| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/0287/З |
| Дугаар | 128/ШШ2025/0585 |
| Огноо | 2025-08-28 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 128/ШШ2025/0585
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б******* ХХК /РД:*******/
Хариуцагч: Нийслэлийн Ерөнхий архитектор
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Э******* нарын хоорондын Б******* ХХК-д нийслэлийн Ерөнхий архитектороос олгосон 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр №МЗХ******* дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар-ын дагуу боловсруулагдаж хийгдсэн барилгын эх загвар /эксиз/ зургийг батлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, барилгын загвар зургийг батлахыг нийслэлийн Ерөнхий архитекторт даалгах шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа: Б******* ХХК-д нийслэлийн Ерөнхий архитектораас олгосон 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр №МЗХ******* дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар-ын дагуу боловсруулагдаж хийгдсэн барилгын эх загвар /эксиз/ зургийг батлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, барилгын загвар зургийг батлахыг нийслэлийн Ерөнхий архитекторт даалгах гэж тодорхойлж маргасан.
2. Нэхэмжлэгч компани нь Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/815 дугаар захирамжтай, нэгж талбарын 1780******* дугаартай, нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үйлдвэр 2-4(*******) бүсчлэлд, ******* нэгж хороолол Чингисийн Өргөн чөлөөний урд орон сууц, үйлчилгээний зориулалттай 2.0428 га газрыг эзэмшдэг.
3. Уг газраа зориулалтын дагуу ашиглах үүднээс архитектур төлөвлөлтийн даалгаврыг зохих журмын дагуу батлуулахаар Хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас хүсэхэд татгалзсан хариу өгсөн. Үүнтэй холбоотойгоор Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дээрх А-даалгавар олгохоос татгалзсан эс үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгож гаргуулахыг даалгах шаардлага гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явцад нийслэлийн Засаг дарга буюу нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас тус компанийн эзэмшлийн дээрх газар нь ойн болон усны сан бүхий газарт хамаарч байх бөгөөд Туул голын эргийн хамгаалалтын бүсэд хамаарч байна гэх үндэслэлээр газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2023/0187 дугаар шийдвэрээр Б******* ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээж, Архитектур төлөвлөлтийн даалгавар олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Архитектур төлөвлөлтийн даалгавар олгохыг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газарт даалгаж шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.
5. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч компани газар эзэмших хууль ёсны эрхтэй болж газрын гэрчилгээ болон 2023 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн МЗХ******* дугаартай Архитектур төлөвлөлийн даалгаврыг нийслэлийн Ерөнхий архитектораас тус тус олгосон байна.
6. Нэхэмжлэгч компаниас 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр М3X******* дугаартай "Архитектур төлөвлөлтийн даалгавар"-ыг Нийслэлийн ерөнхий архитектораас олгож баталсантай холбоотойгоор өөрсдийн эзэмшлийн газарт барихыг хүсэж буй барилга байгууламжийн эх загвар зургийг гэрээний үндсэн дээр мэргэжлийн эрх бүхий Я******* ХХК-иар боловсруулан, Хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх Зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 35 дугаар хурлаар хэлэлцүүлж, барилгын эх загвар зургийг хэлэлцэж 100 хувийн саналаар дэмжиж, хурлаас зөвшөөрсөн шийдвэр гарсан.
7. Гэвч журамд заасан хугацаанд барилгын эх загвар зургийг батлаагүй байх ба нэхэмжлэгч компанийн зүгээс барилгын эх загвар зургийг ёсчлон батлуулахаар өмгөөлөгчөөр дамжуулан хүсэлт гаргасан боловч шийдвэрлээгүй.
8. Тиймээс нэхэмжлэгч компанийн зүгээс загвар зураг батлахгүй байгаа хариуцагчийн эс үйлдлийг шийдвэрлүүлэхээр Нийслэлийн Засаг даргад урьдчилсан шийдвэрлүүлэх журмын дагуу 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01/23/25 дугаартай албан бичгээр гомдол гаргасан бөгөөд Нийслэлийн Засаг даргаас 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 02/1108 дугаартай албан бичгээр ...өргөдөлд дурдсан асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна гэх хариуг ирүүлжээ.
9. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компанийн хувьд Нийслэлийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/815 дугаартай захирамжтай нэгж талбарын 17******* дугаартай Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг үйлдвэр 2-4 ******* бүсчлэлд хамаарах Үйлдвэр нэгж хороолол, Чингисийн өргөн чөлөөний урд орон сууц, үйлчилгээний зориулалттай 2 га газрыг эзэмшдэг. Уг газрыг зориулалтын дагуу ашиглах үүднээс архитектур төлөвлөлтийн даалгаврыг хууль тогтоомж болон бусад актад заасан үндэслэл журмын дагуу хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас хүсэхэд олгохоос татгалзсан хууль бус эс үйлдэл гаргасан. Үүнтэй холбоотойгоор эскиз зураг батлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, загвар зураг батлахыг даалгуулах нэхэмжлэл шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас ойн сан, усны сан бүхий газарт хамаарч байна гэж үзээд, туул голын эргийн хамгаалалтын бүсэд хамаарч байна гэж үндэслэлүүдийг дурдаад эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг цуцалсан. Энэхүү шийдвэр хууль бус гэж үзэж нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 187 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
Дээрх шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлээгүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийг албадан биелүүлж, өнөөдрийн байдлаар дээрх газар эзэмших эрх хүчин төгөлдөр буюу хууль ёсны гэрчилгээ олгосон байдаг. 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Мэргэжлийн зөвлөлийн хурлын ******* дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг Нийслэлийн ерөнхий архитектор баталж олгосон. Газарт барилга барихыг хүсэж байгаа эх загвар зургийг боловсруулж, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 35 дугаар хурлаар хэлэлцүүлсэн.
Тухайн хурлын 9 дүгээрт нэхэмжлэгч компанийн загвар зургийг хэлэлцсэн бөгөөд 100 хувийн саналтайгаар дэмжээд, загвар зургийг батлахыг зөвшөөрсөн шийдвэр гаргасан. Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3, 23 дугаар зүйлийн 23.1, Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйл, Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолоор баталсан Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм-ийн 3 дугаар зүйлийн 3.6-д тус тус заасны дагуу нийслэлийн хэмжээнд баригдах барилга байгууламжийн загвар зургийг Нийслэлийн ерөнхий архитектор баталдаг бөгөөд Хот байгуулалт, хотын стандартын газраас бүрдсэн зөвлөл хурлаар хянан хэлэлцэж шийдвэрлэдэг.
Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн загвар зураг батлахгүй байгаа эс үйлдлийг шийдвэрлүүлэхээр урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нийслэлийн Засаг даргад хандаж, 01/23/25 тоот албан бичгээр гомдол гаргасан. Гэвч 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 0502/1108 дугаар албан бичгээр хариу ирүүлсэн байдаг.
Үүнийг 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр баталгаат шуудангаар явуулж, хүлээж авсан. Хариу мэдэгдэх хуудсанд нэхэмжлэгч компанийн боловсруулсан загвар зургийг батлахгүй байгаа үндэслэлээр дараах байдлаар тайлбарлажээ. Б******* ХХК-иас загвар зургийг батлуулах тухай хүсэлтийг Нийслэлийн ерөнхий архитекторын дэргэдэх Хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх зөвлөлийн 2024 оны 35 дугаар хурлаар хэлэлцэж зөвшөөрсөн байна.
Загвар зураг батлах нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны оршин суугч иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байгааг эсэргүүцэн гомдол гаргасныг Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газраас Захиргааны ерөнхий хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3-т заасан зохицуулалтад хамаарч байгаа тул энэхүү нөхцөл байдал үүссэн гэж үзээд загвар зургийг батлаагүй талаар Хот байгуулалт хөгжлийн газрын хариу ирүүлсэн байна.
Иймд Б******* ХХК Нийслэлийн ерөнхий архитектораас 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр олгосон 13 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу боловсруулагдаж хийсэн барилгын загвар зургийг батлуулахаас татгалзсан эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, загвар зураг батлуулахыг Нийслэлийн ерөнхий архитекторт даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т зааснаар тодорхойлж байна гэв.
10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Б******* ХХК-аас 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн "Хүсэлт гаргах тухай" 23/06/07 дугаар хүсэлтийг судалж Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/815 дугаар захирамжтай хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Үйлдвэр үйлчилгээний бүсчлэлд Чингисийн өргөн чөлөөний урд талд байршуулан орон сууц үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн 2.0428 га газар болон Нийслэлийн дах Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2023/0187 дугаартай шийдвэрийг үндэслэн 2023 оны Мэргэжлийн зөвлөлийн 23 дугаар хурлаар хэлэлцүүлж М3Х******* дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар олгосон.
