Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2024/ДШМ/28

 

 

Б.Энхтуул, П.Бямбатогтох нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Манлайбаатар даргалж, ерөнхий шүүгч Ц.Амаржаргал, шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор К.Нанжинханд

            Хохирогч Э.Энхбаатар

            Яллагдагч Б.Энхтуул, П.Бямбатогтох нарын өмгөөлөгч Д.Амаржаргал

            Нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 51 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцлээр яллагдагч Б.Энхтуул, П.Бямбатогтох нарт холбогдох 2318002390666 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Төмөрхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, тоотод түр оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй,

Монгол улсын иргэн,  тоотод оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй,

Яллагдагч П.Бямбатогтох, Б.Энхтуул нар нь бүлэглэн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар баг, Ширээ нуруу 35 дугаар гудамжны 3532 тоот хаягт 80 мкв талбайтай амины орон сууц барьж өгнө гэж итгүүлэн Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт байхдаа 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 05-ны өдрийн хооронд зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар усдыг төөрөгдөлд оруулж орон сууцны урьдчилгаа болох 48,000,000 төгрөгийг өөрсдийн дансаар шилжүүлэн авч  залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: Б.Энхтуул, П.Бямбатогтох нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нарт холбогдох эрүүгийн 2318002390666 дугаартай хэргийг Дархан-Уул аймгийн Прокурорын газарт буцааж,

Хэрэг Прокурорын газарт очтол яллагдагч Б.Энхтуул, П.Бямбатогтох нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэргийн хамт хүргүүлж,

Шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд мөрдөгчийн хохирогчоор тогтоосон шийдвэрийг хүчингүй болгох асуудлыг тодорхой зохицуулаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2.14 дэх заалт нь мөрдөгч, эсхүл хяналт тавьж байгаа прокурорын шийдвэр ажиллагааны талаар прокурорт гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх, тухайн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл хүчингүй болгох, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааг таслан зогсоох” гэж хуульчилсан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч гомдол гаргаагүй, иргэн Л.Эрдэнэбаатар, О.Батсайхан, Э.Алтантулга, Г.Оюунбат, Д.Оюунжаргал нарыг үндэслэлгүйгээр хохирогчоор тогтоосон гэж үзэж шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй, мөрдөгч хууль зөрчсөн ажиллагаа явуулаагүй гэж үзсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ.” хуульчилсан бөгөөд тус хэргийн тухайд бусад хохирсон гэх хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авах боломжгүй байсан. Иймд цаашид гомдол мэдээлэл, хэрэг бүртгэлтийн шатанд хохирогчоор тогтоогдож тухайн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд хохирогчоор тогтоосон мөрдөгчийн шийдвэрийг хүчингүй болгох эсэх асуудалд хууль хэрэглээний практик тогтоож нэг мөр ойлгож хэрэгжүүлэх шаардлага үүсэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд дурдагдвал зохих зүйлийг тусгасан ба шүүхийн шийдвэрт заасан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд “хууль зүйн дүгнэлт хийгээгүй” гэх байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийг прокурорт буцаах үндэслэлд хамаарахгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт “Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй”, 15 дахь хэсэгт “Хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, хэрэгт хамааралтай шүүхийн, шийдвэр гаргахад нөлөөлж болохуйц баримт эсэхийг анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар хэлэлцэх шаардлагатай ба шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарч байх тул 2024 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн 2024/ШЗ/51 дугаартай шүүгчийн захирамжийн хүчингүй болгуулахаар... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор К.Нанжинханд дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид 3 үндэслэлээр эсэргүүцэл бичсэн байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байхаар хуульчилсан. Шүүгчийн захирамжид нэр бүхий хохирогчоор тогтоогдсон этгээдүүдийн хохирлын хэмжээг нэмж тооцож мөрдөн шалгах ажиллагаа явуулаад зүйлчлэлээ өөрчилж оруулж ир гээд байгаа юм уу, эсвэл хохирогчоор тогтоогдсон тогтоолуудыг хүчингүй болгож оруулж ир гээд байгаа юм уу. Хоёр агуулгатай, хоёр үндэслэлтэй захирамж бичигдсэн байна. Энэ захирамжийн дагуу ажиллагаа хийх гэхээр яг ямар ажиллагааг нь хийж гүйцэтгэх нь тодорхойгүй байна. Прокуророос хохирогчоор Э.Энхбаатар тогтоогдсон гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн талаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр тайлбарласан. Гэтэл шүүгчийн захирамж хоёр агуулга, үндэслэлээр бичигдэж байгаа нь ойлгомжгүй байна.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг тогтоож өгсөн. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахдаа хохирогч Э.Энхбаатараас 48,000,000 төгрөгийн байрны урьдчилгааг авч залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна гэж нотлох баримтуудыг дурдаж яллах дүгнэлт үйлдсэн. Гэтэл хохирогчоор тогтоогдсон шийдвэрүүдийг хүчингүй болгоогүй байна гэж прокурорт буцааж байгаа нь үндэслэлгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрдэнэбаатар, Батсайхан, Алтантулга, Оюунбат, Оюунжаргал нарын хувьд үндэслэлгүйгээр хохирогчоор тогтоосон байна гэж үзэх боломжгүй байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Энхбаатар гэж хүний байрны урьдчилгаа аваад байр барихтай холбоотой Б.Энхтуул, П.Бямбатогтох нарын хэргийг шалгах явцад эдгээр хүмүүс энэ хүнд мөнгө өгөөд байр захиалсан гэхдээ бид нар хохироод байна гэж хохирогчоор тогтоогдсон. Амины орон сууцны гэрээ хийгээд хохирогчоор тогтоогдсон хэрнээ мөрдөн шалгах ажиллагаа явуулаад шинжээчийн дүгнэлтээр хохирогч нарын төсөвт өртгийг тооцохоор 50,000,000 төгрөгт тодорхой хэмжээний барилга байшин баригдчихсан огт үндэслэлгүйгээр барихгүй байх санаа, сэдэл агуулаад залилсан байна гэх үндэслэлүүд няцаагдаж байгаа учраас ганцхан Э.Энхбаатарын үйлдэл дээр хохирогч гэж үзээд яллах дүгнэлт үйлдсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хохирогчоор тогтоосон шийдвэрийг хүчингүй болгох талаар тодорхой хуульчлан зохицуулагдаагүй гэж үзэж байгаа. Ганц хүчингүй болгох боломжтой зохицуулалт юу вэ гэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.14 дэх хэсэгт заасан мөрдөгч, эсхүл хяналт тавьж байгаа прокурорын шийдвэр, ажиллагааны талаар прокурорт гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх, тухайн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл хүчингүй болгох, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааг таслан зогсоох гэсэн прокурорын бүрэн эрхэд хамаарах асуудал байна. Энэ хэрэгт хохирогч нараас шийдвэр үйл ажиллагааг ямар нэгэн байдлаар хүчингүй болгох гомдол, хүсэлтийг гаргаагүй. Анхнаасаа мөрдөгч үндэслэлгүйгээр хохирогчоор тогтоосон гэх боломжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ гэж хуульчилсны дагуу эдгээр хүмүүс хохирчхоод байна гээд байхад эд нарыг гэрчээр татах боломжгүй байсан. Хохирогчоор тогтоох үндэслэл байсан учраас одоо үндэслэлгүй байсан байна гээд яллах дүгнэлт үйлдэхдээ хүчингүй болгох боломж байхгүй байсан. Жишээ нь: зам тээврийн ослын хэрэг дээр хэд хэдэн хүн тухайн машинд явж байгаад эрүүл мэндээрээ хохирсон байдаг тэр болгоныг хохирогчоор тогтоогоод явдаг эцэс сүүлдээ шинжээчийн дүгнэлтээр эрүүгийн хуульд заасан шаардлага хангасан гэмтэл гарсан хүн дээр яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдээд явдаг. Бусад хохирогч нарыг хүчингүй болгохгүй хэвээр явдаг практик байгаа. Бусад өөр хэргүүд дээр ч гэсэн ийм байдлаар явж байгаа. Шүүгчийн захирамжид эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд дүгнэлт хийгээгүй байна гэсэн асуудал ярьсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлд заасан бүх асуудлыг тусгасан. Яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй асуудлаа прокуророос анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэх шүүх хуралдаанд хянан хэлэлцэхдээ тайлбар дүгнэлтээ хийгээд явах боломжтой гэж үзэж байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарч байгаа учраас шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Э.Энхбаатар тайлбартаа: Хэргийг яаралтай шийдвэрлүүлэх хүсэлттэй байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагч нарын өмгөөлөгч Д.Амаржаргал тайлбартаа:

Би анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж оролцож байгаа. Хохирогчоор тогтоогдсон хүмүүсийг эцэслэн шийдвэрлэх шаардлагатай. Яллагдагч нар гэрээгээр халхавчилж хэн нэгнийг хуураагүй. Тухайн үед 13 байрны гэрээ хийсэн. Гэрээг Иргэний хуулийн дагуу хийсэн. Ковидын үед урд хормойгоороо хойд хормойгоо нөхөөд явж байсан. Нэг барилгыг нь хүртэл нураасан. Ингэж явсаар байгаад Э.Энхбаатарын барилгыг барих боломжгүй болсон байсан. Нэг бүрчлэн үзэх юм бол хүнийг залилаад хуурсан юм бол байхгүй. Хуульд зааснаар мөрдөгч прокурор бүрэн шалгаж тогтоох ёстой зүйлийг дутуу хийсэн гэж үзэж байна. Шүүхийг дэмжиж байна. Энэ нь иргэд хоорондын гэрээ. Иргэний хэргийг эрүүгийн хэрэг үүсгэж байгаа нь зохимжгүй. Шүүхийн гаргасан шийдвэрийг дэмжиж прокурорт буцааж өгнө үү гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхээс хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах тухай 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЗ/51 дугаартай захирамжтай холбогдуулан прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг Давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэхдээ эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Эрүүгийн хууль нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлдэг бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго нь гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог билээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах нь хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийн баталгаа болдог.

Өөрөөр хэлбэл аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах нь шүүхийн хүлээсэн үүрэг.

Материаллаг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулийн хэм хэмжээг хуулийн зорилго, зорилт, агуулгад нийцүүлэн зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан гэж үздэг.

Хэрэгт цугларсан баримтат мэдээллүүд, нотолгооны хэрэгслүүдэд тусгагдсан үйл баримтаас үзвэл анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан:

 1.Яллагдагч Б.Энхтуул, П.Бямбатогтох нар нь энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Л.Эрдэнэбаатар, О.Батсайхан, Э.Алтантулга, Г.Оюунбат, Д.Оюунжаргал нартай амины орон сууц барих гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөр шилжүүлэн авсан үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл яллагдагчаар татагдсан тогтоолд өөрчлөлт оруулан хохирлын хэмжээг нийт дүнгээр тогтоох, шилжүүлэн авсан урьдчилгаа төлбөрийг хэрхэн зарцуулсан/ зориулалтын дагуу зарцуулсан эсэх/ талаарх мөрдөн шалгах ажиллагаануудыг хийж гүйцэтгэх,

2. Хэрэв эдгээр хохирогч нарт ямар нэгэн хохирол учраагүй, “Эсмон констракшн” ХХК болон тэдгээрийн хоорондын байгуулсан “Амины орон сууц барьж гүйцэтгэх гэрээ”, түүнээс үүссэн харилцаа нь гэмт хэргийн шинжгүй гэж үзвэл “хохирогчоор тогтоосон мөрдөгчийн шийдвэрүүдийг хүчингүй болгох” зэрэг болно гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3  дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор шалгаж үзсэний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн зүйлийн 2 дэх хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад тус хэрэгт иргэн Л.Эрдэнэбаатар, О.Батсайхан, Э.Алтантулга, Г.Оюунбат, Д.Оюунжаргал нар гэмт хэргийн улмаас  эд хөрөнгийн хохирол хүлээсэн байж болзошгүй гэж үзээд хохирогчоор татсан байна. /1-р хх-82, 123, 163, 204, 2-р хх-5/

Дээрх иргэд тус хэрэгт хохирогчоор тооцогдсоноор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд заасан эрхийг эдлэхийн зэрэгцээгээр мөн хуулийн 1.12, 1.13 дугаар зүйлд заасныг дагуу хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын шатанд адил тэгш эрхээр хангагдах, хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэх бүрэн эрхтэй.

Прокурор хэргийг хянаад иргэн Л.Эрдэнэбаатар, О.Батсайхан, Э.Алтантулга, Г.Оюунбат, Д.Оюунжаргал нарын хохирсон асуудал нь гэмт хэргийн шинжтэй бол эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоож, улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.4 дүгээр зүйлд заасан шийдвэрийн аль нэгийг гаргах эсхүл мөн хуулийн 32.5-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шийдвэрийг гаргаж энэ тухайгаа хэргийн оролцогч нарт 7 хоногийг дотор танилцуулах үүргийг хүлээлгэсэн байна.

Гэтэл прокурор амины орон сууцны барилгад гүйцэтгэсэн ажлын төсвийг үндэслэн нэр бүхий хохирогч нарт хохирол учраагүй гэж дүгнээд энэ талаар  яллагдагч нараас тайлбар, мэдүүлэг авалгүйгээр хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа дуусгаж, зөвхөн Э.Энхбаатарт учирсан хохирол гэмт хэргийн шинжтэй байна гэж үзэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн олон заалтуудыг ноцтойгоор зөрчсөн үйлдэл болжээ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж байна.

Эрүүгийн 2318002390666 дугаартай хэргээс:

Хохирогч Л.Эрдэнэбаатар мэдүүлэхдээ...”Би “Эсмон констракшн” ХХК-тай 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 45 хоногийн хугацаанд манай байшинг бүрэн гүйцэд барьж дуусган ашиглалтад оруулж, надад түлхүүр гардуулж өгөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан. Би гэрээнд заасны дагуу 1 мкв-ыг 950.000 төгрөгөөр тооцож, нийт 232.000.000 төгрөг төлөхөөр тохирсон, би тус компанид ойролцоогоор 210.000.000 төгрөг өгчихсөн байгаа. ...би гомдолтой байна, гэрээнд заасны дагуу хийгдээгүй ажлын үлдэгдэл төлбөрийг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /1хх- 84/

Хохирогч О.Батсайхан мэдүүлэхдээ...”Би 60 м.кв байшинг 60.000.000 төгрөгөөр бариулахаар тохиролцож гэрээ байгуулсан. Би 56.500.000 төгрөг өгсөн. Гэтэл тэр хүмүүс 92 м.кв байшин барьчихсан. Тэгээд манай 2 давхар байшингийн суурь, ханын өрлөг, гадна фасадыг бүрэн дуусгасан, гадна талын бүргэд хаалга хийгдсэн, дээвэр тавигдсан боловч бэхэлгээ хийгдээгүй байсан. Харин дотор засал огт байхгүй, шал, хана, тааз, сантехникийн ажил, цахилгааны ажил огт хийгдээгүй байсан. Цонхыг өөр газар захиалга өгөөд хийлгэсэн боловч мөнгийг нь өгөөгүй байсан. Би цонхны төлбөрийг өөрөө төлж байгаа. Би энэ байшинг бариулахаар хүүтэй мөнгө зээлээд төлбөрөө төлчихсөн учраас хохирлоо энэ компаниас нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /1хх-125-126/,

Хохирогч Э.Алтантулга мэдүүлэхдээ...”2023 оны 7 сарын 9-ний өдөр хүртэлх хугацаанд байшингийн суурийг цутгаж өгсөн бөгөөд ханын өрлөгийг дутуу барьсан ба үүнээс хойш ямар ч ажил хийлгүй алга болсон. “Эсмон констракшн” ХХК-д 52.000.000 төгрөг өгсөн, /1хх-165/

Хохирогч Г.Оюунбат мэдүүлэхдээ... ”Эсмон констракшн” ХХК-д 70.000.000 төгрөг данс руу нь хийж, ирсэн бригадад нь 13.500.000 төгрөг өгөөд байна. Би гомдолтой байна, тэдгээр хүмүүсээр тодорхой хэмжээний ажил хийлгэсэн учир тэр тооцоогоо бодож хасаад үлдсэн мөнгөө нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1хх-206/.

