Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2024/ДШМ/24

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 12-ны өдөр                Дугаар 2024/ДШМ/24                                 Өвөрхангай аймаг

 

 

А.Х-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нямдорж даргалж, ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд    

     Прокурор А.Алтангэрэл  

     Шүүгдэгч А.Х    

     Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/61 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн гомдлыг үндэслэн А.Х-т холбогдох эрүүгийн 2326002920008 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн ... суманд ... оны ... дугаар сарын ...-ний өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, аав, ээж, ах, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн .... тоотод оршин суух хаягтай, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 242 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д заасан хорих ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, ... овгийн А.Х

А.Х нь 2023 оны 08 дугаар сарын 09-ний шөнө 03-04-н цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн 903 дугаар байрны 1 дүгээр орцны 5 давхарт хохирогч Б.М-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодсоны улмаас эрүүл мэндэд нь “тархи доргилт, дээд эрүүнд 11 дүгээр шүдний хагас булгарал, дух болон баруун нүдний зовхинд шарх, зүүн нүдний зовхи, зүүн хацрын төвгөр хэсэгт цус хуралт, дагз хэсэгт хаван хавдар, баруун, зүүн гарын бугалга, зүүн шуу хэсэгт цус хуралт, зүүн гарын бугалга хэсэгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос А.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Боржигон овгийн А.Х-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйл, 163 дугаар зүйлийн 163.1, 163.2-т зааснаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган, шүүгдэгч А.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.М нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Х-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэвээр үргэлжлүүлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Х-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Х давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн. Миний хувьд Өв Арвин арвай худалдааны төвд ажилладаг. Байнгын орлогын эх үүсвэртэй. Мөн мөрдөн шалгах ажиллагаанаас гэм буруугаа хүлээж, үйлдсэн хэрэгтээ гэмшиж ирсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний биед санаатайгаар хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэг нь торгох санкцтай тул миний хувийн байдлыг харгалзан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж торгох ял оногдуулж өгнө үү гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч М.Дамбийням давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгохоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг. Шүүгдэгч А.Х нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Б.М нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Мөн шүүгдэгч нь Өв-Арвин худалдааны төвд ажилладаг, байнгын орлоготой хүн учраас торгох ялыг биелүүлэх боломжтой гэж үзэж байгаа тул шүүгдэгчийн гомдлыг хүлээн авч шүүгдэгчид торгох ял оногдуулсан тохиолдолд хохирогч болон хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс татгалзах зүйлгүй болно гэжээ.

 

Шүүгдэгч А.Х давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “Өв арвин арвай” ХХК-ийн ус борлуулалт дээр ажиллаад сар хүрээгүй байна. Сард 2000000 төгрөгийг тогтмол орлоготой. Одоогоор дансны хуулга, банкны хуулгаар  цалин ороогүй байгаа. Долоо хоногийн дараа анхны сарын цалин олгогдоно. Надад оногдуулсан ялыг сольж торгох ялаар шийтгэж өгнө үү гэв.

 

Прокурор А.Алтангэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: А.Х-т анхан шатны шүүхээс прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явц болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар олгосон эрхийг хязгаарласан зүйл байхгүй. Шүүгдэгч А.Хатанбаатарын хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орлогын эх үүсвэргүй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй байсан. Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилго, зорилтод нийцүүлэн шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/61 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос А.Х-ыг 2023 оны 08 дугаар сарын 09-ний шөнө 03-04-н цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн 903 дугаар байрны 1 дүгээр орцны 5 давхарт хохирогч Б.М-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Боржигон овгийн А.Х-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

 

Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч А.Х-аас ... Би Өв Арвин арвай худалдааны төвд ажилладаг, байнгын орлогын эх үүсвэртэй. Мөрдөн шалгах ажиллагаанаас гэм буруугаа хүлээж, үйлдсэн хэрэгтээ гэмшиж ирсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь торгох санкцтай тул миний хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү.... гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.

 

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн байна гэж дүгнэлээ.

 

Учир нь: Шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 463 дугаартай ...А.Х-ын биед баруун дээр үүдэн 11-р шүдний эмтрэл, духанд сорви гэмтлүүд тогтоогдлоо. ...дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт, мөн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 132 дугаартай ...А.Х-ын биед үүссэн баруун дээд 1-р шүд /11-р шүд/-ний эмтрэл, духанд сорви гэмтлийн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй, 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 463 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй... гэх дүгнэлт гаргасан байна.

 

Мөрдөн байцаах албаны тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчөөс А.Х, Б.М нар нь 2023 оны 08 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар баг 903 байрны орцонд хоорондоо хэрүүл маргаан хийж улмаар зодолдож бие биенийхээ биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай саналыг прокурорт гаргажээ.

 

Прокурорын 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэн яллагдагчаар татахаас татгалзаж, харин А.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд 2023 оны 08 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар баг 903 байрны орцонд А.Х, Б.М нар хэрүүл маргаан хийж улмаар хоорондоо зодолдсон үйл баримт тогтоогдож байгаа ба шинжээчийн дүгнэлтээр Б.Мөнх-Эрдэнийн үйлдлийн улмаас А.Х-ын биед хөнгөн хохирол учирсан талаарх шинжээчийн дүгнэлт гарчээ. Гэтэл прокуророос Б.М-д холбогдох хэргийг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байхад А.Х-т холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор А.Алтангэрэлээс ... Б.М-д холбогдох хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн гэсэн... гэх тайлбарыг гаргасан бөгөөд энэ талаарх баримт хэрэгт байхгүй байна.  

 

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/61 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч А.Х-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэлээ.

 

Хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул шүүгдэгчийн гомдолд эрх зүйн дүгнэлт өгөөгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/61 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

  1. Шүүгдэгч А.Х-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Л.НЯМДОРЖ

             ШҮҮГЧИД                               Н.ЭНХМАА                

                                                                                Б.ЦЭРЭНПҮРЭВ