| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттулга Номин |
| Хэргийн индекс | 307/2025/00494/И |
| Дугаар | 307/ШШ2025/00825 |
| Огноо | 2025-05-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 307/ШШ2025/00825
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 307/2025/00494/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (РД:*******, утас: *******)-ын хүсэлттэй,
“Б.******* нас барсныг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Б.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Б.******* шүүхэд гаргасан хүсэлтийнхээ үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
“...Миний бие Б.******* нь 1953 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн. Нөхөр Д.******* ханилан сууж 6 хүүхэдтэй болсон. Гэтэл тав дахь хүү болох Б.******* нь Эрдэнэт хотын Баян-Өндөр суманд 1982 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн ба 1984 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Дархан хотын Нэгдсэн эмнэлэгт өвчний улмаас нас барсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн эхийн алдар одонгоор шагнах зарлигаар журам өөрчлөгдсөнтэй холбоотойгоор 1 дүгээр одон авахаар болж нас барсан хүүхэд болох Б.*******ы нас барсны тодорхойлолтыг Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгээс гаргуулах гэтэл 2025.02.11-ний өдрийн №1/106 албан тоотоор Б.*******ы нас баралтын түүх олдоогүй. Мөн Улсын бүртгэлийн Ерөнхий газарт нас барсан талаарх бүртгэлгүй байна. Эхийн 1 дүгээр одон авахын тулд тав дахь хүү Б.******* нас барсныг зайлшгүй тогтоолгох шаардлагатай байна” гэв.
2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 283 дугаартай хүсэлт гаргагчийн оршин суугаа газрын тодорхойлолт, 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн төрөл садангийн лавлагаа, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 1/106 дугаартай албан бичиг, 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 240 дугаартай Б.*******ы төрсний бүртгэлийн лавлагаа, хүсэлт гаргагчийн №179138 дугаартай алдарт эхийн 2 дугаар одонгийн үнэмлэхийн хуулбар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 191/ШЗ2025/09379 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамжийн хуулбар зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн. (хх 2-11 хуудас)
3.Шүүхээс Архивын Ерөнхий газрын үндэсний төв архивын 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 021325 дугаартай албан бичиг, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 03-01/2308 дугаартай лавлагаа, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 1/219 дугаартай албан бичиг, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 17/259 дугаартай албан бичиг, ХААТР-1 баримт, хаягийн хуудас, Д. ХААТР-1 баримт, Б.*******ы төрсний бүртгэлийн лавлагаа, төрөгсдийг бүртгэх анкетын хуулбар, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 17/310 дугаартай албан бичиг, Орхон аймгийн Архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 11/81 дугаартай албан бичиг зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн болно. (хх 24-34, 39, 45 хуудас)
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Б.*******гийн гаргасан “Б.******* нас барсныг тогтоолгох тухай” хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтийнхээ үндэслэлийг “...Би 6 хүүхэд төрүүлсэн. 5 дахь хүү ******* 1982 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Эрдэнэт хотын Баян-Өндөр суманд төрсөн. Би 1984 онд Дархан хотын Жимс ногооны сангийн аж ахуйд ажиллаж байхад хүүгийн маань бие гэнэт муудаж, Дарханы Нэгдсэн эмнэлэгт ирж эмчилгээ авч чадалгүй нас барсан. Хүү маань 1984 оны 03 дугаар сарын 26-ны өдөр нас барсан. Архиваас нас барсны гэрчилгээ гарч ирээгүй. Иймд Б.******* нас барсан болохыг тогтоолгохоор шүүхэд хандсан” гэж тайлбарлаж байна.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ”, 136 дугаар зүйлийн 136.1-д “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана” гэж тус тус заасны дагуу хүсэлт гаргагч Б.******* нь тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар тогтоохоор заажээ.
4.Хэрэгт авагдсан 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 240 дугаартай “...******* овоглон 1983/01/11-ний өдөр Эрдэнэт аймгийн Баян-Өндөр сумын 42-т бүртгүүлсэн бүртгэл байгаа тул лавлагаа олгов, 1984, 1985 оны Дарханы Орхон сум, Сэлэнгийн Орхон сум, мөн 1984 оны Дарханы бүх сум, 1984 оны Эрдэнэтийн Баян-Өндөр суманд нас барсны бүртгэлийг шалгахад бүртгэлгүй байна...” гэх төрсний бүртгэлийн лавлагаа, “Б.******* нь 1982 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, эцгийн мэдээлэл: , эхийн мэдээлэл: *******” гэх түүний төрсний бүртгэлийн лавлагаа, хүсэлт гаргагчийн №179138 дугаартай алдарт эхийн 2 дугаар одонгийн үнэмлэхийн хуулбар, Архивын Ерөнхий газрын үндэсний төв архивын 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 021325 дугаартай албан бичиг, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 03-01/2308 дугаартай “...1989 оны хүн ам, орон сууцны тооллогод өрхийн тэргүүлэгч Д., эхнэр Б.*******, хүү/охин Б., Б., Б.” гэх лавлагаа, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 1/219 дугаартай “...Б.******* нь 1984 оны 03 дугаар сарын 26-ны өдөр нас барсан тухай бүртгэлийг байгууллагын архиваас шүүн үзэхэд олдоогүй...” гэх албан бичиг, хүсэлт гаргагч Б.*******гийн 1988.10.26-ны өдрийн ХААТР-1 баримт, Д. 1988.10.26-ны өдрийн ХААТР-1 баримт, 42 дугаартай Төрөгсдийг бүртгэх анкетын хуулбар зэрэг нотлох баримтуудаар:
-Хүсэлт гаргагч Б.******* нь хүү Б.******* 1982 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Эрдэнэт аймгийн Баян-Өндөр сумын эмнэлэгт төрүүлсэн, Б.******* нь 1984 оны 03 дугаар сарын 26-ны өдөр нас барсан боловч улсын бүртгэлд нас барсны бүртгэлгүй болох нь тогтоогдож байна.
5.Иймд Б.******* 1984 оны 03 дугаар сарын 26-ны өдөр нас барсан болохыг тогтоож, хүсэлт гаргагч Б.*******гийн хүсэлтийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
6.Иргэний бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “Улсын бүртгэгч шүүхийн шийдвэр, эсхүл хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн энэ хуулийн дагуу иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт оруулж болно” гэж заасны дагуу Б.******* нас барсан талаар зохих бүртгэл хийхийг улсын бүртгэлийн хэлтэст даалгах нь зүйтэй байна.
7.Хүсэлт гаргагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан 1982 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн ******* 1984 оны 03 дугаар сарын 26-ны өдөр нас барсан болохыг тогтоосугай.
2.Иргэний бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т заасныг баримтлан Б.******* нас барсан талаар зохих бүртгэл хийхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НОМИН