| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2018/0031/Э |
| Дугаар | 00029 |
| Огноо | 2018-02-14 |
| Зүйл хэсэг | 11.7.1.2., |
| Улсын яллагч | Ц.Сувдаа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 00029
Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
нарийн бичгийн дарга Д.Одончимэг,
улсын яллагч Ц.Сувдаа,
хохирогч Л.Хишигдэлгэр,
шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир,
шүүгдэгч Д.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их хотгор овогт Д. Б холбогдох эрүүгийн 1815000100018 дугаартай, 163/2018/0031/Э индекстэй хэргийг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1971 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдийн хамт Булган аймгийн Хутаг-Өндөр суманд оршин суух, И овогт Д. Б
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Б нь гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр 2014 оноос эхлэн бие махбодид нь халдаж улмаар 2014 оны 5 дугаар сард, 2016 оны 8 дугаар сард, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тус тус зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах зэргээр гэр бүлийн хүчирхийлэлийг байнга догшин авирлаж үйлсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б өгсөн: Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
Хохирогч Л.Х өгсөн: Д.Ббид хоёр 1994 онд гэр бүл болсон. Тэр цагаас эхэлж Д.Бнь ямар ч шалтгаангүй уурлаж, дандаа намайг буруутгаж байдаг. 2007 онд нэг салаад буцаж нийлсэн. Намайг ер нь байнга л зоддог. Ах дүү нар нь мэдээгүй гэж мэдүүлэг өгсөн байна лээ. Уг нь мэдэх л ёстой. 2014 онд айлд архи ууж ирээд байшин барьж байсан прус модоор цохьсон. Тэр үед эрүүгийн хэрэгт шалгагдаад прокурор дээр хэрэгсэхгүй болсон. Хариад “чи ингэж мэдүүлэг өгсөн, тэгсэн” гээд өдөр болгон дарамталсан. Үнэхээр тэсэх аргагүй. Яг хэлсэн үгээрээ байлгаж, хэлэх хэлэхгүй үгээр хэлж доромжилдог. Намайг иймэрхүү байдалтай байдгийг нутаг орны хүмүүс бүгд мэднэ. Надад туулаагүй зовлон гэж байхгүй. Үр хүүхэд нь элэг бүтэн өсөг гэж бодоод өдийг хүрсэн. Хэдэн малаа хувааж аваад хоёр тийшээ болох саналтай байгаа. Одоо маш их гомдолтой байна. Надад энэ хүнтэй эргэж нийлэх хүсэл байхгүй. Өнөөдөр нурууны хагалгаанд орох байсан шүүх хуралтай гээд хагалгаагаа хойшлуулсан. Толгой байнга өвддөг. Эмчилгээ хийлгэхэд маш өндөр үнэтэй байдаг. Одоо гаргаж өгөх нотлох баримт байхгүй. Цаашид эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэх мэдүүлэг.
1715000840021 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:
Хохирогч Л.Хишигдэлгэрийн өгсөн: Би Хутаг-өндөр сумын “Хантай” багийн нутаг “Бургааст” гэх газарт нөхөр Д.Б , хоёр настай хүү Б.Үлэмжийн хамт амьдардаг. Том охин Б.Ууганчимэг, охин Б.Бумбасамбуу, хүү Б.Сумъяабазар нар Улаанбаатар хотод сургуульд суралцдаг юм. Би нөхөр Д.Б тай 1994 онд гэр бүл болж 23 жил хамт амьдарч байна. Нөхөр маань их ууртай, бухимдуу хүн. Гэр бүл болсон цагаасаа эхлээд л Д.Бнамайг архи уухаараа зодож нүддэг байсан. Тэр болгонд нь би цагдаагийн байгууллагад хандаад байдаггүй байсан. 2014 онд намайг зодоод нурууг маань гэмтээхэд нь Орхон аймагт байдаг эгч Л.Хишигдаваа руу утсаар ярьж, эгч маань Хутаг-Өндөр сумын цагдаагийн тасгийн дарга байсан Мандах руу ярьж шалгуулсан боловч Д.Б г гуйгаад болохгүй болохоор нь “би гомдолгүй” гэж мэдүүлээд хоорондоо эвлэрч, хэрэг нь прокурорын шатанд хэрэгсэхгүй болсон. Түүнээс хойш нэг хэсэг гайгүй байснаа удалгүй дахиад л зоддог болсон. Тухайлбал 2015 оны зун бид хоёр хоорондоо хэрэлдээд намайг боох гээд байхаар нь би зугтааж үнээн зэлэн дээр үнээ сааж байсан 3 хүүхэд дээрээ очиход Д.Бараас хөөж очоод цамцны захаар маань хоолойг боосон. Том охин маань ирж цамцыг маань урж байж нэг юм салгаж авсан. 2016 оны 11 сард төрсөн ах Д.Уламбаяр нь хэсэг хүмүүстэй хамт өвлийн идэш авах гээд ирсэн байхад шөнө дөнгөж орондоо оронгуутаа хүмүүс унтаагүй байхад бэлгийн харьцаанд орох гээд оролдоод байхаар нь “болиоч” гээд түлхсэн чинь гараа зангидаж байгаад миний толгойны ар руу нүдээд байсан. Ах нь болон хамт ирсэн хүмүүс нь салгах гэхэд “та нарыг ойртох юм бол ална шүү” гээд намайг зодоод байсан. Тэр зодуураас болж миний шилэн хүзүү, нуруу хавдаж, халуурч их хэцүү байсан. 2017 оны 9 сард "Уньт" багт байдаг найз Н.Гантулга эхнэртэйгээ ирсэн байхад ялихгүй зүйлээс болж маргалдаад “намайг хутгалж ална” гэж хүртэл заналхийлж байсан. Хамгийн сүүлд 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тугалын хашааны ам “муу боолоо” гэж зодож хоолойг минь боохоор нь би арай гэж мултарч зугтаасан. Маргааш нь бага хүүгээ “хулдаасан дээр суугаад байна, наадхаа алгадаад ав” гэхэд нь би хүүгийнхээ бөгсөн дээр нь хоёр удаа алгадахад “буруу газар” нь алгадлаа гэж бас зодсон. Толгой, нуруу, мөр рүү 3-4 удаа гараараа цохьсон. Ер нь Д.Бмаш хэрцгий, юм л бол хоолой боох гэдэг, мөн бэлгийн байнгын дарамтанд байлгадаг хүн байгаа юм. Өдөр ч, шөнө ч ялгаагүй бэлгийн харьцаанд орох гээд байдаг. Хүүхдүүдээ унтаагүй байхад татаж чангаагаад байхаар нь “болиоч” гэхээр л энд тэндээс чимхээд “ална шудна” гээд дарамтлаад байдаг. Би чамайг боож алчихаад өөрөө боож үхсэн гэж хэлнэ гэдэг. Би энэ байдлыг нь тэвчиж маш удаан тэссэн боловч сүүлдээ бүр аргаа бараад тэмдэглэл хөтөлдөг болсон. Ингээд хамгийн сүүлд зодоход нь эгч Л.Хишигдаваа руу “...намайг ирж аваач" гэж мессеж бичсэн юм. Би энэ хүнд байнга зодуулж байсны улмаас байнгын айдастай хэцүү байна. Иймд хурдхан шиг энэ хүнээс салж, хэдэн хүүхдүүдтэйгээ тусдаа амьдармаар байна. Гэр бүл цуцлуулах, өмч хөрөнгийн асуудлаа шийдүүлнэ. Насанд хүрээгүй хоёр хүүхэддээ тэтгэлэг тогтоолгоно гэж бодож байна гэх мэдүүлэг /хх-12-15 тал/,
