Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2025/0407

 

 

 

 

 

 

 

 

      2025        05           28                                   128/ШШ2025/0407

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны тавдугаар танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “И*******” ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.С*******,

Хариуцагч: С улсын байцаагч Э.Б******* нарын хоорондын Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай маргааныг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Т*******, хариуцагч Э.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.А******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч компани нь нэхэмжлэлийн шаардлагаа: “Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Э.Б*******ий 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлжээ.

1. Төрийн худалдан авах ажиллагааны газраас “И*******” ХХК нь Алтай-Бургастай боомт чиглэлийн 253 км хатуу хучилттай замын ТЭЗҮ, зураг төсөл /Говь-Алтай/ гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцохдоо Баян-Өлгий аймгийн Засаг даргатай байгуулсан 202206103 дугаартай Даян боомтын хатуу хучилттай авто замын ажлын зураг төсөл гэрээний үнийн дүнг засаж хуурамчаар бүрдүүлж ирүүлсэн байж болзошгүй тухай албан бичгийг Сангийн яаманд ирүүлсэн.

2. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Худалдан авах ажиллагааны газрын Улсын ерөнхий байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 13 дугаар хяналт шалгалт хийх тухай удирдамжийн дагуу Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Э.Б******* нь “И*******” ХХК-д Төрийн болон орон нутгийн өмчөөр хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдах, худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1-д заасан нөхцөл үүссэн эсэхэд хяналт шалгалт хийж,

3. Улсын байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаар дүгнэлтээр “И*******” ХХК-ийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1 дэх хэсэгт заасан хуурамч баримт бичиг үйлдсэн болохыг тогтоож, тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх саналыг гаргажээ.

4. Улмаар нэхэмжлэгч компани дүгнэлтийг эс зөвшөөрч Худалдан авах ажиллагааны ерөнхий байцаагчид гомдол гаргаж, гомдлын хариуг 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр авч, 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Маргаан бүхий дүгнэлт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

5.1. Худалдан авах ажиллагааны улсын байцаагч нь тогтоогдоогүй нөхцөл байдлын талаар урьдчилсан дүгнэлт гаргаж, түүндээ өөрөө итгэн үнэмшиж түүнийгээ батлах гэж баримтуудыг болон хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн,

5.2. Төрийн болон орон нутгийн өмчөөр хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдах, худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1-д худалдан авах ажиллагаанд оролцоход оролцогчийн ерөнхий болон чадавхын шаардлага, туршлагыг хангах талаар хуурамч баримт бичиг, эсхүл бусад этгээдийн баримт бичгийг өөрчилж тендер ирүүлсэн гэж зохицуулсан байдаг. Улсын байцаагч Э.Б******* нь дээрх хуулийн зохицуулалтыг эцэслэн тогтоолгүй, өөрийн итгэл үнэмшлээр,

5.3. Тус хяналт шалгалтын ажиллагааны үед манай өмгөөлөгчөөс 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 25/25 тоот Хүсэлт гаргах тухай албан бичгээр дээрх гэрээг хуурамч эсэхэд хэн ямар үндэслэлээр үйлдсэн болохыг тогтоолгохоор цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан байгаа тухай илгээсэн байхад тухайн нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр,

