Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 20

 

 

 

   2024     03        19                                              2024/ДШМ/20

 

Ц.Мягмарсүрэн, С.Баатархүү нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Б.Хосбаяр, шүүгдэгч С.Баатархүүгийн өмгөөлөгч Б.Ганзориг, шүүгдэгч Ц.Мягмарсүрэнгийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нарыг оролцуулан,

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/17 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн Ц.Мягмарсүрэн, С.Баатархүү нарт холбогдох эрүүгийн 2336000000288 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 21ий өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн Цагаан шувуу ургийн овогт Сүхбатын Баатархүү, 1971 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Ховд аймгийн Мянгад суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл хоёр, эхнэрийн хамт Ховд аймгийн Буянт сум 3 дугаар (Наранхайрхан) багт оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй;

- Монгол Улсын иргэн Тариачин ургийн овогт Цэендоржийн Мягмарсүрэн, 1989 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл тав, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын 11 дүгээр (Тахилт) багийн 11-08 тоотод оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

2. Шүүгдэгч С.Баатархүү Ц.Мягмарсүрэн нар 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 09 цагийн үед Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг багийн нутаг дэвсгэрт бэлчээрийн маргааны улмаас харилцан зодолдож, шүүгдэгч С.Баатархүү нь хохирогч Ц.Мягмарсүрэнгийн хурууг хазаж, толгойн тус газар чулуугаар цохиж зулайд шарх, баруун гарын дунд хуруунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуунд зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн шүүгдэгч Ц.Мягмарсүрэн нь хохирогч С.Баатархүүг гараар цохиж духанд зулгаралт, зүүн доод 1-р шүд /31-р шүд/-ний уналт бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

3.Ховд аймгийн Прокурорын газраас Ц.Мягмарсүрэн, С.Баатархүү нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

4.1 Шүүгдэгч Цагаан шувуу ургийн овогт Сүхбатын Баатархүү, Тариачин ургийн овогт Цэендоржийн Мягмарсүрэн тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Баатархүүг 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500'000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар;

 

- Шүүгдэгч Ц.Мягмарсүрэнг 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600'000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

4.3 Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлж,

4.4 Шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

4.5 Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

5. Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1 Шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт шүүгдэгч С.Баатархүү, Ц.Мягмарсүрэн тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч С.Баатархүүд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Ц.Мягмарсүрэнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн атлаа уг торгох ялыг шүүгдэгч нар нь ямар хугацаанд төлж барагдуулах, мөн түүнчлэн оногдуулсан торгох ялыг биелүүлэхгүй, зайлсхийсэн тохиолдолд үүсэх эрх зүйн дагаврыг тогтоолд тусгаагүй, тэдэнд эрх үүргийг сануулаагүй, шүүхийн шийдвэр нь тодорхойгүй, ойлгомжгүй түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхээр бичигдсэн гэж үзэхээр байна.

Шүүгдэгч нар нь хууль, эрх зүйн мэдлэггүй учир оногдуулсан торгох ялыг биелүүлэхгүй, зайлсхийсэн тохиолдолд үүсэх эрх зүйн дагаврыг мэдэх боломж хомс учир шийтгэх тогтоолд дээрх мэдээллийг дурдах нь зүйтэй юм. Иймд Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/17 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

6. Шүүгдэгч С.Баатархүүгийн өмгөөлөгч Б.Ганзориг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч С.Баатархүү нь торгуулаа төлсөн тул хэсэгчлэн төлөх шаардлагагүй гэв.

7. Шүүгдэгч Ц.Мягмарсүрэнгийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг: Шүүгдэгч Ц.Мягмарсүрэн торгуулаа төлсөн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.

2. Хэргийн мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон байна.

3. Ховд аймгийн Прокурорын газраас С.Баатархүү Ц.Мягмарсүрэн нарыг 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 09 цагийн үед Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг багийн нутаг дэвсгэрт бэлчээрийн маргааны улмаас харилцан зодолдож, шүүгдэгч С.Баатархүү нь хохирогч Ц.Мягмарсүрэнгийн хурууг хазаж, толгойн тус газар чулуугаар цохиж зулайд шарх, баруун гарын дунд хуруунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуунд зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн шүүгдэгч Ц.Мягмарсүрэн нь хохирогч С.Баатархүүг гараар цохиж духанд зулгаралт, зүүн доод 1-р шүд /31-р шүд/-ний уналт бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

4. Шүүгдэгч С.Баатархүү нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ц.Мягмарсүрэн, гэрч Х.Алтанцэцэг, гэрч Б.Сэргэлэнбаяр нарын мэдүүлэг, Ховд аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Я.Мөнхнасангийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1007 дугаартай шинжээчийн дүгнэлт, зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон,

-Шүүгдэгч Ц.Мягмарсүрэн нь“хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч С.Баатархүү, гэрч Х.Алтанцэцэг, гэрч Б.Сэргэлэнбаяр нарын мэдүүлэг, Ховд аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Я.Мөнхнасангийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 1013 дугаартай шинжээчийн дүгнэлт, Ховд аймаг дахь Бүсийн шинжилгээний төвийн шинжээч Д.Тогтох, Б.Цэндхүү нарын гаргасан 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

4. Анхан шатны шүүх шүүгдэгч С.Баатархүүг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар

- шүүгдэгч Ц.Мягмарсүрэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус  шийтгэж шийдвэрлэсэн байна.

5. Прокурор эсэргүүцэлдээ “...шүүх шүүгдэгч Ц.Мягмарсүрэн, С.Баатархүү нарт торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн атлаа уг торгох ялыг шүүгдэгч ямар хугацаанд төлж барагдуулах, мөн түүнчлэн оногдуулсан торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийсэн тохиолдолд үүсэх эрх зүйн үр дагаврыг тогтоолд тусгаагүй, түүнд эрх үүргийг сануулаагүй, шүүхийн шийдвэр тодорхойгүй, ойлгомжтой бус байх тул тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичив” гэжээ

5.1 Анхан шатны шүүх шүүгдэгчид торгох ял шийтгэл ногдуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй гэх хуулийн заалтыг,

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэх хуулийн заалтуудыг тогтоох хэсэгтээ тус тус тайлбарлаж бичээгүй орхигдуулсан байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нэмэлт заалт оруулж, прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтыг удирдлага болгож, 

ТОГТООХ нь:

 

1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22ы өдрийн 2024/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Ц.Мягмарсүрэн, С.Баатархүү нарт тайлбарласугай.гэсэн заалт нэмж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

                                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       С.ӨМИРБЕК

 

                    ШҮҮГЧ                                       М.НЯМБАЯР