| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
| Хэргийн индекс | 106/2015/0486/э |
| Дугаар | 436 |
| Огноо | 2016-06-23 |
| Зүйл хэсэг | 216.2., 261.1., |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 436
Л.Отгонбаярт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Д.Гансүх, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Оюун-Эрдэнэ,
яллагдагч Л.Отгонбаярын өмгөөлөгч Ж.Хандсүрэн,
нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнийн гаргасан 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 952 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Оюун-Эрдэнийн бичсэн 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 5 дугаар улсын яллагчийн эсэргүүцлээр эрүүгийн 201526012658 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Есөн овогт Лхагвадуламын Отгонбаяр, 1994 оны 8 дугаар сарын 10-нд Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Төв аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар баг, Улаанчулуут гэх газарт оршин суух, ял шийтгэлгүй, /РД:НА94081018/,
Л.Отгонбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 22-23 цагийн орчим О.Улам-Өрнөхийн эзэмшлийн Тоёота Раум загварын, 14-69 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, Мал Бордохын гэр хорооллын баруун талын шороон замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс Н.Алтангэрэлийн жолоодон явсан Тоёота Приус-20 загварын 31-25 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж 55.000 төгрөгийн шууд, 215.000 төгрөгийн нийт хохирол, О.Улам-Өрнөхийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 904.000 төгрөгийн шууд, 1.398.400 төгрөгийн нийт хохирол тус тус учруулаад мөн дүрмийн 2.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтыг зөрчин ослын газрыг санаатай орхиж зугтаасан,
Эрүүгийн 201526012658 дугаартай хэрэгт сэжигтнээр тооцогдон 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан байхад 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс хойш мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан гэмт хэргүүдэд холбогджээ.
Тээврийн дүүргийн Прокурорын газраас: Л.Отгонбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Л.Отгонбаярт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж хэргийг дараах үндэслэлээр мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж дүгнэжээ. Үүнд: Л.Отгонбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнээр тооцож, үндэслэл бүхий тогтоол үйлдээгүй, түүнд сэжигтний эрхийг эдлүүлээгүй атлаа 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр яллагдагчаар татах тогтоол үйлдэж Л.Отгонбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгон, байцааж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн /хх-ийн 137-139/. 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр яллагдагчаар татах тогтоол үйлдэж байцаан шийтгэх ажиллагаа хийсний дараа 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Сонсгосон ялыг өөрчлөх, нэмэх буюу түүнд нэмэлт оруулах тогтоол үйлдсэн хэдий ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан ялыг нэмж нэгтгэлгүй орхигдуулсан, тус тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт сэжигтнээр тооцоогүй атлаа яллагдагчид тухайн гэмт хэрэгт ял нэмж сонсгосон /хх-ийн 140/ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчил болно. Түүнчлэн 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдөр яллагдагчид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1-д заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон /хх-ийн 168/ боловч уг хэргийн хөөн хэлэлцэх хугацааг буруу тооцож буюу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэл болно. Мөн яллагдагч Л.Отгонбаярыг 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан гэж яллах дүгнэлт үйлдсэн атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь заалтыг зөв хэрэглээгүй байх тул 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 5 дугаартай яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгосныг хууль ёсны гэж үзэхгүй. 