| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2018/0276/Э |
| Дугаар | 283 |
| Огноо | 2018-04-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Отгонтөгс |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 283
2018 04 02 283
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч хуралдааны шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,
улсын яллагч Т.Отгонтөгс
шүүгдэгч Г.Б.р нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Г.лдын Б.рын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1808 0134 20302 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овогт Г.лдын Б.р, Монгол Улсын иргэн,
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Яллагдагч Г.Б.р нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 3 дугаар сарын 08-наас 9-нд шилжих шөнө 03 цагийн орчим Э.г гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч А.Э.гийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний алим, баруун дээд зовхи, зүүн дээд зовхи, зүүн хацар, эрүү, зүүн гуя, баруун бугалга, баруун тохойд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгч Г.Б.р шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч А.Э.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 08-ны орой ...22:00 цагийн үед...нөхөр Г.Б.рын найз О.ний төрсөн өдрийг тэмдэглээд ...10 дугаар хороололд байрлах “Нийслэл” нэртэй пабад очоод...Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо Москва хорооллын урд байрлах...караокед орж ...архи захиалж аваад бид нар дуулангаа архиа хуваагаад ууж байхад 01:00 цагийн үед ээж над руу ...залгаад “юун чимээтэй газар байгаа юм бэ наанаасаа гараад ярь” гэхээр нь би... гарж яриад...буцаад орж ирээд сууж байхад ээж дахиад залгахаар нь ...утсаар ярьтал ээж “хүүхдүүд чинь уйлаад байна нэг нь хурдан ир” гэхээр нь би за за одоо очлоо гэж хэлээд утсаа салгасан. Тэгэхээр нь би нөхөр...дээр Г.Б.р...очоод ...“явлаа” гэж хэлэхэд Г.Б.р “юу яриад байгаа юм бэ, хаачих гээд байгаан” гэхээр нь ээж утастаад байна...гэж хэлээд хувцсаа аваад гарахад караокены гадна приус-20 маркын автомашин зогсож байхаар нь ...тэр таксинд суугаад явж байхдаа мөнгөгүйгээ мэдээд буцаад караокед яваад очтол манай нөхөр Г.Б.р үүдэнд нь зогсож байсан. Тэгтэл манай нөхөр намайг таксины жолоочтой хардаад хэнтэйгээ юу хийгээд яваад байгаа юм бэ гээд таксины жолоочийг чи юу юм бэ гээд дайраад байсан. Тэгээд би таксинаасаа буугаад урагшаа зам гараад өөр такси бариад гэртээ хариад аав, ээж хоёроос мөнгө авч өгсөн. Тэгээд гэртээ ороод орондоо хэвтэж байтал Г.Б.р орж ирээд шууд миний нүүр рүү өшиглөөд авахаар нь би босоод...хоорондоо маргалдсан. ...Тэгтэл манай ээж Эрдэнэцэцэг, дүү Э..боо хоёр орж ирээд Г.Б.рыг загнахад Г.Б.р...уурлаад гараад яваад өгсөн. ...Г.Б.р гараараа толгой руу 2-3 удаа цохиод хөлөөрөө нүүр рүү нэг удаа өшиглөсөн өөр цохиж зодсон зүйл байхгүй...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-22),
2. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3573 дугаар шинжээчийн дүгнэлтэнд
“...Хэсэг газрын үзлэгт: Зүүн нүдний алиманд цус хурсан. Баруун нүдний дээд зовхи, зүүн дээд доод зовхинд захаасаа шарлаж шимэгдэж буй хөхөлбөр хүрэн ягаан өнгийн цус хуралттай, зүүн хацрын доод хэсэгт эрүүний зүүн дээд хэсгийг хамарсан 11х8 см, зүүн гуяны гадна дээд хэсэгт 8х7 см, баруун бугалганы гадна дунд хэсэгт 3х2 см захаасаа шарлаж шимэгдэж буй хөхөлбөр хүрэн ягаан өнгийн цус хуралттай. Зүүн хацар нэлэнхүйдээ овойж хавдсан. Баруун тохойд 3х2 см бүдэг шар өнгийн цус хуралттай... ДҮГНЭЛТ:
1. А.Э.гийн биед зүүн нүдний алим, баруун дээд зовхи, зүүн дээд, доод зовхи, зүүн хацар, эрүү, зүүн гуя, баруун бугалга, баруун тохойд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 28),
3. Шүүгдэгч Г.Б.рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 08-ны өдөр манай найз О.ний төрсөн өдөр болоод би эхнэр А.Э.г...О.нэ, ...Анхаа, Цээгий, Мөнхөө ...бид 6 ...Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээрхороо Моксва хорооллын урд байрлах...караокед ороод 0.75 литрийн Соёрхол архи, 0.5 литрийн Соёрхол архи 2 шилийг уугаад дуулаад сууж байтал 00:00 цагийн үед эхнэр Э.гийн гар утас нь дуугараад хоёроос гурван удаа гарч яриад орж ирээд шууд гадуур хувцсаа аваад явлаа гээд гараад явахаар нь манай найзын эхнэр Цээгий араас нь гараад удалгүй Цээгий орж ирээд танай эхнэр цагаан өнгийн Тоёота приус-20 маркын автомашинд суугаад яваад өгчихлөө гэж хэлсэн. Тэгээд тооцоогоо хийгээд бөөнөөрөө гарахад караокены гадна зогсож байхад эхнэр Э.г цагаан өнгийн Тоёота приус-20 маркын машинтай буцаж ирэхэд надтай маргалдаж байгаад замын цаанаас өөр такси бариад яваад өгсөн. Тэгээд би найзуудаасаа салаад гэртээ иртэл эхнэр гэртээ ирчихсэн орондоо ороод хэвтэж байхаар нь би уурлаад чи манай найзуудын өмнө намайг эвгүй байдалд орууллаа гээд маргалдаж байгаад нүүр рүү нь хөлөөрөө өшиглөсөн ... Тэгтэл хадам ээж хадам дүү хоёр орж ирээд ээж намайг юу болж байгаа юм бэ гэхээр нь би хадам ээждээ учрыг нь мэдэхгүй байж гэж хэлчихээд гараад найз О.ний гэрт нь очиж хоносон...Э.гийн нүүр рүү нэг удаа хөлөөрөө өшиглөсөн өөр цохиж зодсон зүйл байхгүй...би шүүх эмнэлгийн дүгнэлттэй маргах зүйл байхгүй хүлээн зөвшөөрч байна... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37),
4. Хохирогчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 66, 68), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 67),
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 41, 43), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 70), хувийн байдлын талаарх баримт (хавтаст хэргийн 44-45), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 46), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 71-72) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Б.рт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч Г.Б.р нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцуулж, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг гаргав.
Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй шүүгдэгч мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Г.Б.р нь Схд 9-ний шөнө 03 цагийн орчим гэртээ, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хувийн таарамжгүй харилцааны улмаас, шууд санаатай үйлдлээр, бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч А.Э.гийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
- Хохирогч А.Э.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 08-ны орой...22:00 цагийн үед найз нар нь ирээд бид нар... Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо Москва хорооллын урд байрлах...караокед ороод ..архи захиалж аваад бид нар дуулангаа архиа хуваагаад уусан. ...ээж над руу ...залгаад ...хүүхдүүд чинь уйлаад байна нэг нь хурдан ир гэхээр ...нөхөр... дээр очоод Г.Б.р ...явлаа гэж хэлэхэд Г.Б.р юу яриад байгаа юм бэ хаачих гээд байгаан гэхээр нь ээж утастаад байна...гэж хэлээд хувцсаа аваад гарахад караокены гадна приус-20 маркын автомашин зогсож байхаар нь ахаа явах уу гэж хэлээд тэр таксинд суугаад явсан...Тэгээд гэртээ ороод орондоо хэвтэж байтал Г.Б.р орж ирээд шууд миний нүүр өшиглөөд авахаар нь би босоод...хоорондоо маргалдсан Г.Б.р намайг таксины жолооч ахтай хардаад чи хаагуур янхандаж яваад байгаа юм бэ гээд надтай маргалдаж байхдаа гараараа толгой руу 2-3 удаа цохисон...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-22),
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3573 дугаар шинжээчийн дүгнэлтэнд... ДҮГНЭЛТ: ...1. А.Э.гийн биед зүүн нүдний алим, баруун дээд зовхи, зүүн дээд, доод зовхи, зүүн хацар, эрүү, зүүн гуя, баруун бугалга, баруун тохойд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 28),
- Шүүгдэгч Г.Б.рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 08-ны өдөр манай найз О.ний төрсөн өдөр болоод би эхнэр А.Э.г...О.нэ, ...Анхаа, Цээгий, Мөнхөө ...бид 6 ...Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээрхороо Моксва хорооллын урд байрлах...караокед ороод ...сууж байтал ...шууд гадуур хувцсаа аваад явлаа гээд гараад явахаар нь манай найзын эхнэр Цээгий араас нь гараад удалгүй Цээгий орж ирээд танай эхнэр цагаан өнгийн Тоёота приус-20 маркын автомашинд суугаад яваад өгчихлөө гэж хэлсэн. Тэгээд ...Э.г цагаан өнгийн Тоёота приус-20 маркын машинтай буцаж ирэхэд надтай маргалдаж байгаад замын цаанаас өөр такси бариад яваад өгсөн. Тэгээд ...гэртээ иртэл эхнэр гэртээ ирчихсэн орондоо ороод хэвтэж байхаар нь би уурлаад чи манай найзуудын өмнө намайг эвгүй байдалд орууллаа гээд маргалдаж байгаад нүүр рүү нь хөлөөрөө өшиглөсөн ...Э.гийн нүүр рүү нэг удаа хөлөөрөө өшиглөсөн өөр цохиж зодсон зүйл байхгүй...би шүүх эмнэлгийн дүгнэлттэй маргах зүйл байхгүй хүлээн зөвшөөрч байна... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37) зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.
Шүүгдэгч Г.Б.р нь гэр бүлийн хамаарал бүхий хохирогч Э.гийг өшиглөж, цохисоны улмаас хөнгөн хохирол учирсан болох нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдсон ба шүүгдэгчийн үйлдлээс болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Нөгөө талаас “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар гэр бүлийн хамаарал бүхий этгээдийг тодорхойлсон бөгөөд тус хуулийн 3 дугаар зүйлд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий хүн гэдэгт хамтран амьдарч байсан хүнийг ойлгох ба Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах...сэтгэл санаанд нь дарамт учруулах...бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.” гэж тус тус хуулчилсан байна.
Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Г.Б.рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Г.Б.рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 500 нэгжээр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгуулийн ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг,
- Шүүгдэгч нь, улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгч Г.Б.рт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Б.р эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Б.р нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг болох нь түүний мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна. Нөгөө талаар шүүгдэгч нь гэм буруу эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 2 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзэв. Түүнчлэн шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.
III. Бусад асуудлаар
Эрүүгийн 1708 0135 20177 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.