч: М.О,
Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч: Ө.Ө,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.А оролцож, тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч М.О нь баримт бичгийн эзэмшигчээр тогтоолгох, ажилласан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Мөнхдэлгэр овогтой Оюунбилэг миний бие 1963 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн. Одоо 62 настай, өндөр насны бүрэн тэтгэвэрт гарах гэтэл бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох болон улсад ажилласан зарим жилийг сэргээн тогтоолгохгүй бол тэтгэврээ тогтоолгож чадахгүй байна.Үүнд:
М.О миний эзэмшлийн .......04 дугаартай Цэргийн батлах болон Батлан хамгаалах төв архивын Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа зэрэг баримт бичигт М.О гэхийг М.Б гэж овог зөв боловч нэр буруу бичигдсэн, мөн миний эзэмшлийн .........50 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр-т М.О гэхийг М.Б гэж нэр буруу бичигдсэн зөрчилтэй дээрх хоёр баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох хүсэлтэй байна.
М.О миний бие 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 19 настайдаа Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас Улаанбаатар хотын Сонгино дахь холбооны цэргийн анги буюу албан ёсны нэршил нь Ардын армийн 242 дугаар ангид 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл гурван жилийн хугацаат цэргийн алба хаасан. Түүнээс хойш 1987-1998 он хүртэл цэргийн шинэчилсэн бүртгэлд бүртгүүлж байсан бөгөөд өөрийн эзэмшлийн .......04 дугаартай Цэргийн батлах баримт бичгийн 21, 22 дугаар талд тэмдэглэл хийлгэж байснаар жинхэнэ эзэмшигч нь нотлогдоно. Мөн 1983 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нээсэн .........50 дугаартай миний эзэмшлийн хөдөлмөрийн дэвтэрт 1983 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Цэргийн албанд нас бие тэнцсэн тул хугацаат цэргийн албанд татав, 1986 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Хугацаат цэргийн алба хааж дууссан тул бэлтгэлээр халав гэж дэвтрийн 6, 7 дугаар талд тэмдэглэсэн, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг дуусгавар болгож, Нийгмийн даатгалын ......016 дугаартай цэнхэр дэвтэр олгов гэж дэвтрийн 14, 15 дугаар талд тэмдэглэсэн. Нийгмийн дааталын ......016 дугаартай дэвтэрт М.О гэж овог, нэр зөв бичигдсэн зэргээр Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь тогтоогдоно.
1.2. М.О миний бие Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Халаалтын төвд 2001 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2004 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл засварчнаар ажиллаж байсан бөгөөд ажилд орсон, гарсан тушаал архиваас гарч ирэхгүй байгаагаас улсад ажилласан жилдээ оруулан тооцуулж чадахгүй байгаа болно. Гэхдээ миний эзэмшлийн ......016 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн 14-21 дүгээр талуудад 2001 оны 9 дүгээр сараас 2004 оны 5 дугаар сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг бичсэн бичвэр, мөн дэвтрийн 23 дугаар талд Алтанбулаг халаалтын төв засварчнаар ажилд орсон 2001 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн тушаалын дугаар 15, ажлаас гарсан 2004 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 36 дугаартай тушаал, тэмдэглэл хийсэн Алтанбулаг Халаалтын төвийн ня-бо гэж бичилт хийж гарын үсэг зурсан тэмдэглэл, 2002 оны 01 дүгээр сараас 2004 оны 9 дүгээр сар хүртэл Алтанбулаг халаалтын төв ажил олгогч талаас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар нотлогдоно.
Иймд М.О намайг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Халаалтын төвд 2001 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2004 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл засварчнаар ажилласан байдлыг сэргээн тогтоож хүсэлтүүдийг бүхэлд нь хангаж шийдэж өгнө үү гэв.
