| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бөлтөшийн Раушан |
| Хэргийн индекс | 319/2025/00115/И |
| Дугаар | 319/ШШ2025/00227 |
| Огноо | 2025-04-25 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 319/ШШ2025/00227
2025 04 25 319/ШШ2025/00227
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймаг, Зэрэг сум, Бургасан багт оршин суух, Цагаан ******* ургийн овогтой Халзаагийн Төгсжаргалын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Зэрэг сумын Хүүхдийн *******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Зэрэг сумын Хүүхдийн *******ийн эрхлэгчийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/05 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан харуулын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг Ховд аймгийн Зэрэг сумын Хүүхдийн *******т даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Х.Төгсжаргал, түүний өмгөөлөгч Н.Очирбат,
Хариуцагч байгууллагын төлөөлөгч: Ц.Жигдбаяр, түүний өмгөөлөгч Г.Батзаяа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Х.Төгсжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Төгсжаргал миний бие 2024 оны 09 сарын 15-ны өдөр Ховд аймгийн Зэрэг сумын Хүүхдийн *******т эрхлэгчийн мөн өдрийн Б/14 дугаартай тушаалаар харуулаар ажилд орсон. 2025 оны 01 сарын 20-ны хүртэл ажилласан бөгөөд ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлгүй байна. Намайг ажлаас чөлөөлсөн маргаан бүхий Б/05 дугаартай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-д заасныг баримталсан нь үндэслэлгүй. Миний хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй байсан. Харуулын орон тоонд төрийн жинхэнэ албаны шалгалт өгөх шаардлагагүй. Би харуулын ажилд 4 сар 5 хоног ажилласан. Намайг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу 3 сар ажиллуулаад жинхлэх ёстой байсан. Миний ажиллаж байгаа орон тоо түр ажил биш, байнгын орон тоо байсан, хэн нэгэн чөлөө авсан болон ажлын орон тоо хадгалагдаж байгаа зүйл байгаагүй гэв.
2. Хариуцагч Ховд аймгийн Зэрэг сумын Хүүхдийн *******ийн эрхлэгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Х.Төгсжаргал нь тус *******т туршилтын хугацаагаар ажиллаж байсан. 2025 оны 01 сарын 06-ны өдөр тус ажлын байрныхаа сонгон шалгаруулалтад тэнцээгүй учраас чөлөөлөгдсөн. Сумын Засаг даргаас туршилтаар ажиллаж байгаа үйлчилгээний албан хаагчдын орон тоон дээр сонгон шалгаруулалт зарла гэсэн шаардлага удаа дараа тавьж, мөн 2024 оны 12 сарын 30-ны өдрийн 1/258 тоот албан тоот ирүүлснийг тухайн албан хаагч Х.Төгсжаргал болон бусад 3 албан хаагчдад танилцуулж, ийм шаардлага ирээд байгаа учраас сонгон шалгаруулалт явуулах талаар сонсгоход сонгон шалгаруулалт явуулахад татгалзах зүйлгүйгээр Х.Төгсжаргал болон бусад 3 ажилтан шалгалтад оролцсон.
Сонгон шалгаруулалтыг зарлаж, зарын дагуу 21 хүний өргөдөл ирснээс 15 хүн товлосон өдөр сонгон шалгаруулалтад оролцсон. Х.Төгсжаргал сонгон шалгаруулалтыг хүлээн зөвшөөрч оролцсон боловч сонгон шалгаруулалтад тэнцээгүй, мөн дүнтэй танилцан хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан.
Сонгон шалгаруулалтыг төрийн жинхэнэ албаны шалгалт хэлбэрээр зохион байгуулаагүй, байгууллагын сонгон шалгаруулалтын журмаар зохион байгуулж явуулсан болно гэв.