5.4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдах, худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.13-т Энэ хуулийн 56.12-т заасан хугацааны дотор эхлүүлсэн хяналт шалгалтад холбогдох асуудлыг эрх бүхий байгууллагаар шалган тогтоолгох зорилгоор хяналт шалгалтыг хойшлуулсан бол уг хугацаа тасалдсанд тооцно гэж заасны дагуу дээрх асуудлыг цагдаагийн байгууллагаас эцэслэн тогтоох хүртэл хяналт шалгалтыг хойшлуулах боломжтой байхад дүгнэлт гаргасан нь хууль бус гэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Э.Б*******ий 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Худалдан авах ажиллагааны газрын Улсын ерөнхий байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 13 дугаар хяналт шалгалт хийх тухай удирдамжийн дагуу болон холбогдох удирдамжийн дагуу Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Э.Б******* нь манай компанид Төрийн болон орон нутгийн өмчөөр хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдах, худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1-д заасан нөхцөл үүссэн эсэх дүгнэлт гаргах зорилгоор хяналт шалгалтыг хэрэгжүүлсэн байдаг. Ийнхүү хяналт шалгалтыг хэрэгжүүлэхдээ улсын байцаагч нь дараах хуулийг зөрчиж дүгнэлт гаргасан нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна. Үүнд Төрийн Худалдан авах ажиллагааны газраас 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн ******* тоот албан бичгийг “И*******” ХХК, Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан 253 км хатуу хучилттай замын зураг төсөлд гүйцэтгэгчийг сонгох тендерийн шалгаруулалтад оролцохдоо Баян-Өлгий аймгийн Засаг даргатай байгуулсан 202206103 дугаартай Даян боомтын хатуу хучилттай авто замын ажлын зураг төсөл гэрээний үнийн дүнг засаж хуурамчаар бүрдүүлж ирүүлсэн байж болзошгүй тухай мэдээг Сангийн яаманд ирүүлсэн байдаг. Төрийн болон орон нутгийн өмчөөр хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдах, худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1-д худалдан авах ажиллагаанд оролцоход оролцогчийн ерөнхий болон чадавхын шаардлага, туршлагыг хангах талаар хуурамч баримт бичиг, эсхүл бусад этгээдийн баримт бичгийг өөрчилж тендер ирүүлсэн; гэж зохицуулсан байдаг. Улсын байцаагч Э.Б******* нь дээрх хуулийн зохицуулалтыг эцэслэн тогтоолгүй, өөрийн итгэл үнэмшлээр дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Тухайлбал тус хяналт шалгалтын ажиллагааны үед манай өмгөөлөгчөөс 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 25/25 тоот Хүсэлт гаргах тухай албан бичгээр дээрх гэрээг хуурамч эсэхэд хэн ямар үндэслэлээр үйлдсэн болохыг тогтоолгохоор цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан байгаа тухай илгээсэн байхад тухайн нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр дүгнэлт гаргасан байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдах, худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.13-т Энэ хуулийн 56.12-т заасан хугацааны дотор эхлүүлсэн хяналт шалгалтад холбогдох асуудлыг эрх бүхий байгууллагаар шалган тогтоолгох зорилгоор хяналт шалгалтыг хойшлуулсан бол уг хугацаа тасалдсанд тооцно. гэж заасны дагуу дээрх асуудлыг цагдаагийн байгууллагаас эцэслэн тогтоох хүртэл хяналт шалгалтыг хойшлуулах боломжтой байсан. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д хуульд үндэслэх, 4.2.5-д зорилдоо нийцсэн бодит нөхцөл байдалд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх гэж тус тус заасан зарчмыг зөрчсөн. Хуульд үндэслэн зорилгодоо нийцсэн бодит үндэслэлд тохирсон шийдвэр гаргах зарчмыг баримтлаагүй байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т Хяналт шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно. гэж заасны дагуу улсын байцаагчийн хяналт шалгалтад урьдчилсан дүгнэлт гаргаж түүнийг батлах замаар хийхийг хориглодог. Гэтэл худалдан авах ажиллагааны улсын байцаагч нь тогтоогдоогүй нөхцөл байдлын талаар урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийг батлах замаар баримтуудыг болон хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Улсын байцаагч нь түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдах, худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6.2-т энэ хууль зөрчсөн зөрчлийг арилгах, хариуцлага хүлээлгэх талаар дүгнэлт гаргаж, эрх бүхий байгууллагад хүргүүлэх; гэж заасны дагуу дээрх гэрээтэй холбоотой асуудлаар эрх бүхий байгууллагад хүргүүлэх боломжтой байсан. Баян-өлгий аймгийн Засаг даргын орлогчоос худалдан авах ажиллагааны улсын байцаагч Э.