Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2023/ДШМ/405

 

 

 

 

 

 

    2024           4             2                                         2023/ДШМ/405

 

 

Т.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           прокурор Ц.Сайнхүү,

           нарийн бичгийн дарга Х.Саранзаяа. нарыг оролцуулан,

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, С.Аюушжав нарын бүрэлдэхүүнтэй  хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/01 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Бы гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2206000002288 дугаартай хэргийг 2024 оны 2 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Жумдайлай овгийн Т.Б, 1979 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, эрэгтэй, 44 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 57 дугаар гудамж 690 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД: АД79030818/;

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 506 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,

            Шүүгдэгч Т.Б нь 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 80 дугаар байрны орчим Д.Баттулгатай маргалдаж, түүнийг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь халдсаны улмаас Д.Бамь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокуророос: Т.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.            

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Жумдайлай овогт Т.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бд 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Т.Бд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Бы урьд энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон 534 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Баас 6.092.400 /зургаан сая ерэн хоёр мянга дөрвөн зуун/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оюунгэрэлд төлүүлж, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5, 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5 дахь хэсэгт зааснаар цаашид гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, амь хохирогчийн гэр бүлийн гишүүд нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж тус тус шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх хэсэгт тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, хар өнгийн малгайтай цамц, хар өнгийн дугуй энгэртэй цамц, хар өнгийн оймс, саарал өнгийн женсин өмд, саарал өнгийн малгай, хар өнгийн куртка, цагаан өнгийн фудволк, хар хөх өнгийн өмд, саарал өнгийн дотуур өмд, хар өнгийн оймс, пүүзэн гутал 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт тус тус даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Т.Б давж заалдах гомдолдоо: “...Би уг хэрэгт хэлсээр гүтгэгдэж огт танихгүй хүн болох Д.Баттулгыг зодож амь насыг  нь хохироосон гэж хүчээр тулгаж 10 жилийн хорих ял оноосонд маш их гомдолтой байна. Гэрчүүдийн мэдүүлгийг харахад “Дорнод өрөг” ХХК-ийн захирал н.Мөнхцэцэг, түүний нөхөр н.Ганзориг нар захиалж хүн алуулчихаад түүнийгээ надад тохож байна. Учир нь 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдөр би Төрмөнх, Эрдэнэ-Мандал хоёртой архи ууж байхдаа Төрмөнхийг зодсон. Гэтэл 5-ны өглөө намайг хүчээр барьж авч, камерын бичлэгтэй гүрийх хэрэггүй, хэргээ хүлээ гэж ухаан алдтал бороохойдсон. 6-ны өглөө энэ хүнийг яаж таньдаг вэ, хэдэн шил архи уусан, юунаас болж муудсан гэхээр нь би танихгүй гэж үнэнээ хэлсэн. Яллах дүгнэлт надад танилцуулахаар ирэхэд Төрмөнхийг зодсон үйлдэлд яллах дүгнэлт үйлдэж ирсэн гэж ойлгосон. Мөрдөн шалгах ажиллагааны үед би камерын бичлэгээ үзүүлчих, тэгвэл хэргээ хүлээе гэхэд надад учир битүүлэг бичлэг үзүүлсэн. Учир нь 6 дугаар сарын 20-иор шуудайнд хийсэн хүний цогцос олдсон гэсэн. Төрмөнх, Эрдэнэ-Мандал хоёрыг үхсэн, хөдөө ажлаар явсан гэх шалтгаан хэлж байгаа. Одоо Төрмөнх, дүү Энхтөр хоёр “Дорнод өрөг” ХХК-д ажиллаж байгаа. Миний бие энэ компанид 14 жил болсон. Би захирал н.Мөнхцэцэгтэй 2021 оны 7 дугаар сарын 12-ны өдөр маргалдаж гарыг нь заазуурдсанаас үүсэлтэй энэ хүмүүс ингэж байгаа байх. Иймд Мөнхцэцэг гэдэг хүнийг шалгаж өгнө үү. ...” гэжээ.

