| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0990/З |
| Дугаар | 128/ШШ2025/0297 |
| Огноо | 2025-04-28 |
| Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 128/ШШ2025/0297
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би даргалж, шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: Н ХХК /РД:/.
Гомдол гаргагчийн төлөөлөгч: Б.Б /РД:ЦД/.
Гомдол гаргагчийн өмгөөлөгч: Э.Ээ /ШТЭД:/.
Хариуцагч: Нийслэлийн Эрүүл мэндийн газрын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Б.Т нарын хоорондын зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэх хүрээнд гаргасан хоёр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн төлөөлөгч Б.Б, гомдол гаргагчийн өмгөөлөгч Э.Ээ, хариуцагч Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. Н ХХК /РД:/-д эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр нүүр амны өвчний тусламж үйлчилгээ чиглэлээр ЭХ-22/22/4401 дугаарт бүртгэж, 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай олгосон.
1.2. Эрүүл мэндийн яамны Салбарын хяналтын газрын дарга, Боловсрол шинжлэх ухааны яамны Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газрын дарга нарын хамтран баталсан 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Эмнэлгүүдэд төлөвлөгөөт шалгалт хийх тухай 10-0011/, 03-01/01 дугаартай удирдамжийн хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Б.Т Н эмнэлэгт хяналт шалгалт хийсэн.
1.3. Уг шалгалтын дүнд 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 0135332 дугаар шийтгэлийн хуудсаар Н ХХК-д тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-д заасны дагуу гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний торгууль оногдуулжээ.
1.4. Гомдол гаргагч нь уг шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Б.Тгийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 0135332 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг тус шүүхэд 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ирүүлсэн ба 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 10363 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх явцад,
1.5. 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр иргэн Тын Мийн гаргасан Н эмнэлэгт хийлгэсэн имплант шүд янгинаж өвдсөн, шүднүүд нь хэлбэр хийц муутай, хагардаг, дадлагын ажилтнаар түр шүдийг хийлгэсэн, суганы ботокс хийгээд хөлрөлт зогсоогүй, Б.Б эмч нь утсаа авдаггүй, эмчилгээ хийж өгөхгүй байгаад гомдолтой байна, цаг зав, мөнгө санхүүгээрээ хохирсон, энэ эмнэлгийг шалгаж өгнө үү гэх гомдлын дагуу зөрчлийн хэрэгт хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж, 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 0135341 дугаартай шийтгэлийн хуудсаар Н ХХК-д тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-д заасны дагуу гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний торгууль оногдуулжээ.
1.6. Нэхэмжлэгч нь уг шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Б.Тгийн 2025 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн 0135341 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-аар гомдлын шаардлагаа нэмэгдүүлж, шүүхээс нэмэгдүүлсэн гомдлын шаардлагыг хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн албан бичгээр хариуцагчид гардуулах ажиллагааг хийж, дээрх хоёр гомдлын шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.
Хоёр.Гомдлын үндэслэл:
2.1. Гомдол гаргагчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан гомдлын үндэслэлдээ: ...манай Н ХХК-ийн /Улсын бүртгэлийн 9******* дугаар, РД:/ "Н эмнэлэг нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 3-р хороо 32 дугаар байрны 2 тоотод байрладаг бөгөөд 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн Нийслэлийн Эрүүл Мэндийн газраас олгосон ЭХ-22/22/4401 дугаартай Нүүр амны өвчний тусламж үйлчилгээ-ний чиглэлтэй тусгай зөвшөөрлийн дагуу тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд эмнэлгийн удирдлагын зүгээс 12 жилийн ажлын туршлагатай эмч, сувилагчаар хүний нөөцөө бүрдүүлэн нийслэлийн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг найдвартай үзүүлж ирсэн. Гэвч НЭМГ-ын улсын байцаагч манай компанид хяналт шалгалт явуулж 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 0135332 дугаартай шийтгэлийн хуудсаар 3,000,000 /гурван сая/ төгрөгийн торгууль шийтгэл ногдуулсан. Мөн тус өдөр эрх бүхий албан тушаалтны даалгавраар тодорхой хэмжээний үйл ажиллагаа явуулахыг зогсоох арга хэмжээ авсан. Манай компанийн зүгээс тус шийтгэлийн хуудсыг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байгаа тул шүүхэд гомдол гаргаж байна. Үүнд:
1. Эрүүл Мэндийн сайдын 2023 оны А/484 дугаар тушаалын дагуу 2024 онд хийгдэх төлөвлөгөөт шалгалтын заасан хугацаа /2024 оны 04 дүгээр сарын 01-30 өдрийн хооронд/-г зөрчин шалгалтыг эмнэлгийн засвар үйлчилгээ хийж байх хугацаатай давхцуулан ирсэн;
2. Улсын байцаагч Б. Т нь Төрийн хяналт шалгалтын хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дах заалтыг зөрчин төлөвлөгөөт хяналт шалгалтыг гэнэтийн буюу төлөвлөгөөт бус хяналт шалгалтын маягаар хийж гүйцэтгэн, байгууллагын зүгээс эмнэлгийн үйл ажиллагааг түр зогсоож засвар үйлчилгээг хийж байгааг анхааруулсаар байхад "Нийслэлээс төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийх хугацаа дуусах гэж байна" гэсэн шалтгаанаар шалгалтыг хүчээр хийсэн;
3. Мөн тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 5.7 дах заалтуудад заасны дагуу шалгалтын бүрэлдэхүүнийг танилцуулалгүй, төлөвлөгөөт шалгалтын удирдамж болон хяналтын хуудасны 1 хувийг гардуулаагүй зэрэг хуулийн заалтыг илтэд зөрчсөн;
4. Хяналтын хуудасны дэс дугаар 1 "Эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлтэй" гэсэн хэсгийг шалгаагүй, зөвхөн ерөнхий эмчийн эмчлэх эрхийн зөвшөөрлийг шалгах замаар эмнэлгийн үзүүлж буй үйлчилгээг Нийслэлийн эрүүл мэндийн газраас олгосон тусгай зөвшөөрөлд тусгагдаагүй үйлчилгээг үзүүлсэн гэсэн дүгнэлтийг үйлдсэн;
5. Тус хуудасны 3 дах хэсэгт Тусгай зөвшөөрөлд заагдсан төрлийн, чиглэлийн тусламж үйлчилгээг үзүүлдэггүй", 8 дах хэсэгт "Зөвхөн хууль, журмын дагуу олгосон мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй эмнэлгийн мэргэжилтэн тухайн зөвшөөрлийн төрлөөр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг" гэж харилцан бие биеэ үгүйсгэсэн дүгнэлтийг үйлдсэн;
6. Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 14.2.2 дах заалт, Зөвшөөрлийн тухай хуулийн 13.12 дахь заалтад тус тус заасны дагуу Нийслэлийн эрүүл мэндийн газраас олгосон тусгай зөвшөөрөлтэй "Төрөлжсөн, мэргэшлийн эмнэлгийн үйлчилгээ"-нд тавигддаг MNS 6330:2017 стандартын мөрдөлтийг "Клиникийн оношилгоо эмчилгээний чанар, аюулгүй байдлыг шалгах хяналтын хуудас №10.2.2"-н дагуу хийх ёстой болов ч өөр стандартыг баримталж хийсэн;
7. Хяналт шалгалтыг хийхдээ "Клиникийн бүтэц, үйл ажиллагаанд тавигдах шаардлага" MNS 6673:2017 стандартын мөрдлөгийг "Клиникийн оношилгоо эмчилгээний чанар, аюулгүй байдлыг шалгах хяналтын хуудас № 10.1.2"-н дагуу хийсэн бөгөөд тус стандартын 4.1 дахь заалтад "Клиник нь мэргэшсэн эмнэлгийн болон эх барихын тусламж үйлчилгээ, сургалт, судалгааг эрхэлнэ, мөн 5.2 дахь заалтын дагуу "Клиник нь өвчтөнд өдрөөр эмчилгээ хийнэ" буюу хэвтэн эмчлүүлэх боломжтой байхаар тус тус заасан нь "Зөвшөөрлийн тухай хууль-ийн 13.12 заалтын дагуу олгодог "Төрөлжсөн, мэргэшлийн эмнэлгийн үйлчилгээ"-тэй зөрчилдөж байгааг байгууллагын удирдлагын зүгээс анхааруулсан ч хүлээж аваагүй;
8. Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/537 дугаар тушаалын Тав дугаар хавсралт "Нүүр амны тусламж үйлчилгээний халдварын сэргийлэлт, хяналтын заавар"-ын 5.9 дахь заалтад жижиг мэс ажилбар болон шүдний имплантыг хийхэд тавигдах шаардлагыг тодорхой заасан. Мөн 10.1 дэх заалтад шүдний согог заслын үйлчилгээг хийхэд тавигдах шаардлагыг тус тус тусгасан байхад тусгай зөвшөөрөлд заагдсан, чиглэлээс өөр эмчилгээ, үйлчилгээ хийсэн гэж тулган зөрчлийн хэрэг үүсгэсэн;
9. Я.*******ийн Монгол хэлний тайлбар тольд "Клиник" нь эрдэм шинжилгээний ба сурган боловсруулах ажлыг хавсран явуулдаг эмнэлгийн газар, "эмнэлэг" нь эмчлэн сувилах газар, байгууллага; гэж тус тус тайлбарласан байдаг бөгөөд MNS 6673:2017 стандартын 4.1 дахь заалтад Клиник нь эмнэлгийн мэргэшсэн болон эх барихын тусламж, үйлчилгээ яаралтай тусламжийг үзүүлэх сургалт, судалгаа, үндсэн үйл ажиллагааг дэмжих үйлчилгээ эрхэлнэ. Харин MNS 6330:2017 стандартын 4.1 дахь заалтад Төрөлжсөн, мэргэшлийн эмнэлэг нь нэг болон хэд хэдэн мэргэшлээр улсын хэмжээн эмнэлгийн лавлагаа, шатлалын тусламж, үйлчилгээг үзүүлнэ гэж тодорхойлсон;
10. Улсын байцаагч Б.Т нь Зөрчлийн хэрэг нээх тухай 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2402000653 дугаар хэргийн тогтоолын 3 дах заалтад тусгасан Зөрчлийн хэргийн дугаар олгосон дариуд холбогдогч талд мэдэгдэх үүргээ биелүүлэлгүй. Улмаар 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Эрх бүхий Албан тушаалтныг дуудах хуудас илгээх замаар мэдэгдэл ирүүлсэн нь манай байгууллагын хэрэг бүртгэлтэй танилцах, гомдол гаргах зэрэг хууль ёсны эрхийг зөрчих гэсэн оролдлогыг хийсэн гэж үзэж байна.
Иймд, Н ХХК-ийн зүгээс Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл Мэндийн хяналтын хэлтсийн эмчилгээ чанарын хяналтын улсын байцаагч Б.Тгийн гаргасан дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа тул Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн дагуу холбогдох зөрчлийн хэргийг хааж өгнө үү гэжээ.
2.2. Гомдлын нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлдээ: ...Манай компани Нийслэлийн Эрүүл мэндийн газраас олгосон ЭХ-22/22/4401 дугаартай Нүүр амны өвчний тусламж, үйлчилгээ-ний чиглэлтэй тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байсан. Гэвч Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Б.Т манай компанид хяналт шалгалт явуулж, тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан гэж 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 0135332 дугаартай шийтгэлийн хуудсаар 3.000.000 төгрөгөөр торгож, шийтгэл ногдуулсан.
Тус шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж, шүүхээс захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Б.Т дахин манай компанид 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 0135332 дугаартай шийтгэлийн хуудастай яг адилхан үндэслэлээр 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 0135341 дугаартай шийтгэлийн хуудас ногдуулсан.
Тодруулбал, манай компанийн Н эмнэлэг тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан зүйлгүй, эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа талаар шүүхэд гомдол гарган маргаж, шүүх эцэслэн шийдвэрлээгүй байхад өмнөх шийтгэлийн хуудастайгаа яг адилхан үндэслэлээр дахин шийтгэлийн хуудас ногдуулж байгаад гомдолтой байна. Өөрөөр хэлбэл улсын байцаагч манай компанийг зөрчил гаргасан гэж үзэж шийтгэлийн хуудас ногдуулж, тэр нь хуульд нийцсэн эсэхийг шүүх эцэслэн дүгнэлт өгч шийдвэрлээгүй байхад нэг төрлийн зөрчилд давхардуулж, хоёр шийтгэл оногдуулж, урьдаас буруутай мэтээр шууд дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй байна.
Иймд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Б.Тгийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 0135341 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авна уу гэжээ.
2.3. Гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Өмнөх шүүх хуралдаанд тухай бүрд нь хэлэлцсэн учраас хураангуйлаад товч тайлбарлая. Улсын байцаагч Б.Т манай үйлчлүүлэгчийн эмнэлэгт шийтгэлийн хуудас ногдуулсан. Ингэхдээ бол тухайн эмнэлэгт олгосон 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 22224401 дугаартай нүүр амны тусламж үйлчилгээний чиглэлтэй тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулаагүй гэдэг үндэслэлээр бол шийтгэл ногдуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, энэ тусгай зөвшөөрлийн чиглэлд давхраа оёх, шүдний имплант суулгах гэх мэт үйл ажиллагаануудыг явуулах чиглэлийг заагаагүй гэдэг зүйлийг бол хариуцагч улсын байцаагч тайлбарлаж маргадаг. Гэхдээ энэ чиглэлийн тусгай зөвшөөрөлд ямар чиглэлийн үйл ажиллагаа явуулж болох болохгүй талаар бол хуульчилсан акт болон захиргааны хэм хэмжээний акт, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас өөрсдөөс нь баталсан болон эрүүл мэндийн яамнаас баталсан журам, дүрэм өнөөдөр Монгол Улсад байхгүй бидний хувьд хайгаад олоогүй.
Өөрөөр хэлбэл, бидний хувьд өмнө нь тайлбарлаад байгаа духны хэсгээс эрүү хоолойны хэсэг, баруун чихээс зүүн чихэнд хамаарах хэсгүүдийг бол нүүр ам гэж эрүүл мэндийн шинжлэх ухаанд бол томьёолсон энгийн ойлгоцоор тайлбарлахад ч гэсэн ойлгогдохоор байдаг. Тэгэхээр энэ чиглэлийн холбоотой үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй бол нүүр аманд хамаарах бүхий л үйл ажиллагааг буюу эрүүл мэндийн үзлэг оношилгоо тусламж үйлчилгээг бол үзүүлж болохоор байна гэж бол бидний хувьд бол ойлгож үйл ажиллагаагаа өнөөдрийг хүртэл явуулж байна.
Хариуцагч улсын байцаагч бол энд хамаарахгүй зөвхөн шүдний эрүүл мэндтэй холбоотой үйл ажиллагаа явуулах ёстой гэдэг зүйлийг тайлбарлаж байгаа боловч маргааны үйл баримтыг ямар хууль журмаар баримталж, жишээлбэл улсын байцаагч нь нүүр ам гэдэгт зөвхөн амны хөндий хамаарна гэж тайлбарлаад байгаа нь ойлгомжгүй байна. Хариуцагчаас шүүх аль нь хамаарах юм бэ гэдэг байдлаар бол тодруулга шаардсан боловч хариуцагч улсын байцаагч бол зөвхөн амны хөндий хамаарна гэдэг байдлаар тайлбар ирүүлсэн байсан. Гэтэл сүүлд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн зөрчлийн хэргийн 54 дэх хуудсанд нүүр амны зөвлөл гэж байдаг.
Өөрөөр хэлбэл, нүүр амны эрүүл мэндийн тухайн сургуулийн зөвлөлийн тодорхойлолт бол ирсэн байна. Энэхүү тодорхойлолтод зааснаар бол энэ чиглэлийн үйл ажиллагаанд юуг хамаарах талаар зохицуулсан байдаг бол Монгол Улсад одоогоор хууль дүрэм бол байхгүй. Харин энэ чиглэлийн эмчлэгч эмч нь өөрөө энэ чиглэлийнхээ сургалтад суугаад лиценз буюу тусгай зөвшөөрөл, мэргэжил дээшлүүлсэн тохиолдолд бол энэ чиглэлийн одоо үйл ажиллагаа явуулж болно гэсэн тодорхойлолт нь буюу нүүр ам судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн 2024 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн ш15 гэсэн дугаартай албан бичгээр бол эрүүл мэндийн яамны харьяа зөвлөлөөс бол эрүүл мэндийн газарт бол ирүүлсэн байна. Өөрөөр хэлбэл монгол улсад батлагдан мөрдөгдөж байгаа эмнэл зүйн заавар удирдамж стандарт байхгүй бөгөөд одоогоор боловсруулагдаж байна. Харин нүүр амны мэс заслын чиглэлийг багтаасан бол мэс заслын резидент төгссөн эмч давхраа оёх, утсан давхар оёх, зовхи татах, нүүр өргөх утас татах, чихний сэтэрхий оёх, духны үрчлээ татах гээд өнөөдөр маргаж байгаа бүх үйл ажиллагааг эрхэлж болно гээд зөвлөлийнх нь тодорхойлолт дээр заачихсан. Миний үйлчлүүлэгч ч гэсэн тайлбарлахдаа нүүр амны эрүүл мэндийн чиглэлээр суралцаж мэргэжил дээшлүүлж байхад бол хамаарна гэж бидэнд ойлгуулж тайлбарлаж сургаж хүмүүжүүлсэн ийм учраас бол би тусгай зөвшөөрөл зөрчөөгүй гэдэг. Энэ дээр талуудын маргааны гол зүйл байна. Гэтэл албан ёсоор шийдвэрлэх хууль, дүрэм, журам байхгүй, зөвлөл нь өөрөө болно гэж үзэж тайлбарлаад байгаа учраас улсын байцаагч шийтгэлээ ноогдуулахдаа холбогдох дүрэм журам байхгүй тохиолдолд алийг нь хамааруулах вэ гэдгийг гүйцэт судлаагүй байдаг.
Хоёрдугаарт, Нийслэлийн эрүүл мэндийн газраас эмнэлэг болон эмч нарт тусгай зөвшөөрөл олгохдоо яг юуг нь хамааруулах ёстой гэдгээ захиргаа өөрөө тодорхой зааж өгөх ёстой. Гэтэл захиргаа тодорхой заасан зүйл байхгүй. Одоо тусгай зөвшөөрөл олгоод энэ чиглэлийнх нь дагуу үйл ажиллагаа явуулахаар бусдаас энэ нь хамаарах юм уу гэдэг байдлаар тодруулга шаардаад байгаа юм. Захиргаа өөрөө хуулиар олгогдсон чиг үүргээ хэрэгжүүлээгүйн төлөө тухайн оролцогчид буюу тусгай зөвшөөрөлтэй этгээдээр хариуцлага хүлээлгэх энэ байдлаар шүүхээр жишиг тогтоолгохоор маргаж байгаа нь өөрөө захиргааг буруутгах үндэслэл болж байна гэж үзэж байна. Захиргаа өөрөө чиглэлийн үйл ажиллагааны дүрмээ тодорхойлоод өгчихсөн, энэ чиглэл хамаарна шүү гэдгийг журамлаад өгчихсөн бол өнөөдөр бидний хувьд ийм маргаан, үл ойлголцол гарахгүй байсан. Тэгэхээр энэ чиглэлээр улсын байцаагчийн өөрийн үзэмжийн асуудал байгаа учраас энэ шийтгэлийн хуудас нь зорилгодоо нийцээгүй, захиргааны акт гарах бодит хэрэгцээ шаардлага үүсээгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуульд заасан итгэл хамгаалах зарчим буюу тусгай зөвшөөрлийнх нь хүрээнд үйл ажиллагаа явуулж болно гэж тусгай зөвшөөрлийг нь өгчхөөд өнөөдөр болохгүй гэхдээ яагаад болохгүй гэдэг арга замыг улсын байцаагч өөрөө тодорхойлж өгөхгүй байгаа учраас бид гомдол гаргаж маргаж байгаа юм... гэв.
Гурав. Хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагч улсын байцаагч Б.Тгаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзалдаа: ...Нийслэлийн Эрүүл мэндийн газрын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Б.Т би, Улаанбаатар, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 00 дугаар байр 0 тоотод байрлалтай Н ХХК-ний Н эмнэлэгт 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Эрүүл мэндийн яамны Салбарын хяналтын газрын даргын баталсан 10-00/11 дугаартай удирдамжийн хүрээнд захирал Б.Бг байлцуулан хийж, шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдлыг танилцуулсан.
Хяналт шалгалтаар тус эмнэлэг нь Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр олгосон Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх ЭХ-22/22/4401 дугаартай тусгай зөвшөөрөлтэй, Нүүр амны өвчний тусламж үйлчилгээ" эрхлэх үйл ажиллагааны чиглэлтэй байсан бөгөөд хяналт шалгалтын явцад тухайн эмнэлэг нь үйл ажиллагааны чиглэлд заагдаагүй арьс, гоо засал, согог засал, мэс засал ажилбарын тусламж үйлчилгээ үзүүлсэн байсныг эмнэлэгт хөтлөгдсөн анхан шатны бүртгэл, үнийн мэдээлэл, үзлэг, зөвлөгөө, мэс ажилбарын хяналтын хуудас №1 зэрэг нотлох баримтаар тогтоож, хяналт шалгалтын тэмдэглэлд бичиж Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 2402000653 дугаартай зөрчлийн хэрэг нээж, хэрэг нээсэн тухай Н ХХК-ний захирал Б.Бгийн ******* дугаарын утсанд 2 удаа залгахад өөр хүн дуудлагыг хүлээн аван эмч үзлэгтэй байна, гадагшаа явсан гэх тайлбар удаа дараа өгсөн тул ЗХБ-58 Эрх бүхий албан тушаалтны дуудах хуудсыг шуудангаар хүргүүлсэн болно. Зөрчлийн 240200653 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр нээж хэрэг бүртгэлийн ажиллагааг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр дууссан. Хэрэг бүртгэлийн ажиллагааг прокурорын хяналтад явуулж Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 3000000 төгрөг (гурван сая)-ийн торгуулийг оногдуулан ажилласан.
Дээрх хугацаанд Н ХХК-ний захирал Б.Бд хэргийн материалтай ирж танилцах талаар хоёр удаа залгаж, хоёр удаа мессеж бичихэд ирээгүй бөгөөд захирал Б.Б 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зөрчлийн хэргийн материалтай танилцаж оногдуулсан шийтгэлийн хүлээн зөвшөөрч 0135332 дугаартай шийтгэлийн хуудсанд гарын үсгээ зурж, байгууллагын тамгаар баталгаажуулсан болно. Иймд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3.2. Гомдлын нэмэгдүүлсэн шаардлагад шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар, татгалзалдаа: ...Нийслэлийн Эрүүл мэндийн газрын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Б.Т миний бие нь 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн удирдах албан тушаалтны тогтоолоор 2502000073 дугаартай зөрчлийн хэргийн Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч П.М*******ээс хүлээн авсан болно.
Тус хэрэг нь 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр иргэн Тын Мийн гаргасан Н эмнэлэгт хийлгэсэн имплант шүд янгинаж өвдөнө, шүднүүд нь хэлбэр хийц муутай, хагардаг, дадлагын ажилтнаар түр шүдийг хийлгэсэн. Суганы ботокс хийгээд хөхрөлт зогсоогүй, Б.Б эмч нь утсаа авдаггүй, эмчилгээ хийж өгөхгүй байгаад гомдолтой байна гэх гомдлын дагуу зөрчлийн хэрэгт хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 0135341 дугаартай шийтгэлийн хуудсыг шуудангаар дамжуулан хүргүүлсэн. Тус хэрэг нь Зөрчлийн тухай хуулийн 6.7.1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй байсан болно. Учир нь Н ХХК-ийн Н /ЭХ-22/22/4401/ эмнэлэг нь эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн үйл ажиллагааны чиглэлд тусгагдаагүй чиглэлээр үйл ажиллагаа явуулсан бол тухайн чиглэлүүдийг (согог засал, мэс засал, арьс гоо засал) зөвшөөрөлгүй явуулсан гэж үзнэ. Н эмнэлэг нь Нүүр амны өвчний тусламж үйлчилгээ-ний чиглэлээр тусгай зөвшөөрөлтэй бөгөөд энэ тохиолдолд зөвхөн нүүрний өвчний оношилгоо, эмчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулна. Тиймээс тус эмнэлэг нь согог засал, мэс засал, арьс гоо заслын чиглэл байхгүй гэдэг нь Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх ЭХ-22/22/4401 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр нотлогдож байна.
Мөн Н ХХК-ийн Н эмнэлгийн захирал, эмч Б.Б нь нүүр амны согог заслын мэргэшсэн эмч биш хэрнэ хохирогч Т.Мт согог заслын эмчилгээ болох имплант суулгацыг өөрийн биеэр суулгасан болох нь нотлогдож байгаа. Түүнчлэн 2402000653 дугаартай зөрчлийн хэргийн 27 дугаар хуудсанд дахь ЗХБ-48 дугаар эрх бүхий албан тушаалтны Тусгай зөвшөөрөлгүй эрхлэх үйл ажиллагааг зогсоох тухай тогтоолыг шүүх хүчингүйд тооцоогүй байхад үйл ажиллагааны чиглэлд тусгагдаагүй нүүр амны согог засал, мэс засал, арьс гоо засал, гоо сайхны пластик мэс заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулж иргэдийг хохироосоор байна. Мөн Н******* эмнэлгийн эмч Б.Б нь Зөрчлийн тухай хуулийн 15.2.1 дэх хэсэгт заасныг удаа дараа зөрчиж, иргэдийн хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаад зогсохгүй хууль ёсны шаардлага биелүүлдэггүй, прокурорын зөвшөөрлийн дагуу баримт бичиг гаргаж өгдөггүй ба хэрэг бүртгэлийн ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх гэж оролдон, саад учруулж, иргэдийг хохироосоор байна. Иймд Н ХХК-ийн нэмэгдүүлсэн гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3.3. Хариуцагч улсын байцаагч Б.Т шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Н эмнэлэгтэй холбоотой 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд нийтдээ 3 зөрчлийн хэрэг нээгдчихсэн, 2 зөрчлийн хэрэг нь хаагдаж шийтгэлийн хуудас оногдуулсан. Эхний зөрчлийн хэрэг буюу 653 нь төлөвлөгөөт хяналт шалгалтаар ороод гомдол гаргагч дээр ямар нэгэн иргэний гомдол биш зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явагдаж эхэлсэн. Тухайн үед тус эмнэлэг нь тусгай зөвшөөрөл, нүүр амны тусламж үйлчилгээ гэсэн чиглэлтэй байсан. Нийслэлийн эрүүл мэндийн газраас 3 дугаар сарын 28-ны өдөр нүүр амны өвчний тусламж үйлчилгээний чиглэлээр тусгай зөвшөөрөлтэй энэ тохиолдолд зөвхөн шүдний өвчний оношилгоо эмчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулна. Нүүр амны өвчний согог засал, гажиг засал, мэс заслын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх бол тухайн мэргэжлээр мэргэшсэн хүний нөөц, ажлын байрыг бэлтгэн Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүсэлт гарган чиглэл нэмэгдүүлнэ гэсэн албан бичгийг шүүхэд хүргүүлсэн байдаг. Хүлээж авсан байх гэж бодож байна. Мөн Эрүүл мэндийн сайдын 2021 оны 445 дугаар төгсөлтийн дараах сургалтын мэргэжил дээшлүүлэх мэргэшсэн эмчийг бэлтгэх тушаал байдаг. Энэхүү тушаалд 0911 гэсэн индекстэй шүдний их эмч нь согог засал, гажиг засал, мэс засал, хүүхдийн нүүр, ам судлал гэсэн чиглэлээр нарийсдаг шүдний эмч нь одоо энийг дагаж мөрдөж ажиллаж байдаг.
Манай байгууллагын зүгээс тусгай зөвшөөрөл олгох болон хяналт тавьж хэрэгжүүлж байхдаа хүний нөөц болон ажлын байран дээр нь ихэвчлэн тулгуурлаж үйл ажиллагаа явуулдаг. Нийтдээ мэргэшсэн төгсөлтийн дараах сургалтыг 2 жилийн турш 104 кредитийн 14 төрлийн хичээлийг үзэж байж мэргэшсэн гэж үздэг. Имплант суулгацыг мэс заслын эмч буйлыг нээж, мэс заслын эмч нь титан имплантыг суулгаад эдгэрэлт явагдсаны дараа согог заслаар мэргэшсэн эмч дээд бүрээсийг нь хийнэ гэсэн тусгай шаардлага тавигддаг эмчилгээ байдаг.
Сүүлд нэмэгдүүлсэн нэхэмжлэхээр ирсэн 2250200073 гэсэн зөрчлийн хэрэг нь иргэн Т.Мээс гаргасан гомдлын дагуу нээгдсэн зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа байдаг. Энэ хэргийг анх эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч П.М*******, Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч н.О******* нар төлөвлөгөөт бус хяналт шалгалтын удирдамж нээж 1 дүгээр сарын 23-ны өдөр нээсэн. 02 дугаар сарын 18 өдөр энэ хэрэг удирдах албан тушаалтны тогтоолоор П.М******* байцаагч ажлаа өгсөн шалтгаанаар энэ хэрэг надад дахиж ирсэн.
Гомдол гаргагчаас нэршилд ач холбогдол өгч байна. Нүүр ам судлал гэдэгт тулгуурлаж бүгдийг хийнэ байгаа болбол жишээлбэл нүд, хамар яах вэ?, чих хамар хоолойн эмч нүдний эмч гэж байх шаардлага байхгүй зүгээр нүүр амны их эмч буюу шүдний эмч нь бүгдийг нь хийх юм уу? мөн Т.М гээд имплант хийлгэсэн хохирогч байна. Өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр шүдийг нь авсан байсан. Энэ хэргийн холбогдогч нь Н******* ХХК, түүний захирал болох Б.Б юм. Энэ хэргийн хувьд бол холбогдогч нь зөрчлийн хэрэгт саад учруулж Т.Мт ямар ч баримт бичиг гаргаж өгөөгүй, очих болгонд байхгүй гээд ямар ч баримт бичиг гаргаж өгөөгүй.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар ирсэн гомдол бүрд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулдаг. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас нийтдээ нүүр амны өвчний тусламж үйлчилгээ буюу шүдний эмнэлгийн үйл ажиллагааны 585 эмнэлэг тусгай зөвшөөрөл авсан байдаг. 38 хувь нь буюу 225 нь мэс заслын чиглэлтэй имплант суулгахыг зөвшөөрсөн, мэргэшсэн хүний нөөцтэй болон эрүүл ахуйн шаардлага хангасан эмнэлгүүд байдаг. Тэгэхээр гомдол гаргагчийн эмнэлэг дээр анхнаасаа тусгай зөвшөөрлийн чиглэл заагдаагүй согог засал, мэс заслын үйл ажиллагаанд нь хүний нөөц бүрдээгүй гэж үзэж байна. Мөн гомдол гаргагчийн гаргаж өгсөн төгсөлтийн дараах сургалтуудад мэргэшсэн тухай Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дүнгийн хуудас дүйцүүлэгдээгүй байдаг. Тэгэхээр Монгол Улсад 104 кредит цагийн нийт 14 төрлийн хичээл үзсэн байхыг шаарддаг бөгөөд гадаад улсад суралцсан бол Эрүүл мэндийн хөгжлийн төвийн салбар зөвлөлтэй хамтарч дүйцүүлдэг. Ийм учраас манай газраас Н эмнэлэг нь согог засал болон мэс заслын чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах боломжгүй гэдэг байр суурьтай байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Н ХХК-ийн гомдлын шаардлагуудыг хангах үндэслэлгүй байна.
2. Гомдол гаргагч нь эрх бүхий албан тушаалтан болох Нийслэлийн Эрүүл мэндийн газрын хяналтын хэлтсийн улсын байцаагч Б.Тгийн захиргааны шийдвэр гаргах ажиллагааны явцад гаргасан 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 0135332 дугаар, 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 0135341 дүгээр шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг гаргаж, ...шийтгэлийн хуудаснууд нь зорилгодоо нийцээгүй, захиргааны акт гаргах бодит хэрэгцээ шаардлага үүсээгүй, итгэл хамгаалах зарчим буюу тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд үйл ажиллагаа явуулж болохоор зааж өгчхөөд өнөөдөр болохгүй гэж үзсэн нь, яагаад болохгүй гэдэг аргыг замыг улсын байцаагч өөрөө тодорхойлж өгөхгүй байгаа нь хууль бус... зэргээр болон Тодорхойлох хэсгийн 2-т заасан үндэслэлээр маргасанд шүүх дараах байдлаар дүгнэлт өгч, гомдлын шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
3. Улсын бүртгэлийн 9******* дугаар гэрчилгээтэй, дугаар регистртэй, Н ХХК нь 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр үүсгэн байгуулагдсан, гадаад худалдаа, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдаа, фермерийн аж ахуй, дотооддоо хөдөлмөр зуучлах, онлайн худалдаа, бялдаржуулах сургалт чиглэлээр үндсэн үйл ажиллагаа эрхэлдэг, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө гудамжны 00 дугаар байрны 0 тоотод байрлах хаягтай, тус хуулийн этгээдийн Н эмнэлэгт нүүр амны өвчний тусламж, үйлчилгээ-ний чиглэлээр 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ЭХ-22/22/4401 дүгээр тусгай зөвшөөрлийг Нийслэлийн эрүүл мэндийн газраас гурван жилийн хугацаагаар олгосон.
4. Эрүүл мэндийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Хяналт шалгалтад хамрагдах объектын жагсаалт батлах тухай А/484 дүгээр тушаал ёсоор 2024 онд хяналт шалгалтад хамрагдах объект /эмнэлэг/-ын жагсаалтыг баталсан байх ба уг тушаалын хавсралтын 422 дугаарт Н ХХК-ийн Н нэртэй эмнэлгийн нэр бичигдсэн бөгөөд үйл ажиллагааны чиглэл "клиник", эрсдлийн ангилал "32%тай дунд", шалгалтыг 2024 оны 04 дүгээр сарын 01-ээс 30-ны хооронд Нийслэлийн эрүүл мэндийн газрын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Б.Г******* хариуцан хяналт тавихаар заажээ.
5. Ийнхүү тус эмнэлэгт хариуцагчаас төлөвлөгөөт хяналт шалгалтыг хэрэгжүүлж, тусгай зөвшөөрлийн дагуу нүүр амны өвчний тусламж, үйлчилгээ-ний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхдээ Эрүүл мэндийн тухай хуулийг зөрчсөн, энэ нь Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1. эмчлэх, сувилах, эх барих, сэргээн засах үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зөрчилд хамаарна гэж үзэж, маргаан бүхий шийтгэлийн хоёр хуудсаар арга хэмжээ авсан байна.
6. Энэ тохиолдолд хяналтын улсын байцаагч өөрчлөгдсөн нь /ажлаас чөлөөлөгдсөн/, тухайн эмнэлэг засвар хийж байсан нь хяналт шалгалтыг хэрэгжүүлэхгүй байх үндэслэл болохгүйг дурдаад, харин гомдол гаргагч буюу зөрчлийн хэргийн холбогдогч хуулийн этгээд нь нүүр амны тусламж, үйлчилгээг буюу эмчлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн хүрээнд явуулсан эсэхэд дүгнэлт өгөх нь маргааны гол асуудал байна гэж үзэв.
7. Тусгай зөвшөөрөлд заасан эмчлэх үйл ажиллагааны зохицуулалтыг үзвэл,
7.1. Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3.эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ гэж нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээг, 3.1.4.эрүүл мэндийн байгууллага гэж хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зорилго, үндсэн чиг үүрэг бүхий хуулийн этгээдийг ойлгохоор нэр томьёоны утгыг хуульчилсан, түүнчлэн мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь 13.1.1. нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, 13.1.2.эмнэлгийн тусламж үйлчилгээ гэсэн хоёр төрөлтэй, үүнээс 13.4.эмнэлгийн тусламж, үйлчилгээ нь өрхийн эрүүл мэндийн, эмнэлгийн мэргэшсэн, эх барихын, эмнэлгийн яаралтай, сувилахуйн дагнасан, түргэн тусламжийн, сэргээн засахын гэсэн төрөлтэй байна, 13.5.эмнэлгийн тусламж үйлчилгээ нь анхан болон лавлагаа шатлалтай байна, 13.6.эмнэлгийн тусламж, үйлчилгээний төрөл болон түүнтэй холбогдох харилцааг Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулиар зохицуулна, 15 дугаар зүйлийн 15.1.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллага дараах төрөлтэй байна, 15.1.4. клиник, 16 дугаар зүйлийн 16.7. Клиник нь үндсэн, эсхүл төрөлжсөн мэргэшлээр эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээг амбулаторийн болон өдрийн эмчилгээ хэлбэрээр, эсхүл амбулаторийн болон хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр үзүүлэх байгууллага байна гэж заасан бол,
7.2. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1. эмнэлгийн тусламж, үйлчилгээ гэж өвчин эмгэг, гэмтэл бэртэл, хүний биеийн үйл ажиллагааны алдагдлыг орчин үеийн болон уламжлалт анагаах ухаанд тулгуурлан оношлох, эмчлэх, сувилах, хөнгөвчлөх, сэргээн засах цогц үйл ажиллагааг, 3.1.2. эмнэлэг гэж эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий хуулийн этгээдийг, 4 дүгээр зүйлийн 4.1. Эмнэлгийн тусламж, үйлчилгээ дараах төрөлтэй байна, 4.1.2. өрхийн анагаах ухаанаас бусад мэргэшлийн эмнэлгийн мэргэжилтний бие дааж, эсхүл багаар үзүүлэх эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээ, 8 дугаар зүйлийн 8.1. Эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээг энэ хуулийн 14.2.2-т заасан тусгай зөвшөөрөл бүхий өмчийн бүх хэлбэрийн төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг, тусгай эмнэлэг, амаржих газар, клиник үзүүлнэ, 8.4. Клиник нь эмнэлгийн мэргэшсэн болон эх барихын тусламж, үйлчилгээ, яаралтай тусламжийг үзүүлэх, сургалт, судалгаа, үндсэн үйл ажиллагааг дэмжих үйлчилгээ эрхэлнэ гэж заажээ.
8. Дээрхээс үзэхэд, Н эмнэлгийн тусламж үйлчилгээ нь анхан шатлалынх бөгөөд эмнэлгийн мэргэшсэн төрөлтэй, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх байгууллагын хувьд клиник төрөлтэй байна.
9. Тусгай зөвшөөрлийн талаарх зохицуулалтыг үзвэл,
9.1. Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх хэрэгцээний тодорхойлолт бүхий зориулалтын барилга байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, хүний нөөцийн зохих шаардлага хангасан өмчийн аль ч хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагад эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоно, 19.2.Улсын хэмжээнд тусламж, үйлчилгээ үзүүлэх болон гадаадын хөрөнгө оруулалттай эрүүл мэндийн байгууллагад эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд заасан тусгай зөвшөөрлийг эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, эрүүл мэндийн бусад байгууллагад аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар тусгай зөвшөөрөл олгоно, 19.3. Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг дараах чиглэлээр олгоно, 19.3.1. эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхлэх гэж заасан бол,
9.2. Зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд Эрүүл мэндийн чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно гэж зааснаар, мөн зүйлийн 13.12-д зааснаар эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох эрх бүхий этгээд нь Нийслэлийн эрүүл мэндийн газар болохыг заасан,
9.3. Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1. Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллага эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлтэй байна, 14.2. Эрүүл мэндийн тухай хуулийн 19.3.1-д заасан тусгай зөвшөөрлийг эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагад дараах төрлөөр олгоно, 14.2.1. өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, 14.2.2. эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээ, 14.2.3. эх барихын тусламж, үйлчилгээ, 14.2.4. эмнэлгийн яаралтай тусламж, 14.2.5. түргэн тусламжийн үйлчилгээ, 14.2.6. сувилахуйн дагнасан тусламж, үйлчилгээ, 14.2.7. сэргээн засахын дагнасан тусламж, үйлчилгээ, 14.3. Энэ хуулийн 14.2-т заасан төрлөөр эмнэлгийн тусламж, үйлчилгээний болон техник, технологийн хэрэгцээний тодорхойлолт авах, мэргэжлийн үйл ажиллагааны төсөл боловсруулж хэрэгжүүлэх, тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, хянах, бүртгэх, мэдээлэх үйл ажиллагаатай холбогдсон харилцааг Эрүүл мэндийн тухай хуулиар зохицуулна гэж заажээ.
10. Үүнээс үзэхэд, гомдол гаргагч Н ХХК-ийн Н нэртэй эмнэлэг нь эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхээр "нүүр амны өвчний тусламж үйлчилгээ"-ний ЭХ-22/22/4401 дугаар тусгай зөвшөөрлийг Нийслэлийн эрүүл мэндийн газраас авсан нь хуулийн хүрээнд байна.
11. Эмнэлгийн үйл ажиллагаа нь тусгай зөвшөөрөл бүхий зохицуулалттай байхаас гадна эмчийн мэргэжлийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрлийн зохицуулалт бас байна.
11.1. Н ХХК-ийн Н эмнэлгийн эмч Б.Бд Эрүүл мэндийн сайдын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/60 дугаар тушаалаар "нүүр амны их эмч"-ийн эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 2027 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл таван жилийн хугацаатай олгож, 003******* дугаар гэрчилгээ олгосон.
11.2. Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5. эмнэлгийн мэргэжилтэн гэж анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллежийг төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хүний их, бага эмч, шүдний их эмч, уламжлалт анагаах ухааны их эмч, сувилагч, эх баригч, эм зүйч, эм найруулагч, сэргээн засах чиглэлийн мэргэжилтэнг, 3.1.6. эрүүл мэндийн ажилтан гэж эмнэлгийн мэргэжилтэн, нийгмийн эрүүл мэндийн ажилтан болон эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа бусад ажилтныг, 3.1.9. эмчлэх гэж өвчнийг оношлох, эдгэрүүлэх, өвчтөнийг сэргээн засах, өвчлөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн эмчийн мэргэжлийн цогц үйл ажиллагааг, 8 дугаар зүйлийн 8.1. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 8.1.17. эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох ажлыг зохион байгуулах, 8.1.23. эрүүл мэндийн ажилтныг төгсөлтийн дараах сургалтад хамруулах, мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагааг зохион байгуулах, 25 дугаар зүйлийн 25.1. Эмнэлгийн тусламж, үйлчилгээг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий эмнэлгийн мэргэжилтэн үзүүлэх бөгөөд зөвхөн зөвшөөрөл олгосон төрлөөр тусламж, үйлчилгээ үзүүлнэ, 25.2. Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл нь эмчлэх, эм барих, сувилах, эх барих, сэргээн засах гэсэн төрөлтэй байна, 25.3.2. үндсэн мэргэшлийн сургалтыг дүүргэсэн мэргэшсэн эмчид эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг таван жилийн хугацаагаар, 25.5. Энэ хуулийн 25.3.1-д зааснаас бусад мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг жил тутам тасралтгүй сургалтад хамрагдаж, багц цагаа бүрдүүлэн ажилласан эмнэлгийн мэргэжилтэнд таван жилийн хугацаагаар сунгана, 25.6. Гадаад улсад анагаах ухааны боловсрол олгох сургууль төгссөн Монгол Улсын иргэн, ... 25.3-т заасны дагуу мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авна, 25.7. Гадаад улсын эрх бүхий байгууллагаас олгосон эмчлэх, сувилах, эх барих, эм барих, сэргээн засах чиглэлийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй Монгол Улсын иргэнд тухайн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг шууд олгож болно, 25.11. Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалт нь мэргэшүүлэх болон тасралтгүй гэсэн төрөлтэй байх бөгөөд төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалтад үндсэн ба төрөлжсөн мэргэшлийн сургалт хамаарна, 25.12. Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн болон төгсөлтийн дараах сургалттай холбогдсон үйл ажиллагааны удирдлагыг эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ, 25.14. Эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын дэргэд эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, мэргэшлийн зэрэг олгох болон төгсөлтийн дараах сургалтын үйл ажиллагаанд арга зүйн дэмжлэг үзүүлэх орон тооны бус зөвлөл ажиллана, 25.17. Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн бүртгэлийн сан нь эмнэлгийн мэргэжилтний талаарх мэдээллийн лавлагаа болох бөгөөд эмнэлгийн мэргэжилтэн бүр зөвшөөрлийн дахин давтагдашгүй дугаартай байна гэж заажээ.
12. Тэгэхээр эмнэлгийн мэргэжилтэн болох Н эмнэлгийн эмч Б.Б үндсэн мэргэшлийн сургалтыг дүүргэсэн эмч байхаас гадна дээрх хуулийн дагуу төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалтад үндсэн ба төрөлжсөн мэргэшлийн сургалтад хамрагдах, эсхүл гадаад улсын эрх бүхий байгууллагаас олгосон эмчлэх үйл ажиллагааны чиглэлээ шууд авах болзлоо захиргаанд хандаж хангуулахаар байна.
13. Эмнэлгүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай 10-00/11 03-01/01 дугаар удирдамжийн дагуу хариуцагчаас төлөвлөгөөт хяналт шалгалтыг хэрэгжүүлж, Н эмнэлгийн Мэс засал, мэс ажилбар, шүд, арьс гоо заслын үнийн мэдээлэл гэх баримтад мэс засал, мэс ажилбар /давхраа, утсан давхраа, дээд доод зовхи татах, нүүр өргөх, духны үрчлээ татах, чихний сэтэрхий оёх, хацрын хонхорхой гаргах, шигдсэн хумс авах/, шүд /имплант шүд суулгах, агт араа авах, буйл тайрах/, арьс гоо засал /филлер тарилга, ботокс тарилга, чийгшүүлэгч тарилга/ зэргээр тусгаж нийтэд ил байршуулсан, үүний дагуу үйлчилгээ үзүүлж байсан, энэ нь 2309030 дугаар гэрээний дагуу үзлэг, зөвлөгөө, мэс ажилбарын хяналтын хуудас 1, тус эмнэлэгт хөтлөгдсөн анхан шатны бүртгэлээр тогтоогдсон гэж үзэж, маргаан бүхий 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 0135332 дугаар шийтгэлийн хуудсыг үйлдсэн.
14. Түүнчлэн Н эмнэлэгт хийлгэсэн имплант шүд янгинаж өвдсөн, түр шүднүүд нь хэлбэр хийц муутай, дадлагын ажилтнаар түр шүдийг хийлгэсэн, цаг зав мөнгөөрөө хохирсон, эмч нь утсаа авдаггүй, эмчилгээ хийж өгдөггүй гэх гомдлыг бүртгэлийн ЭМ-10-13-02/038/06 дугаарт бүртгэн төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хэрэгжүүлснээр холбогдогч нь эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх ЭХ-22/22/4401 дугаар тусгай зөвшөөрлийн дагуух нүүр амны тусламж үйлчилгээний чиглэлд заагдаагүй, согог гажиг засал, мэс засал, арьс гоо засал зэрэг тусламж үйлчилгээг тусгай зөвшөөрөлгүй явуулсан гэж үзэж, маргаан бүхий 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 0135341 дүгээр шийтгэлийн хуудсыг үйлдсэн.
