Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2024/ДШМ/22

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 12-ны өдөр                Дугаар 2024/ДШМ/22                                 Өвөрхангай аймаг

 

 

Р.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд    

    Прокурор Д.Алимаа /цахимаар/

    Яллагдагчийн өмгөөлөгч Д.Дашцэрэн  /цахимаар/  

    Яллагдагч Р.Г /цахимаар/

    Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Л

    Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан     

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Э.Дулмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/87 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч яллагдагчийн өмгөөлөгч, дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн Р.Г-д холбогдох эрүүгийн 2427000000032 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр Өвөрхангай аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Өвөрхангай аймгийн ... тоотод оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, .. овгийн Р.Г

 Р.Г нь 2024 оны 01 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ... сумын ... байрлах гэртээ тухайн үед үүссэн маргааны улмаас хамтран амьдрагч Ж.С-ийг дух болон чамархай хэсэгт алхаар цохиж, хэвлий болон дал хэсэгт нь хутгалсны улмаас хавсарсан олон хүнд гэмтэл, цээж, хэвлийн хөндийд нэвтэрч дотор эрхтнийг гэмтээсэн хүнд гэмтэл, гавал тархины хүнд гэмтлийн улмаас цээж, хэвлийн хөндийд цус алдаж нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Р.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд  шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүхээс яллагдагч ... овгийн Р.Г-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2427000000032 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн байцаах ажиллагааг хийлгэхээр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газарт буцаан, хэргийг прокурорт очтол яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдан шийдвэрлэжээ.

 

Яллагдагчийн өмгөөлөгч Д.Дашцэрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Яллагдагч Р.Г-д холбогдох хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх санаачилгаараа урьдчилсан хэлэлцүүлэг зарлан хуралдуулан шийдвэрлэсэн 2024/ШЗ/87 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг шүүх буруу гэж дүгнэсэн захирамж гаргасантай санал нийлэхгүй учир гомдолтой байна. Гэндэнсоном нь багадаа морьноос ойчоод унаж татдаг өвчтэй болсон, унасны дараа 3-5-н хоног унтдаггүй маш их догшин болдог, юу хийж байгаагаа сайн мэдэхгүй, сэтгэцийн сааталд ордгийг ах Гурванбаатар нь маш тодорхой мэдүүлдэг. Хэрэг гарах үед өвчин нь хөдлөөд нойргүйдлийн шокноос гараагүй байсан ба болсон явдлыг бүрэн гүйцэд санадаггүй нь өөрийнх нь мэдүүлгээс харагддаг. Шинжээч эмчээс хэрэг учралын үед сэтгэцийн хувьд ямар байсныг асуугаагүй учир дүгнэлтдээ дурдаагүй. Тэгэхлээр сэтгэцийн дүгнэлтийг дахин гаргуулж хэрэг учралын мөчид сэтгэцийн байдал нь ямар байсныг заавал тогтоох шаардлага үүсээд байна. Нөгөө талаар энэ хэрэг хүнд ноцтой хэрэг учир нэг шүүгч дангаар хэргийг хүндрүүлэх захирамж гаргаад байгаа нь зүйд нийцэхгүй. Захирамждаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тогтоох шаардлагатай гэж зүйл ангийг шууд заах эрх байхгүй. Шүүх гэм буруугийн хурал хийж байж бүрэлдэхүүнтэйгээр хүндрүүлэх эсэхийг шийдэж болох учраас энэ захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Дээд шатны прокурор Т.Батсүх давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Алимаа 2427000000032 дугаартай Р.Гд холбогдох эрүүгийн хэрэгт 2024 оны 03 сарын 07-ны өдөр 25 дугаартай прокурорын яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Хархорин сум дахь Сум дундын шүүх 2024 оны 03 сарын 22-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг хэлэлцээд 2024/ШЗ/87 дугаар захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй байна. Р.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тогтоох шаардлагатай гэж дүгнэжээ.

Шүүгчийн захирамжийг 2024 оны 03 сарын 25-ны өдрийн 16 цаг 10 минутад хүлээн авч танилцаж хянаад шүүхийн энэхүү шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Шүүх хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь хуулийн энэхүү зохицуулалт нь шүүгч тухайн хэргийг үзээд уг 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт дурдсан 17-н төрлийн бүрдүүлбэр хийх үү, үгүй юу гэдгийг л хянана. Түүнээс биш зүйлчлэл хүндрүүлэх асуудлыг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэхгүй, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэх үзэл баримтлалтайгаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дах хэсэгт 2022 оны 06 дугаар 03-ны өдрийн хуулиар оруулсан “...шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэсэн зохицуулалт нь хүний эрхийг дээдэлсэн буюу шүүгдэгчийн эрхийг дордуулахгүй байхад чиглэсэн үзэл баримтлал, бодлогоор оруулсан нэмэлт билээ. Тодруулбал, сэжигтэн, яллагдагч Р.Г нь ямар хэрэгт яллагдах гэдгийг мөрдөн шалгах ажиллагаанд өөрт нь танилцуулдаг. Тэр сонсгосон ялын талаар тайлбар хэлэх, түүнийг үгүйсгэх, хууль зүйн туслалцаа авах, нэмэлт мөрдөх ажиллагаа явуулах, хүсэлт гаргах эрхийг эдэлдэг.

Бид Р.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу энгийн бүрэлдэхүүнтэй хэргийн шинжээр эрүүгийн хэрэг үүсгэж өөртөө ашигтай шийдвэр гаргуулах, эсвэл шүүх хуралдаанаар мэтгэлцэж гэм буруугийн асуудлаа шийдвэрлүүлэх зэрэг процессын эрхийг бүрэн дүүрэн эдлүүлэх боломж бүрдсэн байна. Тийм учраас хэргийн зүйлчлэлийг урьдчилан ялыг хүндрүүлж шийдвэр гаргахгүйгээр шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцээд үнэхээр зүйлчлэлийг хүндрүүлэх нөхцөл байдал үүсвэл дахиж шалгаад процессын эрхийг нь бүрэн дүүрэн эдлүүлснийхээ дараа шүүхийн шатанд нөхөн гүйцэлдүүлж түүний гэм бурууг хэлэлцэх нь хүний эрхийг дээдлэх үзэл баримтлалд нийцнэ гэж үзэж дээрх нэмэлт өөрчлөлтийг хуульд оруулсан байна.

Прокурор энэ хэрэгт хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй байгаа буюу хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8-д зааснаар хүндрүүлэх үндэслэлгүй талаар яллах дүгнэлтдээ маш дэлгэрэнгүй дүгнэж хэргийг шүүхэд хүргүүлжээ. Гэтэл шүүх энэ асуудлыг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүйгээр, өөрөөр хэлбэл мэтгэлцэх зарчмын хүрээнд тал бүрээс нь хэлэлцүүлж нотлох баримтыг шинжлэн үзсэний дагуу хэрэв зүйлчлэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдвол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж дахин үргэлжлүүлэн хэлэлцэж шийдвэрлэх боломжийг хэргийн үндсэн оролцогч нарт олгоогүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг буруу хэрэглэсэн гэх нөхцөл байдал харагдаж байна.

Хохирогчид олон тооны шарх гэмтэл үүсгэсэн нь дангаар “онц харгис хэрцгийгээр алах” шинжид багтахгүй бөгөөд уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчийг тарчлааж, зовоож шаналгаж үхэлд хүргэх зорилго бүхий хүсэл зоригийн элементийг зайлшгүй давхар харгалзан үзэх ёстой. Яллагдагч Р.Г-ын хувьд хохирогчид алхаар болон хутгаар 4-н удаагийн шарх гэмтэл үүсгэсэн байх боловч хохирогчтой маргалдаж тэмцэлдэх явцдаа /түүний толгой руу хохирогч модоор цохисноос үүдэлтэй уурлаж алхаар цохисон гэх/ урьдаас төлөвлөөгүй гэнэт үүссэн сэдэлтээр дээрх шарх гэмтлийг учруулахдаа хохирогчийг тарчлаан зовоох, шаналган зовоох, зүдрээхийг тусгайлан зорьсон хүсэл зорилго, нөхцөл байдал тогтоогдоогүй байхад хүндрүүлэн зүйлчлэх үндэслэлгүй байна. Энэ нь түүний “...Манай эхнэр Сүрэндэлгэр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байхдаа надад агсам согтуу тавиад намайг зодсон. Миний толгойн баруун талын зулай хэсэг рүү хагалсан түлээгээр цохисон. Тэгэхээр нь миний уур хүрээд алхаар толгой хэсэг рүү нь цохисон чинь гэрийн баруун орны урд ойчихоор нь өргөөд зүүн орон дээрээ хэвтүүлээд тавьчихаад тэрнээс хойш сайн санахгүй байна.” гэсэн мэдүүлгээр нотлогдоно.

Иймд яллагдагч Р.Г нь бага насандаа авсан гэмтлийн улмаас уналт, таталтын өвчтэй /эпилепси/ болсон ба улмаар Эпилепси өвчний шалтгаант зан төлөвийн өөрчлөлт гэх оноштойгоор аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн мэдрэлийн тасагт удаа ирж эмчлүүлдэг болсон нь хэргийн 60, 64, 66 дугаар талд авагдсан гэрчийн мэдүүлгүүд болон 108,122-133, 136-152-р талд авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогджээ.

Гэрч Р.Г-ын “... өмнө нь над руу хутга бариад дайрч байсан болохоор Гэндэнсономыг унтахгүй байхаар нь янз бүрийн асуудал тарьчих бий гээд эргэж тойроод байсан...” гэх /хэргийн 43-р хуудас/ мэдүүлгээр яллагдагч Р.Г нь гэмт хэрэг үйлдэхээс 2-3-н хоногийн туршид унтахгүй байсан буюу зан төлөвийн өөрчлөлтөд орсон, хэвийн бус зан төрхтэй байсан гэж үзэхээр байна.

Хохирогчийн төрсөн эгч нар болох Ж.Л, Ж.Ж нарын мэдүүлэгт 2023 оны 12 дугаар сарын 15-нд “зодоод байна, ална гээд хутга шөвөг дандаа барьдаг”, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр залгахад зодуулсан байсан, 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр залгахад “зодоод, алах гээд хутга бариад дайраад байна” гэж хэлж байсан гэх мэдүүлэг нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байх шинжтэй байх боловч сэтгэцийн хувьд цоо эрүүл хүний үйлдэл гэж үзэхэд учир дутагдалтай байх тул дээрх шинж үгүйсгэгдэж байна гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, талийгаачид гар хүрч зоддог, хутга авч дайрдаг, ална тална гэх ааш гаргадаг нь эрүүл, хэвийн хүний сэдэлт, санаа зорилгоор буюу гэр бүлийн хүчирхийллийг хүсэж үйлдсэн гэж үзэх боломжгүй байна.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдэг нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг өөрийн дураар, хараа хяналт, эрхшээлдээ байлгах зорилгоор зоддог, догшин авирлаж харгис хэрцгий харьцдаг байдал нь зарим тохиолдолд хэвшил, зуршил болсон шинжтэй хууль бус үйлдлийг ойлгодог бөгөөд хувийн таарамжгүй харилцаанаас байнга буюу тухайн үйлдлийн давтамж, сэдэлт, санаа зорилго, хугацааны үргэлжилсэн байдлаараа ялгаатай байдаг. Мөн талийгаач Ж. Сүрэндэлгэрийн биед 4-н удаагийн үйлдлээр халдаж амь насыг хохироосон нь түүний өвчний сэдрэлттэй учир зүйн холбогдолтой буюу шалтгаант холбоотой бөгөөд гэмт этгээд өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, үр дагаврыг зориуд хүсэж, санаатайгаар хохирогчийг удаан хугацаагаар зовоох, тарчлаах, тамлах, зорилгоор олон тооны шарх гэмтлийг зориудаар хүсэж учруулсан байдаг шинжийг үгүйсгэж байна.

Иймд Р.Г-ын хувьд эпилепси өвчний шалтгаант зан төлөвийн хэвийн биш араншин нь нөлөөлж талийгаачид гар хүрч байсан, улмаар /2-3 хоног унтаагүй байх үедээ/ амь насыг нь хороосон гэж үзэж Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “онц харгис хэрцгийгээр”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, санаа зорилгогүй байна гэж дүгнэлээ. Энэхүү дүгнэлтийг хийхдээ гэрч Р.Гу-ын “...2024 оны 01 дүгээр сарын 21-ний ... тухайн шөнө 4-5-н удаа унасан байсан, ... Р.Г-г Бат-Өлзий сумын Эрүүл мэндийн төвд авчирч Ганням эмчид үзүүлсэн чинь нойрны тариа хийж өгөөд гэрт нь хариад би хамт сахиж хоносон чинь бас унтаагүй. ” гэх мэдүүлэг, эмч Ганнямын “Р.Г гэх хүн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 23-н цагийн үед төрсөн ах Р.Г-ын хамт “3-н хоног унтаагүй” гэж хэлэхээр нь аминазин 2 мл булчинд, 500мл рингер, 2 мл димедрол судсанд хийхээр эмчилгээ бичиж сувилагчаар хийлгэсэн. Мөн сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд үзүүлэхийг ах Гурванбаатарт зөвлөсөн.” гэх мэдүүлгийг үндэслэн зан төрхийн хувьд хэвийн биш нөхцөлд байсан байна гэж дүгнэсэн.

Гэмт этгээдийн гэмт хэрэг үйлдэх үедээ уг үйлдэлдээ хандсан сэтгэл зүйн ухамсарт хандлагыг мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн гүйцэд тогтоох нь түүний үйлдсэн хэргийн бүрдлийн шинжийг зөв тодорхойлоход чухал ач холбогдолтой бөгөөд тогтоогдсон нотлох баримтуудаар яллагдагч Р.Г-ын эрх зүйн байдлыг дээрдүүлэн хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зөв гэж дүгнэлээ.” гэсэн хяналтын прокурорын яллах дүгнэлтэд дурдсан хууль зүйн дүгнэлтийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, нэмэлт бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж дахин үргэлжлүүлэн хэлэлцэж шийдвэрлэх боломжийг хэргийн үндсэн оролцогч нарт олгох нь зүйтэй юм.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2024/ШЗ/87 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

            Яллагдагчийн өмгөөлөгч Д.Дашцэрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Яллагдагч Р.Г-д холбогдох хэргийг бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэж онц харгис хэрцгийгээр хүнийг алсан эсэхийг тодорхойлж, дараа нь хүндрүүлэх эсэх байдлыг шийдвэрлэн 30 хоногийн хугацаагаар хойшлуулж хуулийн дагуу шийдвэрлэх боломжтой. Тухайн үед Р.Г нь хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах бүрэн чадвартай байсан уу гэдэг нь эргэлзээтэй.

 

Учир нь Р.Г нь хийсэн үйлдлээ бүрэн санадаггүй. Би алхаар цохисноо санадаг. Харин цаашаа юу болсноо санадаггүй гэж мэдүүлдэг. Хэрэг гарах үед нойргүйдлийн шокноос гараагүй байсан ба болсон явдлыг бүрэн гүйцэд санадаггүй. Өөрийнх нь төрсөн ах Р.Гурванбаатарын мэдүүлэгт Р.Г нь унаж татдаг өвчтэй болсон, унасны дараа 3-н хоног унтдаггүй нойргүйдлийн шоконд ордог, тариа хийгээд ч унтдаггүй гэж мэдүүлдэг. Энэ прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Прокурор Д.Алимаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж дагуу давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцож байна. Яллагдагч Р.Г нь багадаа авсан гэмтлээс унаж татдаг өвчтэй болсон. Энэ нь гэмт хэрэг үйлдэх нөхцөлд нөлөөлөхгүй боловч зан төлөвт нь өөрчлөлт орсон гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Хэрэг хариуцах чадвартай боловч сэтгэцийн хувьд эрүүл, өвчин нь хөдөлсөн үедээ зан төлөвийн хувьд өөрчлөлтөд ордог. Гэрч Р.Гу яллагдагч Р.Г нь хэрэг болохоос 3-н хоногийн өмнө огт унтаагүй байсан гэж мэдүүлдэг. Бат-Өлзий сумын нэгдсэн эмнэлэгт очиж эмчилгээ хийлгэж, тариа хийлгэсэн боловч үйлчлээгүй. Хэрэг гардаг өдөр ах Р.Гурванбаатар нь Р.Г болон талийгаач нарын утас руу залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд гэрт нь очиход хэрэг гарсан байсан. Ах Р.Гу нь дүүгээ хажуудаа хараа хяналтдаа байлгадаг. Р.Г нь Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн мэдрэлийн тасгийн хяналтад байдаг. Ийм нөхцөл байдал үүссэн учраас мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтад бүрдэл хийж прокуророос яллагдагчийг гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл зүйн ухамсарт хандлагад нь эргэлзэх эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн гэж дүгнэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар нотлох баримтад эргэлзээ үүссэн учраас яллагдагчийг хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнгүйгээр үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэргийг хүлээж авч шүүгчийн захирамжаар прокурорт хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр буцааж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчиж байна. Анхан шатны шүүх хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэнэ. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой байхад зүйлчлэлийг хүндрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж хэргийг прокурорт  буцаасан нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол шүүх хуралдааныг завсарлуулж зүйлчлэлийг хүндрүүлж болно гэж заасан. Яллагдагч Р.Г-ын гэмт хэрэг үйлдэгдэх үеийн сэтгэцийн зан төлөвийн хувьд эргэлзээ төрсөн учраас хууль зүйн дүгнэлт хийж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Шинжээч эмч Ганхүү, яллагдагчийн ах Р.Гу нарыг шүүх хуралдаанд оролцуулж хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой. Прокурор тухайн үйл баримтад тулгуурлаж хууль зүйн дүгнэлт хийж шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэтгэлцэх зарчмаар хангаж анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдааныг хэлэлцүүлсний дараа шийдвэрлэх боломжтой. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй. Яллагдагчийн өмгөөлөгч сэтгэцийн эрүүл мэндийг нь үзүүлэн дахин дүгнэлт гаргуулах тухай саналыг гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай эсэхийг тогтоолгох тохиолдолд шүүгчийн захирамжаар дахин шинжээч томилон шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг бүрэн шийдвэрлэх боломжтой.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/87 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Л давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний дүү Ж.С-ийг Р.Г хэрцгийгээр алж амь насыг нь хохироосон. 10-н жил хамт амьдарч харж хандаж, халамжилж байсан хүн байгаа юм. 2024 оны 01 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө амийг нь хороож хэрцгийгээр алж гаднаас нь үүдийг нь цоожилсон байсан. Р.Г 10-н цаг болж байхад ах, эгч рүүгээ бүгд рүү нь залгасан байсан. Би утсыг нь харсан. Би тухайн үедээ ухаан алдсан хүн биш байх гэж бодож байна. Хэрцгийгээр алсан байх гэж бодож байна. Би гомдолтой байна. Амийг нь амиар авмаар байна гэв.