Хохирогч Д.Оюунжаргал мэдүүлэхдээ...”2023 оны 5 сарын 20-ны үеэр Б.Энхтуул надад “танайх элсэрхэг хөрстэй учраас нил суурь тавих ёстой юм байна, газрыг чинь ухаж нил суурь тавина” гэхээр нь би өөрөө мөнгөө төлж ковшоор газраа ухуулж, индүүний машинаар индүүдүүлсэн. Ухсан газарт хайрга, дайрга буулгах ёстой гэхээр нь би өөрийнхөө мөнгөөр хайрга, дайрга буулгуулсан. Ингээд мөнгийг нь өгч, ухуулж хайрга, дайрга дэвсүүлж индүүдүүлсэн газар дээр Б.Энхтуул 6 м.куб-ээр 1 удаа, 3 м.кубээр 1 удаа нийт 9 м.куб бетон зуурмаг буулгаж нил суурийн ул бетон гэдэг зүйл хийсэн. Тэгээд дахиж огт ажил хийгээгүй алга болсон. Энхтуулын утас руу залгахаар авдаггүй, түрээсийн оффис дээр нь очиход удахгүй хийж өгнө, түр хүлээж бай гээд л байдаг. Би гомдолтой байна, хуулийн дагуу хариуцлага тооцуулмаар байна, өөрийнхөө хохирол болох 16.600000 төгрөгийг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /2хх-7-8/ зэрэг авагджээ.

Хохирогч нарын мэдүүлгээс үзвэл: “Эсмон констракшн” ХХК-ийн захирал Б.Энхтуул, П.Бямбатогтох нар нь “Амины орон сууц гүйцэтгэх” гэрээ байгуулахдаа 1 м.кв-ыг 950.000 төгрөгөөр барьж хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон нь Иргэний хууль тогтоомжийн дагуу гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр боловч байшин барилгыг барих саналаа зах зээлийн үнээс хэт доогуур үнэлгээ тогтоох, барилгын зураг, төсөв батлаагүй, ажлын төлөвлөгөө, бараа материалын нөөц, ажиллах хүч, хугацааны талаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг хуурч залилан мэхэлсэн шинж байгааг анхаарч үзээгүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.10 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэж, мөн хуулийн 27.6 дугаар зүйлийн1 дэх хэсгийн 1.4-шинжээчийн ...боловсролын болон эрдмийн зэрэг, мэргэжил, мэргэшил, цол, албан тушаал, ажилласан хугацаа, 1.5-шинжилгээний объектын талаарх мэдээлэл, 1.6-шинжилгээний аргачлал, явц, үр дүн, шинжээчид тавьсан асуулт, түүнд өгсөн хариулт зэргийг шинжээчийн дүгнэлтэд тусгана гэсэн боловч хохирогч нарын захиалгат барилгын гүйцэтгэлд хийгдсэн шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан шаардлагыг хангаагүй байгааг анхаарч үзээгүй байна.

Хэрэв яллагдагч нарын үйлдлийн улмаас хохирогч нар эд хөрөнгийн хохирол хүлээгээгүй, яллагдагч, хохирогч нарын хооронд дахь гэрээний харилцаа нь иргэний эрх зүйн маргаан гэж үзсэн бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлд зааснаар иргэний нэхэмжлэгчээр татан оролцуулж, мөн хуулийн 8.5 дугаар зүйлийн 2-д иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд шүүх иргэний нэхэмжлэлийг эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэхээр хуульд заасан байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “Хэргийн бодит байдлыг тогтоох” зарчимд нийцэх тул эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 51 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МАНЛАЙБААТАР

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ц.АМАРЖАРГАЛ

                      ШҮҮГЧ                                                        З.ТӨМӨРХҮҮ