| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/01045/И |
| Дугаар | 307/ШШ2025/00915 |
| Огноо | 2025-05-30 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 307/ШШ2025/00915
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум,.............. тоот хаягт оршин суух, Т овогт Э.С /РД:........../-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Вг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А оролцож тэмдэглэл хөтлөв.
/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн
100.1-т зааснаар нэхэмжлэгч Э.Сийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв./
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э.С нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Вг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Э.С би Б.Втай 2012 оны 7 дугаар сард оюутан байхдаа танилцаж, гэр бүлийн харилцаатай байж байгаад 2013 оны 8 дугаар сарын 23-нд хүү Дыг төрүүлсэн. Би 2012 онд Улаанбаатар хотод дээд сургуульд сурч байхдаа мөн оны 7 дугаар сараас Б.Втай үерхэж, түүний төрсөн эгч Ж-гийнд 2013 оны 6 дугаар сар хүртэл цуг хамтран амьдарч байсан. Гэтэл Б.В нь Завхан яваад ирнэ гэж хэлээд буцаж ирээгүй бөгөөд энэ хооронд 2 удаа утсаар яриад чимээгүй болсон.
Түүнийг хүү бид хоёр дээр ирнэ гэж хэдэн жил харсан боловч бүр сураг нь алдарсан. Одоо хүү Д 12 нас хүрч байгаа бөгөөд Дархан-Уул аймгийн 15 дугаар сургуулийн 6 дугаар ангид сурч байна.
Б.Вг хүү Дын эцгээр тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох гэсэн боловч түүний оршин суугаа хаяг нь тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй, хаягаа өөрчилсөн тул эрэн сурвалжилж, хаягийг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, С.Дын төрсний гэрчилгээний хуулбар, Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт багийн Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 4/82 тоот албан бичиг, Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 01/21 тоот албан бичиг, Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 408 тоот албан бичгийг ирүүлсэн.
Шүүхийн журмаар Б.Вгийн оршин суугаа хаягийн дэлгэрэнгүй лавлагааг Төрийн мэдээлэл солилцооны Хур системээс гаргуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч Э.С нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Вг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана. гэж заасан.
Нэхэмжлэгч Э.С нь Б.Втай хамтран амьдрах хугацаандаа 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүү С.Дыг төрүүлсэн болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. Иймд Э.Сийн нэхэмжлэлтэй, Б.Вд холбогдох хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэгт Б.Вг хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.В нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ........................ тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Төрийн мэдээлэл солилцооны Хур системээс гаргуулсан оршин суугаа хаягийн лавлагаа, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Монгол шуудан ХК-ийн шуудан хүргэгчийн магадлагаагаар тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасны дагуу Алаг адуун овогт Б.В /РД:........./-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй.
5. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Алаг адуун овогт Б.В /РД:........./-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Алаг адуун овогт Б.В /РД:........./-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Алаг адуун овогт Б.В /РД:........./-ийн оршин суугаа хаягийг олж тогтоон нэхэмжлэгч Э.С /утас:............../-д мэдэгдэхийг Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