Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/01391

 

2021 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/01391

 

 

 

Ц.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны Ерөнхий шүүхийн Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2021/01709 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Г-ын нэхэмжлэлтэй, цагаатгалын нөхөх олговорт 40 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Г-, прокурор С.Энхтуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Г- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эцэг Ерэнтэйн Цэдэн-Иш нь 1939 онд онцгой бүрэн эрхт комиссын цэргийн шүүхээр ялын дээд хэмжээгээр 1939 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 88 дугаар тогтоолоор буудан алах ялаар шийтгүүлснийг өөрчилж 10 жил хорьж уг ялыг биеэр эдлээд 1946 оны 11 дүгээр сард суллагдсан. Улсын дээд шүүхийн 1970 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 11 дугаар тогтоолоор хэргийг нь хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан. Миний эцэг Е.Цэдэн-Иш нь 4 хүүхэдтэй бөгөөд охин Ц.Болормаа нас барсан. Ц.Байгалмаа, Ц.Ганбат, Ц.Г- нарт Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн дагуу 40 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Төрийг төлөөлж Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын прокурор С.Энхтуул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ерэнтэйн овогтой Цэдэн-Иш нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж 1939 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 88 дугаартай бүх хурлын тогтоолоор шүүх цаазын бичгийн 9 дүгээр зүйлийн 9.1-т заасан хуулийн дээд хэмжээ авч, 1970 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор цагаатгагдаж шийдвэрлэгдсэн буюу улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн болох нь Улын дээд шүүхийн бүх хурлын тогтоол, Зууны мэдээ сонины нийтлэл, Үндэсний төв архивын албан бичгүүд, Тагнуулын ерөнхий газраас ирүүлсэн баримт буюу 1939 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн төрийн албаны хэргийг хөрвүүлсэн орчуулгын баримтаар тогтоогдож байна. Ц.Г- нь тухайн нөхөх олговрыг нэхэмжлэх эрх бүхий этгээд болох нь Үндэсний төв архивын 1956, 1980 онуудын хүн амын тооллогын баримтууд болон албан бичгүүд, мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа, Ц.Ганбат, Ц.Байгалмаа нартай сайн дурын үндсэн дээр хийсэн хэлцэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Гэвч Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт Нэхэмжлэл гаргах эрх нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө цагаатгагдсан иргэдийн хувьд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор байна гэж хуульчилсан буюу нэхэмжлэл гаргах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Гэхдээ Ц.Г- нь шүүх хуралдааны үед ... 2018 оноос цагаатгалын нөхөх олговор авахаар хөөцөлдөж эхэлсэн. Төрийн байгууллагад шат дараатайгаар хандаж байсан. Тухайн байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотойгоор баримт мэдээллийг гаргаж өгөх үйл ажиллагаа удаашралтай байсан, баримт бүрдэж дууссан үедээ шүүхэд хандсан. Мөн нэхэмжлэл гаргах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг мэдээгүй, өмнө нь шүүхэд нэхэмжлэл гаргахад нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан... гэж тайлбарласан. Нэхэмжлэгчид гарсан хүндрэл бэрхшээл, мөн цаг үеийн нөхцөл байдал буюу 2020 оны үед ковид-19 вирусийн цар тахалтай холбоотойгоор хүндрэлтэй нөхцөл байдал болсныг үгүйсгэхгүй. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэх нь зүйтэй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Г-ын 40 000 000 төгрөгийн нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-т заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.Г- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Бид Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-12.1.3, 12.2 дахь хэсэгт заасны дагуу бичиг баримтаа бүрдүүлж, нэхэмжлэлээ өгөх гэсэн боловч эхлээд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисст өг гэсний дагуу 2020 оны 6 дугаар сард материалаа өгсөн. Улмаар 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Зууны мэдээ сонины 251, 252 дугаарт нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн. Тус комиссоос маргаан гараагүй нөхцөлд 30 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргах байсан ч 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр шуудангаар нэхэмжлэлээ хүргүүлсэн. Хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэхгүй. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлд нөхөх олговорын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн жагсаалтыг шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хавсаргана гэж заагаагүй байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хууль буруу хэрэглэсэн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэх шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Ц.Г- нь эцэг Е.Цэдэн-Ишийн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн гэх үндэслэлээр нөхөх олговор 40 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Улсын төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт нэхэмжлэл гаргах эрх нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө цагаатгагдсан иргэдийн хувьд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргахаар зохицуулжээ.

Нэхэмжлэгч нь 2018 оноос хойш нөхөх олговор авахад шаардлагатай материалаа бүрдүүлж 2020 оны 6 дугаар сард Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст өргөдөл өгсөн боловч Зууны мэдээ сонины 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 251, 252 дугаараар дамжуулан хариуг авсан гэж тайлбарласан.

Зууны мэдээ сонины 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 251, 252 дугаарт нийтэлсэн нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтад нэхэмжлэгч Ц.Г-ын нэр орсон бөгөөд нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн эдгээр иргэдийн нэр дээр нөхөх олговор нэхэмжлэх болон олговрыг хуваах талаар маргаан гараагүй нөхцөлд нэрсийн жагсаалт нийтлэгдсэн өдрөөс хойш 30 хоногийн дараа харьяалах шүүхэд нэхэмжлэлээ өгч шийдвэрлүүлэхийг цагаатгалын комиссоос иргэдэд анхааруулсан байна. /хх-3-8/

Түүнчлэн, нэхэмжлэгч нь нэрсийн жагсаалт сонинд нийтлэгдснээс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШЗ2021/01050 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т зааснаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр нэхэмжлэлийг буцаажээ. /хх 53-54/

Ц.Г- нь 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан байх бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэл гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, уг хугацааг сэргээлэх хүсэлт гаргаагүй гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир дутагдалтай болсон байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.Г-ын шүүхэд нэхэмжлэл гаргах үед улсын хэмжээнд цар тахалын улмаас хөл хорио тогтоосон буюу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон байсан, энэ нь нэхэмжлэл гарсан хугацаанд нөлөөлсөн эсэхийг тодруулаагүй атлаа нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан журмын дагуу нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн гэж үзнэ.Дээрх үндэслэлээр анхан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2021/01709 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Д.БАЙГАЛМАА