            Прокурор Ц.Сайнхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Т.Б нь амь хохирогчийг зодож алсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон. Тухайлбал, хэрэгт авагдсан тухайн үйл явдлыг харсан гэх гэрч Энхцэцэг, Хатанбаатар, Хүрэлбаатар нарын мэдүүлэгт “...халзан толгойтой, барзгар нүүртэй хар хувцастай хүн зодож байсан” гэдэг. Эдгээр гэрчүүдээр таньж олуулах ажиллагаа хийлгэхэд шүүгдэгч Т.Б нь амь хохирогчийг зодсон болох нь нотлогддог. Шүүгдэгч давж заалдах гомдолдоо “Би уг хэрэгт хэлсээр гүтгэгдэж огт танихгүй хохирогч Д.Баттулгыг зодож амь насыг нь хохироосон гэж хүчээр тулгаж 10 жилийн хорих ял оноосонд маш их гомдолтой байна. Гэрчүүдийн мэдүүлгийг харахад “Дорнод өрөг” ХХК-ийн захирал Мөнхцэцэг, нөхөр Ганзориг нар захиалж хүн алуулж зохиомлоор надад тохож байна.” гэж дурдсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийн гомдолд дурдсан Мөнхцэцэг гэдэг хүнтэй холбоотой ямар нэгэн шалгах ажиллагааны асуудал огт яригдаагүй. Мөн шүүгдэгч Т.Б нь “би тухайн үед Төрөө гэдэг хүнтэй хамт явж байсан. Төрөө гэдэг хүнийг Мөнхцэцэг мэднэ” гэж өөр гэмт хэргийг энэ хэрэгт холбож тайлбарлаж байсан. Шүүгдэгчийн гомдолд дурдсан Мөнхцэцэг гэсэн хүн нь энэ хэрэгт ямар ч хамааралгүй юм. Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Т.Б нь 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 80 дугаар байрны орчим Д.Баттулгатай маргалдаж, түүнийг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь халдсаны улмаас Д.Бамь насыг хохироосон болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оюунгэрэлийн "...2022 оны 7 дугаар сарын              5-ны өдөр цагийг нь санахгүй байна, эгч Д.Оюундэлгэр над руу утсаар залгаад Д.Баттулга ахыг нас барсан байна. Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас ярьж байна гэж хэлсэн. 2022 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хамгийн сүүлд цалингийн урьдчилгаа гэж 100.000 төгрөг авсан байсан. архи уугаад явахаараа хэд хоног гэртээ орж ирдэггүй юм гэхэд ядаж манайд ороод ирдэг. Надтай уулзах үедээ нүүрэндээ болон толгойдоо ямар нэгэн гэмтэл шархгүй царай зүс нь сайхан болчихсон байсан. Талийгаач архи уусан үедээ хөл нь гуйваад явж чадахгүй болчихдог, хүнтэй адилхан их ууж чадахгүй, жаахан уугаад согтчихдог хүн байсан. Архи уусан үедээ агсам согтуу тавих гэсэн ойлголт байхгүй. Уусан үедээ явж чадах тэнхэлгүй болчихдог. ..." /1хх 42-44/,

гэрч Б.Х"...2022 оны 7 дугаар сарын 4-ний өдөр дэлгүүрт сууж байхад гадаа хүмүүс “аллаа болиоч ээ” гээд чанга дуугараад нэгнийгээ шаардаад байсан. Тэгэхээр нь би аргаа бараад дэлгүүрээс гараад очсон чинь дэлгүүрээс ертөнцийн зүгээр зүүн талд хар саравчтай малгайтай, юүдэнтэй малгайтай залуу нь хар өнгийн хүрэмтэй залууг зодож байсан. Би очоод зодож байсан залууг салгаад холдуулсан. Зодуулж байсан ах ертөнцийн зүгээр баруун тийшээ чиглээд яваад өгсөн. Түүнээс хойш багцаагаар 20 гаруй минутын дараа дэлгүүрт байж байхад манай дүү Хүрэлбаатар хүрч ирээд аймаар зодоон болоод байна гэхээр нь яваад очсон чинь хар өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн юүдэнтэй цамцтай, ногоон шуудай үүрсэн ах талийгаачийн нүүр рүү гараараа цохиод байсан. Цохиулсан ах газар унахад нүүр болон толгой руу нь хөлөөрөө дэвссэн. Миний харснаар 3 удаа толгой руу нь дэвссэн. Халзан толгойтой ах, талийгаачийг мөнгө нуулаа, хогийн зан гаргалаа гээд байсан. Тэрнээс хойш яг юу яриад байсан гэдгийг нь тодорхой дэлгэрэнгүй мэдэхгүй байна ...талийгаач залуу нь “Болдоо ахаа болиоч ээ, болъё болъё” гээд байсан. Тухайн залуучууд ер нь нэлээн согтсон байсан, талийгаач хариу үйлдэл гаргаагүй. ..." /1хх 46-49/,

                   гэрч Б.Х"...хар өнгийн малгайтай цамцтай эрэгтэй, хар өнгийн хүрэмтэй эрэгтэйг нүүр рүү нь гараа атгаж байгаад цохиод унахад нь нүүр болон толгой руу нь хөлөөрөө өшиглөөд, толгойгоор нь цементэн шал мөргүүлээд байсан. Зодуулсан эрэгтэй нь 2-3 удаа таталт өгсөн удалгүй цагдаа ирээд яаралтай түргэн тусламж дуудсан. ..." /1хх 51-53/,