3. Нэхэмжлэгч Х.Төгсжаргал, түүний өмгөөлөгч Н.Очирбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийг анх ажилд авсан тушаал дээр туршилтын хугацаанд авсан өгүүлбэр байхгүй байна. Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.2-д дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2-ыг баримтлан туршилтаар түр ажилд авсан. Ажилтан Х.Төгсжаргалтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, туршилтаар авах хөдөлмөрийн гэрээний хугацаа 6 сар хүртэл байдаг. Туршилтын хугацаагаар түр орон тоонд ажилд орсноо ойлгоогүй, 2025 оны 09 дүгээр сарын 15-нд ажилд ороход сонгон шалгаруулалт зарлаагүй. Мөн ажилд томилсон 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/12 дугаартай тушаалыг мэдээгүй. Ажилд орсон тушаалтайгаа танилцаагүй. Би өмнө нь уг *******т хүний оронд слесараар ажиллаж байсан. 2025 оны 09 дүгээр сарын 15-нд өргөдөл бичиж өгөөд харуулаар ажиллаж эхэлсэн. Анх ажилд авсан Б/12 дугаартай тушаалтай маргахгүй байгаа. Харин 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/05 дугаартай ажлаас чөлөөлсөн тушаалтай маргаж байгаа. Тус *******т 4 орон тоонд сонгон шалгаруулалт авагдсан. Сонгон шалгаруулалтыг хүлээн зөвшөөрч орсон. Надаас сүүлд орсон гурван хүнийг нууцаар авсан гээд Зэрэг сумын Засаг даргатай ашиг сонирхолын зөрчилтэй гэсэн. Сонгон шалгаруулалтад нэгээр гарсан хүн миний орон тоон дээр ажиллаж байгаа, би дөрөвдүгээр байранд орсон гэв.
4. Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.Жигдбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Х.Төгсжаргалыг 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс туршилтын хугацаагаар ажилд авсан. Энэ хугацаанд сонгон шалгаруулалт зарлах шаардлага гараад нэхэмжлэгчтэй зөвшилцөөд өөрөө сонгон шалгаруулалтад орно гэж зөвшөөрсний үндсэн дээр сонгон шалгаруулалтад оруулсан. Сонгон шалгаруулалтад ороод тэнцээгүй учраас ажлаас чөлөөлсөн. Анх Х.Төгсжаргалыг ажилд туршилтын хугацаагаар томилсон тушаалыг өөрт нь гардуулж өгсөн, тэрээр хувийн хэргээ өөрөө бүрдүүлж өгсөн бөгөөд түүн дотор тушаал авагдсан. Тушаалтай танилцаагүй биш танилцсан, тухайн үед бүр тушаалаа гаргуулаад авдаг байж гээд эхнэртэй хамт манай өрөөнд ороод гарсан. Х.Төгсжаргалын эхнэр нь ч тус *******т ажилладаг гэв.
5. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар, Ховд аймгийн Зэрэг сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан бичиг, Ховд аймгийн Зэрэг сумын ******* *******ийн эрхлэгчийн ажлаас чөлөөлөх тухай тушаал, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг гаргаж өгсөн.
6. Хариуцагчаас: хариу тайлбар, сонгон шалгаруулалтын дүнгийн нэгтгэл, удирдамж, тушаалууд, Ховд аймгийн Зэрэг сумын Засаг даргын албан бичиг, сонгон шалгаруулалт явуулах журам, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, цалингийн карт хөдөлмөрийн дотоод журам зэргийг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгч Х.Төгсжаргалын нэхэмжлэлийн шаардлагаас 2025 оны 01 сарын 20-ны өдрөөс 2025 оны 03 сарын 15-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговор 3,077,926 төгрөгийг гаргуулан, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийхийг ажил олгогчид даалгаж, бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгч Х.Төгсжаргал дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон. Үүнд:
2.1. Манаачийн орон тоонд анхнаасаа жинхлэн томилогдсон, сонгон шалгаруулалт зарласан нь үндэслэлгүй,
2.2. Ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг ажил олгогч 1 сарын өмнө мэдэгдээгүй гэв.
3. Хариуцагч дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан. Үүнд
3.1. Х.Төгсжаргал нь анхнаасаа туршилтын хугацаагаар ажилд томилогдсон,
3.2. Сонгон шалгаруулалтад өөрөө зөвшөөрч оролцсон бөгөөд 4-р байранд орсноор сул орон тоо гарсан 3 манаачийн орон тоонд томилогдох шаардлагыг хангаагүй гэв.
4. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдов.
4.1. Нэхэмжлэгч Х.Төгсжаргал нь 2024 оны 09 сарын 15-ны өдөр Ховд аймгийн Зэрэг сумын Хүүхдийн *******т манаачийн орон тоонд туршилтын хугацаагаар томилогджээ. Туршилтын 3 сарын хугацаа дууссан боловч талууд амаар тохиролцож, цаашид үргэлжлүүлэн ажиллуулсан бөгөөд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байна.
4.2. Сонгон шалгаруулалтад манаачийн 3 сул орон тоонд 9 хүн оролцсон, нэхэмжлэгч Х.Төгсжаргал 4-р байранд орсноор манаачийн орон тоонд эхний 3 байранд орсон хүмүүсийг томилжээ.
5. Ховд аймгийн Зэрэг сумын Хүүхдийн *******т манаачийн орон тоонд туршилтын хугацаагаар томилогдсон ажилтан Х.Төгсжаргалыг сонгон шалгаруулалтад тэнцээгүй үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн зүйлийн 78.1.3-т зааснаар манаачийн ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал хуульд нийцсэн тул ажилтан Х.Төгсжаргал нь ажилд эгүүлэн тогтоолгохыг шаардах эрхгүй. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2-т зааснаар туршилтын хугацааны олговрыг шаардах эрхтэй.
6. Нэхэмжлэгч Х.Төгсжаргал нь анхнаасаа манаачийн орон тоонд жинхлэн томилогдсон, манаачийн орон тоонд сонгон шалгаруулалт зарлах ёсгүй гэж маргаж байна.
Сонгон шалгаруулалт зарласан тухайд:
7. Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтнаас бусад ажилтныг салбарын болон тухайн байгууллагад мөрддөг журмыг үндэслэн сонгон шалгаруулалт зарлаж, үнэлгээний дүнг үндэслэн ажилд томилох нь төрийн албанд ажиллах иргэдэд тэгш боломжийг олгосон, шударга зарчимд нийцэх бөгөөд манаачийн орон тоонд сонгон шалгаруулалт зарлах ёсгүй гэж маргасан нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй.
8. Хүүхдийн *******ийн манаач, жижүүр, тогооч ******* ажилтнууд нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар бусад ажилтанд хамаарах бөгөөд тухайн ажилтнуудыг ямар шалгуурыг үндэслэн ажилд томилох нь тус байгууллагын эрхлэгчийн бүрэн эрхэд хамаардаг. Ховд аймгийн Зэрэг сумын Хүүхдийн ******* нь шинээр ажилтныг ажилд авах харилцааг хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10.-д зааснаар Хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ гэж хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлаар аж ахуйн нэгж, байгууллага дотооддоо дагаж мөрдөхөөр холбогдох хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээрт нийцүүлэн ажил олгогчоос бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан баримт бичгийг ойлгоно. Өөрөөр хэлбэл, хуульд заагаагүй хөдөлмөрийн харилцаатай холбоотой нарийвчилсан зохицуулалтыг тухайн байгууллагын ажилтнууд өөрсдөө дотоод журмаараа тодорхойлсноор түүнийг дагаж мөрдөх үүрэгтэй.
9. Ховд аймгийн Зэрэг сумын Хүүхдийн *******ийн 2024 оны 10 сарын 14-ний өдрийн хурлаар баталсан Хөдөлмөрийн дотоод журам-ын 10 дугаар зүйлийн 10.1.3-т Шинээр ажилтан авахдаа тухайн албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэх чадварыг шалгах үүднээс ярилцлага хийх, ажил мэргэжлийн шалгалт авах, ажлын байран дээр шалгах ******* нээлттэй сонгон шалгаруулалтын дэг, зарчмыг баримтлана гэж заасан байна. Уг заалтын дагуу тус *******ийн эрхлэгчийн 2025 оны 01 сарын 06-ны өдрийн А/01 дугаартай Ажлын хэсэг байгуулах тухай тушаалаар сонгон шалгаруулалт явуулах ажлын хэсэг байгуулагдсан. Сонгон шалгаруулалтыг зохион байгуулах комисс 2025 оны 01 сарын 06-ны өдөр Цэцэрлэгийн манаач болон жижүүрийн орон тоон дээр сонгон шалгаруулалт байгуулах удирдамж-ийг гаргаж, манаачийн-3, жижүүрийн 1 орон тоонд сонгон шалгаруулалт явуулжээ. Сонгон шалгаруулалтад манаачийн 3 орон тоонд 9 хүн оролцож, нэхэмжлэгч Х.Төгсжаргал нь 4-р байранд орсноор үнэлгээний оноогоор эхний 3 байранд орсон хүмүүсийг манаачийн сул 3 орон тоонд томилсон байна. Зохигчид сонгон шалгаруулалт явагдсан болон дүнгийн талаар маргаагүй. (хавтаст хэргийн 19, 28, 32-37, 53-64 дэх хуудас)
10. Сонгон шалгаруулалт 2025 оны 01 сарын 06-ны өдөр явагдсан, шалгалтаас эхний 3 байранд шалгараагүй тул ажилтан Х.Төгсжаргал нь цаашид манаачийн сул орон тоонд ажиллах боломжгүй болсныг мэдсэн, ажил олгогчоос сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн манаачийн орон тоонд томилохыг ажилтан Х.Төгсжаргалд амаар мэдэгдэж байсан нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар тогтоогдсоноор ажил олгогчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахыг ажилтанд мэдэгдсэн гэж үзнэ. Сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн манаачийн сул орон тоонд ажилтнуудыг томилсноор ажилтан Х.Төгсжаргалыг цаашид үргэлжлүүлэн ажиллуулах шаардлагагүй гэж үзээд 30 хоногийг хүлээхгүйгээр 2025 оны 01 сарын 20-ны өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5-д заасантай нийцжээ. Туршилтын хугацаагаар ажиллуулсан ажилтны туршилтын хугацаа нь дууссаны дараа заавал ажлын байраар хангах, цааш нь үргэлжлүүлэн ажиллуулах үүргийг ажил олгогч хүлээхгүй тул шалгалтын үр дүнг үндэслэн, ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулахыг нэхэмжлэгч шаардах эрхгүй.
Туршилтын хугацааны тухайд,
11. Ховд аймгийн Зэрэг сумын Хүүхдийн *******ийн эрхлэгчийн 2024 оны 09 сарын 15-ны өдрийн Б/12 дугаартай Ажилд томилох тухай тушаалаар ажилтан Х.Төгсжаргал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2-т зааснаар туршилтын хугацаагаар манаачийн ажилд томилогдсон.
12. Ажил олгогч ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж болохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д заасан. Хуулийн дээрх зохицуулалтаар манаачийн байнгын орон тоонд туршилтын хугацаагаар ажиллуулахаар ажилтан Х.Төгсжаргалыг ажилд томилсон ажил олгогчийн тушаал хуульд нийцнэ. Ажилтан Х.Төгсжаргал нь анхнаасаа манаачийн орон тоонд туршилтын хугацаагаар томилогдоогүй, жинхлэн томилогдсон, ажил олгогчоос ажилд томилсон тушаалыг гардуулж өгөөгүй гэх боловч ажилтан хувийн хэргээ өөрөө бүрдүүлж өгсөн бөгөөд түүнийг ажилд томилсон тушаалыг ажил олгогч тухайн үед гардуулж өгсөн болох нь шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараар тогтоогдов.
13. Ажилтан Х.Төгсжаргалтай ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, талууд энэ талаар маргахгүй байна. Ажилтан Х.Төгсжаргал 2024 оны 09 сарын 15-ны өдрөөс 2025 оны 01 сарын 20-ны өдрийг хүртэл ажил, үүргээ гүйцэтгэснээр Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар ажил олгогч, ажилтан хоёрын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно.
14. Туршилтаар ажиллуулах гэрээ нь тодорхой хугацаатай байгуулагддаг гэрээний төрөл бөгөөд гэрээг сунгах, сунгагдсанд тооцох эсэх нь талуудын хүсэл, зоригоос хамаардаг, туршилтын гэрээ 3 сарын хугацаатай байгуулагддаг, туршилтын гэрээний 3 сарын хугацаа дуусахаас өмнө ажил олгогч гэрээг цуцлах эрхтэй боловч энэхүү гэрээг цуцалсан үндэслэлээ нотлох үүрэгтэй, нотолж чадаагүй бол уг гэрээ нь 3 сарын хугацаатай байгуулагдсан гэж үзээд энэ хугацааны цалинг ажил олгогчоос шаардах эрхтэй болохыг Монгол Улсын Дээд шүүх шийдвэрээр тайлбарлажээ. (М-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн шийдвэр, 2024 оны 05 сарын 21-ний өдөр, УДШ (иргэний хэргийн танхим), 001/ХТ2024/00107, х5-6.)
15. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9.-д Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар гаргасан албан ёсны тайлбар, Улсын дээд шүүхээс хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад ач холбогдолтой гэж үзсэн шийдвэрийг Төрийн мэдээлэл эмхэтгэлд нийтэлнэ, 25 дугаар зүйлийн 25.7.5.-д Улсын дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах тохиолдолд хяналтын журмаар хянан шийдвэрлэх, 25.7.5.а.-д шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах гэж Улсын Дээд шүүх, түүний бүрэн эрхийг заажээ. Иймд, Улсын Дээд шүүхийн хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор дээрх шийдвэрээр туршилтын хугацаа-г тайлбарласан тайлбарыг маргааныг шийдвэрлэхдээ харгалзан үзлээ.
16. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2, мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т тус тус зааснаар талуудын хооронд туршилтаар ажиллуулах хугацаа 3 сар байсан ба 2024 оны 12 сарын 15-ны өдөр дуусах байжээ. Туршилтын хугацаа дууссан ч талууд амаар зөвшилцөөд цааш нь үргэлжлүүлэн ажиллуулсан байна.
Ховд аймгийн Зэрэг сумын Хүүхдийн *******ийн Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.1.4-т шинэ ажилтныг ажилд авах эцсийн шийдвэрийг *******ийн эрхлэгч шийдвэрлэн тухайн ажилтантай 6 сарын туршилтын хугацааны хөдөлмөрийн гэрээ байгуулна гэж тусгажээ. Хөдөлмөрийн дотоод журмын зохицуулалтаар 6 сарын хугацаатайгаар тогтоосон туршилтын хугацаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа гурван сараас илүүгүй байх бөгөөд харилцан тохиролцсоноор нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгаж болно гэж заасан агуулгад хамаарах бөгөөд тус ******* нь шинэ ажилтныг туршилтын хугацаагаар ажиллуулахдаа 6 сарын туршилтын хугацаа тогтоодог байна. Өөрөөр хэлбэл, ажилтныг 3 сараар томилж, нэг удаа 3 сараар сунгаж ажиллуулдаг гэж үзэхээр байна.
Ховд аймгийн Зэрэг сумын Хүүхдийн ******* нь хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг буюу ажилтныг шинээр ажилд авахдаа тавигдах шаардлага, болзлыг Хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулсан тул энэхүү дотоод журмыг дагаж мөрдөх үүрэгтэй. Хариуцагчаас сонгон шалгаруулалт явагдах хүртэл туршилтын хугацааг сунгасан гэх тайлбар нь дээрх журмаар үгүйсгэгдэж байна.
17. Хэдийгээр Зэрэг сумын Засаг даргын 2024 оны 12 сарын 30-ны өдрийн 1/258 дугаартай албан бичгээр Хүүхдийн *******ийн эрхлэгчид 2024 оны 10 дугаар сард гарсан 4 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж, тухайн орон тоонд ажиллаж буй ажилтнуудыг 2025 оны 01 сарын 02-ны өдрөөс эхлэн чөлөөлөхийг мэдэгдэж байсан ч Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4.-т зааснаар ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохыг эрх бүхий байгууллага шаардсан үндэслэлд хамаарахгүй. Иймд, ажилтан Х.Төгсжаргал нь 2025 оны 03 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны олговор, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг ажил олгогчоос шаардах эрхтэй.
Нөхөн олговрын тухайд,
18. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.-д хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгохоор заажээ. Ажилтан Х.Төгсжаргалыг ажилд нь эгүүлэн тогтоох үндэслэлгүй гэж дүгнэсэн ч туршилтын хугацаа нь дуусах хүртэл ажилгүй байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч хуулийн дээрх зохицуулалтаар нөхөн төлөх үүргийг хүлээдэг.
Нэхэмжлэгч Х.Төгсжаргал нь 2025 оны 01 сарын 20-ны өдрөөс 2025 оны 02 сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны цалинг нэхэмжилсэн бөгөөд туршилтын хугацааг нэг удаа сунгаж, нийт 6 сараар ажилтныг ажиллуулсан гэж шүүх дүгнэснээр туршилтын хугацаа дуусах хүртэлх хугацаагаар түүний ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан олгохоор шийдвэрлэв.
19. 2025 оны 01 сарын 20-ны өдрөөс 2025 оны 03 сарын 15-ны өдрийг хүртэл 1 сар 16 хоног нэхэмжлэгч Х.Төгсжаргал ажилгүй байсан, олговол зохих олговрыг тооцоход:
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 сарын 06-ны өдрийн Дундаж цалин хөлс тодорхойлох тухай А/192 дугаартай тушаалын 2.3.-т хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно, мөн журмын 2.3.5.-т хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор хамаарахаар зохицуулсан байна.
Ажилтан Х.Төгсжаргалын сүүлийн 3 сарын цалинг тооцоход 2024 оны 10-р сард 1,780,793 төгрөг, 11-р сард 1,260,000 төгрөг, 12-р сард 2,220,000 төгрөг, нийт 5,240,793 төгрөгийг 3 сард хуваахад /5,240,793:3/ нэг сарын дундаж цалин 1,746,931 төгрөг байна. Нэг сарын дундаж цалин 1,746,931 төгрөгийг ажлын 21 хоногт хуваахад нэг өдрийн дундаж цалин 83,187 төгрөг, үүнийг ажлын 16 хоногоор тооцоход 1,330,995 төгрөг (16хоногх83,187) байна. Нийт 1 сар 16 хоногийн ажилгүй байсан хугацааны олговрыг 1,746,931+1,330,995=3,077,926 төгрөгөөр тооцов.
20. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7.-д зааснаар ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүргийг ажил олгогч хүлээдэг. Ажилтан Х.Төгсжаргалын туршилтын хугацаа буюу 2025 оны 01 сарын 20-ны өдрөөс 2025 оны 03 сарын 15-ны өдрийг хүртэлх олговрыг гаргуулж шийдвэрлэснээр ажил олгогч нь дээрх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх үүрэгтэй. Иймд, Х.Төгсжаргалын 2025 оны 01 сарын 20-ны өдрөөс 2025 оны 03 сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, төлснийг баталгаажуулах үүргийг ажил олгогч Ховд аймгийн Зэрэг сумын Хүүхдийн *******т даалгав.
21. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан, дуусгавар болгосон талаар ажилтны гаргасан гомдол нь хууль тогтоомжид заасан шүүхээр шийдвэрлэх маргаанд хамаарах бөгөөд хөдөлмөрийн маргааныг шийдвэрлүүлэхээр ажилтан Х.Төгсжаргал нь Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд хандсан боловч тус хороо байгуулагдаагүй болох нь Ховд аймгийн Зэрэг сумын ЗДТГ-ын 2025 оны 02 сарын 12-ны өдрийн 2/19 дугаартай албан бичгээр тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй.
22. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар ажил олгогчийн тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийн үндсэн шаардлага нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн хувьд нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүн 3,077,926 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 64,196 төгрөгийг улсын орлогод оруулж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 78 дугаар зүйлийн 78.1.3, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар нэхэмжлэгч Цагаан ******* ургийн овогт Халзаагийн Төгсжаргалын Ховд аймгийн Зэрэг сумын Хүүхдийн *******ийн эрхлэгчийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/05 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан харуулын ажилд эгүүлэн тогтоолгох, 2025 оны 03 сарын 16-ны өдрөөс хойш нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг Ховд аймгийн Зэрэг сумын Хүүхдийн *******т даалгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2025 оны 01 сарын 20-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 3,077,926 (Гурван сая далан долоон мянга есөн зуун хорин зургаа) төгрөгийг нэхэмжлэгч Х.Төгсжаргалд олгож, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийхийг Ховд аймгийн Зэрэг сумын Хүүхдийн *******т даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д нэхэмжлэгч Х.Төгсжаргал улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн, хариуцагч Ховд аймгийн Зэрэг сумын Хүүхдийн *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 64,196 (жаран дөрвөн мянга нэг зуун ерөн зургаа) төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.РАУШАН