Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 124/ШШ2025/0038

 

                                                                                                                                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

       Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

       Нэхэмжлэгч: “М Э Ү” ББН,/РД:......../ ...........................................................тоот

       Хариуцагч: Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг эрхлэх багийг сонгох сонгон шалгаруулалтын үнэлгээний хороо, Увс аймгийн Засаг дарга, Увс аймгийн Эрүүл мэндийн газар,

       Гуравдагч этгээд: “М А” ББН /РД:4038487,Увс аймгийн Улаангом сум/ оролцсон,

       2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Улаангом сумын 1,2,4,6,7-р багийн өрхийн эрүүл мэндийн төвийн сонгон шалгаруулалтын шийдвэрийг хүчингүй болгуулах, дахин сонгон шалгаруулалт явуулахыг даалгах,аймгийн Засаг дарга, Эрүүл мэндийн газрын дарга,”М А” ББН-ийн хооронд байгуулагдсан өрхийн эрүүл мэндийн төвийн гурвалсан гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “М Э Ү” ББН-ийн дарга Б.Ц, түүний өмгөөлөгч Г.А, хариуцагч өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг эрхлэх багийг сонгох сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны дарга О.Г, хариуцагч Увс аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, Увс аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Х.Д, гуравдагч этгээд “М А” ББН-ийн дарга Х.Н, түүний өмгөөлөгч Д.Д,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       1.Нэхэмжлэгч “М Э Ү” ББН нь анх тус шүүхэд Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг эрхлэх багийг сонгох сонгон шалгаруулалтын үнэлгээний хороонд холбогдуулан 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Улаангом сумын 1,2,4,6,7-р багийн өрхийн эрүүл мэндийн төвийн сонгон шалгаруулалтын шийдвэрийг хүчингүй болгуулах, дахин сонгон шалгаруулалт явуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Увс аймгийн Засаг дарга, Увс аймгийн Эрүүл мэндийн газар, “М А” ББН-ийн дунд байгуулагдсан гурвалсан гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан.

       2.Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг эрхлэх багийг сонгох сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны ажлын хэсэг 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хуралдаж сонгон шалгаруулалтад материал ирүүлсэн “Э М ”,“М Э Ү”, “М А  ББН-үүдээс “М А ББН-ийг шалгаруулсан шийдвэр гаргасан нь 2 дугаартай хуралдааны тэмдэглэлд тусгагджээ.

       Увс аймгийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 1/792 дугаартай албан бичгээр “М Э Ү” ББН-д сонгон шалгаруулалтад шалгараагүй тухай мэдэгдлийг хүргүүлсэн байна.

       “М Э Ү” ББН-өөс Увс аймгийн Засаг даргад хандаж гомдол гаргасанд үнэлгээний хорооны даргаас “М Э Ү” ББН-д сонгон шалгаруулалттай холбогдох тайлбарыг өгчээ.

       Тайлбарыг хүлээн авсны дараа нэхэмжлэгч “М Э Ү” ББН шүүхэд 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлээ ирүүлсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасан хугацааны дотор шүүхэд хандсан гэж үзэв.

       3.Нэхэмжлэгч “М Э Ү” ББН-өөс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:” Улаангом сумын 1, 2, 4, 6, 7 дугаар багийн өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах явцад Эрүүл мэндийн сайдын 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/321 тоот тушаалын хавсралтаар батлагдсан Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах журмын 2.1.1, 2.1.3, 2.1.4, 2.1.5, 3.5, 3.5.3, 3.6, 3.6.1, 5.2.3 тус тус заалтуудыг зөрчиж сонгон шалгаруулалтыг явуулсан гэж үзэж байна. Тодруулбал Үр ашигтай байх, чадамжид суурилсан, хүлээн зөвшөөрсөн байх, ил тод нээлттэй байх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зэрэг сонгон шалгаруулалтад баримтлах зарчмыг баримтлаагүй.

          Мөн түүнчлэн дээрх журмын заалтын дагуу үнэлгээний хороо сондгой тоотойгоор санал хураалт явуулах ёстой байтал тэгш тоотой гишүүдээс санал хураасан, Өрхийн анагаах ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагын төлөөллийг оруулаагүй. Өрхийн эрүүл мэндийн төвийн дүрэмд заасны дагуу "төвийн даргад тавигдах шаардлагад хүний их эмчийн мэргэжил эзэмшсэн, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан..." гэх шаардлагыг хангаагүй даргатай нөхөрлөлийг шалгаруулсан.

          Иймд Увс аймгийн Засаг даргын тамгын газрын сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Улаангом сумын 1,2, 4,6,7 дугаар багийн 'өрхийн эрүүл мэндийн төвийн сонгон шалгаруулалтын шийдвэрийг хүчингүй болгож, дахин сонгон шалгаруулалтыг явуулахыг даалгаж өгнө үү” гэжээ.