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдөр 12 дугаартай ял өөрчилж сонсгох тухай тогтоол /хх-ийн 167/, мөн өдөр 5 дугаартай яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолыг /хх-ийн 168/ тус тус үйлдэж, 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 91 дугаартай яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 209 дүгээр зүйлийн 209.5 дахь хэсэгт “Хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоолыг хүлээн авснаас хойш хохирогч болон холбогдох бусад этгээд 7 хоногийн дотор гомдол гаргаж болно” гэсний дагуу хохирогч болон холбогдох бусад этгээдэд 7 хоногийн дотор 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 12, 5 дугаартай тогтоолуудад гомдол гаргах эрхийг эдлүүлээгүй гэж үзлээ. 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 12 дугаартай Ял өөрчилж сонсгох тухай тогтоол, мөн өдрийн 5 дугаартай Яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол /хх-ийн 168/ нь Эрүүгийн 20152602658 дугаартай хэргийн тогтоол байгаа нь шүүхэд ирүүлсэн Эрүүгийн 201526012658 дугаартай хэрэгт хамааралтай эсэх нь эргэлзээтэй байна. Тээврийн прокурорын газрын 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 91 дугаартай яллах дүгнэлтэд Эрүүгийн хэргийн дугаар нь 20152602658, 201526012658 гэж хоёр янзаар бичигдсэн байгаа нь ойлгомжгүй байх тул яллах дүгнэлтийг хуульд нийцүүлэн зөвтгөх шаардлагатай байна. Л.Отгонбаярт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Тээврийн прокурорын газарт буцааж, Л.Отгонбаярт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор Ц.Оюун-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнийн гаргасан 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 952 дугаар шүүгчийн захирамжийн зарим хэсэгт эсэргүүцэл бичсэн. Хяналтын прокурорын хувьд захирамжийг хүлээж аваад энэ хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаана гэсэн боловч мөрдөн байцаалтын шатанд зарим ажиллагаа нь ойлгоход төвөгтэй байсан. Л.Отгонбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2, 261 дүгээр зүйлийн 216.1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнээр тооцож, үндэслэл бүхий тогтоол үйлдээгүй. Мөн сэжигтний эрхийг эдлүүлээгүй атлаа 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр яллагдагчаар татах тогтоол үйлдэж Л.Отгонбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байцаагаад, Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг ноцтой зөрчсөн. Шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.2-т зааснаар сэжигтнээр тооцсон ба мөрдөн байцаалтын ажиллагааны явцад мөрдөн байцаагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-д “Тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлох баримтаар нотлогдож байвал хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч уг этгээдийг яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэнэ” гэсний дагуу дээрх зүйл ангиар ял сонсгож, яллагдагчаар татсан нь хууль зүйн үндэслэлтэй. Нийлмэл гэмт хэрэгт автомашин авч зугтаасан, мөрдөн байцаалтаас оргон зайлсан, бусдын автомашиныг ашиглан шамшигдуулах зорилгогүй авсан гэдэг зүйл ангиудыг тус тусад нь сэжигтнээр тооцох шаардлагагүй гэж үзэж байна. Сэрдэгдсэн этгээдэд үйлдсэн гэмт хэрэг тус бүрд нь сэжигтнээр тооцно гэсэн хуулийн заалт байхгүй. Сэжигтэн Л.Отгонбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар тогтоож, 216 дугаар зүйлийн 216.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус заасан ял сонсгож, яллагдагчаар татахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлд заасан яллагдагчийн эрхийг хангасан байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасан эрхийг хангаагүй гэж үзэх үндэслэл байхгүй байна. Яллах дүгнэлтийн удиртгал хэсэгт эрүүгийн хэргийн дугаарыг 20152602658 гэж бичсэн нь буруу байгаа боловч яллах дүгнэлтийн тэмдэглэх, тогтоох хэсэгт эрүүгийн хэргийн дугаарыг зөв бичигдсэн тул энэхүү бичиглэлийн алдааг зөвтгөн ойлгох боломжтой гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн зарим заалтыг хүчингүй болгож өгнө үү. Мөрдөн байцаагчийн хувьд давхардуулаад тогтоол үйлдэж ял сонсгосон нь буруутай байсан учраас энэ талаар ямар нэгэн зүйл дурдаагүй. Мөн миний хийсэн алдаа бол хөөн хэлэлцэх хугацааг тасарсан байхад хөөн хэлэлцэх хугацааг тоолоод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсгийг буруу хэрэглсэн учраас эсэргүүцэлд дурдаагүй...” гэв.
Яллагдагч Л.Отгонбаярын өмгөөлөгч Ж.Хандсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Л.Отгонбаяр бичиг үсэг мэдэхгүй учраас би өмгөөлөгчөөр нь оролцсон. Энэ хэрэгт эсэргүүцэл бичсэнээс хойш ямар нэгэн процессийн зөрчилтэй зүйл байна. Миний ойлголтоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2, 261 дүгээр зүйлийн 261.1, 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэг гэж зүйлчилсэн. Хамгийн буруу зүйл нь хугацаа болоогүй байхад Эрүүгийн хуулийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Шүүгчийн захирамжийн зарим заалт, прокурорын эсэргүүцлийн зарим заалтыг үндэслэлтэй гэж үзэж байна...” гэв.
ХЯНАВАЛ:
Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын шатанд буцаасан шүүгчийн захирамжийн заалтаас зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, зарим хэсгийг хүлээж авах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Яллагдагч Л.Отгонбаярыг 2016 оны 1 дүгээр сарын 18-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт заасан хэрэгт сэжигтнээр тооцож хэргийг шалгах явцад бусад нийлмэл гэмт хэргүүдэд холбогдуулан ял нэмж сонсгосон байх тул хэрэг тус бүр дээр сэжигтнээр тооцох тогтоол үйлдэх шаардлагагүй, энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцлийг хангах хуулийн үндэслэлтэй байна.
2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Л.Отгонбаярыг яллагдагчаар татах тогтоол үйлдэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2, 223 дугаар зүйлийн 223.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллагдагчаар татсан атлаа 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр яллагдагч Л.Отгонбаярт урьд сонсгосон Эрүүгийн хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан хэрэгт сонсгосон ял дээр, Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт давхардуулан дахин ял сонсгосон нь буруу байна.
Иймд Л.Отгонбаярт ял давхардуулан сонсгосон 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн тогтоолыг нотлох баримтын хэмжээнд заавал үнэлэх шаардлагагүй байна гэж үзэв.
Прокуророос Л.Отгонбаярыг мөрдөн байцаалтаас оргон зайлсан гэх үндэслэлээр мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 25 дугаар тогтоол баталсан /хх-ийн 121/ атлаа яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 5 дугаар тогтоол /хх-ийн 168/ үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсгийн “Шүүхийн өмнөх шат болон шүүхийн шатнаас гэмт хэрэг үйлдсэн этгээд оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож уг этгээд баригдсан буюу хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн байна.
Эрүүгийн хэрэг үүсгэхдээ 201526012658 гэсэн дугаар авсан /хх-ийн 1/ атлаа ял өөрчилж сонсгосон тогтоол /хх-ийн 167/, яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол /хх-ийн 168/, яллах дүгнэлтэд /хх-ийн 170/ 20152602658 гэж хэргийн дугаарыг буруу бичсэн зөрчил гаргасныг анхааруулж байна.
Иймд шүүгчийн захирамж дахь прокурорын “2016 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 5 дугаар тогтоол”-той холбоотой хэсгийг хэвээр үлдээж, захирамжийн бусад заалтуудыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Анхан шатны шүүх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж буй хэд хэдэн үндэслэлээ, прокурор шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлүүдийн аль хэсгийг эсэргүүцэж байгаагаа ялгаж ойлгомжтой бичээгүйгээс тус шүүх шүүгчийн захирамж, прокурорын эсэргүүцлийн аль хэсгийг хүлээн авч, аль хэсгийг хэрэгсэхгүй болгохыг тодорхойлон заахад хүндрэлтэй байх тул эрх зүйн актын шаардлагыг хангаж захирамж, эсэргүүцлийг бичихэд цаашид анхаарах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнийн гаргасан 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 952 дугаар шүүгчийн захирамжийн үндэслэх хэсгийн “2016 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 5 дугаартай прокурорын тогтоол”-д холбогдох хэсгийг хэвээр үлдээж, бусад заалтуудыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийн “2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 5 дугаар тогтоол”-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, бусад заалтуудыг хангасугай.
2. Энэ магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧИД Д.ГАНСҮХ
О.ЧУЛУУНЦЭЦЭГ