Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2025/0627

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.А** /РД:********/,                          

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар,

Гуравдагч этгээд: А.Б********/РД:********/ нарын хооронд үүссэн ******** дүүргийн * дугаар хороо, ** дугаар хороолол, ** дугаар байр, ** тоот ** м.кв ***** дугаартай үл хөдлөх хөрөнгөд хамтран өмчлөгчөөр А.Б****г нэмсэн бүртгэлийг хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа, нэхэмжлэгч Г.А****, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э*****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М****, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.О**** нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

          1.1. Нэхэмжлэгч Г.А** нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “...**** дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, **-р байр, ** тоот ** м.кв Ү-****** дугаартай үл хөдлөх хөрөнгөд хамтран өмчлөгчөөр А.Б**** нэмсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс  нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, ихэсгэж, багасгасан зүйлгүй дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. *** дүүргийн * дугаар хороо, ** дугаар хороолол, * дугаар байр, ** тоот ** м.кв талбайтай, * өрөө байрыг 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Г.А****, Д.Л*****, Г.Г***** нарын 3 иргэний өмчлөлд  улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон.[1]

2.2. Дээрх үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгч Г.Г***** нь 2006 онд нас барж, 596 дугаарт нас барсны бүртгэлд бүртгэсэн.[2]

2.3. Улмаар Г.Г******ийн өмчилж байсан ******** дүүргийн * дугаар хороо, ** дугаар хороолол, ** дугаар байр, ** тоот ** м.кв талбайтай, 3 өрөө байрыг өвлөх эрхээс нагац дүү А.Х**** нь өөрийн хүсэлтээр[3] татгалзаж, нагац дүү А.Б**** өвлөх хүсэлт гаргасан.[4]  

2.4. Б**** дүүргийн * дугаар хороо, ** дугаар хороолол, ** дугаар байр, 12 тоот ** м.кв талбайтай, 3 өрөө байрны өвлөгчөөр Г.А**, Д.Л********, А.Б********нарыг бүртгэж, 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 005 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон.[5]

2.5. Гуравдагч этгээд А.Б********нь 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ******** дүүргийн 6 дугаар хороо, ** дугаар хороолол, ** дугаар байр, 12 тоот ** м.кв талбайтай, 3 өрөө байрны өв залгамжлалаар өмчлөгчөөр бүртгүүлэхээр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг бөглөж, хамтран өмчлөгч хэсэгт иргэн Д.Л********, Г.А** нарыг бичсэн.[6]

2.6. Улмаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр А.Б********г өв залгамжлалаар өмчлөгчөөр бүртгэж, иргэн Г.А**, Д.Л********, А.Б********нарыг бүртгэж, улсын бүртгэлийн ********дугаарт бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон.[7]

2.7. Нэхэмжлэгч Г.А**гаас дээрх бүртгэлийг эс зөвшөөрч, “…хамтран өмчлөгчөөс зөвшөөрөл авах байтал зөвшөөрөлгүйгээр хамтран өмчлөгч нэмж бүртгэсэн” гэж маргаж Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргасан.

2.8. Дээрх гомдлын хариуд, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 6/14643 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “… өв залгамжлалаар өмчлөх эрх өөрчлөгдсөн бүртгэлийг хянахад ... хууль тогтоомж зөрчиж бүртгэсэн үндэслэл тогтоогдохгүй байна” гэх хариуг өгсөн.[8]

2.9. Нэхэмжлэгчийн зүгээс “...Өвлөгчөөр бүртгэгдэж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ дээр нэрээ оруулсан А.Б********нь Иргэний хуулийн 520.1.1-д заагдсан өвлөгч биш, шилжүүлсэн гэх Г.Г********, А.Х******** нар нь мөн хуулийн 520.1.1-д заагдсан өвлөгч нар биш бөгөөд 528 дугаар зүйлд заагдсанаар 520.1.1-д заагдсан өвлөгч өвөө хүлээн авсан байхад 520.1.1-д заагдсан өвлөгч нарын зөвшөөрөлгүйгээр улсын бүртгэл хийсэн үйлдэл нь хууль бус бөгөөд иргэн Г.А**, Д.Л******** нарын хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул бүртгэлийг хүчингүй болгуулах үндэслэлтэй” гэх зэрэг агуулгаар маргаж байна.  