          4.Нэхэмжлэгч “М Э Ү” ББН-ийн дарга Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” ...“М э” бүрэн бус нөхөрлөл нь 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Увс аймгийн Улаангом сумын 1,2,4,6 дугаар багийн өрхийн эрүүл мэндийн төвийн сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны багийн дүгнэлтийг хүчингүй болгуулах, шинээр сонгон шалгаруулалтыг зарлах гэх нэхэмжлэлийн шаардлагатай нэхэмжлэлийг гаргасан.Сонгон шалгаруулалтын үнэлгээ хийхдээ 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/321 тоот тушаалын 2.1.1, 2.1.2, 2.1.3, 2.1.4, 2.1.5 дахь зарчмыг баримтлаагүй. Мөн сонгон шалгаруулалтыг зохион байгуулахтай холбоотой 3.5.1, 3.5.3, 3.6.1 мөн сонгон шалгаруулалтад тавигдах шаардлагын тавын 5.4.1, 5.4.2, 7.4.1, 7.1.5 дахь заалтыг баримтлаагүй, хууль бус явагдсан сонгон шалгаруулалт гэж үзэж, сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны дүнг хүчингүй болгуулж, дахин сонгон шалгаруулалт явуулахыг даалгахаар нэхэмжлэлийг гаргасан. Үнэлгээний хорооны дүгнэлттэй холбоотой байгуулагдсан Увс аймгийн Засаг даргын “М А” ББН-тэй байгуулсан гэрээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байгаа. Эрүүл мэндийн сайдын 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 321 тоот тушаалын 5.4.1-т болон 5.4.2-т багт ажиллах мэргэжилтнүүдийг заасан байдаг. 5.4.1-т багт ажиллах өрхийн эмч мэргэжилтний 50-аас доошгүй хувь нь өрхийн анагаах ухаан судлалаар эсвэл ерөнхий мэргэшил судлалаар мэргэшсэн болон ерөнхий мэргэжлийн эмч байх ёстой. 5.4.2-т багийн үлдсэн 50 хувь нь дотрын анагаах ухаан, хүүхэд судлал, уламжлалт анагаах ухаан, эх барих эмэгтэйчүүд, сэргээн засах чиглэлээр мэргэшсэн эмч нар байна гэж заасныг “М А” ББН нь хангадаггүй. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна...” гэв.

          5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”...Тухайн сонгон шалгаруулалт Эрүүл мэндийн сайдын А/321 тушаалын хавсралтаар батлагдсан өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах журмын холбогдох заалтуудыг зөрчиж явуулсан. Сонгон шалгаруулах журмын 5.2.3-д өрхийн эрүүл мэндийн төвийн дүрэмд заасны дагуу төвийн даргад тавигдах шаардлага хангасан даргыг томилж сонгон шалгаруулалтад оролцохоор байхад  “М А” нөхөрлөлийн зүгээс төвийн даргад шаардлага хангаагүй Б.Нийг томилж, материалаа оруулж ирсэн, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан гэж заасан байгаа. Б.Н-ийн хувьд ажилласан жил 58  сар буюу 4 жил 10 сар болж байдаг. 5 жилдээ хүрээгүй хүнийг төвийн даргаар томилох материалыг ирүүлснийг шаардлага хангасан байна гэж үзсэн нь дээрх өрхийн эрүүл мэндийн төвийн дүрэм болон сонгон шалгаруулах журмын 5.2.3-г зөрчсөн гэж үзэж байгаа. Мөн сонгон шалгаруулах журмын 7.1.4-т ерөнхий болон тусгай шаардлагаас аль нэг шаардлага хангаагүй тохиолдолд тэнцээгүйд тооцох, 7.1.5-д ерөнхий болон тусгай шаардлагыг бүрэн хангасан 2 буюу түүнээс дээш баг шалгарсан тохиолдолд үнэлгээний хорооны гишүүдийн олонхын саналаар нэг багийг шалгаруулж тэнцсэнд тооцох гэж заасан.Нийт 23 шаардлагыг 2 нөхөрлөл хангасан байх ёстой. Үүнд ерөнхий болон тусгай шаардлагууд хамаарагдаж байгаа. Гэтэл “М А” ББН хүний нөөцийн шаардлага, дээр дурдсан 5 жилдээ хүрэх шаардлагыг хангаагүй байхад хангасан мэтээр үнэлгээ өгч цааш нь шалгаруулсан нь энэ зүйл заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа. Яасан нь зөв байсан бэ гэхээр 23 шаардлагыг аль аль нөхөрлөл бүрэн гүйцэт хангасны дараагаар тухайн материалтай бүрэн гүйцэт сайн танилцсаны үндсэн дээрээс нууцаар нэг нэгэндээ нөлөөлөхгүйгээр саналыг нэгтгэх замаар сонгон шалгаруулалтад шалгаруулж ялуулах ёстой байсан. Гэтэл үнэлгээний хороо үүнийг хэрэгжүүлж ажиллаж чадаагүй. Өрхийн эрүүл мэндийн төлөөлөл Увс аймгийн Засаг даргын 5 дугаар сарын 02-ны өдөр үнэлгээний хороо байгуулах журам байгуулах үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг байгуулсан захирамжид яг ямар албан хаагч нар тухайн үнэлгээний хороонд орж ямар шалгуур тавьсан нь тодорхойгүй. Тухайн өрхийн эрүүл мэндийн төв Улаангом сумын 1 дүгээр баг, 2 дугаар баг, 4 дүгээр баг, 6 дугаар баг, 7 дугаар багуудын иргэдэд үйлчилгээ үзүүлэх ёстой. 9-11 гишүүнтэй байх ёстой. Мөн дээрх багийн бүрийн иргэдээс төлөөлөл болгон 1 иргэн оролцох ёстой. Өрхийн эрүүл мэндийн төвийн Улаангом сумын төлөөлөл Д.О-ийг оролцуулах ёстой байтал оролцуулаагүй. Мөн “М А ББН тухайн сонгон шалгаруулалтад оролцохдоо ерөнхий мэргэжлийн, нарийн мэргэжлийн эмч нарыг гэрээгээр ажиллуулахаар материалаа бүрдүүлж өгсөн байдаг. Тухайлбал хүүхдийн эмч х.О, эх барих эмч х.М нар нь Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт ажилладаг бөгөөд тэдгээрийн хувьд өдрийн 8 цагаар ажилладаг. Гэтэл хэзээ өрхийн эмнэлэгт хөдөлмөрийн гэрээгээр хэдэн цагаар өрхийн эмнэлэгт ажиллах ёстой гэдгийг тодруулаагүй. Мөн тухайн эмч нар төрийн үйлчилгээний албан хаагчийн хувьд ажил олгогчоосоо зөвшөөрөл аваагүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Сонгон шалгаруулалт эхлэхэд үнэлгээний хорооны гишүүдээр ашиг сонирхлын маягт бөглүүлдэг. Гэтэл Увс аймгийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн х.Т урьд тухайн эмнэлэгт ажиллаж байсан гэх шалтгаанаар ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн байхад Улаангом сумын Засаг дарга түүнийг хамаагүй гэдэг байдлаар оролцуулсан байдаг. Мөн дотрын эмчээр материал бүрдүүлж өгсөн М.О эмч дотрын резидентээр сурч байгаа гэх баримт хэрэгт авагдсан байгаа ч яг дотрын нарийн мэргэжлийн эмч гэх үнэлгээ, үнэмлэх байхгүй. Тухайн үнэмлэхийг үнэлж сонгон шалгаруулалтын үнэлгээний хороо шалгаж нягтлаагүй. “М Э Ү” ББН-ийн багт байсан Н.Э эмчийн асуудлаас болж тухайн нөхөрлөлийг шалгаруулаагүй. Тухайн сонгон шалгаруулалт эхний удаа буцаад удаан хугацаа авсан тул материал үнэмлэх, холбогдох баримтуудаа өгсөн байсан н.Э эмч тухайн үед ажилгүй байсан ч удаан хугацаа өнгөрсөн тул Улаанбаатар хотод ажилд орсон байна. Тухайн хүн ажил эрхэлж байгаа учраас сонгон Улаангом суманд ажиллах боломжгүй гэж өөрсдийн үнэлэмжээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Н.Э эмч хүүхдүүд нь Улаангом суманд байдаг, өөрөө ирж ажиллах сонирхолтой гэдгээ илэрхийлж байсан гэдгийг нөхөрлөлийн гишүүд хэлсээр байтал сонгоогүй байж “М А” ББН-ийн эргэлзээтэй нарийн мэргэжлийн эмч х.О, Х.М нарыг хүлээн зөвшөөрсөн нь үндэслэлгүй байна. Иймд 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн  Улаангом сумын 1,2,4,6,7-р багийн өрхийн эрүүл мэндийн төвийн сонгон шалгаруулалтын шийдвэрийг хүчингүй болгох, дахин сонгон шалгаруулалтыг явуулахыг даалгаж, 6 дугаар сарын 02-ны өдрийн Увс аймгийн Засаг дарга, эрүүл мэндийн газрын “М А ББН-тэй байгуулсан гуравласан гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...” гэв.

          6.Хариуцагч Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг эрхлэх багийг сонгох сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны ажлын хэсгийн дарга О.Г шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”... “М Э Ү” ББН-өөс 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн  Увс аймгийн Засаг даргад гаргасан хүсэлтэд тайлбарыг гаргаж хүргүүлсэн байгаа. Үнэлгээний хороо Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/321 дугаартай өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах журам батлах тухай тушаалын дагуу үнэлгээг хийсэн. Үнэлгээний хорооны гишүүдийг 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Үнэлгээний хорооны гишүүд, эрүүл мэндийн 2024 оны А/321 дүгээр тушаалын 5.1 дэх заалтад заасны дагуу ерөнхий болон тусгай гэсэн хуулийн шаардлагын дагуу сонгон шалгаруулалтыг хийсэн. Сонгон шалгаруулалтад материал ирүүлсэн “М Э Ү” ББН, “М А” ББН нь ерөнхий болон тусгай шаардлагыг бүрэн хангасан тул Эрүүл мэндийн эрүүл мэндийн 2024 оны А/321 дүгээр тушаалын 7.1.5 дахь хэсэгт заасны дагуу санал хураалтыг явуулж үнэлгээний хорооны 6 гишүүн “М А” нөхөрлөлд,  2 гишүүн нь “М Э Ү” ББН-д санал өгсөн. Үнэлгээний хорооны 2 гишүүн нь ашиг сонирхлын зөрчил үүссэн тул өөрсдөө үнэлгээ өгөхөөс татгалзсан 1 гишүүн 2 нөхөрлөл шаардлага хангаагүй гэж үзэж шалгаруулалтаас татгалзсан...” гэв.

          7.Хариуцагч Увс аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”...Өрхийн эрүүл мэндийн төвийн сонгон шалгаруулалтыг 2 удаа зарласан. Эхний сонгон шалгаруулалтаар 3 хуулийн этгээдээс материал ирэхэд сонгон шалгаруулалтын журмын шаардлага хангаагүй байсан тул буцаасан. Буцаасан үндэслэл нь “М Э Ү” ББН-ийн нийгмийн эрүүл мэндийн ажилтан шаардлага хангаагүй. “М А” ББН нь даргын их эмчийн мэргэжлээр ажилласан жил хүрээгүй. Дараагийн хуулийн этгээд мөн шаардлага хангаагүй. Бидний зүгээс сонгон шалгаруулалтад тэнцээгүй талаарх мэдэгдлийг хүргүүлэхдээ шаардлага хангаагүй шалтгааныг нь дурдаж хүргүүлсэн. Дараагийн сонгон шалгаруулалтад 3 хуулийн этгээд өмнөх алдаагаа засаад оролцсон. “М Э Ү” нөхөрлөлийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бидний зүгээс Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/321 дугаартай тушаалын хавсралтад заасан журмын дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан...” гэв.

          8.Хариуцагч Увс аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Х.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”... Миний зүгээс эхний сонгон шалгаруулалтад Улаанбаатар хотод байсан тул оролцоогүй. Дараагийн сонгон шалгаруулалтад үнэлгээний хороонд оролцож өөрийн үнэлгээгээ өгсөн.  Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/321 дугаартай тушаалыг баримталж үнэлгээгээ өгсөн. Би эрүүл мэндийн газрын даргын хувьд эмнэлгийн тусламж үйлчилгээг хэвийн байлгах үүднээс тухайн сонгон шалгаруулалтыг шуурхай, зохих журмын дагуу зохион байгуулахыг зорьж ажилласан. Одоо өрхийн эрүүл  мэндийн төв хуучин бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Шүүхэд маргаан хэлэлцэж эхэлснээс хойш улаан бурхан өвчний дэгдэлттэй холбоотойгоор онц байдал зарласан эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу өрхийн эмнэлгийг хуучин бүрэлдэхүүнээрээ ажилла гэх агуулгатай албан тоотыг явуулснаар тухайн өрхийн эмнэлэг одоо хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа...” гэв.

          9.Гуравдагч этгээд “М А” ББН-ийн дарга Х.Н шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”...”М А ББН нь сонгон шалгаруулалтын тусгай болон ерөнхий шаардлагыг хангасан бүрэн гүйцэт материалаа явуулсан. Сонгон шалгаруулалтыг ил тод, нээлттэй зарласны дагуу манай нөхөрлөл оролцож, тэнцсэн мэдэгдлийг 2025 оны 5 сарын 13-ны өдөр авсан боловч одоог хүртэл ажлаа хүлээж аваагүй байна.Манай нөхөрлөл шалгарснаар ажиллах хүний нөөц бүрэн гүйцэт байгаа. Бүгдээрээ ажилгүй хүлээж байгаа.”М А нөхөрлөл нь хүний их эмч мэргэжилтэй гишүүдээсээ мэргэжлээрээ нийгмийн даатгал хамгийн урт хугацаанд төлсөн хүнийг даргаараа томилсон.Давхар ажил эрхэлж байгаа хүн байхгүй. М.О резидэнт эмч одоо суралцаж байгаа учраас үнэмлэх гараагүй. Харин төгссөний дараа манай эмнэлэгт ирж ажиллана уу гэх гэрээг хийсэн. Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эмч Х.О, Х.М нартай гэрээ хийхдээ өдрийн 8 цагаар биш, тэмдэглэлт өдөр эсвэл иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэх тухай сургалтыг ажлын бус цагаар, 1 хүн 10,000 төгрөгөөр байхаа тооцож ажиллуулахаар гэрээ хийсэн. Нэгдсэн эмнэлгийн эмч нартай гэрээ байгуулж ажилласнаар тухайн нэгдсэн эмнэлгийн дараалал багасаж, өрхийн эмнэлгийн үйл ажиллагаа эрчимжих, өрхийн эмнэлгээр үйлчлүүлэгч иргэдийн итгэл үнэмшил нэмэгдэх давуу талтай учраас гэрээ байгуулсан...” гэв.

10.Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”... Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.  Нэхэмжлэлийн шаардлага анх сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах, сонгон шалгаруулалт дахин зарлахыг даалгах тухай байсан. Энэ маргаан удаан хугацаанд үргэлжилж байгаа.  Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, хасагдуулах нь нэхэмжлэгчийн эрх. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага ихэсгэхдээ шүүх хуралдаан эхлэхэд шүүгч шинээр гаргах нотлох баримт шийдвэрлүүлэх санал хүсэлт байна уу? гэж асуухад нотлох баримт гаргасан ч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага буюу гэрээг хүчингүй болгуулах тухайгаа тайлбарлаагүй гэхэд

Даргалагчаас: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, гэрээ байгуулсантай холбоотойгоор хамтран хариуцагчаар Эрүүл  мэндийн газар, Увс аймгийн Засаг даргыг татсан тухай баримт хэрэгт байгаа гэхэд

          Гуравдагч этгээдийн өмгөөлөгч:”...Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн талаар гуравдагч этгээдэд мэдэгдээгүй. Гэрээ байгуулсан Засаг дарга С.Б-ын хариу тайлбарыг би хэргээс олж, хараагүй. С.Бд гардуулах ёстой. Гардуулсан эсэх нь тодорхойгүй байна. Дээрх процесс ажиллагаа явсны үндсэнд тухайн хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд яаж оролцохоо тодорхойлно. Учир нь гуравдагч этгээдийг хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөж байна гэж үзэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татсан. Гуравдагч этгээдэд мэдэгдсэн бол Б.Н өмгөөлөгчдөө мэдэгдэх  ёстой байсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч бүрэлдэхүүнд ганц 7 дугаар багийн төлөөлөл оролцсон. Бүрэлдэхүүн хууль бус байна гэж үзсэн бол тухайн үедээ маргах байсан. Гэтэл хүлээн зөвшөөрч сонгон шалгаруулалтад оролцсон байна. Мөн 23 шаардлагыг бүрэн гүйцэт байхыг шаардаад байна. Монгол Улсын үндсэн хуульд Монгол Улсын иргэн бүр эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй гэж заасан. 3-4 багийн иргэдийн эрүүл мэндийг хамгаалж байгаа нөхөрлөл нь шаардлага хангахгүй байгаа учраас гэрээг нь  цуцлаад, шинэ нөхөрлөл оруулахаар сонгон шалгаруулалт зарласан байна. Эхэлж сонгон шалгаруулалт зарлахад оролцсон 3 нөхөрлөл шаардлага хангахгүй байсан тул дахин зарлаад 23 шаардлагыг бүгдийг нь хангасан гэхээсээ илүү аль боломжтой нөхөрлөлийг сонгосон байна. х.Г ашиг сонирхлын мэдүүлгээ бөглөөд гараад явсан байна. Юу нь болохгүй байгааг ойлгохгүй байна. 11 гишүүнээс 2 гишүүн ашиг сонирхлын зөрчилтэй гэж татгалзаад, 1 гишүүн нь хэнийг нь ч дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Үлдсэн 8 гишүүн Х.Ч, Х.С нар “М Э Ү” ББН-г дэмжээд, үлдэх 6 гишүүн “М А” ББН-д саналаа өгсөн. Дээрх үнэлгээний хорооны гишүүд бүгд эрх, үүргээ ухамсарласан тухайн салбарын хүмүүс. Бүгд эрх үүргийнхээ хүрээнд өөрийн үнэлэлт дүгнэлтээ өгсөн байна. Гэтэл өөрт нь таалагдсангүй гэж төрийн бодлого шийдвэрийг удаашруулж, иргэдэд хохирол учруулж байгааг анхаарах ёстой.”М Э Ү” ББН-ийн дарга Ц мөн мэргэжлээрээ 5 ажил ажилласан байх шаардлагыг хангадаггүй, эрүүл мэндийн ажилтнаар ажилласан жилүүдийг мэргэжлээрээ ажилласанд тооцох боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

       1. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч,хариуцагч, гуравдагч этгээдийн шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын  тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд шүүхээс хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэн сонгон шалгаруулах үнэлгээний хорооны ажлын хэсгээс дахин шинэ акт гаргах хүртэл сонгон шалгаруулах үнэлгээний хорооны шийдвэрийг нэг сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.

       2. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс “...Ажлын хэсэг Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах журамд заасан үр ашигтай байх, чадамжид суурилсан, хүлээн зөвшөөрсөн байх, ил тод нээлттэй байх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зэрэг зарчмыг баримтлаагүй, үнэлгээний хороо сондгой тоотойгоор санал хураалт явуулах байтал тэгш тоотой гишүүдээс санал хураасан, өрхийн анагаах ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөллийг оруулаагүй, баг болгоноос иргэдийн төлөөлөл оролцуулаагүй, нэгдсэн эмнэлгийн эмч нар гэрээгээр ажиллахаар гэрээ байгуулахдаа байгууллагаас зөвшөөрөл аваагүй, өрхийн эрүүл мэндийн төвийн дүрэмд заасны дагуу “төвийн даргад тавигдах шаардлагад хүний их эмчийн мэргэжил эзэмшсэн, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан...” гэх шаардлагыг хангаагүй даргатай нөхөрлөлийг шалгаруулсан” тухай тайлбарлан нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

3.Хариуцагч сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны ажлын хэсгээс “сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн гишүүд эрүүл мэндийн сайдын  2024 оны А/321 дүгээр тушаалаар батлагдсан журмын дагуу ерөнхий болон тусгай шаардлагын дагуу сонгон шалгаруулалтыг хийсэн. “М Э Ү” ББН, “М А” ББН нь ерөнхий болон тусгай шаардлагыг бүрэн хангасан тул журмын 7.1.5 дахь хэсэгт заасны дагуу санал хураалтыг явуулж шийдвэрлэсэн” гэсэн тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байна.

4.Хариуцагч Увс аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/321 дугаартай тушаалын хавсралтад заасан журмын дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан” талаар тайлбар гаргасан.

5.Хариуцагч Увс аймгийн Эрүүл мэндийн төвийн газрын даргаас “Би эрүүл мэндийн газрын даргын хувьд эмнэлгийн тусламж үйлчилгээг хэвийн байлгах үүднээс тухайн сонгон шалгаруулалтыг шуурхай, зохих журмын дагуу зохион байгуулахыг зорьж ажилласан.Журмын дагуу сонгон шалгаруулалтын үнэлгээ хийгдэж үүний дагуу гэрээ байгуулагдсан” гэх тайлбар гаргасан байна.

6. Гуравдагч этгээд, түүний өмгөөлөгчийн зүгээс “...М А” ББН нь өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа эрхлэх сонгон шалгаруулалтад зарын дагуу бичиг баримтаа бүрдүүлж оролцсон, нөхөрлөлийн гишүүдээсээ нийгмийн даатгал хамгийн урт хугацаанд төлсөн хүнийг даргаараа томилсон, сонгон шалгаруулах ажлын хэсэг эрх хэмжээний хүрээнд санал хураалтаа явуулж шийдвэрээ гаргасан...” гэсэн тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байна.

7.Улаангом сумын 1,2,4,6,7-р багийн хамран үйл ажиллагаа явуулдаг “Элбэг өгөөж” өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг 2024 онд хангалтгүй гэж дүгнэсэн тул өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг эрхлэх сонгон шалгаруулалтыг зарласан талаар хариуцагчаас тайлбарласан ба энэ талаар талууд маргаангүй.

8.Увс аймгийн Засаг даргын баталсан Увс аймагт өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа эрхлэх сонгон шалгаруулалтын зард Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/321 дүгээр тушаалаар батлагдсан “Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах журам”-аар заасан ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан материалыг Увс аймгийн Засаг даргын тамгын газарт 2025 оны 4 сарын 25-ны өдрийн 17 цаг хүртэл хүлээн авч, аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан сонгон шалгаруулах ажлын хэсэг сонгон шалгаруулалтыг явуулахаар тусгасан байна.

9.Сонгон шалгаруулалтад нийт 3 нөхөрлөл материал ирүүлсэн байх ба өрхийн эрүүл мэндийн төвийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлын хэсгийн хуралдаан 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулагдаж “Э М” нөхөрлөлд санал өгсөн гишүүн байхгүй, ”М Э Ү” нөхөрлөлд 2 гишүүн, “М А” нөхөрлөлд 6 нөхөрлөл санал өгснөөр тус сонгон шалгаруулалтад “М А нөхөрлөл шалгарч, 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Засаг дарга, Эрүүл мэндийн газрын дарга, “М А” ББН нарын хооронд өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг эрхлэх гэрээ байгуулагджээ.

       10.Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-д “Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, хэрэгжилтийг дүгнэх, хяналт тавих, гэрээг сунгах, дуусгавар болгох журам, гэрээний загвар, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасан ба Эрүүл мэндийн сайдын 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/321 дугаартай тушаалаар батлагдсан “Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах журам”-ыг /цаашид журам гэх/ баталсан.

       Тус журмын хоёр дахь хэсэгт сонгон шалгаруулалтад үр ашигтай байх, чадамжид суурилсан байх, хүлээн зөвшөөрсөн байх, ил тод нээлтэй байх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зарчмыг баримтлахаар заасан.

       Мөн журмын долоо дахь хэсгийн 7.1.3-д “Сонгон шалгаруулалтыг “Ерөнхий болон тусгай шаардлага”-ын дагуу ирүүлсэн материалыг холбогдох төрийн захиргааны байгууллагаас урьдчилан цуглуулсан мэдээлэлтэй харьцуулах замаар үнэлгээг хийх, 7.1.4-д “Ерөнхий болон тусгай шаардлага”-аас аль нэг шаардлагыг хангаагүй тохиолдолд тэнцээгүйд тооцох, 7.1.5-д “Ерөнхий болон тусгай шаардлага”-ыг бүрэн хангасан 2 буюу түүнээс дээш баг шалгарсан тохиолдолд үнэлгээний хорооны гишүүдийн олонхын саналаар 1 багийг шалгаруулж тэнцсэнд тооцох гэж сонгон шалгаруулалтын үе шатыг журамлажээ.

       11.Сонгон шалгаруулалт зохион байгуулах ажлын хэсгийн хуралдаан нийт 11 гишүүний буюу 100 хувийн ирцтэйгээр эхэлсэн байх ба гишүүдээс Б.Т, Ц.Г нар ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэн сонгон шалгаруулах ажиллагаанд оролцохгүй гэж санал гаргаж, сонгон шалгаруулалтыг 9 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр хийсэн.

       12. “Тусгай шаардлагад” сонгон шалгаруулалтад оролцогч багийн “Өрхийн эрүүл мэндийн төвд үзүүлэх тусламж,үйлчилгээний жагсаалт,журам”-ын дагуу эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх чадавхтай хүний нөөцөд тавигдах шаардлага багтахаар зааж, багт ажиллах өрхийн эмчийн 50-с доошгүй хувь нь өрхийн анагаах судлалаар эсвэл ерөнхий мэргэшил судлалаар мэргэшсэн болон ерөнхий мэргэжлийн эмч байх, бусад 50 хувийг ерөнхий мэргэжлийн эмч, уламжлалт анагаах ухаан, хүүхэд судлал, дотор судлал, эх барих, сэргээн засах, эмэгтэйчүүд судлалын чиглэлээр мэргэшсэн эмч бүрдүүлж болохоор заасан.

       13.“М Э Ү” ББН-ийн сонгон шалгаруулалтын баримт бичигт тухайн нөхөрлөл 6 их эмчтэй ажиллахаар, үүнээс ерөнхий мэргэжлийн эмч 3 /Б.Ц, Б.Б, Ц.Д/, дотор судлал /Ж.Э/, эх барих эмэгтэйчүүд /Б.Б/, уламжлалт анагаах ухааны чиглэлээр /Г.О/   мэргэшсэн эмч байхаар төлөвлөсөн.

       14.“М А” ББН-ийн сонгон шалгаруулалтын баримт бичигт тухайн нөхөрлөл 5 их эмчтэй ажиллахаар, үүнээс ерөнхий мэргэжлийн эмч 2 /Г.С, Б.А/, халдварт өвчин судлалын их эмч /Э.Н/, дүрс оношилгооны их эмч /Б.Н/, уламжлалт анагаах ухааны эмч /Ш.Б/ нар ажиллахаар, дотрын анагаах ухаан судлалын резидент эмч М.О-ыг хүний нөөцөд бүртгэж төлөвлөсөн танилцуулга хийгдсэн байна.

       15. Сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны ажлын хэсгээс “М Э Ү” ББН-д ажиллахаар төлөвлөгдсөн эмч Б.Б, Ж.Э нарыг өөр байгууллагад ажиллаж байгаа талаар хэлэлцсэн боловч тухайн эмч нартай холбогдож өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг эрхлэх нөхөрлөлд ажиллах боломжтой эсэх талаар тодруулаагүй, тухайн 2 эмчийг ажиллах боломжгүй гэж үзвэл үлдэх 4 их эмч эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг эрхлэх боломжтой эсэхэд дүгнэлт өгөөгүй, “М А” ББН-ийн 5 эмчээс 2 нь ерөнхий мэргэжлийн эмч ажиллахаар мөн түүнчлэн журамд дурдагдаагүй халдварт өвчин судлал, дүрс оношилгооны чиглэлээр мэргэшсэн эмч ажиллахаар төлөвлөгдсөнийг дээр дурдсан хүний нөөцийг бүрдүүлэхэд баримтлах чиглэлд  нийцэж байгаа эсэхэд дүгнэлт өгөөгүй байна.

       16.Түүнчлэн талуудын маргаж буй өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллах их эмч нь мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх шаардлагыг “М Э Ү” болон “М А” ББН нь хэрхэн хангаж байгааг ажлын хэсэг тодруулж хэлэлцээгүй мөртлөө шаардлага хангасан гэж дүгнэсэн, хариуцагчаас шүүхэд “М Э Ү” ББН-ийн даргын хүний их эмч мэргэжлээ ажилласан хугацаа 47 сар, “М А” ББН-ийн даргын хүний их эмч мэргэжлээр ажилласан хугацааг 58 сар байсан талаар тайлбар ирүүлсэн. Шүүх хуралдаанд Б.Ц нь 60 сараас илүү хугацаагаар, Б.Н 58 сарын хугацаагаар мэргэжлээрээ ажилласан талаар тайлбар гаргасан. Ажлын хэсэг холбогдох байгууллагаас баримт цуглуулан тухайн нөхөрлөлийн даргын мэргэжлээрээ ажилласан хугацааг тодорхой болгож дүгнээгүй.

       Өөрөөр хэлбэл, өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг эрхлэх багийг сонгох сонгон шалгаруулалтын ажлын хэсэг журмын долоо дахь хэсгийн 7.1.3-д заасан “Сонгон шалгаруулалтыг “Ерөнхий болон тусгай шаардлага”-ын дагуу ирүүлсэн материалыг холбогдох төрийн захиргааны байгууллагаас урьдчилан цуглуулсан мэдээлэлтэй харьцуулах замаар үнэлгээг хийх” гэж заасны дагуу үнэлгээг хийгээгүй гэж үзэх үндэслэлтэй.

       Тодруулбал, сонгон шалгаруулалтад оролцогч нөхөрлөлүүд нь журмаар заасан ерөнхий болон тусгай шаардлагуудыг хангасан эсэхийг шийдвэрлэсний дараа 2 буюу түүнээс дээш баг шалгарсан тохиолдолд гишүүдийн олонхын саналаар 1 багийг шалгаруулж тэнцсэнд тооцох байтал ажлын хэсгийн гишүүд ерөнхий болон тусгай шаардлага хангасан эсэх болон саналыг хамтатган шийдвэрлэсэн нь 02 дугаартай тэмдэглэлээр тогтоогдсон байна.

       17.Багийн иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг тэдний эрэлт хэрэгцээнд нийцсэн чанартай, хүртээмжтэй хүргэхэд сонгон шалгаруулалтад оролцогч багийн чадамж, хүртээмжийн талаар судалгаа, шинжилгээтэй үнэлгээг хийх нь үр ашигтай байх, чадамжид суурилсан байх зарчмыг хангах ач холбогдолтой болно.

       18.Иймд захиргааны байгууллага буюу сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны ажлын хэсэг сонгон шалгаруулалтад оролцогчдыг ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж байгаа эсэхэд дүгнэлт өгөх нь ач холбогдолтой тул шүүхээс хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэн үнэлгээг хороо үнэлгээг дахин хийж шийдвэр гаргах хүртэл ажлын хэсгийн 2025 оны 5 сарын 02-ны өдрийн “М А” ББН-ийг шалгаруулсан шийдвэрийг 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

       19.Дээр дурдсан дүгнэлтүүдэд үндэслэн нэхэмжлэгч талын шүүх хуралдаанд гаргасан “сонгон шалгаруулалт үр ашигтай байх, чадамжид суурилсан байх зарчим хангагдаагүй” гэх тайлбарыг хүлээн авч “хүлээн зөвшөөрсөн байх, ил тод нээлттэй байх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зэрэг зарчим хангагдаагүй” гэх тайлбарыг хүлээн аваагүй болно.

       20.Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг эрхлэх багийг сонгох сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны ажлын хэсэгт мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөллөөр “М” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга С-ыг томилсон байх бөгөөд нэхэмжлэгч талаас С-ыг төрийн бус байгууллагын төлөөлөл биш, Увс аймагт салбар зөвлөлийн дарга хийж байгаа хүн төлөөлөх ёстой гэж, мөн баг бүрээс иргэний төлөөлөл оролцуулах ёстой гэж маргасан.

       Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах журмын  гурав дахь хэсгийн 3.5-д сонгон шалгаруулалт хийх үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд үйлчлэх хүрээний хүн амын төлөөлөл, өрхийн анагаах ухааны чиглэлээр үйл ажиллагаа хэрэгжүүлдэг төрийн бус байгууллагын төлөөллийг заавал оролцуулна гэж заасан.

       Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны 2025 оны 9 сарын 10-ны өдрийн 36 дугаартай албан бичигт тухайн холбоо Монгол Улсын 21 аймаг, 8 дүүрэгт салбар зөвлөлтэй, салбар зөвлөлөөрөө дамжуулан 225 өрхийн эрүүл мэндийн төвийн 3800 гаруй эмч, мэргэжилтэн, ажилчдыг эгнээндээ нэгтгэсэн төрийн бус байгууллага бөгөөд Увс аймагт салбар зөвлөлтэй, зөвлөлийн даргаар Д.О ажилладаг болохыг тодорхойлсон.

       Д.О-ийн гэрчийн мэдүүлэгтээ “Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны манай аймгийн салбар зөвлөлд Улаангом сумын 4 өрхийн эмнэлэг харьяалагддаг бөгөөд нийт өрхийн эмнэлэгт ажиллаж байгаа эмч, ажилтнууд гишүүнчлэлтэй байдаг. “М” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга С төрийн бус байгууллагын гишүүнчлэлтэй” гэж мэдүүлжээ.

       Иймд нэхэмжлэгч талын “ажлын хэсгийн гишүүнд мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулаагүй” гэх тайлбар үндэслэлгүйг тэмдэглэв.

       Мөн Хорооны бүрэлдэхүүнд үйлчлэх хүрээний хүн амын төлөөллөөс оролцуулахад хэдэн иргэнийг оролцуулах талаар тусгайлан тоо заагаагүй тул тухайн багийн 1 иргэнийг бүрэлдэхүүнд томилсныг журам зөрчсөн гэж үзэхээргүй байна.  

       21.Өрхийн эрүүл мэндийн төвийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлын хэсгийг Увс аймгийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/222 дугаар захирамжаар шинэчлэн 11 гишүүнтэй байгуулсан байх ба сонгон шалгаруулалтыг 9 гишүүний бүрэлдэхүүнтэй явуулсан болох нь 2025 оны 5 сарын 02-ны өдрийн 2 дугаартай ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэлээр тогтоогдсон тул нэхэмжлэгч талын гаргасан “ ажлын хэсэг сондгой тоотойгоор санал хураалт явуулах байтал тэгш тоотой гишүүдээс санал хураасан” гэх тайлбар үндэслэлгүй.

       22.Мөн нэхэмжлэгч талаас “М А” ББН нь нэгдсэн эмнэлгийн эмч нартай хамтран ажиллах гэрээг байгуулахдаа эмнэлгийн удирдлагаас зөвшөөрөл аваагүй гэж маргасан ба холбогдох журамд гэрээгээр ажилтан ажиллуулахад ажиллаж байгаа байгууллагын зөвшөөрлийг авсан байх шаардлага тавигдаагүй тул энэхүү тайлбарыг  шүүхээс хүлээн аваагүй болно.

       23.Сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүн Б.Т нь ашиг сонирхлын зөрчилтэй талаар мэдүүлэн 2025 оны 5 сарын 02-ны өдрийн ажлын хэсгийн хуралдаанд оролцож, санал өгөөгүй тул нэхэмжлэгч талын гаргасан “ гишүүн Б.Т өмнөх сонгон шалгаруулалтад оролцсон мөртлөө сүүлийн сонгон шалгаруулалтад ашиг сонирхлын зөрчилтэй гэж мэдүүлэг бөглөсөн нь ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зэрэг зарчим хангагдаагүй” гэх тайлбар үндэслэлгүй.

       24.Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг эрхлэх багийг сонгон шалгаруулах ажлын хэсэг холбогдох журмын дагуу сонгон шалгаруулалтын үнэлгээг хийгээгүй гэж шүүхээс үзсэн тул гуравдагч этгээд, түүний өмгөөлөгчөөс гаргасан “сонгон шалгаруулалтын ажлын хэсэг эрх хэмжээний хүрээнд саналаа хурааж шийдвэрээ гаргасан нь үндэслэлтэй” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

       24.Шүүхээс ажлын хэсэг үнэлгээг дахин хийж шийдвэр гаргах хүртэл ажлын хэсгийн 2025 оны 5 сарын 02-ны өдрийн “М А” ББН-ийг шалгаруулсан шийдвэрийг 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэж байгаа тул Увс аймгийн Засаг дарга, Эрүүл мэндийн төв, “М А” ББН нарын хооронд  байгуулагдсан өрхийн эрүүл мэндийн төвийн гэрээний биелэлт мөн адил түдгэлзэх үр дагаврыг үүсгэж байгаа болно.

       25.Захиргааны байгууллагаас дахин шинэ акт гарах хүртэл захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагч ажлын хэсгийг томилсон байгууллага болох Увс аймгийн Засаг даргын тамгын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11,107 дугаар зүйлийн 107.5 , 107.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1.Эмнэлэгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт заасныг баримтлан Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг эрхлэх багийг сонгох сонгон шалгаруулах үнэлгээний хорооны  2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 2 дугаартай тэмдэглэлээр шийдвэрлэсэн “М А” ББН-ийг сонгон шалгаруулсан шийдвэрийг Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг эрхлэх багийг сонгох сонгон шалгаруулах ажлын хэсгээс дахин шийдвэр гаргах хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

       2.Шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага болох Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг эрхлэх багийг сонгох сонгон шалгаруулах үнэлгээний хороо буюу ажлын хэсэг шинэ акт гаргаагүй бол нэхэмжлэгчийн маргаж буй маргаан бүхий акт буюу шийдвэр хүчингүй болохыг дурдсугай.

       3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, Увс аймгийн Засаг даргын тамгын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М Э Ү” ББН-д олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Д.АЛТАНЦЭЦЭГ