Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 286

 

 

 

 

                          

 

 

2018              4             02                                            286

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг,

улсын яллагч Д.Цолмон,

шүүгдэгч Н.Б-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Б-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1808000230085 дугаар эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Н-ийн Б.

Яллагдагч Н.Б-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Очир-2 хорооллын 70 дугаар байрны 3 дугаар орцны 7 дугаар давхарт 2017 оны 12 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө хамтран амьдрагч М.П-г хардсаны улмаас зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Б-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 12 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө гэртээ орсон. Эхнэрийн утсанд дуудлага ирэхээр нь хардсан. Тэгээд үүрээр нэг залуутай шатаар өгсөөд гараад ирэхээр нь нөгөөг залууг нь “Хэн юм наадах чинь” гэж асуусан. Нөгөө залуу доошоо гүйж зугатаагаад явчихсан. Дахин “Хэн юм бэ” гээд асуусан чинь танихгүй гээд хэрэлдээд байсан. Би нүд рүү нь нэг удаа цохисон. Шатаар өнхрөөд унахаар нь босгох гэж татсан. Дахиж ийм хэрэг хийхгүй” гэв.

 

Эрүүгийн 1808000230085 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч М.П-гийн: “2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэртээ байж байтал хамтран амьдрагч Б- 22 цагийн орчимд халамцуу 2 пиво, чихэр, жимс барьчихсан орж ирсэн. Ингээд бид хоёр авчирсан пивийг нь хувааж уучихаад унтах гэж байтал утсанд танихгүй дугаараас хүн андуурч залгасан. Б- хардаж хэрүүл хийгээд гараад явсан. Б- надад хэлэхдээ “би танай аав, ээж дээр очиж уулзана, намайг доромжлоод байна гэдгийг чинь хэлнэ” гээд байхаар нь “чи юу яриад байгаа юм бэ” гэж хэлээд би зугатаад “Жи” бааранд ороод 2 пиво авч уусан. ...2017.12.17-нд шилжих шөнө 04 цаг өнгөрч байхад баарнаас гараад гэрийнхээ орц руу орох гэтэл айгаад байсан. Энэ үед орцноос нэг танихгүй эрэгтэй гарч ирэхээр нь би “та намайг 10 давхарт гаргаад өгөөч” гэж хэлээд 10 давхарт гаргуулсан. Энэ үед Б- орцонд байж таараад намайг оруулж өгсөн эрэгтэй хүнтэй намайг хардаад “чи энэ хүнтэй үнсэлцээд зогсож байсан” гээд намайг орцны 7 давхарт алгадаад, үснээс зулгаагаад, баруун нүд рүү гараараа 1-2 удаа цохиод намайг шат руу түлхэж унагаасан. ...Албан ёсны гэр бүлийн баталгаа байхгүй. Хамт нэг гэрт амьдраад 1 жил болж байна. Эмчилгээ хийлгэсэн баримт гэх зүйл байхгүй. Надад одоо гомдол санал, түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-9-10/

Насанд хүрээгүй гэрч Д.Д-гийн: “Тухайн өдөр би гэртээ эгч Пүрэвсүрэнгийн хамт байж байтал 19-20 цагийн орчимд гаднаас Б- ах халамцуу байдалтай 2 лааз пиво, чихэр, жимс аваад орж ирсэн. Пивийг Б- ах, Пүрэвсүрэн эгч хоёр хувааж уучихаад унтах гээд байж байтал эгчийн утас дуугарсан. Гэтэл Б- ах Пүрэвсүрэн эгчийн утас руу залгасан хүнтэй түүнийг хардаад хэрүүл хийгээд байсан. Гэнэт Б- ах, Пүрэвсүрэн эгч нар гэрээс гараад явцгаасан. Эргэж ирээгүй. 2017.12.17-ны өглөө 08 цаг өнгөрч байхад Пүрэвсүрэн эгч ирсэн. Түүний нүд хавдаад тагларчихсан байсан. “Яасан бэ” гэж асуухад “Б- өчигдөр намайг орцонд зодсон. Би цагдаа дээр байж байгаад ирлээ” гэж хэлсэн. Орцонд ямар нэгэн дуу чимээ сонсогдоогүй. Би унтаж байсан болохоор мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-12/,

Гэрч Б.М-ын: “...Шөнө ойролцоогоор 04 цаг өнгөрч байхад орцонд нэг эмэгтэй уйлаад “туслаарай, авраарай, аллаа” гээд орилоод байхаар нь би гараад хартал 7-8 давхрын шатны голд нэг охин хэвтчихсэн, нөхөр нь бололтой эрэгтэй хажууд нь өвдөглөөд суучихсан. Газар хэвтэж байгаа охины нүд хавдчихсан байсан. Би “Та нар болиоч, хүн амьтан унтаж амармаар байна” гэж хэлтэл тухайн охин “эгчээ авраарай, та цагдаа дуудаад өгөөч, та гэр рүүгээ битгий ороорой, таныг гэр рүүгээ орвол энэ намайг алах гээд байна” гэж хэлэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Миний харснаар эмэгтэй нь нэлээн согтуу байх шиг байсан, харин эрэгтэй нь гайгүй байх шиг анзаарагдсан” гэх мэдүүлэг /хх-13/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.12.17-ны өдрийн 312 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.М.П-гийн биед баруун нүдний зовхи, баруун бугалганд цус хуралт, хавантай гэмтэл тогтоогдлоо. 2.ШЭГЗТЖ-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэг болно. 3.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй” гэжээ /хх-17/,

Шүүгдэгч Н.Б-ы яллагдагчаар өгсөн: “Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 22 цагийн орчимд Пүрэвсүрэнгийн гэр рүү ороод амрах гээд байж байтал Пүрэвсүрэнгийн гар утас руу танихгүй нэг дугаар залгаад байхаар нь “хэн юм” гэж Пүрэвсүрэнгээс асуутал “би мэдэхгүй” гээд нуугаад байсан. Тэгэхээр нь би “дүүгийнхээ гэр рүү явлаа” гэж хэлээд гэрээс нь гартал “тэгвэл би ч гэсэн гарлаа” гэж хэлээд гэрээсээ гараад явахаар нь хартал “Жи” баар руу орчихсон. Гараад ирэх болов уу гэж хэсэг харж зогссон боловч гарч ирээгүй. Би яваад ортол ганцаараа пиво уугаад сууж байхаар нь “явъя” гэтэл “явахгүй” гээд байсан. ...Би орцонд хэзээ орж ирэхийг нь хүлээгээд зогсож байтал ...бараг үүрээр гаднаас Пүрэвсүрэн нэг залуутай шатаар дээшээ өгсөөд гараад ирэхээр нь би доошоо буугаад тэр залууг нь “хэн юм” гэж дахин асуутал “танихгүй” гээд өөдөөс хэрэлдээд байсан. Энэ үед Пүрэвсүрэн “би амиа хорлож үхлээ за” гэж хэлээд 8 давхрын шатан дээр зогсож байгаад 7 давхрын шат руу өөрөө өнхрөөд уначихсан. Газар уначихаад орилоод байсан чинь 7 давхраас нэг эмэгтэй гарч ирээд цагдаад дуудсан. Би нүд рүү нь нэг удаа гараар цохисон, алгадаж, үснээс нь зулгаасан зүйл болоогүй. Шатаар өнхрөөд унахаар нь босгох гэж ...татсан. Пүрэвсүрэн согтуу байсан. Би согтуу байгаагүй. ...Хамтран амьдраад жил болж байгаа...” гэх мэдүүлэг /хх-26, 68/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, илтгэх хуудас /хх-3/, гэрч Б.Даваажавын мэдүүлэг /хх-14/, гэрч Н.Бадарчийн мэдүүлэг /хх-15/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-35/, хохирогч М.П-гийн “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт /хх-80/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Н.Б-согтуурсан үедээ 2017 оны 12 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Очир-2 хорооллын 70 дугаар байр, 3 дугаар орц, 7 дугаар давхарт хамтран амьдрагч М.П-г хардсаны улмаас зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч М.П-гийн “...намайг орцны 7 давхарт алгадаад, үснээс зулгаагаад, баруун нүд рүү гараараа 1-2 удаа цохиод намайг шат руу түлхэж унагаасан...” гэх мэдүүлэг /хх-10/, гэрч Б.М-ын “...би гараад хартал 7-8 давхрын шатны голд нэг охин хэвтчихсэн, нөхөр нь бололтой эрэгтэй хажууд нь өвдөглөөд суучихсан. Охины нүд хавдчихсан байсан. “Эгчээ авраарай, та цагдаа дуудаад өгөөч, та гэр рүүгээ битгий ороорой, таныг орвол энэ намайг алах гээд байна” гэж хэлэхээр нь би цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-13/, шүүгдэгч Н.Б-ы яллагдагчаар өгсөн “...Би нүд рүү нь нэг удаа гараар цохисон...” гэх мэдүүлэг /хх-26/ зэрэг мөрдөн байцаалтад өгсөн хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн өгсөн мэдүүлгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Н.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч М.П-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нотлох баримт бүхий хохирол нэхэмжлээгүй төдийгүй хохирогчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан “шүүх хуралдаанд суухгүй, Н.Б-аас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх хүсэлт /хх-80/-ийг харгалзан шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай” гэж,

шүүгдэгч Н.Б-“Улсын яллагчийн 450.000 төгрөгөөр торгох ялыг зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт үндэслэлтэй гэж дүгнэж шүүгдэгч Н.Б-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Н.Б-урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Н-ийн Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ыг 450.000 төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Б-торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Н.Б-бусдад төлөх төлбөргүй, урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ                                Л.БААТАР