2.10. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 5.5-д зааснаар өв залгамжлах эрхийг улсын бүртгэлд бүртгэхдээ нотариатаас олгосон өв залгамжлах эрхийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, үйлчилгээний хураамж тушаасан баримт зэргийг үндэслэн бүртгэнэ гэсний дагуу бүртгэсэн. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар мэдүүлгээс татгалзах үндэслэл байгаагүй. Улсын бүртгэлийн байгууллага өв тогтоох байгууллага биш. Өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэж, өвлөх эрхийг шилжүүлнэ гэсэн хуулийн заалт, дүрэм журмаа баримталж бүртгэсэн” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

2.11. Гуравдагч этгээд А.Б********гийн зүгээс “...Өвлөх эрхийн гэрчилгээ болон холбогдох мэдүүлэг бусад нотлох баримтыг үндэслэн үл хөдлөх хөрөнгийн бүртгэл үйлдсэн улсын бүртгэгчийн шийдвэр хууль ёсны бүртгэл хийгдсэн.” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч Г.А** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…******** дүүргийн 6-р хороо, **-р хороолол **-р байр 12 тоот ** м.кв ********бүртгэлийн дугаартай Г.А**, Д.Л********, Г.Г******** гэсэн 3 хүний өмч байсан. Миний төрсөн эгч Г.Г******** албан ёсоор гэрлэж байгаагүй, нөхөр, хүүхэдгүй бөгөөд эгч Г.Г******** нь 2006.05.31-ны өдөр нас барснаар өвийг түүний төрүүлсэн ээж Д.Л******** хүлээж авсан. Харин миний ээж Д.Л******** нь 2019 оны 11 сард нас барсан. Гэтэл өвлөгчөөр бүртгэгдэж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ дээр нэрээ оруулсан А.Б********гэгч этгээд нь 520.1.1-д заагдсан өвлөгч биш, шилжүүлсэн гэх Г.Г********, А.Х******** нар нь мөн хуулийн 520.1.1-д заагдсан өвлөгч нар биш бөгөөд 528-р зүйлд заагдсанаар 520.1.1-д заагдсан өвлөгч өвөө хүлээн авсан байхад 520.1.1-д заагдсан өвлөгч нарын зөвшөөрөлгүйгээр улсын бүртгэл хийсэн үйлдэл нь хууль бус бөгөөд иргэн Г.А**, Д.Л******** нарын хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул бүртгэлийг хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй гэж үзэж байна. Улсын бүртгэгч хууль бус баримт бүрдүүлсэн А.Б********гэгчийн материалыг хүлээж аваад өвд хамаарах субъект мөн бишийг эсэхийг нягтлан харсан бол бүртгэл хийгдэх боломжгүй байсан.” гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Өв залгамжлалын асуудал нь Иргэний хуульд заасан тодорхой заалтуудаар хуульчлагдсан байдаг. Үүнийг улсын бүртгэлийн байгууллага дагаж мөрдөх үүрэгтэй. Иргэний хуулийн 528 дугаар зүйлд өвийг шилжүүлэх тухай тодорхой заасан. Өвийг шилжүүлэхдээ ганц болзолтой. Өвлөгчид өвийг шилжүүлнэ гэж заасан. Нэг хөрөнгөд 3-4 өвлөгч байгаа тохиолдолд тухайн өвлөгчдөд хөрөнгийг шилжүүлж болно. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт заасан өвлөгч нарт шилжүүлэхээр заасан байна. А.Б********нь өвлөгч биш. Өвлөгчид өвийг шилжүүлнэ гэсэн хүсэлт гаргаад, тухайн хүсэлтийнх нь дагуу улсын бүртгэлийн байгууллага бүртгэнэ. Бүртгэлийн байгууллага нотариатаар орсон л бол бүртгэнэ гэж ойлгоод байдаг. Нотариатаар орсон болгон бүртгэл биш. Хуульд заасан үйлдлийг л хуульд зааснаар хийсэн байна уу гэдгийг шалгаж, бүртгэх ёстой. Монгол улсын хуулиар зөвхөн өвлөгч нарт өвөө шилжүүлэхийг заасан болохоос биш, хөндлөнгийн этгээдэд өвөө шилжүүлж болох хууль манай улсад байхгүй. Монгол Улсад байхгүй хуулиар бүртгэл хийсэн байгаа нь бүртгэлийн байгууллагын буруутай үйл ажиллагаа гэж үзэж байна. Улсын бүртгэгч нь 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан заалтыг зөрчиж, Г.А**д мэдэгдээгүй өвлөх эрхийн гэрчилгээг хийсэн байхад бүртгэлийг анзаараагүй хийсэн байна. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-т зааснаар татгалзах эрхээ алдсан этгээдийн татгалзах өргөдлийг хүлээж авсан байна. Зөвхөн өвлөгчид шилжүүлэх ёстой өвийг шилжүүлж болох байтал хамаагүй хөндлөнгийн этгээд буюу А.Б********д шилжүүлсэн зөрчил байна.” гэжээ.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрхийн улсын бүртгэлийн ********дугаарт, ******** дүүргийн 6 дугаар хороо, ** дугаар хороолол, ** дугаар байр, 12 тоот хаягт байрлах, ** м.кв талбайтай, 3 өрөө, орон сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн иргэн А. Б********гийн гаргасан мэдүүлэг, 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 169 дугаартай нотариатчийн гэрчилсэн 05 тоот өвлөх эрхийн гэрчилгээ, 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 169 дугаартай нотариатчийн гэрчилсэн иргэн А.Х********ы өргөдөл, Хорооны засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтыг үндэслэн өмчлөх эрхийн тоот гэрчилгээ олгогдсон байна. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн ** дугаар зүйлийн **.9-д “Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийн үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө.”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т "Энэ хуулийн 14.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг хориглоно." гэж тус тус зааснаар мэдүүлгийг хүлээн авч бүртгэсэн нь хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам /2011 оны 38 дугаар тушаал/-ын 5.5. Өв залгамжлах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхдээ нотариатаас олгосон өв залгамжлах эрхийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээ, үйлчилгээний хураамж тушаасан баримт зэргийг үндэслэн бүртгэнэ гэж заасны дагуу өмчлөх эрх хууль, дүрэм журмын дагуу бүртгэгдсэн” гэжээ.

3.4. Гуравдагч этгээд А.Б********шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “…******** дүүргийн дугаар хороо, ** дугаар хороолол, ** дугаар байр 12 тоот хаягт байршилтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Г.А**, Г.Г********, Д.Л******** нар нь байсан ба Г.Г******** нь 2006 онд нас барсан тул А.Б********миний бие 2016 оны 10 сарын 03-ны өдрийн 05 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээний дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдэж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулсан. Г.Г******** нь А.Б********г өргөн авсан миний хуурай эх бөгөөд энэхүү нөхцөл нөхцөл байдлыг манай ах дүү нар бүгд мэднэ. Д.Л******** нь өвлөх эрхээсээ татгалзсан учир миний бие талийгаач Г.Г********гийн хууль ёсны өвлөгч юм. Өвлөх эрхийн гэрчилгээ болон холбогдох мэдүүлэг бусад нотлох баримтыг үндэслэн үл хөдлөх хөрөнгийн бүртгэл үйлдсэн улсын бүртгэгчийн шийдвэр хууль ёсных тул нэхэмжлэгч Г.А**гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

3.5. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.О******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Тухайн үл хөдлөх хөрөнгийг А.Б********өв залгамжлалын эрхийн гэрчилгээний үндсэн дээр шилжүүлэн авч, орон сууцыг хамтран өмчлөгчөөр өмчилж, гэрчилгээ гаргуулж авсан. Нэхэмжлэгч уг өв залгамжлалын гэрчилгээтэй холбогдуулж нэхэмжлэл гаргаж байна гэж ойлгосон. А.Б********нь Иргэний хуульд зааснаар өвчлөгч биш учраас бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан гэж дүгнэсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ** дугаар зүйлийн **.1-т Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ. гэж заасан. Энэ маргаан нь өв залгамжлалын эрхийн гэрчилгээнээс үүдэлтэй гэж тайлбар хэлдэг. Тэгэхээр улсын бүртгэгчийн хийсэн захиргааны акттай холбоотой маргааныг шүүх шийдвэрлэнэ. Бүртгэсэн бүртгэл хууль ёсны дагуу хийгдсэн эсэхийг шийдвэрлэнэ гэж үзэж байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар мэдүүлгээс татгалзах үндэслэл байгаагүй учраас бүртгэсэн гэж тайлбарладаг. Үүнд ямар нэгэн хууль зөрчсөн асуудал байхгүй байна. Улсын бүртгэлийн байгууллагыг энэ бүртгэлтэй холбоотой буруутгах үндэслэл байхгүй. Улсын Дээд шүүхийн 2024 оны 25 тоот тогтоолд иргэний эрх зүйн хүрээнд гэрээ, хэлцэлтэй холбоотой үүсэж байгаа маргааныг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхгүй гэж тусгасан. Өв залгамжлалтай холбоотой харилцаа нь нэг талын хүсэлт зоригоор хийгддэг хэлцэл. Үүнтэй холбоотой маргааныг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэхгүй, зөвхөн захиргааны бүртгэл акттай холбоотой маргааныг шийдвэрлэнэ.

Чадамжгүй байхад нь бүртгэл хийгдчихлээ гээд хэлээд байна. Энэ нь ямар нотлох баримтаар нотлогдож байгаа юм бэ. 2016 оны бүртгэлд яагаад тухайн үед гомдол гаргаад, хууль хяналтын байгууллагад хандаагүй юм бэ. Энэ мэдэх боломжтой асуудал. Г.А** энэ байрны 33 хувийн өмчлөх эрхтэй этгээд байсан. Одоо энэ байр А.Б********та хоёрын 50, 50 хувийн өмчлөлийн байр гэж ойлгож байна. Гэтэл та миний эрх ашиг хөндөгдсөн гэж яриад байх юм. Та өмчлөгч хэвээрээ л байна. Энэ нас барсан хүмүүсийн хүсэл зоригийн илэрхийлэл Иргэний хуульд зааснаар хүчин төгөлдөр байдаг. Энэ хүмүүс зээ дүүдээ энэ байрыг өгье гээд хүсэлт зоригоо илэрхийлээд хүсэлтээ өгсөн байна. Нотариатч хүлээж аваад, өвлөх эрхийн гэрчилгээ бичигдсэн. Энэ гэрчилгээ өнөөдрийн байдлаар хүчинтэй байна. Улсын Дээд шүүхийн 2024 оны 26 дугаар тогтоолд зааснаар өвлөх эрхийн гэрчилгээ нь иргэний шүүхийн харьяа маргаан юм, гэрчилгээ өөрөө хууль ёсны байхыг иргэний шүүх дүгнэлт өгнө гэдэг байдлаар тайлбарласан байна.

2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т зааснаар эрх ашиг нь хөндөгдсөн этгээдийн зөвшөөрлийг авах шаардлагатай. Таны эрх ашиг хөндөгдөж байгаа эсэхийг улсын бүртгэлийн байгууллага тодруулахгүй. Та өөрөө хандах ёстой. Миний эрх ашиг хөндөгдсөн байна гэх гомдлоо өөрөө Иргэний хуульд зааснаар улсын бүртгэлийн байгууллагад гаргах ёстой. Бүртгэлийг эс зөвшөөрвөл улсын бүртгэлийн байгууллагад хүсэлтээ гаргана. Энд хөөн хэлэлцэх хугацаа яригдана. 8-9 жилийн дараа ингэж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Бүртгэлийг хууль бус яваад байгааг мэдэх боломжтой хугацаа байсан. Бүртгэлийг шууд хууль бус гэж үзэх боломжгүй. Хуулийн дагуу нотариатчийн өвлөх эрхийн гэрчилгээг үндэслээд бүртгэл хийгдсэн тул хүчин төгөлдөр гэж үзэж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гуравдагч этгээд, түүний өмгөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Тогтоогдсон үйл баримтын тухайд, ******** дүүргийн 6 дугаар хороо, ** дугаар хороолол, ** дугаар байр, 12 тоот ** м.кв талбайтай, 3 өрөө байрыг 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Г.А**, Д.Л********, Г.Г******** нарын 3 иргэний өмчлөлд  улсын бүртгэлийн ********дугаарт бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгожээ.

2. Дээрх үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгч Г.Г******** нь 2006 онд нас барж, 596 дугаарт нас барсны бүртгэлд бүртгэгдэж, улмаар Г.Г********гийн өмчилж байсан ******** дүүргийн 6 дугаар хороо, ** дугаар хороолол, ** дугаар байр, 12 тоот ** м.кв талбайтай, 3 өрөө байрыг өвлөх эрхээс нагац дүү А.Х******** нь өөрийн хүсэлтээр[9] татгалзаж, нагац дүү А.Б********өвлөх хүсэлт гаргасан.[10]

3. Мөн ******** дүүргийн 6 дугаар хороо, ** дугаар хороолол, ** дугаар байр, 12 тоот ** м.кв талбайтай, 3 өрөө байрны өвлөгчөөр Г.А**, Д.Л********, А.Б********нарыг бүртгэж, 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 005 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгожээ.[11]

4. Гуравдагч этгээд А.Б********нь 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ******** дүүргийн 6 дугаар хороо, ** дугаар хороолол, ** дугаар байр, 12 тоот ** м.кв талбайтай, 3 өрөө байрны өв залгамжлалаар өмчлөгчөөр бүртгүүлэхээр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг бөглөж, хамтран өмчлөгч хэсэгт иргэн Д.Л********, Г.А** нарыг бичсэн байна.[12]

5. Улмаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр А.Б********г өв залгамжлалаар өмчлөгчөөр бүртгэж, иргэн Г.А**, Д.Л********, А.Б********нарыг бүртгэж, улсын бүртгэлийн ********дугаарт бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгожээ.

6. Нэхэмжлэгч Г.А**гаас дээрх бүртгэлийг эс зөвшөөрч, “…хамтран өмчлөгчөөс зөвшөөрөл авах байтал зөвшөөрөлгүйгээр хамтран өмчлөгч нэмж бүртгэсэн” гэж маргаж байна.

7. Өөрөөр хэлбэл, энэхүү захиргааны хэрэгт гол эрх зүйн маргаантай асуудал нь өв залгамжлалын харилцаа хуульд нийцсэн эсэх бус[**], харин дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр А.Б********г өв залгамжлалаар өмчлөгчөөр бүртгэж нэмэхдээ бусад өмчлөгч болох Г.А**гаас хуульд заасны дагуу зөвшөөрөл авсан эсэхтэй холбоотой маргаан болно.

8. Маргаан бүхий бүртгэл нь 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хийгдсэнээс үзвэл цаг хугацааны хувьд энэхүү маргаанд хэрэглэвэл зохих хууль нь 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль байна.

9. 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах харилцааг зохицуулсан байх бөгөөд 19.1 дэх хэсэгт “Дараахь тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулна:” гээд, мөн зүйлийн 19.1.1-19.1.2 дахь заалтад “үл хөдлөх эд хөрөнгө гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжих;”, “эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх;” гэж эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэлүүдийг хуульчилжээ.

10. Мөн тус хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна.” гэж зохицуулсан.

11. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.” гэж тус тус заасан.

12. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзвэл, аливаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулахад зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэний зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байх хуулийн шаардлага тавигдаж байна.

**. Маргаан бүхий тохиолдлоос үзэхэд, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр А.Б********г ********дугаарт нэмж бүртгэхдээ тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн нэг болох нэхэмжлэгч Г.А**гаас хуулийн дээр дурдсан заалтад заасан нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг бичгээр аваагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон талуудын тайлбараас тус тус тогтоогдов.

14. Тодруулбал, хариуцагч захиргааны байгууллага нь энэ тохиолдолд 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь хэсэгт зааснаар захиргааны шийдвэр гаргах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулах үүрэгтэй буюу холбогдох эрх нь хөндөгдөж буй этгээдээс нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрөл авсан эсэхийг нягталж, түүнийг тодруулсны үндсэн дээр бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг шийдвэрлэх ёстой юм.

15. Дээрх агуулгаараа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарласан “Г.А**гийн бичгээр гаргасан зөвшөөрөл байгаа эсэхийг бүртгэлийн байгууллага нягтлах үүрэггүй” гэх агуулгатай тайлбар үндэслэлгүй.

16. Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

17. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талууд өв залгамжлалын харилцаа Иргэний хуулийн холбогдох заалтад нийцээгүй талаар маргасан бөгөөд энэ нь Захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш тул энэ үйл баримтад Захиргааны хэргийн шүүх дүгнэлт хийхгүй болохыг тухайлан тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.1, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Г.А**гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, ******** дүүргийн *-р хороо, **-р хороолол **-р байр, *** тоот ** м.кв ********дугаартай үл хөдлөх хөрөнгөд хамтран өмчлөгчөөр А.Б********г /РД:********/ нэмсэн бүртгэлийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 


[1] Хавтаст хэргийн /цаашид “Хх” гэх/ 52 дахь тал

[2] 54 дэх тал

[3] Хх 128 дахь тал

[4] Хх 120 дахь тал

[5] Хх 49 дэх тал

[6] Хх 47 дахь тал

[7] Хх 55 дахь тал

[8] Хх 9 дэх тал

[9] Хх 128 дахь тал

[10] Хх 120 дахь тал

[11] Хх 49 дэх тал

[12] Хх 47 дахь тал

[**] Хх 34-36 дахь тал. Энэ талаарх үйл баримтыг Захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхгүй бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 221/ШТ2025/0085 дугаартай тогтоолоор үүнийг дүгнэж, эл үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.