Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 521

 

Д.А, А.У, Ц.А,

Б.Б нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, хохирогч С.А, түүний өмгөөлөгч А.Ариунаа, хохирогч Ц.Д, иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоол, Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар магадлалтай, Д.А, А.У, Ц.А, Б.Б нарт холбогдох 2015250000246 дугаартай эрүүгийн хэргийг иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б-ийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1966 онд төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, сүлжмэлч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Б овогт Д-ын А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан “Олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар залилах” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1979 онд төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Б овогт А-ийн У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Албан тушаалын байдлаа ашиглаж залилах” гэмт хэрэгт,

3. Монгол Улсын иргэн, 1964 онд төрсөн, 55 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, О овогт Ц-ын А,

4. Монгол Улсын иргэн, 1968 онд төрсөн, 51 настай, эмэгтэй, дээд боловсролтой, орчуулагч, багш мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Б овогт Б-ийн Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан “Залилах гэмт хэргийг үйлдсэний улмаас их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.А-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Д.А, Б.Б, Ц.А нарыг бүлэглэж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, их хэмжээний хохирол учруулсан, А.У-ыг бүлэглэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 18,925,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар  Д.А-д 2 жил хорих, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар А.У-г 2 жил хорих ял тус тус шийтгэж, тэдний хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2-т зааснаар Ц.А, Б.Б нарт холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч А.У-д оногдуулсан 2 жил хорих ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн байна.

Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, иргэний хариуцагчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Баярбилэг гаргасан гомдолдоо “А Б” ХХК-г эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар татан улмаар Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасныг үндэслэж, банкнаас 15,925,000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Алтанцэцэгт олгохоор шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасан хэдий ч тус хуулийн 498 дугаар зүйлийн 498.3-т “Хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол энэ хуулийн 498.1, 498.2-т заасан байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасныг шүүх харгалзан үзээгүй, зөвхөн иргэний хариуцагч банкийг буруутай хэмээн дүгнэсэн нь алдаатай болсон хэмээн үзэж байна. Уг хэрэгт хохирогч С.А нь тухайн зээл чөлөөлөх асуудалд өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан бөгөөд хохирогч С.А-ийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээс үзэхэд “...А.У- нь зээл шийдэгдэнэ, зээл олгох хорооны хурлаар ороод шийдвэр гарсан гэж хэлсэн...” хэмээн мэдүүлсэн ба хэрвээ тийм байсан бол тухайн үед зээлийн хорооны шийдвэрийг өөрөө шаардаж харах, танилцах бүрэн боломжтой байсан. Мөн эдийн засагч /зөвлөн халамжлагч/ А.У-ын удирдах дээд шатны эрх бүхий албан тушаалтан болох салбарын захиралтай уулзаж учир байдлыг хэлж тус зээл батлагдсан талаар асууж тодруулах бүрэн боломж байсан, мөн илт өөрийн хайхрамжгүй буруутай үйл баримт харагдаж байна хэмээн үзэж байна. Энэ бол бага хэмжээний мөнгөний асуудал биш бүхэл бүтэн 18,925,000 төгрөгийн асуудал юм. Их хэмжээний мөнгийг анх удаа утсаар холбогдсон огт танихгүй хүнд итгэж өгөх боломжгүй зүйл. Иймээс С.А нь санаатай буюу илтэд болгоомжгүй хандаж үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүй гэж үзэхээр харагдаж байна. Мөн хохирогч С.А болон түүний нөхөр П.Б нар нь зээл чөлөөлүүлэх талаар зар тавьсан нь мөрдөн байцаалт болон шүүхэд өгсөн мэдүүлгээр нотлогдож байдаг ба уг эрсдэлээс зайлсхийх бүрэн боломжтой байсан хэдий ч санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан гэдэг нь харагдаж байна. Иймээс Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3-т заасныг баримтлан иргэний хариуцагч банкийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй гэж үзэж байна. “А Б” банк болон А.У-ын зүгээс С.А рүү утсаар холбогдож зээл чөлөөлөх талаар ярилцаж тохирсон зүйл огт байхгүй. А.У нь ажил үүргийн хуваарийн дагуу зээлдэгч Д.А-ийг зээлээ төлж барагдуул гэсэн шаардлага тавьсан байдаг. Ер нь банкнаас авсан зээлээ төлж барагдуулах талаар зээл олгосон ажилтан эдийн засагч шаардах эрх нь байдаг. Тэрнээс биш банкны буруутай үйлдлээс болж иргэн Д.А-ийн зээлийг хохирогч С.А хаасан асуудал огт байхгүй бөгөөд хууль хэрэглээний хувьд анхан шатны шүүх буруу тайлбарлаж, илт банкийг буруутгаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үед яригдсан, шүүх хуралдааны хурлын тэмдэглэлд тусгагдсан байгаа итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар “...А Б-ны эдийн засагчаар ажиллаж байсан А.У-ыг эрх бүхий албан тушаалтан гэж үзэн “А Б” ХХК, хуулийн этгээдийг холбогдуулан иргэний хариуцагчаар татсан явдал нь хууль эрх зүйн хувьд маш алдаатай болсон. Банк буюу хуулийн этгээдийг эрүү, иргэний, захиргааны, болон холбогдох үйлдэл эс үйлдэхүйд хэн хариуцах талаар хуульчилсан байдаг. Энэ нь эрх бүхий албан тушаалтан гэж хэн бэ?, хуулийн этгээдийн өмнөөс хэрэг хариуцах этгээдийг хэн гэж ойлгох бэ гэсэн олон асуудлууд байна. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт зааснаар “Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно” гэж заасан байдаг. Гэтэл эдийн засагч А.У- нь хуулийн этгээд банкийг төлөөлж хариуцах эрх бүхий албан тушаалтан биш бөгөөд хуулиараа ч тийм боломж байхгүй билээ. Зээлийн олголтыг болон зээл олгох шийдвэрийг бие даан ганцаараа шийдвэрлэдэг албан тушаалтан биш юм. Тухайн зээлийг олгохын тулд тухайн зээл олгох хорооны хурлаар хэлэлцэж /3-4 хүний бүрэлдэхүүнтэй/ зээл олгох эсэх асуудлыг шийдвэрлэдэг. Иймд шийтгэх тогтоол болон магадлалын иргэний хариуцагчтай холбоотой хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогч С.А-ийн өмгөөлөгч А.Ариунаа хэлсэн саналдаа “...Иргэний хариуцагчийн гаргаж буй гомдол нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь А.У нь А Б-тай хөдөлмөрийн гэрээ байгуулсны үндсэн дээр эдийн засагчаар ажиллаж байсан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдлээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээх ёстой. Анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Мөн хуралдаанд ахлах прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүх шүүгдэгч Д.А, Ц.А, Б.Б нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Харин шүүгдэгч А.У-д холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь буруу байх тул хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй байна.  Түүнчлэн шүүгдэгч Д.А, А.У нарыг бүлэглэн иргэн С.А-т 18,925,000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзсэн тул хохирлыг шүүгдэгч нараар хувь тэнцүүлэн төлүүлэх, А.У-д хамаарах 9,462,500 төгрөгийг иргэний хариуцагч “А Б” ХХК-иар төлүүлэхээр шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б-ийн гаргасан гомдлыг үндэслэн Д.А, А.У, Ц.А, Б.Б нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Д.А, Б.Б, Ц.А нар нь бүлэглэн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 43 дугаар байрны 2-17 тоот орон сууцыг түрээслэх явцад урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хохирогч Ц.Д-г “1 сарын хугацаатай банкинд тавьчихъя, би танд сарын дотор буцаагаад аваад өгчихнө” гэж хуурч тус орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авч иргэн Ж.С-т зарж 62,800,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Д.А, А.У нар нь бүлэглэн А.У-г Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ариг” банкны зээлийн эдийн засагчаар ажиллаж байхад 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “Найдвартай зээлдэгч тул зээл өдөртөө гарна, зээлээ хаачихвал 21,000,000 төгрөгийн зээл өдөртөө авна” гэж хуурч, С.А-ээр өөрийн нэр дээр “А б” банкнаас авсан зээлийн үлдэгдэл 18,925,000 төгрөгийг төлүүлж үлэмж хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Д.А нь 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х” дэлгүүрээс хохирогч Д.Э-ийг  хуурч монетон хослол, ээмэг бөгж кулон, мөнгөн ээмэг зүүлт зэрэг эд зүйлийг залилан авч 4,049,500 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Д.А нь 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “О” зочид буудалд хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Г.Ж-аас 1,000,000 төгрөг, Г.Л-аас 1,000,000 төгрөг, хохирогч Б.Т-аас 1,000,000 төгрөг, Б.А-аас 1,000,000 төгрөг, Ц.О-аас 2,000,000 төгрөг, Ш.Б-аас 1,000,000 төгрөг, Н.О-ээс 1,000,000 төгрөг, Г.Б-аас 1,000,000 төгрөг, Ч.Н-оос 1,000,000 төгрөг, Д.Ж-ээс 1,000,000 төгрөг, Д.Д-аас 1,000,000 төгрөгийг тус тус залилан авч нийт 13,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.А-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Д.А, Б.Б, Ц.А нарыг бүлэглэж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Ц.А, Б.Б нарт холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгохдоо 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэснээс гадна шүүгдэгч Д.А-д хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулжээ.

Харин шүүгдэгч А.У нь 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр буюу 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байх үед уг хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан залилах гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд шүүхээс түүнд холбогдох хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, улмаар 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамааруулан оногдуулсан хорих ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд зөв шийдэл биш гэж үзэв.

Учир нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн /цаашид Өршөөл үзүүлэх тухай хууль гэх/ хоёрдугаар бүлэгт “ял, шийтгэлээс өршөөн хэлтрүүлэх”, “ялаас өршөөн хасах”, “зарим хугацааг хэрэгсэхгүй болгох”, “эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох” гэсэн өршөөл үзүүлэх 4 үндсэн хэлбэрийг хуульчилж, эдгээрийг мөн хуулийн 9 дүгээр зүйлд зааснаас бусад төрлийн гэмт хэргүүдэд хэрэглэхээр хуульчилсан билээ.

Шүүгдэгч А.У-ын үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан залилах гэмт хэрэг нь дээрх өршөөлд хамааруулахгүй хэргийн ангилалд ороогүй байх тул 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхгүйгээр гэмт хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хуулийн тусгай 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар зүйлчилж, түүнийг албан тушаалын байдлаа ашиглаж бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 2 жил хорих ял шийтгэж, ялыг 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгт авагдсан нотлох баримттай харьцуулан шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч А.У нь “Ариг” банктай хөдөлмөрийн гэрээ байгуулж, уг байгууллагад эдийн засагчаар ажиллаж байсан нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар ажил олгогч буюу А Б-наас 15,925,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Харин шийтгэх тогтоолдоо “А Б” банк өөртөө учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй гэснийг шүүгдэгч Д.А, А.У нараас нэхэмжлэх эрхтэй гэж өөрчлөхөөр шийдвэрлэв.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд дээрх өөрчлөлтүүдийг оруулж, иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоол, Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар магадлалд:

“Шүүгдэгч А.У-г албан тушаалын байдлаа ашиглаж бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэсүгэй”,

“Шүүгдэгч А.У-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өршөөн хэлтрүүлсүгэй” гэсэн нэмэлт, өөрчлөлтийг оруулж,

“шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтын “...иргэний хариуцагч “А” банк нь гэм буруутай этгээдээс хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй...” гэснийг “...иргэний хариуцагч А Б нь шүүгдэгч Д.А, А.У нараас  хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй...” гэж өөрчилж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б-ийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН