| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Нямбаяр |
| Хэргийн индекс | 23360001900335 |
| Дугаар | 22 |
| Огноо | 2024-04-09 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | З.Алтасолонго |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 22
2024 04 09 2024/ДШМ/22
Ш.Бөхнаранд холбогдох эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Ж.Отгонхшиг, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор З.Алтансолонго, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Отгонбаатар, яллагдагч Ш.Бөхнаран түүний өмгөөлөгч Б.Ганзориг, нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нарыг оролцуулан,
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ШЗ/33 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн Ш.Бөхнаранд холбогдох эрүүгийн 23360001900335 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол улсын иргэн, Егсөн ургийн овогт Ширчинжавын Бөхнаран, 1985 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймгийн Мянгад суманд төрсөн, бүрэн дунд боловсролтой, жолоочийн мэргэжилтэй, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 04-07 тоотод оршин суух, Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, РД: ПЮ 85081633.
2. Яллагдагч Ширчинжавын Бөхнаран нь 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн нутаг дэвсгэрт Ховд аймгийн Баруун бүсийн Онцгой байдлын газрын гал унтраах 48 дугаар ангийн гал унтраах зориулалтын Маз маркийн 16-48 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон Хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохирон осол гаргаж эрх заалтыг зөрчсөний улмаас замын хажуу талруу онхолдон осол гаргаж зорчигч Л.Батсайханы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
3.Ховд аймгийн Прокурорын газраас Ш.Бөхнарангийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
4.1 Яллагдагч Ш.Бөхнаранд холбогдох эрүүгийн 233600019000335 дугаартай хэргийг Ховд аймгийн Прокурорын газарт буцааж,
4.2 Яллагдагч Ш.Бөхнаранд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр хэрэглэж,
4.3 Эрүүгийн 23360001900335 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүйг дурдаж,
4.4 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг эс зөвшөөрвөл прокурор уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
5. Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
5.1 Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль зүйн дүгнэлт нь хэргийн бодит бодит байдалд нийцээгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэн, шүүгчийн захирамжийн заалт тус бүрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Яллагдагч Ш.Бөхнаран нь Ховд аймгийн Онцгой байдлын газрын Жаргалант сум дахь Гал унтраах, аврах 48 дугаар ангид хөдөлмөрийн гэрээгээр эсвэл ажлын байрны тодорхойлолтод зааснаар жолооч болохын хувьд ямар үүрэг хүлээж ажилладаг талаарх хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтыг хэрэгт хавсаprax;
-Яллагдагч Ш.Бөхнарангийн ажлын байрны онцлог нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор зохицуулагддаггүй юм. Өөрөөр хэлбэл төрийн тусгай албан хаагч тул хууль, дүрмээр тусгайлан зааж, ажил олгогч, албан хаагчийн харилцааг зохицуулдаг байна. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан иргэнийг Онцгой байдлын байгууллагад ажиллуулахаар заасан.
Монгол улсын Шадар сайдын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 53 дугаар тушаалаар баталсан "Гал түймэр унтраах дүрэм"-ийг баталсан. Уг дүрмийн 101 дүгээр зүйлд "гал унтраах автомашины жолоочийн гүйцэтгэх үүрэг"-т гал унтраах автомашины ашиглалтын заавар, Замын хөдөлгөөний дүрмийг чанд сахих, 195.3-т Замын хөдөлгөөний дүрмийг сайтар судалж хэрэгжүүлэн ажиллах, 195.6-т авто машиныг ажилд байнга бэлэн байлгах" үүргийг тус тус заасан байна.
Яллагдагч Ш.Бөхнарангийн гүйцэтгэх ажлыг хууль, журмаар тусгайлан зохицуулсан тул хөдөлмөрийн гэрээ, ажлын байдлын тодорхойлолтыг хэрэгт хавсаргах нь хэрэгт ач холбогдолгүй байна.
5.2 Онцгой байдлын байгууллагын гал унтраах тусгай тоноглол бүхий авто машинд тавигдах ямар шаардлага байдаг, тухайн осол гарах өдөр яллагдагч Ш.Бөхнарангийн жолоодож явсан маз маркийн 16-48 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь замын хөдөлгөөнд оролцох болон сургалтад оролцох стандартын шаардлага хангасан байсан эсэх;
-Онцгой байдлын Ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/117 дугаартай тушаалаар "... гал түймэр унтраах тусгай тоноглол бүхий автомашинд тавигдах ерөнхий шаардлага стандарт"-ыг баталсан байдаг. Стандарт шаардлагад нийцсэн автомашин гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан шинжээчийн дүгнэлт, хөрөнгө үнэлгээний тайлан, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар 16-48 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь гал түймэр унтраах тусгай тоноглол бүхий автомашин болохыг тогтоосон. Гал түймэр унтраах тусгай тоноглол бүхий автомашины жолооч монгол улсын Шадар сайдын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 53 дугаар тушаалаар баталсан "Гал түймэр унтраах дүрэм"-ийн 196-р зүйлд зааснаар техникийн бүрэн бүтэн байдлыг хариуцах үүрэгтэй. Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а-д тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангахыг жолоочийн үүрэг гэж тус тус заасан байна.
5.3 Тухайн осол болох өдөр яллагдагч Ш.Бөхнаранд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн эсэх талаарх нотлох баримтыг хэрэг хавсаргах;
-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.3. "жолооч" гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг; 3.1.7."замын хөдөлгөөнд оролцогч" гэж замаар явж байгаа жолооч, тээврийн хэрэгслээр зорчигч, явган зорчигчийг гэж заасан ба яллагдагч Ш.Бөхнаран нь тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцож байсан тул хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн эсэхийг шалгах нь хэрэгт ач холбогдолгүй байна.
5.4 Яллагдагч Ш.Бөхнаран нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм зөрчсөн эсвэл Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн эсэхийг шинжээч томилж дүгнэлт гаргуулах;
-Авто инженер мэргэжилтэй Монгол Улсын зөвлөх инженер Р.Мөнхбаярын 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 202330 дугаартай дүгнэлтээр яллагдагч Ш.Бөхнаран нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан болох нь тогтоогдсон байна.
Хууль, дүрэмд зааснаар "Зам тээврийн осол" гэдэг нь зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг ойлгодог байна. Хууль зүйн ойлголтоор Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт нь Засгийн газраас баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ бөгөөд авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хор уршиг учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм. Тухайн гэмт хэргийн объектив тал нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл бөгөөд энэ хэргийн объект нь хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрх байдаг. Хэргийн баримтыг үндэслэвэл, яллагдагч Ш.Бөхнаран нь Ховд аймгийн Баруун бүсийн Онцгой байдлын газрын гал унтраах 48-р ангийн гал унтраах зориулалтын Маз маркийн 16-48 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна" гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдсон. Нөгөөтэйгүүр Монгол улсын Шадар сайдын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 53 дугаар тушаалаар баталсан "Гал түймэр унтраах дүрэм"-д гал унтраах ажиллагаанд замын хөдөлгөөнд оролцоход замын хөдөлгөөний дүрмийг баримтлахаар тодорхой заасан байна.
Иймд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/Ш3/33 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.
5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Отгонбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын гаргасан эсэргүүцлийг дэмжиж байгаа. Тухайн үед Ш.Бөхнаран нь ээлжтэй хоносон бөгөөд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгааг ээлжтэй гарч байсан тухайн үед нь ахалж явсан дарга болон хамт явсан хүмүүс нь гэрчилнэ. Ш.Бөхнарантай хамт ахалж явсан дарга болон хамт явсан хүмүүс нь зөөлөн явах, хурдаа тохируулж явах шаардлагыг тавихад Ш.Бөхнаран нь энэ машины хурдыг үзэхгүй яаж үзэх юм гэсэн байдалтай хурдаа хасаагүй бөгөөд ахлах даргынхаа үгэнд ороогүй. Мөн Ш.Бөхнаран нь хувийн тээврийн хэрэгсэлтэй явж байгаад осол болохоос өмнө цагдаагийн байгууллагад шалгагдаад эрхээ хасуулсан байсан гэв.
6. Шүүгдэгч Ш.Бөхнаран түүний өмгөөлөгч Б.Ганзориг нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Шадар сайдын 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн гал унтраах дүрэм гэж баталсан байдаг. Уг дүрэмд гал түймэр унтраах үйл ажиллагаа зохион байгуулах, бэлтгэл бэлэн байдлыг хангах ажлын үндсэн хэсэг нь дадлага сургалт, соён гэгээрүүлэх ажил гэж заасан байдаг. Шүүгдэгчийн хувьд тухайн үед дадлага сургалтад явж байсан ч гэсэн үндсэн үүрэг, гүйцэтгэж байгаа гал түймэр гарсантай нэгэн адил ач холбогдол өгч түүний дагуу ажиллах ёстой гэсэн журмын дагуу явж байсан гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.
1. Ховд аймгийн Прокурорын газраас яллагдагч Ш.Бөхнаранг 2023 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн нутаг дэвсгэрт Баруун бүсийн Онцгой байдлын газрийн гал унтраах 48 дугаар ангийн гал унтраах зориулалтын Маз маркийн 16-48 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэх заалтыг зөрчсөний улмаас замын хажуу тал руу онхолдон осол гаргаж, зорчигч Л.Батсайханы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь нотлогдсон гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
2. Анхан шатны шүүх яллагдагч Ш.Бөхнаранд холбогдох хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, “1. Яллагдагч Ш.Бөхнарангийн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтыг хэрэгт хавсаргах 2. Гал унтраах тусгай тоноглол бүхий авто машинд тавигдах ямар шаардлага байдаг, тухайн осол гарах өдөр яллагдагч Ш.Бөхнарангийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь замын хөдөлгөөнд оролцох болон сургалтад оролцох стандартын шаардлага хангасан байсан эсэх, 3. Осол болох өдөр яллагдагч Ш.Бөхнаранд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн эсэх талаарх нотлох баримтыг хэрэгт хавсаргах, 4. Яллагдагч Ш.Бөхнаран нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм зөрчсөн эсвэл Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн эсэхийг шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлагатай” гэсэн дүгнэлт хийж, шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.
3. Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ “яллагдагч Ш.Бөхнаран нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчиж осол гарсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдсон тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
3.1 Яллагдагч Ш.Бөхнаран нь жолооч болохын хувьд ямар үүрэг хүлээж ажилладаг талаарх хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтыг хэрэгт хавсаргуулахаар хэргийг прокурорт буцаажээ.
Яллагдагч Ш.Бөхнаран нь осол гаргах үедээ замын хөдөлгөөнд оролцож явсан бөгөөд түүний жолоочийн хувьд хүлээх үүргийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээр, гал унтраах зориулалтын тээврийн хэрэгслийн жолоочийн хувьд хүлээх үүргийг Монгол Улсын шадар сайдын 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 53 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Гал түймэр унтраах дүрэм”-ээр тус тус зохицуулсан байна.
Иймд “яллагдагч Ш.Бөхнаран нь төрийн тусгай алба хаагч тул түүний ажлын байрны онцлог нь хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтоор зохицуулагддаггүй юм” гэх прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.
3.2 Гал унтраах тусгай тоноглол бүхий авто машинд тавигдах ямар шаардлага байдаг, тухайн осол гарах өдөр яллагдагч Ш.Бөхнарангийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь замын хөдөлгөөнд оролцох болон сургалтад оролцох стандартын шаардлага хангасан байсан эсэхийг тодруулахаар хэргийг прокурорт буцаажээ.
Осол гарах үед яллагдагч Ш.Бөхнарангийн жолоодож явсан гал унтраах зориулалтын Маз маркийн 16-48 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, шинэ машин байсан” талаар хамт явсан гэрч Э.Номин-Эрдэнэ, Х.Баваржан, О.Отгон-Эрдэнэ, Б.Мягмаржав Н.Казар болон яллагдагч Ш.Бөхнаран гэрчээр өгсөн мэдүүлэгтээ тодорхой дурдсан байх бөгөөд тэдгээрийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл тухайн гал унтраах зориулалтын Маз маркийн 16-48 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь замын хөдөлгөөнд оролцох шаардлага хангаагүй байсан эсэх талаар эргэлзээ төрүүлэхүйц нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй, талууд энэ талаар маргаагүй байхад шүүх хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.
Харин тухайн авто машин нь сургалтанд оролцох шаардлага хангасан байсан эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм. Өөрөөр хэлбэл гал унтраах зориулалтын авто машин нь замын хөдөлгөөнд оролцох үед осол гарсан ба харин гал унтраах сургалт хийх үед осол гараагүй байна.
3.3 Осол болох өдөр яллагдагч Ш.Бөхнаранд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн эсэх талаарх нотлох баримтыг хэрэгт хавсаргуулахаар хэргийг прокурорт буцаажээ.
Тухайн авто осол гарах шалтгаан нь гал унтраах зориулалтын Маз маркийн 16-48 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Ш.Бөхнаран нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэх заалтыг зөрчсөний улмаас замын хажуу тал руу онхолдсон талаар шинжээч тогтоосон байна.
Мөн Монгол Улсын шадар сайдын 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 53 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Гал унтраах дүрэм”-ийн 101 дүгээр зүйлд гал унтраах автомашины жолоочийн үүргийг, 101.2 дахь хэсэгт “Гал унтраах авто машины ашиглалтын заавар, замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөх”-ийг, 195 дугаар зүйлийн 195.3 дахь хэсэгт “Замын хөдөлгөөний дүрмийг сайтар судалж хэрэгжүүлэн ажиллаж чаддаг байх”-ыг жолоочид үүрэг болгосон байна.
Иймд осол болох өдөр яллагдагч Ш.Бөхнаранд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн эсэх нь жолоочийн хувьд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтыг зөрчсөн үйлдлийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.
3.4 Яллагдагч Ш.Бөхнаран нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм зөрчсөн эсвэл Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн эсэхийг шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлагатай” гэсэн дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцаажээ.
Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг бичгийн баримтуудаар яллагдагч Ш.Бөхнаран нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас осол гарсан, энэхүү ослын улмаас уг авто машинд явсан хохирогч Л.Батсайханы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан эсэх талаар шүүх дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байна.
Харин яллагдагч Ш.Бөхнаран нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм зөрчсөн эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй бөгөөд шүүх шаардлагатай гэж үзвэл энэ талаарх хэм хэмжээ тогтоосон хууль, дүрэм, журмыг судалж хэрэгт авагдсан бусад баримтуудтай харьцуулан эрх зүйн дүгнэлт хийх боломжтой байна.
4. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4.2-т “...тусгай гэрлэн дохио ажиллуулан хойшлуулшгүй албан үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан нөхцөлд энэ дүрмийн тодорхой заалтуудыг мөрдөхгүй байж болно” гэж,
Монгол Улсын шадар сайдын 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 53 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Гал түймэр унтраах дүрэм”-ийн 101.2-т “Гал унтраах авто машины ашиглалтын заавар, замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөх”-ийг, 101.9-т “Автомашины шатахуун, ус агаар механикийн хөөсний нөөцөд тогтмол хяналт тавьж даргад итгэж байх”-ыг, 101.10-т “Автомашины хэвийн ажиллагаа алдагдах, зарим механизм ажиллахгүй болох тохиолдолд даргад илтгэхийн гэмтлийн шалтгааныг нэн даруй тогтоож, засах арга хэмжээ авах”-ыг, 195.3-т “Замын хөдөлгөөний дүрмийг сайтар судалж хэрэгжүүлэн ажиллаж чаддаг байх”-ыг, 196.5-т “Радиатор, анхны тусламжийн бак, цистернүүд дэх усны хэмжээ”-г, 196.10-т “Резин дугуйнуудын байдлыг гадна талаас нь шалгах”-ыг тус тус жолоочийн үүрэг болгож байсан байна.
Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын “сургалт нь гал гарсантай адилхан богино хугацаанд очих ёстой байдаг, дугуйн хий сул байсан, ус дүүрэн байгаагүй” гэх тайлбар нь жолоочийг дээр дурдсан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
5. Дээр дурдсан үндэслэлээр “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй” гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, дахь заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2023/ШЗ/33 дугаар шүүгийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангасугай.
2. хэргийг прокуророос шүүхэд шилжүүлэх үед яллагдагч Ш.Бөхнаранд авсан авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ШҮҮГЧ М.НЯМБАЯР