| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2018/0264/Э |
| Дугаар | 285 |
| Огноо | 2018-04-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Ариунтуяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 285
2018 4 02 285
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг,
улсын яллагч Ц.Ариунтуяа,
шүүгдэгч Б.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.А-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1808007280235 дугаар эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, З овогт Б-ын А.
Яллагдагч Б.А- нь 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хорооллын 101-183 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр И.А-ыг “хэлэлгүй гадуур хонолоо” гэх шалтгааны улмаас цээжин тус газар нь нэг удаа хутгалж цээжний баруун талд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Эрүүгийн 1808007280235 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч И.А-ын: “2018.02.02-ны орой манай компани нь цасны баярт явсан. Би тухайн зугаалганд явчихаад гэртээ хоноогүй амралтын газарт хоносон. Маргааш нь буюу 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 16 цагийн орчим гэртээ ирсэн. Б.А- архи уучихсан байдалтай үнэртүүлчихсэн байсан. Б.А- надад хандаж “чи хаачаад ирж байгаа юм бэ” гэж хэлэхээр нь би “ажлынхантайгаа зугаалгаар явчихаад ирлээ” гэтэл “хэлээд явахгүй яасан юм бэ” гээд уурласан. Би явахаасаа 2 хоногийн өмнө явна гэж хэлчихсэн байсан. Тэгээд байж байтал Б.А- орон дээрээс уурлаж босож ирсэн бөгөөд гартаа бор өнгийн иштэй хутга барьчихсан байсан. Би арай хутгалчихгүй байх гэж бодоод өөдөөс нь хараад зогсож байтал намайг шкаф руу түлхээд миний баруун талын хөхний хажуухан хэсэгт хутгаараа нэг удаа хатгачихсан. Би “чи яаж байгаа юм бэ, намайг хутгалчихлаа шүү дээ” гэж хэлтэл Б.А- “би чамайг хутгалаагүй, битгий маяглаад бай” гэж хэлсэн. Би хувцсаа сөхөөд хартал хутгаар хатгасан газраас цус гоожиж байсан... Охин Ц.ыг дуудаад өрөөнөөс гарч цагдаа дуудах гэтэл Б.А- миний утсыг булааж аваад надад буцаж өгөөгүй. ...Би А-тэй 2002 оноос хойш хамт амьдарч байгаа, гэрлэлтээ батлуулчихсан, дундаасаа 10 настай, 15 настай хоёр хүүхэдтэй. Би хуулийнх нь дагуу шийдүүлмээр байна. Би А-гээс нэхэмжлэх зүйлгүй. Нэг удаа боолт хийлгэсэн, өвчин намдаах эм авч уусан, зүгээр болсон. Тухайн эм авсан, боолт хийлгэсэн эмчилгээний зардал нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг /хх-22-23/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.02.07-ны өдрийн 2244 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.И.А-ын биед цээжний баруун талд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Шүүх эмнэлгийн ...журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ /хх-27/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018.02.12-ны өдрийн 1246 дугаар шинжээчийн дүгнэлтэд: “1.Шинжилгээнд ирүүлсэн хөх цэнхэр өнгийн цамц, бор хөх өнгийн хөхний даруулганд зүсэгдэлт гарсан байна. 2.Уг зүсэгдэлтүүд нь ир, мөртэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр шинээр гарсан байна. 3. Зүсэгдэлтүүдийн хэмжээ, байрлалыг үзлэг ба шинжилгээний хэсгээс үзнэ үү. Хэзээ гарсан болохыг тогтоох боломжгүй” гэжээ /хх-30/,
Шүүгдэгч Б.А-гийн яллагдагчаар өгсөн: “Сонсгож байгаа ялыг зөвшөөрч байна. 2018.02.02-ны өглөө эхнэр А- ажилдаа явлаа гэж гараад гэртээ ирэлгүй ажлынхаа хүмүүстэй хамт цасны баярт явсан. Надад зугаалганд явлаа гэж хэлээгүй. ...2018.02.03-ны орой би гэртээ охин Ц.ын хамт хоолоо хийгээд байж байтал А- 18 цагийн орчим орж ирсэн. Тухайн үед би 300 грамм архи уучихсан байсан. Би А-ыг “чи явахдаа надад яахаараа хэлдэггүй юм бэ, гэртээ ирж хонолгүй гадуур хоноод” гээд уурлаад “чамаас болж би хүүхдийнхээ хамт нойргүй хонолоо” гээд хоорондоо маргалдаж эхэлсэн. Тухайн үед би төмс арилгаж байсан хутгаа гартаа барьчихсан байсан. Маргалдаж байхад А- унтлагын өрөө рүү орсон. Унтлагын өрөөнд маргалдаж байгаад би гартаа барьчихсан хутгаараа баруун хөхнийх нь ойролцоо 1 удаа хатгачихсан, цус гарч эхэлсэн. Хойноос охин Ц. орж ирээд “юу вэ, ааваа та ээжийг хутгалчихлаа шүү дээ” гээд байсан. Тэгээд би шууд гартаа барьж байсан хутгаа гал тогооны угаалтуур руу хийж тавиад цусыг тогтоох арга хэмжээ авсан. ...Би А-ыг хутгалж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна. А- эмчилгээний зардал авахгүй гэсэн” гэх мэдүүлэг /хх-80-81/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-2/, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-5, 6-8/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-39, 40/, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-48/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-49/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-50/, жолоочийн мэдээлэл /хх-51/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-53/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-61-71/, хохирогч И.А-ын “шүүх хуралд суухгүй” гэх хүсэлт /хх-72/, Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-73-74/, ЦЕГ-ын дуудлагын лавлагааны хуудас /хх-88, 89/, хохирогчийн “Эмчилгээний зардал нэхэмжлэхгүй болно, гомдол санал байхгүй” гэх хүсэлт /хх-90, 95/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.А- согтуурсан үедээ 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хороолол, 101 дүгээр байр, 183 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр И.А-ыг “хэлэлгүй гадуур хонолоо” гэх шалтгааны улмаас цээжин тус газарт нэг удаа хутгалан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж цээжний баруун талд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч И.А-ын “...Б.А-г арай хутгалчихгүй байх гэж бодоод өөдөөс нь хараад зогсож байтал намайг шкаф уруу түлхээд миний баруун талын хөхний хажуухан хэсэгт хутгаараа нэг удаа хатгачихсан. ...Би хувцсаа сөхөөд хартал цус гоожиж байсан...” гэх мэдүүлэг /хх-23/, шүүгдэгч Б.А-гийн яллагдагчаар өгсөн “...Тухайн үед би төмс арилгаж байсан хутгаа гартаа барьчихсан байсан. Унтлагын өрөөнд маргалдаж байгаад би гартаа барьчихсан хутгаараа баруун хөхнийх нь ойролцоо 1 удаа хатгачихсан, хатгасан хэсгээс цус гарч эхэлсэн. Би А-ыг хутгалж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-80-81/ зэрэг мөрдөн байцаалтад өгсөн хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч И.А-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нотлох баримт бүхий хохирол нэхэмжлээгүй төдийгүй хохирогчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан “Эмчилгээний зардал нэхэмжлэхгүй, гомдол саналгүй” гэх хүсэлт /хх-90, 95/-ийг харгалзан шүүгдэгч Б.А-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай” гэж,
шүүгдэгч Б.А- “Улсын яллагчийн 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт үндэслэлтэй гэж дүгнэж шүүгдэгч Б.А-д 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 14,7 см ажлын хэсэгтэй, 12 см шар бор өнгийн иштэй 1 ширхэг хутга, цэнхэр өнгийн 1 ширхэг пудволк, ягаан эрээн өнгийн 1 ширхэг хөхөвч зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.А- урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овогт Б-ын А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-г 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А- нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 14,7 см ажлын хэсэгтэй, 12 см шар бор өнгийн иштэй 1 ширхэг хутга, цэнхэр өнгийн 1 ширхэг пудволк, ягаан эрээн өнгийн 1 ширхэг хөхөвч зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.А- бусдад төлөх төлбөргүй, урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР