| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бөлтөшийн Раушан |
| Хэргийн индекс | 319/2025/00308/И |
| Дугаар | 319/ШШ2025/00273 |
| Огноо | 2025-05-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 319/ШШ2025/00273
2025 05 08 319/ШШ2025/00273
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Жаргалант сум, Хайрхан багийн 1-12 тоотод оршин суух, Боржин овогт Батдоржийн Баяржаргалын хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Хүсэлт гаргагч Б.Баяржаргал
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Өлзий нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Б.Баяржаргал нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1970 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотын төмөр замын нэгдсэн эмнэлэгт Батдоржийн 6 дахь охин болж төрсөн. Ховд аймгийн Чандмань сумын 8 жилийн дунд сургуулийн 1978 онд элсэн орж суралцаад 1980 онд 8 жилийн дунд сургуулиа төгссөн. 1986 оноос 1988 онд Ховд аймгийн Мөст сумын дунд сургуулийн бүрэн дунд боловсролын эзэмшсэн. Мөн 1988 оны 07 дугаар сараас 1991 оны 05 дугаар сарын 05-ны хүртэл Мөст суманд нийтийн ахуй үйлчилгээнд гутлын тасагт оёдолчин, 1991 онд Ховд аймгийн МСҮТ-д тогоочийн курс төгсөж тогоочийн мэргэжил эзэмшсэн. Түүнээс хойш хувиараа хөдөлмөр эрхэлж байна. Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч ажилд орсон болон ажлаас гарсан тушаал архивт хадгалагдаагүй тул ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний 1988 оны 07 дугаар сараас 1991 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мөст сумын нийтийн ахуй үйлчилгээний гутлын тасагт оёдолчингоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагч Б.Баяржаргалаас: Иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэн Д.Даржаа, Н.Дуламсүрэн нарын шүүхэд гаргасан тодорхойлолт, архивын лавлагаа, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгаас ирүүлсэн албан бичиг, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, төрсний гэрчилгээний эх хувь, хөдөлмөрийн дэвтрийн эх хувь, гэрэл зургууд зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөв.
3. Шүүхээс: Гэрч Д.Даржаа, Н.Дуламсүрэн нарын гэрчийн мэдүүлэг, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс иүүлсэн ХААТР маягтууд, нийгмийн даатгалын газраас иүүлсэн албан бичиг зэргийг баримтаар бүрдүүлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Б.Баяржаргал нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ. Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Шүүх хуралдаанд тодруулсан хүсэлтийн шаардлагаар Б.Баяржаргал нь 1988 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг дуустал Ховд аймгийн Мөст сумын ахуйн үйлчилгээний төвийн гутлын тасагт оёдолчноор ажиллаж байсан байдал нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд:
Хүсэлт гаргагч Б.Баяржаргалын 1988 оны 07 дугаар сарын 361000 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт Мөст сумын ахуй үйлчилгээний төвийн даргын 1988 оны 07 дугаар сарын 35 тоот тушаалаар 1988 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс Мөст сумын Ахуй үйлчилгээний төвд шинэ гутлын тасагт авч ажиллуулсан,
Мөст сумын ахуй үйлчилгээний төвийн даргын 1991 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 46 тоот тушаалаар 1991 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс өөрийн хүсэлтээр өөр байгууллагад ажиллах болсон тул ажлаас чөлөөлсөн,
Ховд аймгийн Мөст сумын хэрэглээний хоршооны даргын 1991 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 8 тоот тушаалаар 1991 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс хэрэглээний хоршооны дэргэд хувиараа эрхлэх гуанзны тогоочоор авч ажиллуулсан бичилт тус тус хийгдсэн байх бөгөөд дээрх хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн бичилтээс үзэхэд Б.Баяржаргалыг 1988 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 1991 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний шинэ гутлын тасагт оёдолчингоор ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Учир нь Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн хүсэлт гаргагч Б.Баяржаргалын 1988 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн ХААТР-1/а/ маягтад ажилладаг байгууллага 10 жилийн сургууль, ажилд орсон он 1978 он, цех тасаг бригад 10 дугаар анги, оршдог сум район Мөст гэж гэж тус тус бүртгэжээ. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1.-д эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцохоор зааснаар дээрх улсын бүртгэлд бүртгэгдсэн бүртгэлийг үнэн зөв гэж тооцно гэж зааснаар ХААТР баримтад бүртгэгдсэн бүртгэлээр хүсэлт гаргагч Б.Баяржаргалын 1988 оны 06 дугаар сард Ховд аймгийн Мөст сумын 10 жилийн дунд сургуулийн 10 дугаар ангийг төгсөж 1988 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн Ховд аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний шинэ гутлын тасагт оёдолчингоор ажиллаж эхэлсэн гэх тайлбар нотлогдож байна.
3. Ховд аймгийн Нийгмийн даатгалын газрын архивын лавлагаагаар Б.Баяржаргал нь ажилласан жил тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдаж 1991 оны 05 дугаар сараас 2000 оны 12 дугаар сарыг дуустал 9 жил 8 сарыг ажилласнаар нөхөн тооцуулсан болохыг тодорхойлжээ.
4. Гэрчийн мэдүүлэг
4.1. Гэрч Н.Дуламсүрэнгийн ... Би 1969 онд Ховд аймгийн Мөст суманд төрсөн. 1977 онд Ховд аймгийн Мөст сумын 10 жилийн дунд сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж 1987 онд 10 дугаар ангиа төгссөн. 1987 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Ховд аймгийн Мөст сумын нийтийн аж ахуй үйлчилгээний төвд гуталчин, оёдолчингоор 1996 оныг хүртэл ажиллаж байсан. Түүнээс хойш хувиараа хөдөлмөр эрхэлж байсан. Намайг Ховд аймгийн Мөст сумын нийтийн аж ахуй үйлчилгээний төвд гуталчингаар ажиллаж байх үед Б.Баяржаргал нь 1988 оны 07 дугаар сараас эхлэн манай ахуй үйлчилгээний төвийн оёдлын тасагт оёдолчингоор ажилд орж байсан бөгөөд бид хамтдаа 1991 оны 05 дугаар сарыг хүртэл ажиллаж байгаад ажлаасаа гарсан... гэх мэдүүлэг,
4.2. Гэрч Д.Даржаагийн .... Би 1963 онд Ховд аймгийн Мөст суманд төрсөн. 1971 онд Ховд аймгийн Мөст сумын 8 жилийн дунд сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж 1979 онд 8 дугаар ангиа төгссөн. 1979 онд 8 дугаар ангиа төгсөөд Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн 3 дугаар бригадад илгээлтээр гарч малчнаар ажиллаж байгаад 1983 онд хугацаат цэргийн албанд татагдсан. 1986 онд цэргийн албанаас халагдаж ирээд Ховд аймгийн Мөст сумын нийтийн аж ахуй үйлчилгээний төвд гуталчингаар 1991 оныг хүртэл ажиллаж байсан. Түүнээс хойш хувиараа хөдөлмөр эрхэлж байсан. Намайг Ховд аймгийн Мөст сумын нийтийн аж ахуй үйлчилгээний төвд гуталчингаар ажиллаж байх үед Б.Баяржаргал нь 1988 оны 07 дугаар сараас эхлэн манай ахуй үйлчилгээний төвийн оёдлын тасагт оёдолчингоор ажилд орж байсан бөгөөд бид хамтдаа 1991 оны 05 дугаар сарыг хүртэл ажиллаж байсан. Ховд аймгийн Мөст сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний төв нь 1991 оны 05 дугаар сард хувьчлагдсан бөгөөд тэр цагаас хойш хувиараа хөдөлмөр хийж байна... гэх мэдүүлэгүүд хэрэгт авагдсан байх бөгөөд гэрч нарт хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч нар мэдүүлгийнхээ эх сурвалжийг заасан тул мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэв.
5. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хүсэлт гаргагч Б.Баяржаргалын 1988 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг дуустал Ховд аймгийн Мөст сумын ахуйн үйлчилгээний төвийн гутлын тасагт оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржин овогт Батдоржийн Баяржаргалыг 1988 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг дуустал Ховд аймгийн Мөст сумын ахуйн үйлчилгээний төвийн гутлын тасагт оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200(далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.РАУШАН