                   гэрч Х.Э"...2022 оны 7 дугаар сарын 4-ний өдөр ертөнцийн зүгээр зүүн тийшээ харсан байрлалтай цонхны доор тэнэмэл маягаар амьдардаг бололтой 3-4 хүн эхэндээ чанга чанга яриад юм яриад сууж байсан. Вояажийн цэвэр усны саванд архи хийчихсэн, сүүлдээ согтсон бололтой талийгаачийг халзан гэмээр духтай бор царайтай барзгар нүүртэй хүн зодоод эхэлсэн. Зодуулсан ахын нүүрний хамар хэсэг нь шалбарчихсан, цус болчихсон байдалтай байсан. Талийгаачийг газар унагачихсан байхад нүүр рүү нь хөлөөрөө дэвсээд, хоолойг нь боогоод байсан. Би эхэндээ талийгаачийн бөөнөөрөө тойрчихсон байсан болохоор бөөнөөрөө зодсон гэж ойлгосон байх. Тэрнээс яг нийлээд зодож байхыг нь бол хараагүй. Намайг харж байхад барзгар царайтай, халзан гэмээр духтай ах газар уначихсан байхад нь толгой хэсэг рүү нь дэвсээд байсан. ..." /2хх 237-238/

гэрч Н.Э"...хогийн функерын хажууд хог түүдэг тэнэмэл маягаар амьдардаг бололтой хоёр залуу хоорондоо бие биеэ заамдчихсан. Хажуу талд нь араатан Болдоо зогсож байсан. ..." /2хх 19-20/,

гэрч С.Л"...Тухайн хүмүүс архинаасаа болоод хоорондоо маргалдаж зодолдсон гэж хэлсэн. ...би тэр хүний хажууд нь очоод хэсэг ажиглаж байгаад хажуугаар гарсан бүтэн нэрийг нь мэдэхгүй байна, Бакуна гэх залуугаас энэ хоёр залууг хэн гэдэг талаар асуухад араатан Болдоо, тонгойдог Төрөө гэж хэлсэн. Талийгаачийг зодсон хүнийг нь араатан Болдоо гэж хэлсэн. Би талийгаач дээр оччихоод буцаад ирсэн чинь сууж байсан хоёр хүн яваад өгсөн байсан. Ямар ч байсан миний харснаар араатан Болдоо нь барзгар царайтай байсан. ..." /2хх 22-23/,

гэрч В.Ч"...манай байрны ертөнцийн зүгээр баруун талын 80 дугаар байрны зүүн урд талд хог түүдэг бололтой хэдэн хүмүүс архи уугаад сууж байсан. Тэр хавиар архи уудаг хүмүүсээс араатан Болдоо талийгаачийг зодсон талаар сонссон. Тэрнээс миний хувьд зодооныг хараагүй учраас араатан Болдоо нь хэн, нас барсан нь хэн юм гэдгийг нь мэдэхгүй байна. Би бол араатан Болдоо гэх хүн танихгүй харж байгаагүй сураг сонсоход араатан Болдоо нь их л дээрэлхүү хүмүүсийн ууж байсан архи, тамхийг нь булаагаад авчихдаг хүн гэж сонсож байсан. ..." /2хх 25-26/,

гэрч Н.Н"...тус газарт 19 цаг 50 минутад ирэхэд тухайн байрны гадна талд хогийн функерын хажууд доошоо харж хэвтсэн байдалтай эрэгтэй хүн байсан, толгой нь хажуу тийш харсан байсныг харахад амнаас нь хөөсөрхөг шингэн зүйл гарсан байдалтай пульс мэдэгдэхгүй, амьсгал бүрэн зогссон, нүдний хүүхэн хараанд хариу урвалгүй, рефлексгүй болчихсон, нас барчихсан байдалтай байсан учраас цагдаагийн алба хаагчид хүлээлгэж өгөөд дараагийн дуудлагад явсан. ..." /2хх 34/,

гэрч О.Т“...Би Болдоотой хамгийн сүүлд 2022 оны 5 билүү 6 дугаар сард уулзаж хэсэг хамт явсан, бид хоёр байнга хамт байдаггүй.  Тухайн үед надад гар утас байхгүй байсан учраас он сар өдөр яг сайн хэлж мэдэхгүй байна. Бид нар оршин суух хаяггүй, энэ тэрүүгээр явж шил лааз түүж олсон мөнгөөрөө хоол, архи авч ууж өдөр хоногийг өнгөрөөдөг. Тухайн өдөр би хамт байсан байж магадгүй. ...” /3хх 68-69/,

            шүүгдэгч Т.Бы яллагдагчаар өгсөн “...Төрөө гэх залуутай би байнга хамт явдаг. Уржигдар Нарантуул захын хойд талд Төрөөтэй хамт архи уусан, яг хэдэн цагийн үед гэдгийг мөн тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Миний хувьд Хүрлээгийнд хуванцар сав шил тушаадаг бөгөөд хаагуур явснаа санахгүй байна. Би голцуу маахуур орчмоор хог түүж явдаг. 2021 оны 7 дугаар сард өдрийг нь хэлж мэдэхгүй байна. 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдөр би дээгүүрээ хар өнгийн юүдэнтэй, дотуураа хар өнгийн ноосон нимгэн цамцтай, доогуураа ягаан женсин өмдтэй, хөр өнгийн хагас түрийтэй гуталтай явж байсан. Тухайн өдөр Д.Баттулгатай хаана таарсан, юунаас болж маргалдсанаа мэдэхгүй байна, ямар ч байсан Төрөө гэх залуутай архи уусан. ...Тухайн өдөр би Төрөөтэй маргалдаж барьцалдаж аваад салсан. Ямар нэгэн зодоон цохион хийгээгүй, Төрөөгөөс салаад хойшоо Маахуурын тэнд байдаг хэвтэр дээрээ очиж унтсан. Өглөө нь босоод саваа түүгээд тушаалт өгдөг газраа өгсөн. Захын бараагаа өгөх гээд явж байгаад цагдаад баригдсан.  Би хэрэг гарсан газар руу огт  зүглээгүй, гэрч гэх хүмүүс ямар учраас намайг барьж авч байгааг мэдэхгүй байна. Ямар ч камерын бичлэггүй байхад барьсан, эрүүгийн ахлах, цагдаагийн ахлах дэслэгч Ганбаяр камерын бичлэгээр цохиж, мөн байна гээд намайг барьсан. ...” /1хх 158-163/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 1820 дугаар “...Талийгаачийн биед баруун зулай чамархай хэсгийн хуйх дахь цус хуралт, дагз ясны хальсан дээрх цус хуралт, баруун тал бөмбөлгийн зулай, чамархай, дагзны дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа /150гр/ хэсгийн тархи дарагдалт, баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэнг хамарсан тархмал аалзан хальсан доорх цус харвалт тархины эдийн няцрал, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, элэгний задрал гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун хөмсөгний няцарсан шарх, зулгаралт духны баруун хэсэг, баруун шанаа, баруун хацрын зулгаралт, баруун чамархайн язарсан шарх, эрүүний зүүн доод ирмэг, зүүн чихний гэдэсний доод хэсгийн зулгаралт, баруун, зүүн мөр, хүзүү баруун, зүүн тохойн зулгаралт зэрэг гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн, учирсан гэмтлүүд нь амьд үед үүссэн гэмтлүүд байна. Талийгаачийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. ..." /1хх 125-130/ гэсэн дүгнэлт,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “...Камерын дээд хэсэгт  бараан өнгийн барилга, барилгыг тойроод автомашинууд энд тэндгүй зогссон гол хэсгээр хөндлөн байрлалтай авто машины замтай байна. Камерын гол хэсэгт буюу байрыг тойрсон гадуураа бараан өнгийн төмөр сараалжин хашаатай хашааны гадна талаар засмал замтай замын хажуу талаар явган хүний замтай байна. Төмөр хашааны хажуу талаар буюу засмал замын хажуугаар бараан өнгийн хувцастай царай зүс, өмсөж байгаа хувцас нь тодорхой харагдахгүй нуруундаа хоёр хэсэг юм үүрсэн хүн явж байх бөгөөд араас нь багцаагаар 10-12 метрийн ард талд бараан өнгийн хувцастай хүн хоёр гартаа бага оврын зүйл барьсан алхаж байгаад арагш хараад хэсэг зогсож байгаад урд явж байсан хүний араас нь үргэлжлүүлээд алхав. Араас нь бараан өнгийн хувцастай хоёр хүн төмөр хашаанаас гарч ирээд үүдэнд хэсэг сууж байхад ногоон өнгийн боодолтой бараан өнгийн шуудайтай хүн гарч ирэхэд төмөр хашаанаас цагаан өнгийн машинтай хүн хойшоо ухарч гараад зам руу орж явснаар камерын бичлэг дуусав. ...” /1хх 38/, таньж олуулах ажиллагаа /1хх 20/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэгт заасан “Хүний амьд явах эрхийн эсрэг” гэмт хэргүүдийн хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт этгээдийн гэм буруугийн хэлбэр, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоо зэрэг нь тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлох гол хүчин зүйлс болдог.

            “Хүнийг санаатай алах гэмт хэрэг” нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байна.

            Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт гэмт этгээдийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэх, түүний улмаас үр дагавар үүссэн эсэх нөхцөлийг зайлшгүй шаарддаг.

Амь хохирогч Д.Бцогцост задлан шинжилгээ хийсэн 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 1820 дугаар /1хх 125-130/ дүгнэлт, гэрч Б.Х"...хар өнгийн малгайтай цамцтай эрэгтэй, хар өнгийн хүрэмтэй эрэгтэйг нүүр рүү нь гараа атгаж байгаад цохиод унахад нь нүүр болон толгой руу нь хөлөөрөө өшиглөөд, толгойгоор нь цементэн шал мөргүүлээд байсан. Зодуулсан эрэгтэй нь 2-3 удаа таталт өгсөн. ..." /1хх 51-53/, гэрч Б.Х"...хар өнгийн саравчтай малгай, хар өнгийн юүдэнтэй цамцтай, ногоон шуудай үүрсэн ах талийгаачийн нүүр рүү гараараа цохиод, нүүр болон толгой руу нь 3 удаа хөлөөрөө дэвссэн. ..." /1хх 46-49/, гэсэн мэдүүлгүүд зэргээс үзэхэд шүүгдэгч Т.Б амь хохирогчийг нүүр рүү нь гараа атгаж байгаад цохиод унахад нь нүүр болон толгой руу нь хөлөөрөө өшиглөөд, толгойгоор нь цементэн шал мөргүүлсэн үйлдэл, үхэлд хүргэх гавал тархины гэмтэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Быг “хүнийг алах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд 8-15 жил хүртэл хорих ял шийтгэхээр хуульчилсан бөгөөд шүүхээс Т.Бы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзлээ.

            Шүүгдэгч Т.Б “...Би уг хэрэгт хэлсээр гүтгэгдэж байна. “Дорнод өрөг” ХХК-ийн захирал А.Мөнхцэцэг, түүний нөхөр н.Ганзориг нар захиалж хүн алуулчихаад түүнийгээ надад тохож байна. Иймд А.Мөнхцэцэг гэдэг хүнийг шалгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

гэрч Б.Х"... дэлгүүрээс гараад очиход хар саравчтай малгайтай, юүдэнтэй цамцтай залуу нь хар өнгийн хүрэмтэй залууг зодож байсан. Би зодож байсан залууг холдуулсан. Хар өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн юүдэнтэй цамцтай, ногоон шуудай үүрсэн ах талийгаачийн нүүр рүү гараараа цохиод байсан. Ногоон шуудай үүрсэн ах талийгаачийн нүүр рүү гараараа цохиод, нүүр болон толгой руу нь 3 удаа хөлөөрөө дэвссэн. ..." /1хх 46-49/, гэрч Б.Х"...хар өнгийн малгайтай цамцтай эрэгтэй, хар өнгийн хүрэмтэй эрэгтэйг нүүр рүү нь гараа атгаж байгаад цохиод унахад нь нүүр болон толгой руу нь хөлөөрөө өшиглөөд, толгойгоор нь цементэн шал мөргүүлээд байсан. Зодуулсан эрэгтэй нь 2-3 удаа таталт өгсөн удалгүй цагдаа ирээд яаралтай түргэн тусламж дуудсан. ..." /1хх 51-53/, гэрч Х.Э"...талийгаачийг халзан гэмээр духтай бор царайтай барзгар нүүртэй хүн зодоод эхэлсэн. Зодуулсан ахын нүүрний хамар хэсэг нь шалбарчихсан, цус болчихсон байдалтай, талийгаачийг газар унагачихсан байхад нүүр рүү нь хөлөөрөө дэвсээд, хоолойг нь боогоод байсан. ..." /2хх 237-238/ гэсэн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэгт хийсэн тэмдэглэл /1хх 38/ зэргээс үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал буюу тухайн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд  2022 оны 7 дугаар сарын 4-ний өдөр гэмт хэрэг үйлдэгдсэн үйл баримт тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Т.Бы гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Б нь 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийг хүртэл нийт 103 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/01 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Бы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийг хүртэл нийт 103 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ,

                ШҮҮГЧ                                           Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                ШҮҮГЧ                                           Ц.ОЧ

 

                ШҮҮГЧ                                           Б.АРИУНХИШИГ