15. Нийслэлийн эрүүл мэндийн газрын 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 01/470 дугаар албан бичгээр ...Н ХХК-ийн ЭХ-22/22/4401 дугаар тусгай зөвшөөрөлтэй Н эмнэлэг нь "нүүр амны өвчний тусламж, үйлчилгээ"-ний чиглэлээр тусгай зөвшөөрөлтэй бөгөөд энэ тохиолдолд зөвхөн шүдний өвчний оношилгоо, эмчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулна. нүүр амны өвчний согог засал, гажиг засал, мэс заслын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх бол тухайн мэргэжлээр мэргэшсэн хүний нөөц, ажлын байрыг бэлтгэн ...хүсэлт гарган чиглэлийг нэмэгдүүлэн ажиллах боломжтой" гэж ирүүлсэн.
16. Эрүүл мэндийн сайдын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн "Төгсөлтийн дараах үндсэн ба төрөлжсөн мэргэшлийн сургалтын чиглэл, индекс шинэчлэн батлах тухай" А/445 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар нүүр ам судлал нь 0911 индекстэйгээр, төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн сургалт нь нүүр амны гажиг судлал, нүүр амны мэс засал судлал, нүүр амны согог засал судлал хүүхдийн нүүр ам судлал зэрэг чиглэлтэй байхаар, мөн тушаалын 2 дугаар хавсралтаар нүүр амны мэс засал судлал нь 091102 индекстэйгээр, төгсөлтийн дараах төрөлжсөн мэргэшлийн сургалт нь нүүрний нөхөн сэргээх пластик мэс засал судлал чиглэлтэй байхаар заасан байна.
17. Дээр дурдсан хуулиудын зохицуулалт болон хариуцагчаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, зөрчилд тооцсон үйлдлийг харьцуулан үзэхэд, иргэний эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах, иргэний эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг хангахын тулд тодорхой болзол шаардлагыг хангасан эмнэлэгт холбогдох эрх бүхий захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл олгодог, мөн тухайн эмнэлэгт ажиллах эмчид эмчлэх үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг олгодог, өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн тухай хуулийн 25.1-д зааснаар эмнэлгийн тусламж, үйлчилгээг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий эмнэлгийн мэргэжилтэн /эмч/ үзүүлэх эрхтэй бөгөөд зөвхөн зөвшөөрөл олгосон төрлөөр тусламж, үйлчилгээ үзүүлдэг бол, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 14.1-д зааснаар эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллага эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлтэй байхаар хуульчлагдсан байна.
18. Нүүр ам судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ш/15 дугаар албан бичигт "...нүүр амны мэс заслын резидентээр төгссөн, нүүр амны согог заслын резидентээр төгссөн, имплант суулгацыг олон улсад нүүр амны мэс заслын эмч, шүдний тулгуур эдийн эмч, нүүр амны согог заслын эмч, зарим тохиолдолд шүдний ерөнхий эмч хийх эрхтэй... Эрүүл мэндийн шинжлэх ухааны Нүүр ам ам судлалын сургуулийн нүүр амны их эмч бэлтгэх бакалаврын сургалтын хөтөлбөрөөр суралцаж төгссөн эмч нь дээрх шаардлага нөхцлийг ханагж байгаа бол эмчилгээнүүдийг хийж болно. Монгол Улсад имплант суулгац суулгах батлагдсан мөрдөгдөж байгаа эмнэл зүйн заавар, удирдамж, стандарт байхгүй бөгөөд боловсруулагдаж байна" гэжээ.
19. Нэгтгэн дүгнэвэл, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд зөрчлийн хэргийн холбогдогч Н эмнэлэг болон тус эмнэлгийн эмч Б.Б нь эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн сургалт, төрөлжсөн мэргэшлийн сургалтад хамрагдаж багц цаг ханган эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн бүртгэлийн санд мэдээлэл нь орсон эсэх нь тодорхойгүй, энэ талаарх мэдээлэл байхгүй, холбогдох баримтыг гаргаж өгөөгүй, гадаад улсад суралцаж төгссөн хөтөлбөрөө холбогдох журамд заасны дагуу тооцуулаагүй зэрэг нь эмчлэх үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн чиглэлд нэмэлт өөрчлөлт оруулахгүйгээр буюу тусгай зөвшөөрөлгүйгээр эмнэлгийн туслмж, үйлчилгээ үзүүлсэн гэж үзэхээр байна.
20. Үүгээрээ, уг зөрчлийн цаана хүний амь нас, эрүүл мэндэд учирч болох эрсдэл өндөр байгаа нь Нийслэлийн эрүүл мэндийн газраас олгосон тусгай зөвшөөрөл зөвхөн шүдний өвчний оношилгоо, эмчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулахад байсан гэх тайлбарыг үгүйсгэх боломжгүй болгож байна.
21. Иймд хариуцагчаас Зөрчлийн тухай хуулийн Зургаадугаар бүлэг /хүн амын эрүүл мэнд, эрүүл ахуйн журмын эсрэг зөрчил/-т хамаарах 6.7 дугаар зүйлийн 1. ...эмчлэх, ...үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр явуулсан бол ... хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох арга хэмжээ авахын тулд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1.эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээж, Эрүүл мэндийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1. Эрүүл мэндийн үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ хийх, шалгах, дүгнэх, эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар шалгалт хийх, шалгалтын дүнг мэдээлэх, илэрсэн зөрчил, дутагдлыг буруутай албан тушаалтнаар арилгуулах, хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд энэ хуулийн дагуу захиргааны хариуцлага хүлээлгэх чиг үүргийг ... хяналт шалгалтын дагуу хэрэгжүүлж, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэж арга хэмжээ авсан нь Эрүүл мэндийн тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль зөрчөөгүй, гомдол гаргагчийн гомдлын шаардлагын үндэслэлээр гомдлыг хангах үндэслэлгүй байна.
22. Түүнчлэн маргаан бүхий шийтгэлийн хуудаснууд нь захиргааны акт болохын хувьд хариуцагчаас Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2. Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж заасныг хэрэгжүүлсэн нь гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзнэ.
23. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасныг хэрэглэж, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гомдол гаргагчаас анх шүүхэд хандахдаа болон сүүлд гомдлын нэмэгдүүлсэн шаардлага гаргахдаа урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн нийт 140400 төгрөгийн төлбөрөөс 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогоос буцаан гаргуулж гомдол гаргагчид буцаан олгохоор зааж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 19.3, 25 дугаар зүйлийн 25.1, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 14.1, Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Н ХХК-аас гаргасан Нийслэлийн Эрүүл мэндийн газрын хяналтын хэлтсийн улсын байцаагч Б.Тгийн үйлдсэн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 0135332 дугаар, 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 0135341 дүгээр шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 төгрөгөөс 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70200 төгрөгийг төсвөөс гаргуулж гомдол гаргагч хуулийн этгээдэд буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН