Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 307/ШШ2025/00760

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 307/2025/00804/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (РД:*******, утас: *******)-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (РД:*******, утас: *******)-д холбогдох,

“Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч О.*******,

Хариуцагч Б.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Б.*******т холбогдуулан “Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай” нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 “... овогтой *******тай 2017 онд танилцаж, 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр үерхэж, 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр *******ын охинтой болсон. Б.******* бид хоёр гэрлэлтээ батлуулж байгаагүй ч охин З.г төрөх үед гэрлэлтийн баталгаагүй ч охиноо ааваар нь овоглож төрсний гэрчилгээг авч байсан. Охин З. нь одоо 3 настай.

Бид олон шалтгааны улмаас 2022 онд салж тусдаа амьдрах болсон ба охин минь О.******* миний асрамжид эрүүл өсөж, торних “Гэгээн ертөнц” гэх хувийн цэцэрлэгт суралцаж байна.

Бидний хувьд тус тусын замаар амьдарч байгаа, цаашид эргэж нийлэх боломжгүй, мөн Б.******* нь охиныг төрснөөс хойш өнөөдрийг хүртэл охины сурч боловсрох цэцэрлэгийн төлбөр, хүүхдийн хэрэглээнд гэж охинд минь мөнгө өгч байгаагүй тул охин З.д минь хариуцагч Б.*******аас тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэв.

2.Хариуцагч Б.******* нь хариу тайлбартаа:

“... овогтой ******* миний бие болох өөрийн охинд сар бүр тэтгэмж олгоход асуудалгүй, хүлээн зөвшөөрч байна” гэв.

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин гийн төрсний бүртгэлийн лавлагаа, Гэгээн ертөнц цэцэрлэг БСБ-ийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 50 дугаартай тодорхойлолт, Дуут жинс өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт (хх 2-5 хуудас) зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч О.*******гийн хариуцагч Б.*******т холбогдуулан гаргасан хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч О.******* нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ үндэслэлийг “...Охины аав бид хоёр 2017 онд танилцаж, 2021 онд охин З.г төрүүлсэн. Бид хоёр хоёулаа сургуульд сурч байсан учраас манай аав, ээж хоёр охиныг маань харж байсан. Одоо бид хоёр сургуулиа төгсөөд 1 жил болж байна. Иймд охиныхоо ааваас хүүхдийн тэтгэлэг нэхэмжилсэнгэж тодорхойлсон.

3.Хариуцагч Б.******* нь шүүх хуралдаанд “...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна” гэж тайлбарласан.

4.Зохигчид 2021 оноос хамтран амьдарч, тэдний дундаас 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр охин З. төрсөн болох нь зохигчийн тайлбар, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

5. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т “Хүүхдийн эцэг, эх нь гэрлэлтээ бүртгүүлсэн бол гэрлэлтийн гэрчилгээг, гэрлэлтээ бүртгүүлээгүй бол хуульд заасны дагуу захиргааны буюу шүүхийн журмаар эцэг, эхийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн тогтоогдоно” гэж зааснаар охин З.гийн төрсөн эцэг Б.*******, эх О.******* нар мөн болох нь захиргааны журмаар тогтоогдсон гэж үзнэ.

6.Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д “Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална”, 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн зүйлийн 21.5-д “Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т “Эцэг, эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

7.Хариуцагч Б.******* нь насанд хүрээгүй охин З.г нэхэмжлэгч О.*******гийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байх ба зохигчид хүүхдээ хэний асрамжид үлдээх, тэжээн тэтгэх талаар харилцан тохиролцсон гэж үзнэ.

Иймд охин З.г эх О.*******гийн асрамжид үлдээж, эцэг Б.*******аас тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

8.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж тооцож 61,318 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин З.г эх О.*******гийн асрамжид үлдээсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин З.г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.******* (РД:*******)-аас тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч О.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнээс улсын тэмдэгтийн хураамж тооцож 61,318 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод тус тус олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.НОМИН