Яллагдагч Р.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдол, эсэргүүцэлтэй холбогдуулж хэлэх тайлбар байхгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шүүгчийн захирамжийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, яллагдагчийн өмгөөлөгчийн гомдол болон дээд шатны прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Анхан шатны шүүхээс Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг яллагдагч Р.Г-д холбогдох хэрэгт тогтоогоогүй гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ. 

 

Давж заалдах шатны шүүхэд яллагдагчийн өмгөөлөгч Д.Дашцэрэнгээс ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос хэргийг зүйлчилж ирүүлснийг анхан шатны шүүх буруу гэж дүгнэн хэргийг буцаасан. Буцаасан захирамждаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 2.8-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тогтоох шаардлагатай гэж зүйл ангийг шууд заах эрх байхгүй тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү ... гэх агуулга бүхий гомдол,

 

Дээд шатны прокуророос ... анхан шатны шүүх хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийг буруу хэрэглэсэн. Энэхүү хуулийн зохицуулалт нь 17-н төрлийн бүрдүүлбэр хийх үү, үгүй юу гэдгийг хянана. Түүнээс биш зүйлчлэл хүндрүүлэх асуудлыг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэхгүй, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэж шийдвэрлэнэ.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8-д зааснаар уг хэргийг хүндрүүлэн зүйлчлэх үндэслэлгүй талаар яллах дүгнэлтдээ дэлгэрэнгүй дүгнэж хэргийг шүүхэд хүргүүлсэн. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдвол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж дахин үргэлжлүүлэн хэлэлцэж шийдвэрлэх боломжийг хэргийн үндсэн оролцогч нарт олгоогүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг буруу хэрэглэсэн. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү... гэх агуулга бүхий эсэргүүцлийг бичжээ.

Давж заалдах шатны шүүхээс Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/87 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Учир нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэж болохоор хуульчлагдсан тул дээд шатны прокурорын эсэргүүцэл болон яллагдагчийн өмгөөлөгчийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг анхан шатны шүүх буруу хэрэглэсэн талаарх эсэргүүцэл болон гомдол үндэслэлгүй байна.

Хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх нөхцөл байдал тогтоогдож байгаа бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих ажиллагааг хийгээгүй, анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд давж заалдах шатны шүүхээс дээд шатны прокурорын бичсэн “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах” тухай 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 04 дугаартай эсэргүүцэл болон яллагдагчийн өмгөөлөгчийн гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгон, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/87 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дугаар зүйлийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/87 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын эсэргүүцэл болон яллагдагчийн өмгөөлөгчийн гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Н.ЭНХМАА

 

                                        ШҮҮГЧИД                         Л.НЯМДОРЖ

 

                                                                                  Б.ЦЭРЭНПҮРЭВ