Б******* ХХК-аас 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Загвар зураг батлуулах тухай хүсэлт ирүүлсэн бөгөөд уг Загвар зурагт засвар сайжруулалт хийлгэн Нийслэлийн нутаг дэвсгэрт хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх мэргэжлийн зөвлөлийн 2024 оны 35 дугаар хурлаар хэлэлцүүлж, Загвар зурагт засвар хийлгэн Нийслэлийн ерөнхий Архитекторт танилцуулахаар зөвшөөрсөн санал гарсан байдаг.
Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад "иргэн, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх, ашиг сонирхол"-ыг эрх бүхий байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо харгалзан үзэх тул иргэн Б.*******ын гаргасан өргөдөл гомдлын дагуу МЗХ******* дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг дагуу боловсруулагдсан Загвар зургийг батлахаас татгалзсан болно.
Б******* ХХК-тай 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Хан-Уул дүүрэг 23 хороо Яармаг Хангарди ордон Б блок 10 давхар 1012 тоот 13 цаг 30 минутаас уулзахаар товлосон боловч уулзалтад хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүй болно. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б******* ХХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу, шүүхийн шийдвэрийг биелүүлж МЗХ2023/23-13 архитектур төлөвлөлтийн даалгаврыг Нийслэлийн ерөнхий архитектораас баталсан. Энэ даалгаврын дагуу боловсруулж загвар зургаа 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр батлуулах хүсэлтээ ирүүлсэн. Үүнээс хойш загвар зурагт архитекторын зөвлөмж, зөвлөгөө орж 2024 оны хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх Мэргэжлийн зөвлөлийн 35 дугаар хурлаар уг загвар зургийг хэлэлцүүлсэн. Уг загвар зургийг 100 хувийн дэмжсэн саналтайгаар батлагдахыг зөвшөөрсөн байдаг. Барилгын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, дүрэм журамд зааснаар загвар зургийг батлах эрх ерөнхий архитекторт байгаа учраас хот төлөвлөлтийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар зөвшөөрсөн хэдий ч нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөж байна гэдгээр ерөнхий архитектор татгалзсан.
Иргэн Б.*******аас Нийслэлийн Засаг даргын Тамгын газар руу 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Б******* ХХК-ийн төлөвлөлт болон Мишээл экспо орчмын нөхцөл байдлын талаар өргөдөл, гомдол гаргасан. Уг гомдолдоо Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Хот төлөвлөлт судалгааны институт, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар зэрэг газруудаас тухайн орчмын бүс усны хамгаалалтын бүстэй хэрхэн давхцаж байгаа, хотын ерөнхий төлөвлөгөөнд хэрхэн тусгагдсан талаар өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн албан бичгийн хариуг хавсаргаж гомдол гаргасан.
Уг гомдлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Нийслэлийн ерөнхий архитекторт албан бичгээр хүргүүлсэн. Уг гомдол хүсэлтийг шийдвэрлэх явцад барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөхөөр нөхцөл байдал үүссэн байна. Энэ асуудлыг шийдвэрлэсний дараагаар уг загвар зургийг батлах нь зүйтэй гэж шийдсэн.
Үүний дараа Б******* ХХК болон иргэн Б.*******тай ерөнхий архитектор гурван талт уулзалтыг хийхээр товлосон боловч аль нэг талын оролцогч ирээгүй учраас уулзалт хийж чадаагүй. Захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа нийтийн болон гуравдагч этгээдийн эрхийг харгалзан үзэж шийдвэр гаргах ёстой. Уг асуудлыг шийдвэрлэсний дараа загвар зургийг батлахад татгалзах зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг харьцуулан судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:
1. Нэхэмжлэгч компани шүүхэд хандаж Нийслэлийн Ерөнхий архитектораас олгосон 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр №МЗХ******* дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар-ын дагуу боловсруулагдаж хийгдсэн барилгын эх загвар /эксиз/ зургийг батлахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, барилгын загвар зургийг батлахыг Нийслэлийн Ерөнхий архитекторт даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлээ ...2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр "Архитектур төлөвлөлтийн даалгавар" олгосон, Хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх Зөвлөлийн хурлаар хэлэлцэж 100 хувийн саналаар дэмжсэн атлаа баталж өгөхгүй байгаа нь хууль бус гэж тодорхойлсныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасан "иргэн, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх, ашиг сонирхол"-ыг барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо харгалзах ёстой, иргэн Б.*******аас гаргасан өргөдлийн дагуу уг загвар зургийг батлахаас татгалзсан... гэж тайлбарлан маргав.
2. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2023/0187 дугаар шийдвэрийг үндэслэн Нийслэлийн засаг даргаас нэгж талбарын 1780******* дугаар бүхий 20428 м.кв орон сууц, үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхийн гэрчилгээг, Нийслэлийн Ерөнхий архитектораас 2023 оны 06 дугаар сарын 29-ны өдөр МХЗ******* дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар-ыг тус тус нэхэмжлэгчид олгосон,
3. Уг даалгаврын дагуу хийсэн барилга байгууламжийн эх загвар зургийг батлуулахаар нэхэмжлэгч компаниас 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүсэлт гаргасны дагуу Хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх Зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 35 дугаар хурлаар хэлэлцэж, барилгын эх загвар зургийг батлахыг гишүүдийн 100 хувийн саналаар дэмжиж, зөвшөөрсөн болох нь тогтоогдсон, хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй.
4. Иргэн Б.*******аас 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн Засаг даргад ...тухайн хорооны иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хөндөж...байгаа тул орон сууцны хороолол барих биш харин иргэдийн амрах, хүүхдийн сургууль цэцэрлэг барих нь зүйтэй...барилгын эскиз зургийг баталсан шийдвэрийг эргэж харахгүй, барилгыг бариулах болсон тохиолдолд бид дараа, дараагийн арга хэмжээг авахыг үүгээр мэдэгдэж байна гэх хүсэлт өргөдөл гаргаж, түүндээ Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1/365 дугаар албан бичиг, Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААΤΥΓ-ын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 01/444 дүгээр албан бичиг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 389 дүгээр албан бичиг, Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны Газрын 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 06/214 дүгээр албан бичиг, Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 06/1314 дүгээр албан бичиг баримтуудыг хавсаргаж ирүүлсэн байна.
5. Дээрх хүсэлтийг Нийслэлийн Засаг даргын тамгын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 03/7080 дугаар албан бичгээр Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Төгсдэлгэрт хүргүүлж ...хүсэлтийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд судлан тайлбар, мэдээллийг бэлтгэн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн дотор ирүүлэх-ийг мэдэгджээ.
6. Үүний хариуд нэхэмжлэгч компанид хүргүүлсэн Нийслэлийн засаг даргын тамгын газрын 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 05-02/1108 дугаар албан бичигт ...Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны оршин суугч иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байгааг эсэргүүцэн гомдол гаргасныг Нийслэлийн хот байгуулалт, хотын стандартын газраас Захиргааны ерөнхий хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3-д заасан зохицуулалтад хамаарах нөхцөл үүссэн гэж үзэж...нийтийн эрх ашиг зөрчигдөж байгаа асуудлыг шийдвэрлэсний дараа Загвар зургийг батлах...-ыг дурдсан байна.
7. Эдгээрээс үзвэл хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгч компанийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн гаргасан барилгын эх загвар зураг батлуулах тухай хүсэлтийг хүлээн авч улмаар Нийслэлийн нутаг дэвсгэрт хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх Мэргэжлийн зөвлөлийн 2024 оны 35 дугаар хурлаар хэлэлцэн дэмжсэн атлаа нэхэмжлэгчид Барилгын ажил эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгоогүй нь хууль бус эс үйлдэхүй гэж шүүх дүгнэв. Учир нь:
8. Барилгын тухай хуулийн 4.1.43-д эх загвар зураг /эскиз/ гэж инженер хайгуулын судалгаанд үндэслэн боловсруулсан барилга байгууламжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, тохижилт, гудамжны дэлгээсүүд, орчны барилгуудтай уялдсан байдал, эзлэхүүн төлөвлөлт, бүтээц, инженерийн хангамжийн ерөнхий шийдэл, эрүүл ахуй, галын аюулгүй байдал, нарны тусгал, барилгын давхрын байгуулалт, огтлол, нүүр тал /фасад/, архитектур, өнгөний шийдэл, үзүүлэлтийг тодорхойлсон баримт бичгийг гэж, 23.1-д Барилга байгууламжийн байршил, загвар зургийг баталгаажуулах эсэх асуудлыг энэ хуулийн 35.1.3-т заасны дагуу ажлын 10 өдөрт багтаан шийдвэрлэнэ гэж тус тус заасан.
