Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 258

 

 

 

 

                       

 

 

  2018           3              23                                            258

 

 

-

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг,

улсын яллагч Р.Энх-Оюун,

хохирогч Г.Д-,

шүүгдэгч Б.У-, Т.Л-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.У-, Т.Л-нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1708027240028 дугаар хэргийг 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т овогт Б-ийн У,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т овогт Т-ийн Л/.

Яллагдагч Б.У-, Т.Л-нар бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан банк”-ны АТМ-ийн урьд Г.Д-тэй таксины мөнгөнөөс болж маргалдан улмаар Г.Д-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч Г.Д- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Найзтайгаа уулзахаар такси бариад явсан. У-ээс утсаар чинь ганц яръя гэхэд яриулсан. Нөгөө хүн маань жаахан байж бай гэхээр нь У-ийн дүүг аваад дахин ярьсан. Завгүй гэхээр нь буцсан. Миний цээжийг урсан, тавихгүй болохоор нь тавиулах гэтэл У- хамар руу 2-3 удаа цохисон. 10000 төгрөг өгье гэж хэлсэн. Илүү мөнгө нэхээд байхаар нь уур хүрээд ийм юм болсон. Мэс засалд ороход 1,5 сая төгрөг хэрэгтэй гэсэн. Хохирлоо нэхэмжилж байна” гэв.

Шүүгдэгч Б.У- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би дүүгээ авахаар явж байсан. Таксинд явж байтал Д- суугаад Замын цагдаагийн газар явъя гэсэн. Тэрээр утсаар чинь яръя гэхэд нь би утасгүй, дүүд байгаа гэсэн. Тэгвэл очоод авчихъя гэхээр нь очиж авсан. 15 км гаруй газар явсан байсан. Тэрээр 10000 төгрөг өгөөгүй. Би Д-тэй зууралдаж байхад хамраас нь цус гарсан. Маргааш нь би хөл рүү нь өшиглөсөн” гэв.  

Шүүгдэгч Т.Л-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Бэлэн мөнгөний машинаас мөнгө авна гэхэд Голомтоос авчих гэхэд 500 төгрөг авдаг, Хаан банк орно гээд эгч Д- хоёр АТМ явсан. Тэгээд муудалцаад байсан. Би Д-ийг явах гээд байхаар нь куртикнээс нь татсан, түүнийг маажсан зүйл байхгүй” гэв.  

Эрүүгийн 1708027240028 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Г.Д-ий: “2017 оны 11 дүгээр сарын 25-ны 22 цаг өнгөрөөд найзуудтайгаа уулзах гээд гарсан. Би “Замын цагдаа руу явъя” гээд төв замаар яван хүргүүлсэн. Найз Шинэцэцэгийн дугаар руу жолооч эмэгтэйн утаснаас залгаж ярихад “би завгүй болчихлоо” гэж хэлсэн. Учир нь миний утасны цэнэг дуусчихсан байсан. Тэгэхээр нь би таксины жолоочид “жаахан хүлээж байя, манай найз гарч ирж магадгүй” гэж хэлэхэд таксины жолооч эмэгтэй “тэгвэл хүлээх зуураа манай дүүг очиж авъя” гээд Хүмүүнлэгийн их сургуулийн урд байрлах 1 паабаас 20 гаруй насны эмэгтэйг авсан. Тэгээд Хүмүүнлэгийн их сургуулийн гадаа байхдаа ахиад таксины жолооч эмэгтэйн утаснаас Шинэцэцэгийн утас руу залгахад утас нь унтарсан байсан. Би жолоочид “за за буцаад гэр рүүгээ харья, Хархорин оръё” гэж хэлсэн. Би “замдаа АТМ-нээс мөнгө авна шүү” гэж хэлээд Цамбын хажуу талын АТМ дээр түр зогссон. Би АТМ-ны гадаа очоод машины км-ынх нь заалтыг харахад 14 км гаруйтай байсан. Би бодохдоо 10.000 төгрөг хавьцаа болох юм байна, би “10.000 төгрөг өгье” гэхэд жолооч эмэгтэй “юу яриад байгаа юм, 15 км гаруй гарчихсан байна, шөнө 1000 төгрөгөөр явдаг юм” гэж хэлсэн. Би таксины жолооч эмэгтэйд “юу яриад байгаа юм бэ, явдаг үнээрээ явна биз, чи замаараа дүүгээ аваа биз дээ” гэхэд “15.000 төгрөг гарсан байна, өг” гэж хэлсэн. Би таксины жолооч эмэгтэйд “би 10.000 төгрөг өгье” гээд машинаас нь буухад тухайн 2 эмэгтэй дагаад машинаас буугаад миний 2 талаас зуурсан. Тэр хоёр хоёулаа миний энгэрээс заамдчихсан байсан болохоор хумсаараа миний энгэрийг маажаад байхаар нь би гараараа тэр хоёрыг болиулах гээд хаасан. Тэр 2 намайг зуураастай байхдаа таксины жолооч эмэгтэй нь “цагдаа дуудсан байж бай” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “за за гурвуулаа хүлээж байя гээд хэсэг хүлээсэн. 5-10 минут хүлээгээд ирэхгүй болохоор нь би тэр хоёрт таксины 10.000 төгрөгөө өгчихөөд явчихъя гээд алхтал нөгөө 2 эмэгтэй ахиад миний цамцны энгэрээс зуураад авсан. Миний куртикны энгэр тайлагдаад тэр 2 цамц, фудволкны захаас зуураад цээж ураад байхаар нь би тэр хоёрын гарыг тавиулах гээд ноцолдтол гараа тавихгүй байсан. Тэгтэл таксины жолооч эмэгтэй гараараа миний нүүр рүү хамар орчим хэсэгт гурван удаа цохисон. Нөгөө хамт явсан эмэгтэй нь миний нүүрийг маажаад, гуя руу өшиглөсөн. Тэр үед миний хамраас цус гарсан. Тэгээд бид 3 буцаад цагдаагийн машинд суугаад цагдаа руу ирсэн. Хамар ясны хугарал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцралыг таксины жолооч эмэгтэй надад учруулсан. Нөгөө эмэгтэй нь таксины жолоочийн хамт нүүр ...цээж маажаад, хоёулаа хөл рүү өшиглөөд байсан учраас дух, зүү хацар, цээжний зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцралыг тэр хоёр эмэгтэй хоёулаа надад учруулсан. Гэхдээ би эрүүлжүүлэгдээд маргааш нь цагдаа дээр ирсэний дараа тухайн таксины жолооч эмэгтэй ахиад миний зүүн хөлийн шилбэ рүү өшиглөөд байсан. Тэр хоёр цээж маажаад байхаар нь би болиулах гээд тэр хоёрын толгойг доош дарсан. Өөрөөр би тэр хоёр эмэгтэйг цохиж зодоогүй. Би 3-4 пиво уусан байсан. Таксины тооцоон дээрээс болж маргалдсан. Би шүүх эмнэлэгт 8000 төгрөгөөр үзүүлсэн, томографт 120.000 төгрөгөөр зураг авхуулсан. Учирсан бодит хохирол ...128.000 төгрөг... Би “Эм Жи Жи” эмнэлэгт хамраа үзүүлэхэд 1.500.000 төгрөгөөр мэс засал хийнэ гэсэн. Би учирсан хохирлоо нэхэмжилж байна. Уг асуудалд гомдолтой байна. ....хуулийн дагуу шийдэж өгнө үү.

...2006 онд би байрныхаа гадаа найзуудтайгаа сагс тоглож байгаад сагсны бөмбөгөнд нүүрнийхээ баруун хэсэг рүү цохиулж байсан. Тэр үед хамар хавдаж, цус гарч байсан. Өөрөөр бол хамраа гэмтээсэн зүйл байхгүй. ...эмчилгээ хийлгээгүй, зураг авахуулаагүй, хүүхэд байсан учраас тоохгүй өнгөрсөн. Тэр үед таксины жолооч миний хамар руу цохисон. Тэгээд хамар нэлэнхүйдээ хавдсан.... Би хамрынхаа яг юуг гэмтсэнийг мэдэхгүй байна. Би хамар гэмтэж гэж ойлгосон” гэх мэдүүлэг /хх-16-17, 18/,

Гэрч Б.Б-ийн: “...тухайн өдөр ...үүрэг гүйцэтгэх хугацаанд оройн 23 цаг өнгөрч байхад “Хаан банк”-ны АТМ-ны хажууд таксины тооцооноос болж хүмүүс маргалдаад зодолдуулсан байна гэсэн дуудлагын жижүүрийн шуурхай албанаас авч ...очсон. Биднийг хэрэг болсан газарт ирэхэд 2 эрэгтэй, 2 эмэгтэй байсан. Нэг эрэгтэй нь сүүлд ирсэн гэж байсан санагдаж байна. Тухайн үед маргаан хийсэн хүмүүс болох 1 эрэгтэй, 2 эмэгтэй хүн байсныг саатуулан цагдаагийн хэлтэс дээр аваачиж хүлээлгэн өгсөн. Тухайн үед ...миний санаж байгаагаар өндөрдүү нуруутай залуугийн хамраас цус гарчихсан байсан. Уг залуу нь таксины тооцоогоо хийхгүй маргаан хийсэн ...байсан” гэх мэдүүлэг /хх-28/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.11.27-ны өдрийн 14755 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Г.Д--н биед хамар ясны хугарал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хацар, цээжний зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх 2017.11.25-нд үүссэн байх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн ...журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-30/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.11.28-ны өдрийн 14720 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Б.У-ийн биед зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэ, баруун гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. ...журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэжээ /хх-35/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.11.28-ны өдрийн 14721 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.Т.Л-ын биед зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн ...журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэжээ /хх-39/,

Шинжээч М.Энхтайваны: “Г.Д-ий хувьд хамар ясны хуучин хугаралтай байсан. Тухайн хэрэг болсон гэх өдөр хуучин хугарал дээр нэмэгдэж шинэ хугарал үүссэн байсан. 14755 дүгнэлтийг гаргахад дүгнэлтэд үзлэгээр илэрсэн хуучин хугарлыг дурдсан болохоос дүгнэлт гаргахад хуучин хугарлыг оруулаагүй. Дээрх 2017.11.27-ны өдрийн дүгнэлтийг гаргахад Г.Д-ий биед учирсан шинэ гэмтлийг дурдаж дүгнэлт гаргасан” гэх мэдүүлэг /хх-41/,

Шинжээч А.А-ын: “14755 дугаар дүгнэлтэд заагдсан хамрын ясны хугарал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь 1 үйлдлээр үүсгэгдэж болох гэмтлүүд учраас тус тусад нь гэмтлийн зэрэг тогтоох шаардлагагүй, хөнгөн зэргийн гэмтэл байна. Үзлэгийн хэсэг газрын үзлэгт дух, зүүн хацар, цээжний хэсэгт үүссэн зулгаралтууд нь хэмжээний хувьд жижиг биеийн гадаргуугийн 1 хувьд хүрэхгүй учир нийтдээ гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин зүүн шилбэний цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг /хх-42-43/,

Шүүгдэгч Б.У-ийн яллагдагчаар өгсөн: “Сонсгож байгаа ялыг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нөхрийнхөө 90-60 ӨВА улсын дугаартай мөнгөлөг өнгийн “Хонда Пит” маркийн автомашинтай гадуур таксинд явж байсан. Хархорин захын урд буудлаас нэг эрэгтэй хүн гар өргөхөөр нь суулгаад “замын цагдаагийн газар явна” гэхээр нь хүргэсэн чинь тэнд “нэг эмэгтэйтэй уулзах гэсэн юм, та утсаараа яриулаач” гэж хэлсэн. Тухайн үед төрсөн дүү Л-ад утсаа үлдээсэн байсан учир “надад байхгүй, дүүдээ үлдээсэн байна” гэж хэлэхэд “дүү чинь хаана байдаг юм, би утсаар ярьж байгаад орохгүй бол болохгүй” гэж нөгөө хүн хэлээд “та дүүгээсээ очоод утсаа авчихаач” гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөгөө эрэгтэйн хамт дүүгийнхээ ажил руу яваад очиход нөгөө эрэгтэй ороод манай дүүг дуудаж гаргаж ирсэн. Дүүгийн ажил тарж байсан учир дүүгийнхээ хамт нөгөө залуутай эргээд замын цагдаагийн газрын баруун талын байрны гадаа очоод нөгөө залуу миний утсаар залгасан. Нөгөө эмэгтэй нь утсаа аваад 2-3 удаа салгасан. Нөгөө эрэгтэй “эргээд 1 дүгээр хороолол оръё” гэж хэлэхээр нь яваад Цамбагаравын буудал дээр ирсэн. 14 км гаруй явсан болох нь заалтаар гарсан. Тэгээд би “15000 төгрөг боллоо” гэхэд нөгөө эрэгтэй “надад мөнгө байхгүй, миний виза картанд мөнгө байгаа” гэж хэлсэн. Би “мөнгөө өгөөч, мөнгөгүй бол яах гэж такси барьсан юм” гэсэн чинь машинаас буугаад явахаар нь араас нь бууж очоод “мөнгөө өг” гэсэн чинь “мөнгө байхгүй, чадахгүй” гэж хэлсэн. Тэгээд цуг “Хаан банк”-ны АТМ дээр бид гурав очоод “мөнгөө аваач” гэхэд “үгүй чадахгүй, чамд өгөхгүй” гэж хэлсэн. “Цагдаа дуудна” гэсэн чинь “тэгээ, сайн л биз, цагдаагийн дарга нь миний найз, тэр тусмаа чи надаас өөр юу ч олж долоохгүй” гэж хэлэхээр нь “чиний цагдаагийн дарга найзтай байх нь надад хамаагүй” гэж хэлсэн. Тэгтэл гараад зугатаах гэхээр нь би куртикнээс нь татсан чинь “наадах чинь 300 долларын үнэтэй куртик” гэж хэлсэн. Би “чи таксиныхаа мөнгийг өгч чадахгүй байж ийм үнэтэй куртик өмслөө юу” гэж хэлэхэд “тавь, янхан, миний куртик урлаа” гэж хэлээд миний толгой руу гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би зүүн гараараа нөгөө залууг заамдаж, зулгаасан. Тэгтэл миний нүүр рүү гараараа 1 удаа цохиод, намайг доош үснээс дарж хоёр хөлний гуя руу өшиглөсөн. Миний үснээс зулгаагаад толгой дээр зулгаасан гараараа цохиод байсан. Тэгтэл манай дүү “болиоч” гээд салгах гэтэл манай дүүг бас үсдэж дараад зодсон. Сүүлд нь миний толгой хавдсан, 2 гуя хөхөрсөн байсан. Тэгээд зууралдаж байгаад салсан. Тэгээд би цагдаа руу дахин залгаад “би хүнд зодууллаа, намайг аллаа ямар удаан ирдэг юм, хүн нь зугтаах гээд байна” гэж ярьж байсан чинь “дуудаач янхан минь наадах чинь надад үйчлэхгүй” гээд миний гарыг цохисон чинь ярьж байсан 10 гаруй хоногийн өмнө хорооллын дэлгүүрээс 180,000 төгрөгөөр худалдан авсан Samsung note-2 euro маркийн хар өнгийн утас гараас газар унаад дэлгэц нь хагарчихсан. Тэр эрэгтэй нэлээд согтуу байсан. Тухайн үед тэр эрэгтэйг би цохиж зодоогүй. Би үснээс зулгаагаад цохиод байхаар нь тавиулах гэж ноцолдож хүзүүн дээр нь улайсан байсныг сүүлд харсан. Би хүн зодоогүй, харин зодуулж, эд хөрөнгөөрөө хохирсон байтал яллагдагчаар байцааж байгаад гомдолтой байна. Би нөгөө залуугийн учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир тэр эрэгтэйн гэмтлийг дахин гаргуулмаар байна. Тэр залуу хуучин хугарсан муруй хамартай залуу байсан. Би хүлээн зөвшөөрөхгүй байна” гэх мэдүүлэг /хх-49-50/,

Шүүгдэгч Т.Л-ын яллагдагчаар өгсөн: “Сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Намайг эгч орой болгон ирж авдаг. Тухайн үед би ажлаасаа гараад эгчийнхээ машинд суухад жолоочийн хажуу талд урд суудал дээр нэг махлаг, өндөр нуруутай эрэгтэй сууж байсан. ...Тэгээд нөгөө залуу “1 дүгээр хороолол оръё” гэхээр нь явж байхад “Саппоро”-гийн орчимд ирээд “Шөлөндөө цайны газар оръё, энд хоолонд даачих юм бол би та хоёрт мөнгө өгөхгүй биз дээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь “юу яриад байгаа юм бэ, очих газраа оч” гэхэд явж байгаад “Цамбагарав”-ын автобусны хойд талын буудал дээр ирээд “энд зогс” гэхээр нь зогссон. Эгч “таксины мөнгө 15000 төгрөг болсон, 15 км явсан” гэтэл нөгөө залуу “юу яриад байгаа юм 10.000 төгрөг байна, авбал ав” гэж хэлсэн. Эгч “таксины мөнгөө өгч чадахгүй байж яах гэж суусан юм” гэтэл нөгөө залуу “би ер нь явах албатай юм уу, өгөхгүй” гэсэн утгатай зүйл хэлээд машинаас буугаад хойш чиглээд явсан. Би араас нь дагаад явтал “яах гэж хүн дагаад байгаа юм бэ” гэхэд нь би “таксиныхаа мөнгийг өгөөч” гэж хэлсэн. Тэгтэл “байж бай, би АТМ ороод аваад өгье” гэсэн. Тэгтэл манай эгч машинаа байрлуулаад нөгөө залуу дээр ирээд “Голомт банк”-ны АТМ-ээс аваад өгчих” гэтэл “шимтгэл төлдөг юм, би заавал “Хаан банк”-ны АТМ-ээс авч өгмөөр байна” гээд зүүн тийш яваад “Хаан банк”-ны АТМ рүү нөгөө залуу орсон. Манай эгч У- араас нь орсон. Тэгээд АТМ-ны өрөөнд ороод тэр залуу картаа уншуулахгүй байсан. Тэгээд хоорондоо хэрэлдээд эгч “цагдаа дуудна” гэсэн чинь нөгөө залуу “цагдаагийн дарга нь миний найз, эсрэгээрээ та нар надад мөнгө өгөх болно шүү” гэж хэлсэн. Эгч “10000 төгрөгөө тэгвэл төлчих” гэж хэлсэн чинь “ер нь би та нарт өгөх албатай юм уу” гээд картаа далд хийчихсэн. Тэгээд зам гараад явах гэхээр нь би араас нь очоод куртикнийх нь энгэрээс нь зүүн гараараа татахад “наадахаа тавь энэ куртик 300 ам долларын үнэтэй” гээд миний гарыг мушгисан. Тухайн үед манай эгчийн баруун гарын алга нь зүсэгдсэн, оёдолтой байсан учир хөдөлж чадахгүй байсан. Эгч “хүүхдийн гар тавь” гээд салгах гэтэл манай эгчийг, намайг үсдээд доош дарсан. Тэгэхдээ манай эгч өөрийнхөө “Самсунг” маркийн гар утсаа гартаа барьсан байж байгаад алдаж унагаасан. Тэгээд нөгөө залуу миний баруун шанаанд нэг удаа гараараа цохисон. Харин манай эгчийн толгой руу нь цохиж, хөл рүү нь өшиглөөд байсан. Тэгээд мөн зогсоолд зогсож байсан машиныг мөргүүлсэн. Манай эгч нөгөө залуугийн энгэрээс нь зүүн гараараа барьсан байсан. Цагдаа нарыг ирэхээс өмнө манай ах хүрч ирээд байж байхад удалгүй цагдаа нар ирсэн. Манай эгч тэр залууг цохисон эсэхийг анзаараагүй. Г.Д-ий биед учирсан гэмтлийг би мэдэхгүй байна. Би зохиж зодоогүй. Тэр эрэгтэй намайг үсдэж, миний баруун хацар, шанаа руу 1 удаа гараараа цохисон” гэх мэдүүлэг /хх-53-54/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-7/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-9/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-11, 12, 69/, хохирлын баримт /хх-59, 60, 66/, шүүгдэгч Б.У-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-70/, Т.Л-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-73/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-75, 77/, Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг /хх-78/, авто тээврийн газрын лавлагаа /хх-79, 80/, депозит дансны хуулга /хх-85-86, 88-93, 94-109/, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийн албан бичиг /хх-121/, мөн дүүргийн прокурорын газрын албан бичиг /хх-122/ хоногийн бодит дуудлагын жагсаалт /хх-112-114/ зэргийг уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.У-, Т.Л-нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Т.Л-ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.У-т холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл шүүх хуралдаанаар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Л-ын үйлдлийн улмаас хохирогч Г.Д-ий эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдохгүй байна. Тухайлбал хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 14755 дугаар шинжилгээгээр хохирогч Г.Д-ий эрүүл мэндэд “...дух, зүүн хацар, цээжний зулгаралт” тогтоогдсон ч тухайн зулгаралтууд нь хэмжээний хувьд жижиг, биеийн гадаргуугийн 1 хувьд хүрэхгүй учир гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх шинжээчийн мэдүүлэг /хх-43/, шүүгдэгч Т.Л-ын “...Зам гараад явах гэхээр нь би араас нь очоод куртикний энгэрээс зүүн гараараа татахад “тавь” гээд миний гарыг мушгисан. Би түүнийг цохиж зодоогүй” гэх мэдүүлэг /хх-53-54/, шүүгдэгч Б.У-ийн “...Манай дүү “болиоч” гээд салгах гэтэл дүүг бас үсдэж дараад зодсон...” гэх мэдүүлэг /хх-50/, хохирогч Г.Д-ий “...Нөгөө хоёр эмэгтэй миний энгэрээс зуураад байсан. Миний куртикний энгэр тайлагдаад цамц, подволкний захаас зуураад цээж ураад байхаар нь би тэр хоёрын гарыг тавиулах гээд ноцолдсон. Нөгөө хамт явсан эмэгтэй нь миний нүүрийг маажаад гуя уруу хөшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-16/ зэргээр шүүгдэгч Б.У-, хохирогч Г.Д- нарын хооронд салгах гэж оролцсон Т.Л-ын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй байна гэж дүгнэлээ. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Л-ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.           

Иймээс шүүгдэгч Б.У-ийг Т.Л-тай бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй юм.    

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.У- 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан банк”-ны АТМ-ийн орчим иргэн Г.Д-тэй таксины мөнгөнөөс болж маргалдан Г.Д-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдлоо. Уг гэмт хэрэг нь дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтууд буюу мөрдөн байцаалтад өгсөн хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.У-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Хэдийгээр шүүгдэгч Б.У- “Миний үйлдлийн улмаас хохирогчид гэмтэл учраагүй. Халууцаад хамраас нь цус гарсан байх” гэж гэм буруугийн талаар маргаж байгаа боловч хохирогч Г.Д-ий “...Жолооч эмэгтэй миний нүүр рүү хамар орчим 3 удаа цохисон. Түүний улмаас хамраас цус гарсан. Хамар ясны хугарал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцралыг жолооч эмэгтэй учруулсан. Маргааш нь зүүн хөлийн шилбэ рүү өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг /хх-16-17, 18/, гэрч Б.Б-ийн “...Тухайн үед хэрэг болсон гэх газарт очиход миний санаж байгаагаар өндөрдүү нуруутай залуугийнх нь хамраас цус гарсан байсан. Уг залуу таксины тооцоогоо хийхгүй маргаан хийсэн залуу байсан...” гэх мэдүүлэг /хх-28/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 14755 дугаар шинжилгээ /хх-30/ зэрэг нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.   

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Д-ий эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд баримтаар /хх-59, 60, 66/ тогтоогдсон 143000 төгрөгийг 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хохирогчийн Хаан банк дахь данс уруу шилжүүлсэн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.У-ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Харин хохирогч “Хамрын хагалгааны төлбөр 1500000 төгрөг нэхэмжилнэ” гэж байгаа боловч энэ талаарх нотлох баримт гаргаж өгөөгүй тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-ийг 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай. Хөдөлмөр эрхэлдэггүй, тодорхой орлогогүй болох нь нотлогдож байх тул торгох ял оногдуулах боломжгүй гэж үзлээ” гэж,

шүүгдэгч “Миний бие одоо жирэмсэн учраас нийтэд тустай ажил хийлгэх ял эдлэх боломжгүй гэж бодож байна. Миний нөхрийн эрүүл мэндийн байдал муу байгаа зэргийг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлт гаргалаа. 

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.  

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хохирогчийн зүй бус үйлдэл/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан шүүгдэгч Б.У-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.У-, Т.Л-нар урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Л-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.У-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

3. Шүүгдэгч Т овогт Б-н У-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-ийг 450000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У- торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

7. Хохирогч Г.Д- цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Л-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД-ийг хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.У-, Т.Л-нар урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У-, Т.Л-нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

               

 

 

                    ДАРГАЛАГЧ                                     Л.БААТАР