2. Хүсэлт гаргагчаас шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөг төлсөн баримт, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, .......04 дугаартай Цэргийн батлах-ын хуулбар, Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, гэрэл зураг, .........50 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр-ийн хуулбар, ......016 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр-ийн хуулбар, Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 282 тоот Архивын тодорхойлолт, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Сүхбаатарын Мод боловсруулах комбинатын захиргааны 1986 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 252 дугаар Ажилд авах тухай тушаал, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ
Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтууд: Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт гаргагч Улсын бүртгэлийн ерөнхий газраас хүсэлт гаргагч М.О /РД:............./ нь анх ХААТР-1, хаягийн хуудас №7 маягтад өөрийн мэргэжил, ажлыг хэрхэн тусгаж мэдүүлсэн болон түүнд анх Бүгд Найрамдах Монгол Ард Улсын иргэний паспорт олгоход өөрийн биеийн байцаалтыг хэрхэн тусгасан мэдээллийг, Сэлэнгэ аймгийн Архивын тасгаас Ой модны аж үйлдвэрийн яамны харъяа Сүхбаатарын Мод боловсруулах комбинатын захиргааны 1986 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 252 дугаартай Ажилд авах тухай тушаал, Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Сүхбаатарын Мод боловсруулах комбинатын захиргааны 1988 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 255 дугаартай Захиргааны чөлөө олгох тухай тушаалын хуулбар, 1989 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаартай Шилжүүлэн ажиллуулж, цалинжуулах тухай тушаал, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архиваас Батлан хамгаалах яамны сайдын 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн н/227 дугаар тушаалаар Сэлэнгэ аймгаас хугацаат цэргийн албанд татагдсан М.Бгийн анкет, Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа-г нотлох баримтаар гаргуулж, Ч.Бгаас гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Хүсэлт гаргагч М.О нь хөдөлмөрийн дэвтэр, хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, цэргийн батлахад М.Б гэж нэр буруу бичигдсэн, 2001 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2004 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын халаалтын төвд засварчнаар ажиллаж байсан тушаал архиваас олдоогүйгээс эрх зөрчигдсөн үндэслэлээр хөдөлмөрийн дэвтэр, цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох, ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.
3. Хүсэлт гаргагч М.Оийн гаргасан баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох, ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1, 135.2.4, 135.2.6 дахь заалтад тус тус зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах бөгөөд мөн хуулийн ...... дугаар зүйлийн .......1 дэх хэсэгт зааснаар шүүх эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр заасан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Хүсэлт гаргагч М.О нь 1981 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Ойн техник мэргэжлийн сургуулийн хүнд механизмын засварчны ангид элсэж, 1983 оны 6 дугаар сарын 30-ны өдөр сургуулиа төгсөж, Ой модны аж үйлдвэрийн яамны харъяа Сүхбаатарын Мод боловсруулах комбинатын захиргааны 1986 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 252 дугаартай Ажилд авах тухай тушаалаар цахилгааны тасагт цахилгаанчнаар томилогдож ажилласан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Хаягийн хуудас №7 маягт дахь Ойн ТМС-д сурагч гэх бичилт, БНМАУ-ын хүн амын регистрийн карт ХААТР-1 маягт дахь мэргэжил: хүнд механизмын оператор, ажил: 1986 оноос Сүхбаатар хотын Мод боловсруулах комбинатад ажиллаж эхэлсэн гэх бичилтээр тогтоогдож байна.
4.2. Мөн хүсэлт гаргагч М.Оийн БНМАУ-ын хүн амын регистрийн карт ХААТР-1 маягт, Сэлэнгэ аймгаас цэргийн жинхэнэ албанд татагдагчдын архивын лавлагаанд эцэг Лувсандоржийн Мөнхдэлгэр, эх Лхагважавын Мягмаа гэж бүртгэгдсэн байна.
4.3. Хэрэгт авагдсан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын халаалтын төвөөс хүсэлт гаргагч М.Оийн 2002 оны 01 дүгээр сараас 2004 оны 9 дүгээр сар дуусталх нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулсан болох нь тогтоогдож байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх заалтад эрх олгосон ямар нэгэн баримт бичиг /иргэний үнэмлэх, гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгосон гэрчилгээнээс бусад/-т дурдсан овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч нь мөн эсэхийг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэхээр заасан.
Хэрэгт авагдсан Ойн ТМДСургуулийн захиргаанаас 1983 оны 6 дугаар сарын 30-ны өдөр М.Б нэрээр нээсэн .........50 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр, Сэлэнгэ аймгийн Цэргийн хэлтсээс М.Б нэрээр нээсэн .......04 дугаартай Цэргийн батлах-ын жинхэнэ эзэмшигч нь хүсэлт гаргагч М.О мөн болох нь хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, гэрэл зураг, гэрч Ч.Бгийн ...Сэлэнгэ аймгийн 1 дүгээр 10 жилийн сургуульд М.О бид 2 зэрэгцээ анги байсан. Бид хамт 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Сонсголонгийн ардын армийн 242 дугаар ангид хуваарилагдаж, алба хаасан. 1986 оны 6 дугаар сард хамт халагдсан. М.О нь түрүүч цолтой, би байлдагч байсан. Сургууль болон цэрэгт Билгээ гэж дууддаг байсан. Гэхдээ би М.О гэдэг нэртэй гэдгийг нь мэддэг байсан. гэх мэдүүлгээр тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч М.От Ойн ТМДСургуулийн захиргаанаас 1983 оны 6 дугаар сарын 30-ны өдөр .........50 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр олгохдоо М.Б гэж, Сэлэнгэ аймгийн Цэргийн хэлтсээс .......04 дугаартай Цэргийн батлах олгохдоо М.Б гэж нэрийг нь буруу бичсэн нь хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхэд бичигдсэнтэй тохирохгүй, эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу захиргааны журмаар тогтоох боломжгүй байх тул шүүх .........50 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр, .......04 дугаартай Цэргийн батлах-ын жинхэнэ эзэмшигч нь хүсэлт гаргагч М.О мөн болохыг тогтоож шийдвэрлэв.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхээр заасан бөгөөд мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ. гэж заасан.
Хүсэлт гаргагч М.Оийн гаргасан 2001 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2004 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын халаалтын төвд засварчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Нийгмийн даатгалын тухай хууль хэрэгжиж эхэлснээр нийгмийн даатгалын шимтгэлийг даатгуулагч тус бүрээр төлж эхэлсэн бөгөөд мөн хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д 1960 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр ба түүнээс хойш төрсөн даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн данстай байх-аар заасан тул даатгуулагч иргэний 1995 оноос хойшхи хугацааны ажилласан байдлыг шүүхийн журмаар бус захиргааны журмаар тогтоох учиртай.
Хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын халаалтын төвөөс хүсэлт гаргагч М.Оийн 2002 оны 01 дүгээр сараас 2004 оны 9 дүгээр сар дуусталх нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулсан байх тул 2002 оны 01 дүгээр сараас 2004 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд ажилласан байдал нь захиргааны журмаар тогтоогдсон гэж үзнэ.
Харин хүсэлт гаргагч М.Оийн зүгээс 2001 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Халаалтын төвд засварчнаар ажилласан гэж тайлбарласан боловч 2001 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2002 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй байх тул шүүх уг хугацааг сэргээн тогтоох үндэслэлгүй байна.
Дээрх үндэслэлээр, хүсэлт гаргагч М.Оийн гаргасан Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Халаалтын төвд 2001 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2004 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл засварчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан Ойн ТМДСургуулийн захиргаанаас 1983 оны 6 дугаар сарын 30-ны өдөр М.Б нэрээр нээсэн .........50 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр, Сэлэнгэ аймгийн Цэргийн хэлтсээс М.Б нэрээр нээсэн .......04 дугаартай Цэргийн батлах-ын жинхэнэ эзэмшигч нь хүсэлт гаргагч Б овогт М.О /РД:............./ мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Халаалтын төвд 2001 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2004 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл засварчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай М.Оийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