Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 307/ШШ2025/00812

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 307/2025/00344/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (утас: *******)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* ******* овогт ******* ******* (утас: *******),

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух овогт (утас: ) нарт холбогдох,

 “7,000,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Н.*******, У. нарт холбогдуулан 7,000,000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“Миний бие 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хариуцагч У.той Дархан-Уул аймаг, ******* тоот 96 м.кв үл хөдлөх хөрөнгө, уг хаягт байрлалтай 1270 м.кв талбайтай газрыг худалдан авах зорилгоор 3521, 3519 дугаартай худалдах, худалдан авах гэрээ байгуулж үл хөдлөх тус бүрийн үнийг 2,500,000 төгрөгөөр гэрээнд бичиж, гэрээний төлбөрт 5,000,000 төгрөгийг нотариатын дэргэд бэлнээр өгч, 2019.12.13-ны өдөр өөрийн тоот данснаас хариуцагч Н.*******ын тоот данс руу 2,000,000 төгрөгийг шилжүүлж тус үл хөдлөх хөрөнгүүдийн барьцааны үнэ 4,000,000 төгрөгийг төлж чөлөөлөн нийт 11,000,000 төгрөгөөр худалдан авсан.

Гэвч 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 001/ХТ2024/00220 дугаартай Улсын дээд шүүхийн тогтоолоор уг гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өмчлөх эрхийг хариуцагч нарт буцаан шилжүүлэхээр тогтоол гарсан. Нэгэнт шүүх тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон тул талууд хэлцлээр шилжүүлэн өгсөн зүйлсээ харилцан буцааж өгөх үүрэгтэй.

Иймд 2019.12.09-ний өдрийн 3521, 3519 дугаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу 7,000,000 төгрөгийг хариуцагч нараас буцаан гаргуулж өгнө үү” гэжээ.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Нэхэмжлэгч нь хариуцагч нараас 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 3521, 3519 дугаар бүхий худалдах, худалдан авах гэрээний дагуу өгсөн гэх 7,000,000 төгрөгийг нэхэмжилдэг. Гэтэл тус маргаантай холбоотой асуудлыг анхан, давах, хяналт гэдэг гурван шатны шүүхээр талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоогоод газар, байшинг нийт 11,000,000 төгрөгөөр худалдахаар тохироогүй, тус мөнгө нь өөр нэг өрөө орон сууцны байрыг худалдаж авахад зарцуулагдсан гэж шүүх дүгнээд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байдаг.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй байх тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 2019 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 3521,3519 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 001/ХТ2024/00220 дугаартай тогтоол зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

4.Хариуцагчаас итгэмжлэл, Дархан-Уул аймгийн Давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 209/МА2024/00041 дугаартай магадлал, 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн сөрөг нэхэмжлэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Б.*******гийн хариуцагч Н.*******, У. нарт холбогдуулан гаргасан “7,000,000 төгрөг гаргуулахыг” хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Н.*******, У. нартай 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн ******* тоот, 96 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө болон уг хаягт байрлах 1270 м.кв газрын эрхийг нийт 11,000,000 төгрөгөөр худалдан авах зорилгоор 3521, 3519 дугаартай гэрээ байгуулсан. Гэвч уг гэрээ нь шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр бусд тооцогдсон тул нэхэмжлэгч нь гэрээний дагуу хариуцагч нарт шилжүүлсэн 7,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Харин хариуцагч нар “...тус маргаантай холбоотой асуудлыг анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүхээр шийдвэрлэж, хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж талууд маргаж байна.

3.Хэрэг баримтаар авагдсан Дархан-Уул аймгийн Давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 209/МА2024/00041 дугаартай магадлалаар “...Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.16-ны өдрийн 135/ШШ2024/00511 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5, 243 дугаар зүйлийн 243.1, Эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.9-д тус тус заасныг баримтлан У., Б.******* нарын хооронд 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан 3521,3519 дугаартай Дархан-Уул аймаг, ******* тоот 96 мкв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 1270 мкв талбайтай өмчлөх эрхтэй газрыг тус тус худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, уг үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр У.ыг бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай гэж, 2 дахь заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч У., Н.******* нараас 2,000,000 төгрөг гаргуулж хариуцагч Б.*******д олгож, үлдэх 4,920,000 төгрөг гаргуулах, Дархан-Уул аймгийн ******* тоот 96 мкв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 1270 мкв талбайтай өмчлөх эрхтэй газрыг нэхэмжлэгч У., Н.******* нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай...” гэж (хх54-64х),

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 001/ХТ2024/00220 дугаартай тогтоолоор “...Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 209/МА2024/00041 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 135/ШШ2024/00511 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар 2019.12.09-ний өдрийн 3521,3519 дугаартай худалдах-худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Дархан-Уул аймгийн ******* тоот 96 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт байрлалтай 1270 мкв талбайтай газрын өмчлөгчөөр У.ыг бүртгэхийг, Дархан-Уул аймгийн *******тоот 18 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр У., Н.******* нарыг бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай гэж, 2 дахь заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч У., Н.******* нараас 2,000,000 төгрөгийг гаргуулан хариуцагч Б.*******д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4920,000 төгрөгийг гаргуулах болон Дархан-Уул аймгийн ******* тоот 96 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт байрлалтай 1270 мкв талбайтай газрыг нэхэмжлэгч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн хариуцагч Б.*******гийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус шийдвэрлэжээ (хх11-19х).

4.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасан.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд дурдагдаж буй 2019 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 3521 дугаартай “...улсын бүртгэлийн дугаартай, Дархан-Уул аймаг, ******* тоот 96 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ” болон мөн өдрийн 3519 дугаартай “...Г-2001000362 улсын бүртгэлийн дугаартай, Дархан-Уул аймаг, ******* тоот 1267 мкв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг худалдах-худалдан авах гэрээ”-г дээр дурдсан шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосон тул талууд тухайн хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үр дагавар үүснэ.

Хариуцагч Н.*******, У. нарын хувьд дээрх хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас учирсан үр дагаврыг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 001/ХТ2024/00220 дугаартай тогтоолоор шийдвэрлэсэн, харин нэхэмжлэгч нь тухайн үед хэлцлийн дагуу шилжүүлсэн мөнгөө буцаан шаардаж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, тус нэхэмжлэлийн шаардлагын талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гараагүй байна.

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд “...дээрх хоёр үл хөдлөх хөрөнгө тус бүрийг 2,500,000 төгрөгөөр тооцож хариуцагч нарт нотариатын хажууд бэлнээр 5,000,000 сая төгрөг өгсөн нь Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 001/ХТ2024/00220 дугаартай тогтоолд дурдагдсан гэрч Х., Э. нарын мэдүүлгээр, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хариуцагч Н.*******ын тоот данс руу 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэгчийн банкны дансны хуулгаар нотлогдоно” гэж тайлбарласан.

Гэвч нэхэмжлэгч талаас 2,000,000 төгрөгийг хариуцагч Н.*******ад шилжүүлсэн гэх нэхэмжлэлийн шаардлагыг нотлохоор гаргаж өгсөн Б.*******гийн Хаан банкны дансны хуулга (хх9-10х) нь хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй буюу хуулбар баримт байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй.

Мөн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 001/ХТ2024/00220 дугаартай тогтоолд ...гэрч Х. /хариуцагчийн нөхөр/ гэрээний үнэ 5 сая төгрөгийг нотариатчийн дэргэд өгсөн гэж, гэрч Э. Б.******* эгчтэй хамт худалдаж авсан хашаа байшинд нь очиж суллаж өг гэдэг шаардлага тавьж байсан гэж мэдүүлсэн нь худалдах-худалдан авах гэрээг талууд хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн гэдгийг нотлоогүй, мөн хариуцагч нь 11 сая төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан авсан гэх боловч худалдах-худалдан авах гэрээнд үнийн дүнг тус тусад нь 2,500,000 төгрөг нийт 5,000,000 төгрөгөөр үнэлсэн боловч төлбөр төлснөө нотлоогүй... гэж дүгнэснээс үзэхэд тухайн гэрчүүдийн мэдүүлгийг шууд нотлох баримтаар үнэлэх нь учир дутагдалтай, гэрчүүдийн мэдүүлэг нь өөр эх сурвалж, нэмэлт баримтаар баталгаажаагүй, энэ талаарх баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгөөгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

6.Иймээс нэхэмжлэгчийн хэлцлийн дагуу 7,000,000 төгрөгийг хариуцагч нарт шилжүүлсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

7.Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байх тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн хариуцагч Н.*******, У. нарт холбогдуулан гаргасан 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.НОМИН