Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 111/ШШ2025/0034

 

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сайнбилэг би, *******гийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргад холбогдох “Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн дугаар 5/10 захирамжийг хүчингүй болгуулж, *******г Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, хариуцагч нараас шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: “Нэхэмжлэгч ******* хариуцагч Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын засаг дарга *******ид холбогдуулан

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн дугаар Б/10 захирамжийг хүчингүй болгуулж, *******г Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт талууд дараах байдлаар тохиролцов.

1.Хариуцагч нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн дугаар Б/10 захирамжийг хүчингүй болгох шаардлагыг хүлээн зөвшөөрөв.

2.Хариуцагч нь нэхэмжлэгч *******г Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрөв.

3.Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах шаардлагаас татгалзав.

4.Нэхэмжлэгч нь эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагаас татгалзав.

5.Цаашид аливаа маргаан гаргахгүй байх эрхзүйн үр дагаврыг бүрэн ойлгосон болно.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь тус шүүхэд хандан Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргад холбогдуулан “Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн дугаар 5/10 захирамжийг хүчингүй болгуулж, *******г Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрч, түүнийгээ бичгээр илэрхийлсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно.”, 68.4-т нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрсэн нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул             *******гийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан *******гийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргад холбогдох “Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн дугаар 5/10 захирамжийг хүчингүй болгуулж, *******г Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилуулаж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     С.САЙНБИЛЭГ