| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2306019313745 |
| Дугаар | 2024/ДШМ/406 |
| Огноо | 2024-04-02 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Сайнхүү |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 2024/ДШМ/406
2024 4 2 2024/ДШМ/406
Ө.Нэд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Сайнхүү,
шүүгдэгч Ө.Н, түүний өмгөөлөгч П.Баттулга,
нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/74 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ө.Н, түүний өмгөөлөгч П.Баттулга нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ө.Нэд холбогдох эрүүгийн 2306019313745 дугаартай хэргийг 2024 оны 2 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Хонхтой арслан овгийн Ө.Н, 1992 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тогооч ажилтай, ам бүл 1, ......................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо ................ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.................../;
Шүүгдэгч Ө.Н нь цахим орчинд байр түрээслэх зарыг байршуулж, улмаар уг зарын дагуу холбогдсон хохирогч Б.Эт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 39а байрны 1 тоот байрыг өөрийн байр мэтээр ойлгуулж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хажуу өрөөг нэг сарын 400.000 төгрөгөөр, 3 сарын хугацаагаар түрээслэхээр тохиролцож, 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 400.000 төгрөг, 9 дүгээр сарын 24-ний өдөр 800.000 төгрөг, нийт 1.200.000 төгрөгийг өөрийн эх болох П.Цгийн Хаан банкны 5039155080 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ө.Нийн үйлдлийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ө.Нийг “хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Нэд 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ө.Нээс 750.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Эт олгож, энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ө.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ө.Нэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ө.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөрийн гэм буруугаа ойлгож, гэмшиж хохирогч Б.Эт төлөх 1.200.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан болно. Миний бие бамбай булчирхайн архаг өрөвсөлтэй бөгөөд тус хорих ангид хоригдсоноос хойш нүд байнга бүлцийн хавддаг, мөн хоолой багалзуур төвийж хавдсан байдалтай байна. Би өмнө нь байнгын эмчийн хяналтад байдаг байсан. Эрүүл мэндийн байдлыг харгалзан үзнэ үү. Миний өндөр настай эцэг, эх маань байнгын даралт өндөртэй бөгөөд сэтгэл санаагаар хямран зовж нойргүйдэж байгааг сонссон. Миний дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгөхийг хүсэж байна. ...” гэв.
Шүүгдэгч Ө.Н, түүний өмгөөлөгч П.Баттулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ө.Н нь энэ хэрэгт өмгөөлөгчгүйгээр оролцсон ба хохирлыг бүрэн төлөхөөр завсарлага аваагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад 450.000 төгрөгийн, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 300.000 төгрөгийн, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах хугацаанд 450.000 төгрөгийн хохирол төлж хохирогч Б.Э нь Ө.Нээс 1.200.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул ямар нэгэн санал, гомдолгүй талаар хүсэлтээ ирүүлсэн байна. Ө.Н нь эрүүл мэндийн хувьд бамбай булчирхайн гүн хордлоготой, өнгөт доппылерын урсгалын тархалт эрс ихэссэн, бамбайн баруун дэлбэнгийн хэмжээ нь 6.2, 3.6, 3.4см хэмжээгээр томорсон. Эхо ойлт жигд бус зүүн дэлбэнгийн хэмжээ 5.1, 2.7, 24см хэмжээгээр томорсон байнгын эмнэлгийн хяналтад байдаг ба сэрүүн агаартай газар байж эмчилгээ сувилгаа байнга хийлгэж байхыг зөвлөдөг юм. Ө.Н нь одоо цагдан хорих байранд халуун бүгчим орчинд байгаа нь түүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж нүд нь байнга бүлцийж хавдсан, хоолой багалзуур хэсэгтээ товойж хавдсан амьсгаа нь давчдан зүрх нь дэлсэн чичирч давчиддаг зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал маш их байгаагаас гадна түүний өндөр настай эцэг, эх нь охиныхоо төлөө санаа сэтгэл нь зовж нойргүйдэж байгаа асуудал байгаа юм. Шийтгэх тогтоолын дүгнэх хэсэгт улсын яллагчийн зүгээс “нийтэд тустай ажил хийлгэх ял”, шүүгдэгчийн зүгээс торгуулийн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх санал гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна гэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэснийг хэрэгжүүлээгүй яллах талыг хэтэрхий баримтлан хорих ял оногдуулсан ба хуульд заасан хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой байсан гэж үзэж байна. Ө.Н нь өөрийн гэм буруугаа ойлгон хохирогчид учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан болон түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар ялыг хөнгөрүүлэн хорихоос өөр төрлийн ял болгон өөрчилж өгнө үү. ...” гэв.
Прокурор Ц.Сайнхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ө.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон. Тэрээр гэм буруугийн асуудлаар маргадаггүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад 450.000 төгрөгийн хохирол төлсөн. Шүүгдэгч Ө.Н нь эрхэлсэн тодорхой ажил хөдөлмөргүй тул тогтвортой орлогогүй. Мөн гэмт хэрэг гарсан цаг хугацаанд мөрдөгчид мэдэгдэхгүйгээр явсан асуудал байдаг. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулсан тохиолдолд бусад ялыг биелүүлэх боломжтой эсэхэд бодитой дүгнэлт хийх шаардлагатай. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч Ө.Н нь цахим орчинд байр түрээслэх зарыг байршуулж, улмаар уг зарын дагуу холбогдсон хохирогч Б.Эт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 39а байрны 1 тоот байрыг өөрийн байр мэтээр ойлгуулж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хажуу өрөөг нэг сарын 400.000 төгрөгөөр, 3 сарын хугацаагаар түрээслэхээр тохиролцож, 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 400.000 төгрөг, 9 дүгээр сарын 24-ний өдөр 800.000 төгрөг, нийт 1.200.000 төгрөгийг өөрийн эх болох П.Цгийн Хаан банкны 5039155080 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
Хохирогч Б.Эийн “...би 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр “Gerel Gegee” гэх фейсбүүк хаягтай хүн хажуу өрөө түрээслүүлнэ гэхээр нь очиж үзсэн. Тэр хүн хажуу өрөөгөө 3 сараар 400.000 төгрөгөөр түрээсэлнэ, одоо шууд мөнгөө өгөх юм бол том өрөөг түрээслээд байж болно гэж хэлээд бид хоёр тохиролцсон. Маргааш нь Ө.Нийн эх П.Цгийн Хаан банкны 50391550800 дугаарын данс руу 400.000 төгрөг хийгээд эд зүйлээ аваад байрандаа нүүж орсон. 9 дүгээр сарын 24-ний өдөр уг данс руу дахиад 800.000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр түрээсэлж байсан байрандаа байж байтал хүн хаалга цохихоор нь онгойлгосон чинь “би энэ байрны эзэн байна. Манай байрыг түрээсэлж байсан эмэгтэй мөнгөө өгөхгүй алга болчихлоо” гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. ...энэ байрнаас гарсны дараагаар Ө.Н гэх хүний нөхөртэй холбоо барьж болсон зүйлийн талаар хэлж 450.000 төгрөг буцааж авсан. Нөхөр нь үлдсэн мөнгийг өгнө гэсэн боловч утсаа салгаж алга болсон. ...” /хх 1516, 70-71/,
гэрч Д.С“...би өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 39а байрны 1 тоотыг 2021 оны 7 дугаар сараас эхлэн 1 жилийн хугацаатай түрээсэлж эхэлсэн, тэгээд байрны мөнгө хааяа хоцроод цагтаа хийгээд явж байсан. Гэрээний хугацаа дууссан ч бид хоёр огт гэрээ хийлгүйгээр түрээслээд яваад байсан. Тэгсэн сүүлийн буюу 2022 оны 3 дугаар сараас эхлээд түрээсийн төлбөрөө хийхгүй байгаад байхаар нь гэртээ яваад очихоор байхгүй, гар утас руу нв залгахаар “өгнө” гэж хэлж байгаад сүүлдээ холбогдохгүй болчихсон. 2022 оны 10 дугаар сард дахиад яваад очтол давхар хүмүүст өрөө өрөөгөөр нь түрээслээд хүмүүсийг хохироогоод алга болчихсон байсан. Би байрыг давхар түрээслэх талаар зөвшөөрөл өгөөгүй, мөн анх хийсэн гэрээнд тийм заалт байгаагүй. ...” /хх 23-24, 27-28/,
шүүгдэгч Ө.Нийн яллагдагчаар өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, грийн аппартмент 39а байрны 1 тоотыг би бүтнээр нь түрээсэлж оршин суудаг байж байгаад тухайн байрны хажуу өрөөг түрээслүүлэхээр болж үл таних эрэгтэй, эмэгтэй хүмүүстэй танилцаж түрээсийн мөнгө гэж 3 сараар нийт 1.200.000 төгрөг авсан. Тэгээд данс хаагдсан учир нь ээждээ байраа түрээсэлж байгаа гэж огт хэлээгүй, зүгээр мөнгө орно та надад гаргаад өг миний данс хаагдчихсан гэж хэлээд ээжээсээ мөнгийг нь гаргаж аваад ээждээ картыг нь өгчихсөн. Би өөрөө тухайн байрыг 2 жил түрээсэлж байгаад мөнгөний хэрэг гараад хажуу өрөөгөө түрээслээд олсон мөнгөө аваад өөрийн түрээсийн мөнгөө өгөлгүй тухайн хүмүүст худал хэлж алга болсон. ...” /хх 20, 40/ гэсэн мэдүүлгүүд,
П.Цгийн Хаан банкны 5039155080 дугаарын дансны хуулга /хх 32/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Ө.Нийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Шүүгдэгч Ө.Нийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Харин анхан шатны шүүх, шүүгдэгч Ө.Нэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм бурууд тохирсон боловч шүүгдэгч Ө.Нийн гаргасан “...хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...”, түүний өмгөөлөгч П.Баттулгын гаргасан “...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан нөхцөл байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял болгон өөрчилж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв. Учир нь,
Хэрэгт авагдсан баримтыг судлан үзэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 1.200.000 төгрөгийг шүүгдэгч Ө.Н нь хохирогч Б.Эт /хх 113/ төлж барагдуулсан болох нь бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ө.Н нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлуудыг тус тус харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 1.200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Ө.Н, түүний өмгөөлөгч П.Баттулга нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ө.Н 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийг хүртэл нийт 78 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/74 дугаар шийтгэх тогтоолын:
тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Нэд 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Нэд 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. ...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн 3 заалтыг хүчингүй болгосугай.
2. шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “…Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ө.Нийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 78 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон 1170 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.170.000 төгрөгийг эдлэх ялаас нь хасаж түүний торгох ялыг хэмжээг 30 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 30.000 төгрөгөөр тогтоосугай.
3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ө.Н, түүний өмгөөлөгч П.Баттулга нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авсугай.
4. Шүүгдэгч Ө.Нийг нэн даруй сулласугай.
5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