9. Дээрхи хууль болон Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолоор баталсан Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм-ийн 3.5-д Захиалагч барилга байгууламжийн байршлыг тогтоосон шийдвэр, батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгаврыг үндэслэж зураг төслийн даалгавар боловсруулж батална, 3.6-д Барилгын тухай хуулийн 4.1.27-д заасан загвар зургийг архитектур төлөвлөлтийн даалгавар болон зураг төслийн даалгаврыг үндэслэн боловсруулах бөгөөд...Нийслэлийн ерөнхий архитектор батална гэж, 4.1-д Инженер хайгуулын судалгааны ажлыг гүйцэтгэсний дараа энэ дүрмийн 3.6-д заасан загвар зурагт үндэслэн Барилгын тухай хуулийн 4.1.43-т заасан эх загвар зураг /эскиз/-ийг боловсруулна тус тус зааснаар хариуцагч Нийслэлийн ерөнхий архитектор нь нэхэмжлэгчид 2023 оны 06 дугаар сарын 29-ны өдөр зохих журмын дагуу олгогдсон МХЗ******* дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар-ыг үндэслэн боловсруулсан барилгын эх загвар зургийг батлахаас татгалзах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байхад татгалзсан нь хууль бус.
10. Өөрөөр хэлбэл, хариуцагч уг татгалзлын үндэслэлээ Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасан иргэн, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх, ашиг сонирхлыг барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо харгалзах ёстой гэж, Захиргааны ерөнхий хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3-д заасан Холбогдох захиргааны байгууллага нийтийн ашиг сонирхлыг хангахын тулд, эсхүл гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлж болохуйц сөрөг нөлөөг арилгах арга хэмжээг авах үүрэгтэй гэх үндэслэлээр тус тус тайлбарласан.
11. Гэвч хариуцагчийн тайлбар бодит үнэнд нийцэхгүй буюу нэхэмжлэгчийн хүсэлт болгож буй барилгын эх загвар зураг нь барилгын ажлын зөвшөөрөлд хамаарахгүй харин хүчин төгөлдөр болж батлагдсан МХЗ******* дугаар архитектур төлөвлөлтийн даалгаварт үндэслэгдсэнээс гадна уг барилгын эх загвар зураг /эскиз/ нь иргэн, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх, ашиг сонирхлыг дангаараа илэрхийлэхүйц захиргааны акт биш тул Захиргааны ерөнхий хуулийн 79.3-д заасан зохицуулалт энэ тухайд хэрэглэгдэхгүй.
12. Тодруулбал, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Эрх бүхий байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо доор дурдсан асуудлыг харгалзан үзнэ, 7.1.1-д барилгын үйл ажиллагаанаас шалтгаалан үүсэх иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх, ашиг сонирхол, 7.1.2-т иргэн, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх, ашиг сонирхол, 7.1.3-д энэ хууль болон хот байгуулалтын тухай хууль тогтоомжид заасан зарчимд нийцэж байгаа эсэх гэж заасан нь барилгын эх загвар зураг батлахад биш харин барилгын ажлын зөвшөөрөл олгоход харгалзан үзэх зохицуулалт бөгөөд захиргаа уг татгалзлыг гаргахдаа иргэн, хуулийн этгээд хэний ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн яаж хөндөгдөж зөрчигдсөн, энэ нь барилгын эх загвар зураг батлах үйл ажиллагаатай хэрхэн холбогдож байгааг хангалттай тогтоогоогүй байна.
13. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т заасан Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэснийг зөрчсөнөөс гадна нэгэнт хангалттай шалгаж тогтоогоогүй асуудлаар хууль бус үндэслэл дурдан нэхэмжлэгч компанийн барилгын эх загвар зургийг батлахаас татгалзсан нь хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж заасанчлан хууль бус гэж шүүх дүгнэв.
14. Хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагчийн татгалзлын үндэслэл болгон тайлбарлаж буй иргэн *******ын тухайд тус шүүхэд шийдвэрлэгдсэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн талаархи хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасныг шүүх татгалзаж шийдвэрлэсэн, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул нэгэнт тогтоогдсон асуудлаар дүгнэлт хийхгүйг дурдах нь зүйтэй.
15. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэж заасан.
16. Шүүхийн дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр Б******* ХХК-д Нийслэлийн Ерөнхий архитектораас олгосон 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №МЗХ******* дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар-ын дагуу боловсруулагдаж хийгдсэн барилгын эх загвар /эксиз/ зургийг батлахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоосон тул нэхэмжлэгч компанийн, барилгын эх загвар /эскиз/ зургийг батлахыг хариуцагч нийслэлийн Ерөнхий архитекторт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Барилгын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б******* ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Б******* ХХК-д нийслэлийн Ерөнхий архитектораас олгосон 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр №МЗХ******* дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар-ын дагуу боловсруулагдаж хийгдсэн барилгын эх загвар /эксиз/ зургийг батлахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч компанийн барилгын эх загвар /эскиз/ зургийг батлахыг нийслэлийн Ерөнхий архитекторт даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН