Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 456

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийсайхан даргалж, тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Т*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 

“Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 851 дүгээр шийдвэрийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5, 19.3-т заасны дагуу нэхэмжлэгч “Т*******” ХХК-ийн гаргасан өргөдлийг хуульд заасан журмын дагуу хүлээн авч, зохих журмын дагуу хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахыг Ашигт малмталын газрын Кадастрын хэлтэст даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “Т*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э******* нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “Т*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

“Ашигт малтмалын газраас 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн солбицлыг хассан ба үүний дагуу төрөөс тогтоосон талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлын  мэдээллийг өөрийн цахим хуудаст тавьсан. 

Манай компани нь Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан ерөнхий нөхцөл, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан шаардлагыг хангаж, мөн хуульд заасан журмын дагуу 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 09.00 цагт цахим хэлбэрээр дугаар авч, улмаар 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Ашигт малтмалын газарт ердийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл буюу ус, газрын тос, уламжлалт бус газрын тосноос бусад ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан. 

2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 120 компани хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэх дугаар авсан байдгаас манай компани 27-д бүртгэгдсэн ба хүлээн авсан өргөдлийн солбицлын бүртгэлд нэхэмжлэгчийн зөвшөөрөл хүссэн талбайн солбицол мөн бүртгэгдсэн болно.

Нэхэмжлэгч “Т*******” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн газар нь Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт орших 18.200 га хэмжээ бүхий “*******” нэртэй талбай юм. 

Ашигт малтмалын газраас манай компанийн өргөдлийг хүлээн авсан тухай 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр [email protected] гэсэн цахим шуудангаар “хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн үйлчилгээний цахим дугаар олгогдлоо. Дугаарт заасан цагт Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу холбогдох баримт бичгийг бүрдүүлэн, доорх холбоосоор орж маягтыг хэвлэн авч, К-1 маягтад заасан огноо, дугаарын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө гаргана уу.” гэсэн хариуг ирүүлсэн. 

2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр өөрийн компанийн өргөдөл гаргасан маягтыг Ашигт малтмалын газраас ирүүлсэн холбоосоор орж  хэвлэн авч, тогтоосон хугацаанд нь үйлчилгээний төлбөр болох 250.000 төгрөгийг тушааж өргөдлөө өгч тодорхойлолтоо авсан. 

Гэтэл манай компанийн өргөдөл өгсөн газрыг системд тусгаагүй байсан учраас 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр албан бичгээр “Т*******” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайн солбицлыг системд тусгаж өгнө үү.” гэсэн хүсэлт гаргасан бөгөөд уг талбай нь урьд өргөдөл өгсөн компанийн газартай давхцаж байна” гэсэн хариуг амаар хэлсэн. 

Ийм учраас “Т*******” ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 15 дугаартай албан бичгээр өргөдөл гаргасан талбайнхаа давхцаагүй хэсгийн  талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлттэй байгаагаа илэрхийлсэн. 

Гэтэл 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 6/7991 дугаар албан бичгээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгсөн. 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 6/8052 дугаар албан бичгээр “Танай компани нь Дундговь аймгийн Өлзийт суманд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан NE026366 тоот өргөдөл нь хэлэлцэх шатны өргөдөлтэй хэсэгчлэн давхцалтай байна. Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д зааснаар давхцаагүй хэсэгт дахин дугаар авч, өргөдөл гаргах боломжтой.” гэсэн хариу өгсөн. 

Дээрх албан бичиг нь дараах байдлаар учир дутагдалтай байна. Үүнд:

-тус албан бичиг дээр манай тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь ямар компани, тус компанид хэзээ олгосон, ямар хайгуулын талбайтай хэр хэмжээгээр давхацсан талаар тусгаагүй;

-нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл хүссэн талбайн давхцаагүй хэсэг дээр нь тусгай зөвшөөрөл авч болох талаар тусгаагүй. 

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д заасан “хүсэлтэд дурдсан талбай нь түрүүлж ирүүлсэн өргөдөлд тусгагдсан талбайтай хэсэгчлэн давхацсан бол давхцаагүй хэсэгт нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх ...” гэж заасны дагуу Ашигт малтмалын газар нь бидэнд давхцаагүйхэсэг дээр хайгуулын тусгай зөвшөөрөл авах боломжтойг мэдэгдэж тус хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан зургийг давхцаагүй хэсгээр нь гаргуулан 19 дүгээр зүйлийн 19.3-д “энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд энэ хуулийн 17.1-д заасны дагуу хийгдсэн талбайн зургийг хавсаргана.” гэж заасны дагуу уг ажиллагаа хийх ёстой гэж үзэж байна.

Нэгэнт тухайн газар дээр тусгай зөвшөөрөл авах тухай хүсэлт гаргах дугаар авчихсан, давхцаагүй хэсэг дээр нь тусгай зөвшөөрөл авах хүсэлттэй байгаагаа илэрхийлчихсэн байхад дахин шинээр дугаар авч бүртгүүлэх талаар хариу өгч байгаа нь хууль бус бөгөөд бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа болно.

Иймд “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 851 дүгээр шийдвэрийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5, 19.3-т заасны дагуу нэхэмжлэгч “Т*******” ХХК-ийн гаргасан өргөдлийг хуульд заасан журмын дагуу хүлээн авч, зохих журмын дагуу хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахыг Ашигт малмталын газрын Кадастрын хэлтэст даалгаж” өгнө үү гэв.

Хоёр. Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“...Т*******” ХХК нь 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр өргөдлийн бүртгэлийн NE-026366 дугаарт бүртгэгдэн Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт орших “*******” нэртэй 18200 га талбайд ашигт  малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргасан байна. 

Өргөдлийн материалыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс хүлээн аваад Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хайгуулын  тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлага болон 18 дугаар зүйлийн 18.2-т заасан “хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг батлагдсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараахь баримт бичгийг хавсаргана” гэж заасны дагуу холбогдох баримт бичгийн бүрдэл хуулийн шаардлага хангасан эсэхийг хянан, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан ажиллагааг хийхэд “Т*******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3-т заасан “хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон болон түрүүлж өгсөн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй.” байх гэсэн шаардлагыг хангаагүй байна. 

Энэ талаар Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд тусгагдсан талбайд зураг зүйн шүүлт хийсэн Кадастрын хэлтсийн зураг зүйн шүүлт хийсэн мэргэжилтний тодорхойлолтоос үзвэл “Т*******” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талбай нь түрүүлж ирүүлсэн ХА-019317 дугаар өргөдөлтэй хэсэгчлэн давхцалтай байсан байна. 

Иймд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.1-д заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана.” гэж заасны дагуу 19 дүгээр зүйлийн 19.2.5-д “хүсэлтэд дурдсан талбай нь түрүүлж ирүүлсэн тусгагдсан талбайтай хэсэгчлэн давхацсан бол давхцаагүй хэсэгт нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх”, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3-т “хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүйг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх” гэж тус тус заасны дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 851 дүгээр шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан болохыг 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 6/7991 дугаар албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн байна. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Нэхэмжлэгч “Т*******” ХХК нь шүүхээс хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан бөгөөд шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О******* “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 851 дүгээр шийдвэрийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох, Ашигт малтмалын тухай хуулийн 19.2.5, 19.3-т заасны дагуу нэхэмжлэгч “Т*******” ХХК-ийн гаргасан өргөдлийг хуульд заасан журмын дагуу хүлээн авч, зохих журмын дагуу хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахыг Ашигт малмталын газрын Кадастрын хэлтэст даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан  тул энэ хүрээнд маргааныг хянан хэлэлцлээ.                                          

                                                           ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэл, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хэрэгт авсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг. “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 851 дүгээр шийдвэрийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох” гэсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч “Т*******” ХХК нь:

нэгд, хариуцагч нь нэхэмжлэгч “Т*******” ХХК-д “...Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талбайн “...давхцаагүй хэсэгт нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх...” үүрэгтэй; 

хоёрт, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д заасан “...уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлттэй байгаа бол энэ тухай дахин өргөдөл гаргах” гэсэн нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг хариуцагч хангах үүрэгтэй байсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “Т*******” ХХК нь “цахим бүртгэлд” дахин өргөдөл гаргахгүйгээр давхцаагүй талбай дээрээ хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдлийг хариуцагчид “дахин” гаргахаар тус хуульд хуульчилсан байхад хуулиар олгогдсон “давуу” эрхийг маань хариуцагч хууль бусаар хязгаарлаж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан 2015 оны 851 дүгээр шийдвэр гаргасан нь хууль бус” гэж;

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь:

нэгд, “...нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талбай нь түрүүлж ирүүлсэн NE-026333 дугаар өргөдөлтэй хэсэгчлэн давхцалтай байсан нь хуульд заасан түрүүлж өгсөн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурьдсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх гэсэн шаардлагыг хангаагүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 17.2.3 дахь заалтыг үндэслэн “Т*******” ХХК-ийн гаргасан өргөдөлд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн хариуцагчийн 2015 оны 851 дүгээр шийдвэр бол хууль ёсны шийдвэр мөн” гэж,

хоёрт, “...давхцаагүй хэсэгт нэхэмжлэгч этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрлийг шууд давуу эрхтэйгээр олгох, мөн энэ тухай хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг нэхэмжлэгчид хариуцагчаас мэдэгдэх гэсэн бүрэн эрх хуулиар олгогдоогүй” гэж маргажээ. 

Нэхэмжлэгч “Т*******” ХХК нь 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг дахь “*******” нэртэй 18200 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст өргөдөл гаргасан  бөгөөд 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 16 цаг 38 минутад хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаар олгох цахим бүртгэлийн NE-026366 дугаарт бүртгэгдсэн  байна. 

Гэтэл уг өргөдлийн талбай нь түрүүлж ирүүлсэн буюу “Тека” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн NE-026333 /ХА-019312/ дугаар өргөдлийн талбайтай хэсэгчлэн давхацсан  болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, талууд уг үйл баримттай маргаагүй болно.  

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.1-д заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:“, 19.2.5-д “хүсэлтэд дурьдсан талбай нь түрүүлж ирүүлсэн өргөдөлд тусгагдсан талбайтай хэсэгчлэн давхацсан бол давхцаагүй хэсэгт нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх бөгөөд өргөдөл гаргасан этгээд уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлттэй байгаа бол энэ тухай дахин өргөдөл гаргах.”, 19.3-т “Энэ хуулийн ..., 19.2.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгуулага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх ...” гэж тус тус заажээ. 

Дээрх хуулийн зохицуулалтын дагуу тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ илэрхийлсэн этгээдийн өргөдлийн талбай түрүүлж ирүүлсэн өргөдлийн талбайтай хэсэгчлэн давхацсан бол төрийн захиргааны байгууллага болох Ашигт малтмалын газар нь “Т*******” ХХК-ийн бусдын түрүүлж өргөдөл гаргасан талбайтай давхцаагүй хэсэгт нь тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэж, дахин өргөдөл гаргах эрхийг нь хангахыг үүрэг болгосон, нэхэмжлэгч давхцаагүй хэсэгтээ тусгай зөвшөөрөл авах хүсэлттэй байгаа бол дахин өргөдөл гаргаж, хариуцагч уг дахин гаргасан өргөдлийг шинээр гаргасан өргөдлийн дараалалд оруулахгүйгээр өмнө гаргасан өргөдлийн хувьд шалгаж, давхцаагүй талбайд тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэхийг шийдвэрлэхээр байна.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5 дахь заалтын “...давхцаагүй хэсэгт нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх” гэсэн нь хариуцагчаас нэхэмжлэгч “Т*******” ХХК-д зөвхөн албан бичгээр мэдэгдсэн эсэхээс үл хамааран нэхэмжлэгчийн давхцаагүй хэсэгтээ хайгуулын тусгай зөвшөөрөл авах боломжийг, тодруулбал нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл авах эрхийг хариуцагчаас хангах үүрэгтэй болохыг хуульчилсан байна.

Гэтэл хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга нь “Т*******” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн NE-026366 (ХА-019361) дугаар өргөдлийн талбай нь түрүүлж ирүүлсэн NE-026333 (ХА-019317) дугаар өргөдлийн талбайтай хэсэгчлэн давхацсан гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талбайд бүхэлд нь тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 851 дүгээр шийдвэрийг  гаргасан нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5, мөн зүйлийн 19.3-т заасан заалтыг тус тус зөрчсөн байна гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагчийн 2015 оны 851 дүгээр шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3-т заасан заалтыг үндэслэн нэхэмжлэгч “Т*******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн өргөдлийн талбай нь түрүүлж ирүүлсэн өргөдлийн талбайтай хэсэгчлэн давхацсан тул ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохоос бүхэлд нь татгалзаж шийдвэрлэсэн байна. 

Гэтэл Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Өргөдөлд дурдсан хайгуулын талбай дараахь шаардлагыг хангасан байна:”, 17.2.3-т “хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон болон түрүүлж өгсөн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй.” байх гэж хуульчилсан зохицуулалт нь хайгуулын тусгай зөвшөөрөл авахад тавигдах “нийтлэг” шаардлагыг тусгасан заалт болно. 

Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан “өргөдөлд дурдсан хайгуулын талбай” бол ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг анх удаа гаргасан, эсхүл мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д заасны дагуу “дахин” гаргасан ч хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон болон түрүүлж өгсөн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх ёстой гэсэн шаардлагыг зохицуулсан заалт мөн. 

Харин Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5 дахь заалт бол хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан талбай нь тухайн өргөдлөөс түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай хэсэгчлэн давхацсан тохиолдолд хуульд заасан давхцалгүй байдлаар шаардлагыг ханган “дахин өргөдөл гаргах” боломжийг олгосон буюу нэхэмжлэгчид давхцаагүй хэсэгтээ дахин өргөдөл гаргах эрх олгосон эрх зүйн зохицуулалтыг агуулсан заалт болно.

Иймд хариуцагчийн “Т*******” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн NE-026366 дугаар өргөдлийн талбай нь түрүүлж ирүүлсэн “Тека” ХХК-ийн NE-026333 дугаар өргөдлийн талбайтай хэсэгчлэн давхацсан гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талбайд бүхэлд нь тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 851 дүгээр шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь заалтын “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Далдугаар зүйлийн 1 дэх заалтын “Үндсэн хуульд ...хууль, ...төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага ...үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.”, Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан “Төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй”, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д заасан “хүсэлтэд дурдсан талбай нь түрүүлж ирүүлсэн өргөдөлд тусгагдсан талбайтай хэсэгчлэн давхацсан бол давхцаагүй хэсэгт нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх бөгөөд өргөдөл гаргасан этгээд уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлттэй байгаа бол энэ тухай дахин өргөдөл гаргах,”, мөн зүйлийн 19.3 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн ..., 19.2.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгуулага нь энэ талаар тухайн аймаг, Нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх ...” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх тул Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 851 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хоёр. “Ашигт малтмалын тухай хуулийн 19.2.5, 19.3-т заасны дагуу нэхэмжлэгч “Т*******” ХХК-ийн гаргасан өргөдлийг хуульд заасан журмын дагуу хүлээн авч, зохих журмын дагуу хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахыг Ашигт малмталын газрын Кадастрын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч “Т*******” ХХК нь хариуцагчид Ашигт малмталын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д заасны дагуу хүсэлтэд дурдсан талбай нь түрүүлж ирүүлсэн өргөдөлд тусгагдсан талбайтай хэсэгчлэн давхацсан бол нэхэмжлэгчид давхцаагүй хэсэгт нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 15 дугаар албан бичгийг   хуульд заасны дагуу хүргүүлсэн байна.

Гэтэл хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатараас “...Дундговь аймгийн Өлзийт суманд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан NE-026366 тоот өргөдөл нь хэлэлцэх шатны өргөдөлтэй хэсэгчлэн давхцалтай байна. Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 19.2.5-д зааснаар давхцаагүй хэсэгт дахин /өргөдлийн дугаар авах цахим сисмемд нэвтрэн/ дугаар авч өргөдөл гаргах боломжтой.” гэсэн хариуг 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 6/8052 дугаар албан бичгээр  мэдэгдсэн байна. 

Ашигт малтмалын тухай хуулийн 19.2.5-д заасан “...дахин өргөдөл гаргах” гэснийг өргөдлийн талбай нь хэсэгчлэн давхцсанаас талбайн хэмжээ өөрчлөгдөх тул өргөдөл болон түүнд хавсаргах баримт бичгүүдийг хуульд нийцүүлэн өөрчлөх шаардлага зүй ёсоор гарах бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 17, 18 дугаар зүйлд заасан шаардлагад нийцүүлж өөрчлөн дахин гаргах эрхтэй гэж ойлгох бөгөөд энэ нь давхцаагүй талбайд тусгай зөвшөөрөл авах хүсэл зоригоо түрүүлж илэрхийлсэн этгээдийн “дахин” гаргасан өргөдлийг адил дараалалд оруулан хүлээн авч бүртгэх ойлголт биш юм. 

Өөрөөр хэлбэл, дээрх хуулийн заалтаар тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ илэрхийлсэн этгээдийн өргөдлийн талбай түрүүлж ирүүлсэн өргөдлийн талбайтай хэсэгчлэн давхацсан тохиолдолд захиргааны байгууллагаас давхцаагүй хэсэгт тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэж, тухайн этгээд дахин өргөдөл гаргах эрхтэй бөгөөд захиргааны байгууллага давхцаагүй талбайд түрүүнд өргөдөл гаргасан этгээдийнх нь хувьд өргөдлийн дарааллыг шалгах шаардлагагүй, гагцхүү Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1-д заасны дагуу “... энэ хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгаж, улмаар тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол мөн хуулийн 19.3-т заасны дагуу “ ... энэ талаар аймгийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд энэ хуулийн 17.1-д заасны дагуу хийгдсэн  талбайн зургийг хавсаргана.” 

Иймд нэхэмжлэгч “Т*******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг түрүүлж ирүүлсэн өргөдлийн талбайтай хэсэгчлэн давхацсан гэсэн үндэслэлээр хариуцагчаас бүхэлд нь хүчингүй болгож, хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан 2015 оны 10 дугаар сарын 12-ний өдрийн 851 дүгээр шийдвэр гаргаж, улмаар 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 6/8052 дугаар албан бичгээр “... Ашигт малтмалын тухай хуулийн 19.2.5-д зааснаар давхцаагүй хэсэгт дахин /өргөдлийн дугаар авах цахим сисмемд нэвтрэн/ дугаар авч өргөдөл гаргах боломжтой ...” гэж мэдэгдсэн нь нэхэмжлэгчээс хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талбай нь хэсэгчлэн давхацсан тохиолдолд түүний дахин гаргаж байгаа өргөдлийг шинээр гаргаж байгаа өргөдлийн адил хүлээн авч тухайн давхцаагүй талбайд хүсэл зоригоо түрүүлж илэрхийлсэн этгээдийн хувьд өргөдлөө шийдвэрлүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын үйлдлийг зөвтгөх үндэслэлгүй юм. 

Мөн хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан “...нэхэмжлэгч “Т*******” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талбайг Дундговь аймгийн Өлзийт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн “Зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” 05 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтад авсан  тул хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй”  гэж тайлбарлаж байгаа нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй тайлбар юм. 

Учир нь хариуцагчаас Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5, 19.3-т заасны дагуу нэхэмжлэгч “Т*******” ХХК-ийн гаргасан өргөдлийг хуульд заасан журмын дагуу хүлээн авч, зохих журмын дагуу аймгийн Засаг даргаас хуульд заасан санал авах ажиллагааг явуулаагүй эс үйлдэхүй гаргасан болно. 

Харин Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3-т заасан “...түрүүлж өгсөн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй.” байх гэсэн заалтыг зөрчсөн тул нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талбайд бүхэлд нь тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн 2015 оны 851 дүгээр шийдвэрийг гаргасан.

Тэгэхлээр хариуцагч Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасны дагуу нэхэмжлэгч “Т*******” ХХК-ийн дахин гаргасан өргөдлийг дарааллынх нь хувьд бус, хуульд заасан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд тавигддаг бусад шаардлагыг шалгаж, улмаар тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэхийг шийдвэрлэх эрх нь нээлттэй юм. 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “Т*******” ХХК-ийн бусдын өргөдлийн талбайтай давхцаагүй хэсэгт дахин өргөдөл гаргах буюу тухайн талбайд түрүүлж хүсэл зоригоо илэрхийлсэн этгээдийн хувьд тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө шийдвэрлүүлэх нэхэмжлэгчийн хууль ёсны “субьектив” эрхийг сэргээх нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

Иймд нэхэмжлэгчийн гаргасан “Ашигт малтмалын тухай хуулийн 19.2.5, 19.3-т заасны дагуу нэхэмжлэгч “Т*******” ХХК”-ийн гаргасан өргөдлийг хуульд заасан журмын дагуу хүлээн авч, зохих журмын дагуу хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Учир нь хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга нь ашигт малтмалын харилцаанд төрийн зохицуулалтын чиг үүргийг хэрэгжүүлэхдээ хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн хуулийн этгээд бүрт Ашигт малтмалын тухай хуулийн 19.2.5, 19.3-т заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу хүсэлтэд дурдсан талбайн “давхцаагүй” хэсэгтээ дахин өргөдөл гаргах, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авах эрхийг олгох, ашигт малтмал эрэх, хайх боломжийг олгох нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь заалтын “...шударга ёс, ...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан “Төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй” гэсэн заалттай нийцнэ. 

Иймд Үндэслэх хэсгийн 1, 2-т дүгнэсэн хууль зүйн үндэслэлүүдээр хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 851 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 19.2.5, 19.3-т заасны дагуу нэхэмжлэгч “Т*******” ХХК-ийн гаргасан өргөдлийг хуульд заасан журмын дагуу хүлээн авч, зохих журмын дагуу хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгах нь зүйтэй гэж дүгнэв. 

 

          Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 70.2.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 19 дүгээр зүйлийн 19.2.1, 19.2.5, 19.3 дахь хэсэгт заасан заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 851 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 19.2.5, 19.3-т заасны дагуу нэхэмжлэгч “Т*******” ХХК-ийн гаргасан өргөдлийг хуульд заасан журмын дагуу хүлээн авч, зохих журмын дагуу хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгасугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.ӨЛЗИЙСАЙХАН