Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2023/ДШМ/404

 

 

 

 

 

 

   2024            4              2                                         2023/ДШМ/404           

 

 

Б.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           прокурор М.Анхцэцэг,

           хохирогч Х.М,

           нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

           Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/15 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Х.Мөнхсолонгын гаргасан давж заалдах гомдлоор Б.Мд холбогдох эрүүгийн 2310008231904 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Цагаан Соёо овгийн Б.М, 1992 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Архангай аймагт төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Налайх дүүргийн 2 дугаар хороо, 34 дүгээр байрны 31 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:УД92091502/;

            Шүүгдэгч Б.М нь тоног төхөөрөмж буцалтгүй зээлийн гэрээ байгуулаагүй байхдаа хохирогч Х.Мд тоног төхөөрөмж буцалтгүй зээлийн гэрээ байгуулсан гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 300.000 төгрөг, 01 дүгээр сарын 15-ны өдөр 5.700.000 төгрөгийг үргэлжилсэн үйлдлээр шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.      

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Мыг зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мын эдлэх 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялыг нэг хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгчид сануулж, оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Маас 6.000.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Х.Мд даалгаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Хохирогч Х.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дээрх шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь ганцаараа бодит байдлыг нуух замаар үйлдсэн залилах гэмт хэргийг үргэлжилсэн гэмт хэрэг гэж прокурор яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна гэж үзлээ хэмээн Б.Мыг тус хэргийг ганцаараа үйлдсэн буюу гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэр байхгүй байна хэмээн хэргийг буруу дүгнэсэн байна. Учир нь шүүгдэгчийн нөхөр болох Г.Билгүүн нь энэхүү гэмт үйлдлийг анхнаас нь мэдэж байсан бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн эзэмшлийн 5749634633 тоот дансаар 300.000 төгрөгийг авч ашигласан. Мөн Б.М нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгөхдөө Хаан банкны 5749634633 тоот данс руу 2 удаа “орлого” гэсэн утгаар 2.000.000 төгрөг, “1” гэсэн утгаар 500.000 төгрөг шилжүүлсэн нь миний нөхөр Г.Билгүүн нь мөнгө шаардлагатай болоод авч байсан хэмээн мэдүүлдэг бөгөөд Г.Билгүүн нь надаас залилж авсан мөнгийг анхнаас нь ямар мөнгө гэдгийг мэдсэн хэрнээ хувьдаа заримыг нь авч хэрэглэж байсан нь тогтоогддог. Гэвч мөрдөн шалгах ажиллагаанд тогтоогдсон Г.Билгүүний намайг залилах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон үйлдлийг бүрэн тогтоож түүнийг хамтад нь яллагдагчаар татаагүй, анхан шатны шүүхээс энэ талаар зөв дүгнэлт хийгээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх рүү буцааж Г.Билгүүний гэмт хэрэгт хамтран оролцсон үйлдлийг хамтад нь шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

            Прокурор М.Анхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Б.М нь тоног төхөөрөмж буцалтгүй зээлийн гэрээ байгуулаагүй байхдаа тоног төхөөрөмж буцалтгүй зээлийн гэрээ байгуулсан гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч хохирогч Х.Мос 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 300.000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 5.700.000 төгрөгийг Билгүүн болон өөрийн эзэмшлийн банкны дансаар шилжүүлэн авч үргэлжилсэн үйлдлээр залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон. Билгүүний хувьд хохирогчийг төөрөгдөлд оруулж мөнгө шилжүүлж авсан үйлдэл буюу хохирогч Х.Мтой харилцсан үйлдэл огт байдаггүй. Иймд зөвхөн шүүгдэгч Б.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн эсэх зэрэг бусад хувийн байдлыг харгалзан түүнд 1 жилийн хугацаагаар Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дахь заалтад “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор заажээ.

Хохирогч Х.М “...Б.Мд холбогдох хэрэгт түүний нөхөр Г.Билгүүний үйлдэл оролцоо байгаа тул хамтруулан шийдвэрлэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, хохирогч Х.Мөнхсолонгын “...Б.М би Налайх дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний даргын туслахыг таньдаг, тийм болохоор тоног төхөөрөмжийн буцалтгүй зээлийн гэрээ байгуулчихсан гээд миний фейсбүүк хаягаар Б.М болон түүний нөхөр Г.Билгүүн нарын гарын үсэг болон тамга тэмдэгтэй цаас явуулсан байсан.  ...би 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Г.Билгүүний эзэмшлийн данс руу 300.000 төгрөгийг гэрээсээ өөрийн интернэт банкаар шилжүүлсэн. ...” /хх 20-21/,

шүүгдэгч Б.Мын яллагдагчаар өгсөн: “...Х.Мос нөхөр Г.Билгүүний Хаан банкны дансанд 300.000 төгрөг, өөрийн Хаан банкны дансанд 5.700.000 төгрөг, нийт 6.000.000 төгрөгийг авч өөрийн дансанд байршуулсан. 2023 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр “1” гэсэн утгаар 500.000 төгрөг, “orlogo” гэх утгаар 1.000.000 төгрөгийг Хаан банкны данс руу шилжүүлсэн нь миний нөхөр Г.Билгүүн тухайн үед мөнгө хэрэгтэй байна гэж аваад буцааж өгсөн бөгөөд хувийн хэрэгцээндээ зарцуулсан. ...” /хх 98, 121/ гэсэн мэдүүлгүүд,

Х.Мөнхсолонгын Хаан банкны 58023326464 дугаарын “...Г.Билгүүний 5749634633 дугаарын данс руу 300.000 төгрөг шилжүүлсэн. ...” /хх 24/, Г.Билгүүний Хаан банкны 5749634633  дугаарын  “...Х.Солонгын  5023326464 данснаас 300.000 төгрөгийн “О” гэх утгаар орлого орсон. ...” /хх 48/, Б.Мын Хаан банкны  5749652700 дугаарын “Г.Билгүүний 5749634633 дугаарын данс руу “1” гэх утгаар 500.000 төгрөг, “Orlogo” гэх утгаар 1.000.000 төгрөг шилжүүлсэн. ...” /хх 114/ дансны хуулгууд болон Санхүүгийн дэмжлэгийн хөрөнгөөр авах тоног төхөөрөмж, түүний эд материалын жагсаалт гэх гэрээг “А талыг төлөөлж Т.Эрдэнэчимэг, Б талыг төлөөлж Б.М, Г.Билгүүн” нар байгуулсан /хх 28/ тухай баримтууд авагджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Х.М хэрэгт Б.Мын нөхөр Г.Билгүүн хамтран оролцсон талаар мэдүүлснээс гадна мөнгө шилжүүлсэн, гэрээ байгуулсан зэрэг баримтууд цугларсан байхад энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах байтал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд заасан хохирогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох үүргийг биелүүлээгүй зөрчил тогтоогдож байгаагаас гадна анхан шатны шүүх шүүхийн шийдвэр гарахад нөлөөлж болохуйц нөхцөл байдал байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Иймд шүүгдэгч Б.Мын хохирогч Х.Мөнхсолонгыг залилсан гэх үйлдэлд түүний нөхөр Г.Билгүүний үйлдэл оролцоо байгаа эсэхийг шалгаж тодруулах, өөрөөр хэлбэл Б.Мд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн Гуравдугаар бүлэгт заасан хамтран оролцогч байгаа эсэхийг анхаарч, зохих ажиллагаа хийх нь зүйтэй.

Иймд хохирогч Х.Мөнхсолонгын гаргасан гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/15 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ,

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ

 

            ШҮҮГЧ                                                       Б.АРИУНХИШИГ

 

                        ШҮҮГЧ                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