Б*******д явуулсан бичигт Даян боомтын чиглэлд хатуу хучилттай авто замын ажлын зураг төсөл гэрээг хуурамч байсан талаар дурдаагүй байтал хуурамч мэтээр дүгнэсэн байна. Монгол улс гэм буруугийн хэлбэрийг санаатай болон болгоомжгүй гэж ангилдаг. Гэм буруугүй этгээдийн аливаа гэм, үйлдэлд гэм буруутайд тооцож хариуцлага оногдуулдаггүй зарчим үйлчилдэг. Манай байгууллагын хувьд тендер шалгаруулалтаас хойш 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр эзэмшигч солигдсон бөгөөд бүхэлдээ хувьцааны 100 хувийн эзэмшигчээр Ч******* овогтой Б******* бэлэглэлийн гэрээгээр худалдан авсан. Тухайн тендер илгээсэн үед одоогийн удирдлага Ч.Б*******ийн хувьд ямар нэгэн байдлаар оролцоогүй гэм буруугүй тул гэм бурууг халдааж хариуцлага хүлээлгэх нь үндэслэлгүй, хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдах худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.10-т Холбогдох этгээд улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо ажлын 10 өдрийн дотор худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчид гаргаж болно. гэж заасны дагуу гомдлоо гаргасан байдаг боловч дүгнэлтийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул иймд улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд хандаж байгаа гол зорилго нь зөрчигдсөн субьектив эрхээ хамгаалуулах. Улсын байцаагчийн дүгнэлт нь хууль бус захиргааны акт болсон гэж үзэж байна. Дүгнэлт гаргахдаа хуулийн агуулгыг зөв тайлбарлаж дүгнэлтээ гаргасан уу, холбогдох саналыг эцэслэсэн үү гэдэгт нэхэмжлэгчийн зүгээс маргаж байна. Маш олон удаагийн албан бичиг, тайлбарыг нэхэмжлэгч компаниас гаргасан байдаг. Цагдаагийн байгууллагаар хянан шалгагдах асуудал байна. Хянан шалгагдаж байгаа асуудлыг харгалзаж үзээч. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу бодит нөхцөл байдлыг тогтоох буюу шийдвэр бодит нөхцөл байдалд нийцсэн, тухайн шийдвэр нь зорилгодоо нийцсэн байх гэх гол үндэслэлийг барьдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдах худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1-д заасан үндэслэл нь хуурамч баримт бичиг бүрдүүлсэн үү, үгүй юу гэдэгт дүгнэлт гаргах асуудал байна. Нэхэмжлэгч компанийн хувьд үг, үсэг зөрж байгаа асуудал нь санаатайгаар тухайн ажилтан үүнийг бий болгосон уу, эсхүл санамсаргүй, болгоомжгүй алдаа гарсан уу, эргээд энэ асуудлыг засварлах боломж байсан уу, энэ өөрөө хуурамч бичиг баримт бүрдүүлэх гэдэг агуулгатай нийцэж байгаа эсэхийг харгалзаж үзээч гэж хандсан. Нэхэмжлэгч компанийн хувьд маш олон удаагийн тендер шалгаруулалтад оролцож байсан. Эрхээ хасуулах гэхээс илүү захиргааны байгууллага хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмаар компанийн эрх ашгийг хангаж үзээч гээд нэхэмжлэгч маш олон удаа Сангийн яаманд хандсан. Нэхэмжлэгчийн зүгээс гол агуулга нь тухайн Баян-Өлгий аймгаас ирсэн авсан тодруулга буюу үнийн дүнгээс 511 сая байсныг систем дээр орохдоо 711 сая гэж орсон учраас хуурамчаар бичиг баримт бүрдүүлсэн гэх дүгнэлтийг гаргасан гэдэг. Гэтэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдах худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1-д тухайн асуудлыг эцэслэн тогтоох ёстой гэх үндэслэлийг гаргаж ирсэн. Байцаагчийн дүгнэлт дээр ийм нөхцөл байдал үүссэн болохыг тогтоож байна. Иймээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдах худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1-д заасан арга хэмжээ авч байгаа нь шууд нэхэмжлэгч байгууллагын субьектив эрхэд халдсан шийдвэр гарч байгааг шүүх анхаарч үзнэ үү” гэв.

 8. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Төрийн худалдан авах ажиллагааны газраас Сангийн яаманд ирүүлсэн 09 дүгээр сарын 27-ны өдрийн ******* хүсэлтийн дагуу улсын ерөнхий байцаагчийн удирдамж гаргаад, “И*******” ХХК-тай холбоотой Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдах худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1-д заасан нөхцөл байдал үүссэн эсэхэд хянан шалгах ажлыг эхлүүлсэн. Төрийн худалдан авах ажиллагааны газраас ирүүлсэн албан бичгийн хавсралтаар 253 километр хатуу хучилттай авто замыг ТЭЗҮ, зураг боловсруулах тендер шалгаруулалтад оролцохдоо ажлын шаардлага буюу Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан Даян боомтын хатуу хучилттай авто замын ажлын зураг төсөл гэрээний үнийн дүнг засаж ирүүлсэн байх болзошгүй учраас хяналт шалгалт хийж өгөхийг хүссэн. Албан бичгийн хавсралтаар Баян-Өлгий аймгаас аймгийн Засаг даргаас Төрийн худалдан авах ажиллагааны газарт хандаад тодруулга аваад, Баян-Өлгий аймгийн худалдан авах ажиллагааны газраас Төрийн худалдан авах ажиллагааны газарт тодруулгын хариу буюу Баян-Өлгий аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний хуулбар хавсралтыг нь ирүүлсэн байдаг. Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн хийсэн хянан шалгалтын хүрээнд Баян-Өлгий аймгийн Засаг дарга руу Төрийн худалдан авах ажиллагааны газарт хүргүүлсэн тодруулгынхаа хариуг нотлох баримтын шаардлага хандуулан ирүүлээч гэдэг албан бичгийг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 11/424 тоот бичгээр хүргүүлсэн. Хяналт шалгалтын хугацаанд миний явуулсан албан бичгийн хариуг ирүүлэхгүй байсан учраас энэ Баян-Өлгий аймгийн Худалдан авах ажиллагааны газартай удаа дараа утсаар холбогдож албан бичгийнхээ хариу, PDF файл, цахим хуудсаар ирүүлсэн байдаг. Нотлох баримтын шаардлага хангуулаад ирүүлсэн баримтыг нь үндэслээд Төрийн худалдан авах ажиллагааны газраас Баян-өлгий аймгийн Засаг даргаас авсан тодруулгын хариуг үндэслээд “И*******” ХХК нь уг тендер шалгаруулалтад оролцохдоо ижил төстэй ажлын шаардлагыг хангах зорилгоор уг гэрээний үнийн дүнг 511 саяыг, 711 сая болгон засварласан байна. Засварласан байна гэж үзэх үндэслэлтэй байна гэж үзээд тендер шалгаруулалтад оролцох эрхийг хязгаарлах этгээдийн жагсаалтад бүртгэх саналыг гаргасан. “И*******” ХХК-ийн хувьд хяналт шалгалтын ажлыг хийж байгаатай холбогдуулаад өөрсдийн тайлбар албан бичгээр хавсарган ирүүлсэн. Гэрээний үнийн дүн зассан асуудалтай огт маргадаггүй. Ч.Б******* нь бүх процесс болсны дараа бэлэглэлийн гэрээгээр компанийг хүлээж авсан. Баримт бичгийг илгээхдээ гэрээний үнийн дүн зассан асуудал дээр холбогдуулан, энэ ажлыг хийсэн албан тушаалтанд хариуцлага тооцож ажлаас нь халсан, энэ асуудлаар цагдаагийн байгууллагад хандаж байгаа гэдэг тайлбар хэлдэг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдах худалдан авах тухай хуульд тендерийн баримт бичиг дээр тавьсан шаардлагыг хангах зорилгоор тухайн баримт бичгийг хуурамчаар үйлдэж илгээсэн үү, үгүй юу эсэх асуудал дээр хяналт шалгалт хийж тогтоогдож байгаа. Сангийн сайдын баталсан тендер шалгаруулалтыг цахим системээр явуулах журамд тухайн оролцогч компани тендерээ илгээхдээ тендерийн үнэн зөв байдлыг дангаараа бүрэн хариуцна гэдэг агуулга байдаг. Хэрэв компанийн хувьд тендер шалгаруулалтад оролцохдоо тоо, гарын үсгээр баримтаа баталгаажуулан илгээсэн байдаг. Баян-Өлгий аймгийн Засаг даргаас ирүүлсэн албан бичиг болон хавсралтаар ирүүлсэн гэрээнд компанийн цахим системээр илгээсэн тендерт илгээсэн ижил төстэй ажлын гэрээний хооронд нь харьцуулаад үзэхэд гэрээний үнийн дүнгээс бусад бүх цэг, таслал, үг үсэг бүгд яг ижилхэн байсан учраас энэ хоёр баримтыг үндэслээд энэ компани тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангах зорилгоор гэрээний үнийн дүнг засаж илгээсэн нь тогтоогдож байна гэж үзээд дүгнэлтийг гаргасан. Түүнчлэн Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-19.1-д ижил төстэй ажлын батлагдсан төсөв өртөг нь 30 хувиас дээшгүй байх шаардлагыг тавьсан. Тухайн тендерийн батлагдсан төсөвт өртөг нь 2 тэрбум 150 сая 500 мянган төгрөг. 30 хувь гэж тооцвол 645 сая 150 мянган төгрөгөөс дээш ажил гүйцэтгэсэн гэрээ биелүүлэх шаардлагатай. Гэтэл Баян-Өлгий аймгийн Засаг даргатай байгуулсан Даян боомтын гэрээний үнийн дүн нь 511 сая байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдах худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1-д зааснаар гэрээний үнийн дүн буюу 511 саяыг засварлаад 711 сая болгосон нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангах зорилгоор өөрчлөн хийсэн байна гэж үзээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдах худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56..5.1-д заасан нөхцөл үүссэн байна гэж дүгнэлтийг гаргасан. Цагдаагийн газарт тухайн компанийн ажилтны асуудлаар хэрэг үүсгээд явж байгаа асуудал яриад байна. Хуулийн хүрээнд тухайн оролцогч компани нь тендерийг илгээхдээ тендерийн баримт бичгийг үнэн зөв эсэх, хуурамч эсэх, завсарласан эсэхэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдах худалдан авах тухай хуулийн 56.5.1-д заасны дагуу тендерт оролцох эрхийг хязгаарлуулах жагсаалтад бүртгэх саналыг бид гаргаж байгаа. Цагдаагийн байгууллагад тухайн буруутай ажилтныг шалгуулж байгаа асуудал нь өөр хуульд зааснаар тухайн компани тэр хүнээс хохирлоо нэхэмжилж асуудлаа шийдвэрлүүлэх ёстой. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдах худалдан авах тухай хуулийн дагуу тендерт илгээсэн компанийн материал нь үнэн зөв байна уу, зөрүүтэй байна уу гэдэг асуудал дээр хяналт шалгалт хийж дүгнэлт гаргасан. Бүх оролцогчид цахимаар материалаа тоон гарын үсгээр баталгаажуулж ирүүлж байгаа. Тухайн оролцогч өөрөө тендерийн материалын үнэн зөв байдлыг бүрэн хариуцна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1. Нэхэмжлэгч “И*******” ХХК нь Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан ЭЗХЯ/20240103072 дугаартай “Алтай-Бургастай боомт чиглэлийн 253 км хатуу хучилттай замын ТЭЗҮ, зураг төсөл /Говь-Алтай/” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтад оролцохдоо Баян-Өлгий аймгийн Засаг даргатай байгуулсан “Даян боомтын хатуу хучилттай авто замын ажлын зураг төсөл” гэрээний үнийн дүнг засаж, хуурамчаар бүрдүүлж ирүүлсэн байж болзошгүй тухай Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн ******* тоот албан бичгээр худалдан авах ажиллагаанд хяналт тавих төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүний эрх бүхий улсын ахлах байцаагчид ханджээ.

2. Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын ахлах байцаагч Э.Б******* “И*******“ ХХК-д Худалдан авах ажиллагааны ерөнхий байцаагчийн удирдамжийн дагуу  хяналт шалгалт хийх тухай Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн мэдэгдлийг цахим шуудангийн хаягаар хүргүүлсэн, үүний дагуу  “И*******” ХХК-аас Сангийн яамны хууль, эрх зүйн газарт гаргасан 2025 оны 01 дүгээр сарын 07-ны А/05 дугаартай тайлбар ирүүлсэн нь бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

3. Хариуцагч Худалдан авах ажиллагааны улсын байцаагч нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дүгээр удирдамжийн дагуу нэхэмжлэгч компанийг худалдан авах ажиллагааны хууль тогтоомж зөрчсөн эсэхийг шалгаж, тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах санал гаргахтай холбоотой хяналт шалгалт хийхээр шалгалтын хугацааг сунгасан байна.

4. Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын ахлах байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 06 дүгнэлтээр “И*******” ХХК-аас тендер шалгаруулалтад оролцохдоо Баян-Өлгий аймгийн Засаг даргатай байгуулсан 202206103 дугаартай Даян боомтын хатуу хучилттай авто замын ажлын зураг төсөл гэрээний үнийн дүнг засаж хуурамчаар бүрдүүлж ирүүлсэн болох нь И*******" ХХК-аас тухайн тендер шалгаруулалтад тоон гарын үсгээр баталгаажуулан илгээсэн,

 5. Дээрх тендерт хавсаргасан Баян-Өлгий аймгийн Засаг даргатай 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан №БӨАОНӨГ/202206103 дугаартай 711,290,464.0 төгрөгийн үнийн дүнтэй "Даян боомтын хатуу хучилттай авто замын ажлын зураг төсөв боловсруулах ажлын гэрээ", Худалдан авах ажиллагааны байцаагчаас хүргүүлсэн албан бичгийн хариуд Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2-01/93 тоот хариу албан бичгийн хавсралтаар ирүүлсэн "И*******" ХХК-тай 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан "БӨАОНӨГ/202206103" дугаартай 511,290,464.0 төгрөгийн үнийн дүнтэй "Даян боомтын хатуу хучилттай авто замын ажлын зураг төсөв боловсруулах ажлын гэрээ"-ний үнийн дүнгээс бусад үг үсэг, цэг таслал, гарын үсэг, тамга тэмдэг, засвар зэрэг нь бүгд ижил хэрэглэгдсэн байна,

6. Тухайн гэрээг тендер шалгаруулалтуудад оролцохдоо тендер шалгаруулалтын шалгуур үзүүлэлтийг хангах зорилгоор өөрчилж, засаж илгээсэн гэж дүгнэх үндэслэлтэй гэж үзэж нэхэмжлэгч компанийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Улсын байцаагч оролцогчтой холбоотой дараах нөхцөлийн талаар дүгнэлт гаргана, 56.5.1-д худалдан авах ажиллагаанд оролцоход оролцогчийн ерөнхий болон чадавхын шаардлага, туршлагыг хангах талаар хуурамч баримт бичиг, эсхүл бусад этгээдийн баримт бичгийг өөрчилж тендер ирүүлсэн гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д Улсын байцаагч Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 56.6.1-т энэ хуулийн 56.5-д заасан нөхцөл үүссэн нь тогтоогдсон оролцогчийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх санал гаргахаар заасантай нийцэж байна.

7. Хариуцагч Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаар дүгнэлтээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1 дэх заалтад заасан нөхцөл үүссэн болохыг тогтоож, “И*******” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсэн нь Сангийн сайдын 2023 оны А/248 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Цахим системээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах, түүний тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах журам”-ын 4.5-д “Аж ахуй эрхлэгч холбогдох цахим системээс дамжуулан авч буй өөрийн тендерт холбоотой мэдээлэл, өөрийн ирүүлсэн тендер, түүнд хавсаргасан аливаа баримт бичгийн үнэн зөв эсэхийг нягтлах, алдаатай тохиолдолд тендер хүлээж авах эцсийн хугацаанаас өмнө залруулах үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүйтэй холбоотой хариуцлагыг дангаар хүлээнэ” гэж, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам-ын 2.1-д Тендерт оролцогч ... илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг худалдан авах ажиллагааны улсын байцаагч тогтоосон ... нь тухайн этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах үндэслэл болно, 2.2-т Худалдан авах ажиллагааны улсын байцаагч энэ журмын 2.1-д заасан нөхцөл үүссэнийг тогтоосон бол тухайн этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналаа холбогдох баримтын хамт төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ гэж заасныг зөрчөөгүй байна.

8. Иймд Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаар дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг үндэслэн ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.5.1, 56.6, 56.6.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “И*******” ХХК-аас Сангийн яамны Худалдан авах ажиллагааны газрын улсын байцаагч Э.Б*******д холбогдуулан гаргасан “Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дугаар зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                  Д.ЧАНЦАЛНЯМ