Гэрч Л.Хишигдаваагийн өгсөн: Миний төрсөн дүү Л.Хишигдэлгэр Хутаг-Өндөр сумын “Хантай” багийн нутаг “Бургааст” гэх газарт нөхөр, хүүхдийн хамт амьдардаг юм. Дүү Л.Хишигдэлгэр маань нөхөр Д.Б тай 1994 онд гэр бүл болж 23 жил хамт амьдарч байна. Д.Бдүүтэй маань суусан цагаасаа эхлээд л архи уухаараа зодож нүддэг гэж сонсогддог байсан ч дүү Л.Хишигдэлгэр маань бидэнд тэр бүр хэлдэггүй байсан юм. Харин 2014 онд нэг удаа дүү маань над руу утсаар яриад “...манай нөхөр Д.Бнамайг зодоод нурууг маань гэмтээчихлээ” гэж ярихаар нь би тэр дор нь Хутаг-Өндөр сумын цагдаагийн тасгийн дарга байсан Мандах гэж хүн рүү ярьж энэ тухай мэдэгдэж шалгуулсан боловч дүү маань “гомдолгүй” гэж мэдүүлэн тэд хоорондоо эвлэрч, хэрэг нь прокурорын шатанд хэрэгсэхгүй болсон. Гэтэл Д.Бзасраагүй бөгөөд архи дарс уухаараа л дүүг маань зодож нүддэг байсан юм байна. Хамгийн сүүлд 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ялихгүй зүйлээс болж зодож, хоолойг нь боохоор дүү маань мултарч зугатаасан байсан. Мөн маргааш өдөр нь хүүхдээ хулдаасан дээр суулаа гээд "наадхаа алгадаад ав" гэхэд нь дүү маань бөгсөн дээр нь 2 удаа алгадахад буруу газар нь алгадлаа гэж бас зодож, толгой, нуруу, мөр рүү нь 3-4 удаа гараараа цохьсон гэсэн. Д.Бнь дүүгий маань удаа дараа зодож байгаа тул энэ асуудлыг шалгаж холбогдох арга хэмжээ авч өгөөч гэж би Булган аймгийн Цагдаагийн газарт өргөдөл өгсөн юм гэх мэдүүлэг /хх-16 тал/,
Гэрч Э.Ч өгсөн:Б бид хоёр үеэлүүд бөгөөд эгч дүүсийн хүүхдүүд байгаа юм. Б г сайн мэдэх бөгөөд бид багаасаа хамт шахуу өссөн хүмүүс. Д.Бнь ааш зан сайнтай даруухан залуу байгаа юм. Тэр болгон архи уугаад байдаггүй, хаяа архи уухаараа ямар нэг ааш зан гаргаад байдаггүй. Гэр бүлийнхээ хүнтэй сайн харьцаатай 20 гаран жил амьдарсан, 4 хүүхэдтэй өнөр өтгөн сайхан амьдардаг гэж боддог.Б яагаад цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа талаар сайн мэдэхгүй байна. Өөрөөс нь асуухаар урьдны асуудлаас болж дуудаад байгаа гэж надад ойлгуулсан би эхнэрээ зодсон юм уу гэж асуухаар тийм асуудал байхгүй гэж байсан гэх мэдүүлэг /хх 17-18 тал/,
Гэрч Д.Г өгсөн: БиБ тай хамт нэг гэр бүлд өссөн бөгөөд түүнийг сайн мэднэ.Б нь 1994 онд шиг санагдаж байна эхнэр болох Хишигдэлгэртэй гэр бүл болж тэдний дундаас 4 хүүхэд төрж өнөр өтгөн гэр бүл болж амьдарч байгаа. Гэр бүл болсон цагаасаа хойш Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багт мал маллаж амьдардаг. Эхнэр нь бас Хутаг-Өндөр сумын хүн бөгөөд тэд хоорондоо ямар харьцаатай байдаг талаар сайн мэдэхгүй байна. Тэднийг ямар нэг хэрүүл маргаан хийж асуудал үүсгэж байсан талаар сонсогдож байгаагүй. Харин 2-3 жилийн өмнө шиг санаж байна эхнэртэйгээ маргалдаж асуудал үүсгэж цагдаад шалгагдаад байсан яг ямар асуудлаас болж цагдаад шалгагдсан талаар сайн мэдэхгүй байна. Одоо цагдаагийн байгууллагад шалгагдаад байгаа асуудлын талаар өөрөөс нь асуухад эхнэр рүүгээ үхрийн баас шидээд тэрнээс болж цагдаад шалгагдаж байгаа талаар хэлсэн. Хишигдэлгэрийн хувьд ааш зан сайтай бид нартай эвтэйхэн харьцдаг ямар нэг асуудал гаргаж байгаагүй.Б эхнэртэйгээ яагаад зүй бус харьцдаг талаар миний харж байгаагаар Хишигдэлгэр өөр хүнтэй эр, эмийн харьцаа үүсгэж байсан талаар би сонсож байсан. Тэр асуудлыг нөхөр нь мэддэг байх гэж бодож байна энэ байдлаас болоодБ уурладаг юм болов уу гэж бодож байна. Энэ хоёрын хувьд ямар нэг дутагдаж гачигдах зүйл байхгүй сайхан айл гэр болон амьдарч байгаа. Том 3 хүүхэд нь хотод байдаг том хүү нь ажилладаг дараагийн хоёр хүүхэд нь сургуульд сурдаг, бага хүүхэд нь 2 настай бөгөөд ээж аавтайгаа хамт амьдардаг юм гэх мэдүүлэг /хх 19 тал/,
Гэрч Б.Б өгсөн: Манай аав архи уух дуртай ер нь архи их уудаг. Уухаараа ээжтэй хэрүүл маргаан хийж ээжийг ялих шалихгүй зүйлээр шалтаглаж зоддог, эрүүлдээ ч гэсэн зоддог. Ааш зан муутай авиртай хүн байгаа юм. Намайг бага байхаас ээжийг дээрэлхэж дарамталж, зоддог байсан. Бид нарт гар хүрэхгүй мөртлөө бид нар ээжийг хамгаалахаар хойшоо бай гээд бид нар руу уурлаад байдаг. Манай ээж ааваас айгаад өөдөөс нь эсэргүүцээд байдаггүй, аль болох эвтэйхэн харьцахыг боддог. Аав ээжийг зодохдоо хоолойг нь боож нүүр ам руу нь хамаагүй цохиж зоддог. 2014 онд шиг санаж байна бид нар хичээлдээ Хутаг-Өндөр сум руу явсан байхад аав ээжийг зодоод нурууг нь гэмтээгээд хөхрүүлсэн байсан. Юунаас болж яагаад зодсон гэдгийг нь мэдэхгүй, архи уусан байхдаа зодсон юм шиг байсан. Тэрнээс болж ээжийн нуруу нь гэмтэж ярагдаад эдгэрсэн сорив байгаа, модоор цохисон гэж байсан. Манай ээжийн бие нь байнга шахуу л хөхөрсөн байдаг, бид нарыг байхгүй хойгуур их зоддог юм шиг байсан. Бид нарын хажууд ч гэсэн ер нь их гар хүрдэг. 2-3 жилийн өмнө зун үнээ сааж байхад аав ээжийн хоолойг нь цамцаар нь боогоод байхаар нь эгч бид хоёр салгаж байсан. Тухайн үед эрүүл байсан бөгөөд юунаас болоод боосон гэдгийг мэдэхгүй, ялихгүй зүйлээс болж л боосон байх. Мөн 2-3 жилийн өмнө өвөлжөөндөө байхад бид нарыг гэртээ унтаж байхад согтуу ирээд буугаар буудна гэж айлгаж байсан удаа байгаа. Бас нэг удаа би хугацааг нь сайн санахгүй байна ээж, бага дүү, аав 3 гэрээсээ Хантай багийн төв орчихоод ирэхдээ ээжийг замдаа цохисон юм шиг байсан ээжийн зүүн нүд шиг санагдаж байна нүд нь аймаар хөхөрч хавдсан байдалтай ирсэн, ер нь ээжид гар хүрээд байдаг юм. Нүд нь хөхөрсөн ирэхэд шанааны яс нь хугарсан байж магадгүй ээ гэх мэдүүлэг /хх 20 тал/,
Гэрч Л.Х өгсөн: БиБ тай хамт байдаггүй болохоор сайн мэдэхгүй. Хүмүүсийн амнаас эхнэртээ гар хүрч дарамталдаг талаар их сонсогдох болсон.Б эхнэртэйгээ хэрхэн яаж харьцдаг талаар сайн мэдэхгүй байна, миний анзаарсанаар эхнэртэйгээ бүдүүлэгдүү харьцдаг, дарамт шахалт их үзүүлдэг юм шиг байсан. Ялих шалихгүй зүйлээр шалтаглаж гар хүрээд байдаг бололтой байсан. Би таван эмэгтэй дүүтэй, манай дүү нар Эрдэнэт, Хутаг-Өндөр сумаар байдаг. Хишигдэлгэр нөхөртөө зодуулж дарамтлуулахдаа манай дүү нарт л хэлдэг би дүү нараасаа л сонсдог юм, тэр болгон болсон асуудлаа надад хэлдэггүй. 2014 ондБ Хишигдэлгэрийг зодож биед нь гэмтэл учруулж цагдаад шалгагдаж байсан талаар мэдэх юм, юунаас болоод яагаад зодох болсон талаар сайн мэдэхгүй байна. Би Хишигдэлгэртэй саяхан уулзаж асуухад 2017 оны 12 сард тугалын хашааны хаалга дутуу уялаа гээд хоолойг нь уяагаар боож, хөлдүү баасаар цохисон гэж байсан. Мөн гэртээ байхдаа хүүхдээ буруу газар алгадлаа гээд толгой түрүүгүй зодсон гэж байсан. Урьд нь ер зоддог дарамталдаг байсан талаар надад хэлж байгаагүй, ер нь ялих шалихгүй зүйлээр шалтаглаж зодож дарамталдаг юм шиг байсан гэх мэдүүлэг /хх 21 тал/,
Гэрч Д.Б өгсөн: Манай ах ааш зан сайтай дуу цөөтэй даруухан хүн. Би ахынд очихгүй 10 гаран жил болж байна. Хол болохоор тэр бүр уулзаад байж чадахгүй юмаа, архи дарс их уугаад байдаггүй уухаараа янз бүрийн ааш зан гаргаад байдаггүй л хүн байгаа юм. Эхнэр Хишигдэлгэртэй гэр бүл болоод 20 гаран жил болж байгаа байх. Би 2-3 жил айл хөрш амьдарч байсан бөгөөд эхнэртэйгээ хэвийн таарамжтай харьцдаг байсан янз бүрийн хэрүүл маргаан асуудал гаргаж байгаагүй. Тэрнээс хойш одоо ямар байгааг сайн мэдэхгүй байна, ямар нэг асуудал гаргасан гэж сонсогдож байгаагүй гэх мэдүүлэг /хх-22 тал/,
Гэрч Д.У өгсөн: БиБ тай хамт өссөн бөгөөд манайх Хутаг-Өндөр сумын Хантай багт нутагладаг байсан.Б багаасаа томоотой даруухан хүүхэд байсан одоо ч даруухан дуугүй хүн байгаа юм. Аав ээжийн гар дээр байж байгаад эхнэр авч тусдаа гарч байсан. Эхнэртэйгээ 20 гаран жил хамт амьдарч байгаа. Хааяа найз нөхөдтэйгөө архи уух үе байдаг байнга уугаад байдаггүй, уухаараа янз бүрийн ааш авир гаргаад байдаггүй. Би 2016 оны 11 сард байх өвлийнхөө идшийг авах гээдБ гийн гэрт очсон байхад шөнө бид нар унтаж байхад гэнэт эхнэр нь хашгираад босоод ирсэн. ТэгээдБ эхнэртэйгээ барьцалдаж аваад эхнэрийгээ цохиж зодсон асуудал байгаа. Би тухайн үед унтаж байсан болохоор юу болсон талаар сайн мэдэхгүй байна.Б эхнэрээ намайг харж байхад нүүр, цээж хэсэг рүү нь цохиж харагдсан. Тэгээд би босч салгаж байсан. Намайг очиходБ бас идшээ хийсэн бөгөөд идэш хийсэн хүмүүстэйгээ архи уусан юм шиг байсан. Хишигдэлгэрийн биед гэмтэл учирахаар цохиж зодоогүй, өглөө нь босоход Хишигдэлгэрийн бие нь зүгээр байсан. Тухайн үед би эхнэр хүүхэдтэйгээ очсон байсан.Б урьд нь нэг удаа эхнэрээ зодож биед нь гэмтэл учруулж цагдаад шалгагдаж байсан. Тэд салаад хэсэг хугацаанд тусдаа амьдарч байгаад нийлж байсан. Хоорондоо маргалдах асуудал байдаг байхаа юунаас болоод яагаад маргалдаад байдаг талаар сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-23 тал/,
Гэрч Л.Б өгсөн: Манайх Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн төвд байдаг бөгөөд 2016 оны намар манайдБ эхнэртэйгээ ирж байсан, хэдэн сард гэдгийг нь яг сайн санахгүй байна. Би гэртээ унтаж байсан бөгөөд манай эхнэр Чимэдсүрэн хоол унд хийгээд байж байталБ эхнэр Хишигдэлгэртэй, бас Хантай багийн засаг дарга Эрдэнэчулуунтай хамт манайд үдээс хойш 15 цагийн үед ирсэн. Манайд ирэхдээБ , Эрдэнэчулуун хоёр архи уусан халамцуу ирцгээсэн. Тэгээд би унтаж байтал пижигнэлдээд хоорондоо хэрүүл зодоон хийгээд байх шиг байхаар нь боссон чиньБ эхнэр Хишигдэлгэрийн зүүн нүд рүү цохиж хөхрүүлсэн байсан. Тэгээд би та хоёр болиоч гээд салгасан.Б эхнэрээ зодох гээд дайраад байсан ба тэр нэлээн согтуу байсан. Тэгээд манайд хоол унд идээд явсан архи нэмж уугаагүй гэх мэдүүлэг /хх-24 тал/,
Гэрч Б.Ч өгсөн: Манайх Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн төвд байдаг бөгөөд 2016 оны намар манайдБ эхнэртэйгээ болон Эрдэнэчулуун даргын хамт ирж байсан. Эрдэнэчулуун дарга түрүүлж манайд ирээд хоол идээд сууж байтал манай үүдний өрөөнд хүн хашгираад юм пижигнэлдэхээр нь үүдний өрөө рүү ортолБ Хишигдэлгэрийн зүүн нүд рүү цохиж түүнийг бариад авчихсан зодох гээд байсан. Тэгэхээр нь салгаад Эрдэнэчулуун даргаБ г аваад гарсан. Хэсэг байж байгаад орж ирээд хоол идээд эхнэрээ уучлаарай согтсон байна гээд аваад явсан. Тухайн үед манай нөхөр том өрөөнд унтаж байсан бөгөөд босч ирээд салгасан. Манайд хэсэг байж байгаад явцгаасан архи уугаагүй, манайд ирэхдээ ЭрдэнэчулуунБ хоёр нэлээн халамцуу ирцгээсэн гэх мэдүүлэг /хх-25 тал/,
Гэрч Б.Э өгсөн: 2016 оны намар 8 сард шиг санаж байна, манайх Хантай багийн төвд байдаг бөгөөд нэг өдөрБ эхнэртэйгээ хамт явж таарсан, би Бэхбат ахынд хоол идэх гэж 15 цагийн үед очсон тэднийх хуушуур хайрч байсан бөгөөд Бэхтбат ах том өрөөндөө унтаад эхнэр нь хуушуур хайрч байсан. Тэгээд би том өрөөнд нь хуушуур идээд сууж байтал гаднаасБ эхнэртэйгээ хэрэлдэж орж ирээд үүдний таампар хэсэгт зодолдоод эхэлсэн. Тэгэхээр нь би гүйж очоод салгасан. ТэгтэлБ ах эхнэрийнхээ зүүн шанаа руу гараараа цохиод авсан тэгээд салгаад болиоч гээдБ г гадагшаа гаргаад тайвшруулсан. Хэсэг гадна байж байгаад эргэж орж ирээд хоол унд идсэн. Тэгээд хэсэг байж байгаад явцгаасан.Б ах ирэхдээ нэлээн согтуу байсан бөгөөд хаана архи уусан талаар сайн мэдэхгүй байна. Би тухайн үед эрүүл байсан гэх мэдүүлэг /хх-26 тал/,
Д.Б яллагдагчаар өгсөн: Нэлээд хэдэн жилийн өмнө Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн төвд оршин суух Бэхбат гэж айлд манай
эхнэр Л.Хишигдэлгэр, Бэхбатын эхнэр Цэндсүрэн бид нар архи уусан юм. Юу болоод ч уусан билээ сайн санахгүй байна. Тухайн үед архи уугаад л бүгд тасарчихсан байсан. Цэндсүрэн нь намайг өөрийнхөө эхнэрийг цохиж зодсон гэж маргааш нөгөөдөр нь ярьсан. Манай эхнэр ч гэсэн өөрөө тухайн үедээ мэдээгүй, надад өөрийгөө зодуулсан гэж хэлээгүй. Тэгсэн энэ жил гэнэт л манайд цагдаа нар ирээд л намайг Хутаг-Өндөр сумруу явуулаад эхнэр наашаа ирээд л одоо надад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байна. Тухайн үедээ бид 2 мэдэхгүй байсан учраас ямар нэгэн хуулийн байгууллагад гомдол гаргаж шалгуулаагүй. Энэ асуудлаас өмнө би эхнэрээ нуруу руу нь модоор цохиод гэмтээчихсэн гээд нэг эмэгтэй цагдаа дээр шалгагдаж байгаад манай эхнэр ирж гомдолгүй гэж хэлээд прокурор дээрээс хэрэгсэхгүй болж салж байсан. Бид хоёрын хооронд гэр бүлийн аар саар ялих шалихгүй маргаан гардаг. Энэ нь эхнэр бид хоёрын хэн хэнээс л болж гардаг. Би өөрөө зүрх их муутай хүн байгаа юм. Уурлахаараа биеэ барьж чаддаггүй болчихдог. Тэгээд заримдаа ханийгаа гараараа ганц нэг цохьчихсон л байдаг юм. Би архи уудаг гэхдээ гайгүй. Архи уусан үедээ ганц нэг удаа элдэв ааш авир гаргачихсан л байдаг. Тэгээд маргааш нь уучлаарай миний ханиа гээд л уучлал гуйдаг. Эхнэртэйгээ байнга л хамт явдаг учраас бид хоёрын хооронд хардах сэрдэх асуудал байхгүй. Нэлээд хэдэн жилийн өмнө өөрийнхөө гэрийн гадаа эхнэрийгээ бүсээр боох гэж оролдсон. Боомилж бол аваагүй. Манай эхнэр миний өөдөөс эсэргүүцээд тэгээд би боож чадаагүй. Тухайн үед манай охин Бумбасамбуу хамт байсан учир намайг хориглосон. Эхнэр нуруу нь өвддөг, суулттай гэж ярьдаг л байсан. 2-3 жилийн өмнө Орхон аймгийн нэгдсэн эмнэлэгт эгч дээрээ очиж үзүүлж харуулж байсан. Заримдаа хүн хүч муу үед явуулахгүй гэдэг үе байсан. Гэхдээ байнга тэгээд явуулахгүй байсан асуудал бол байхгүй. ...Би өмнө Булган аймгийн шинжээч эмчийн гаргасан дүгнэлттэй танилцаж байсан. Мөн 3 эмчийн гаргасан дүгнэлттэй танилцлаа. Би эхнэртээ хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Дүгнэлттэй холбоотойгоор гаргах санал хүсэлт байхгүй байна гэх мэдүүлэг /хх-68, 70-72 тал/,
Булган аймгийн шүүхийн шинжэлгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 16 дугаартай
4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрхи гэмтэл нь магадлуулагчийн өгүүлснээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой байна.
6. Толгойн КТГ-д: Гавлын ясанд зүүн талдаа чамархайн хэсэгт хуучин хугаралтай гэнэ.
7. Дээрхи гэмтзл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
8. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
9. Дээрхи гэмтлийн үүссэн цаг хугацааг одоогоор нарийвчлан тогтоох боломжгүй байна гэх дүгнэлт /хх-30-31 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 112 дугаартай
1. Шинжээч эмч Б.Мөнх-Оюуны 2017.12.28-ны өдрийн 16 дугаартай дүгнэлтэд тусгагдсан толгойн КТГ-н шинжилгээгээр тогтоогдсон зүүн чамархай ясны хуучин хугарал гэсэн нь тогтоогдохгүй байна.
2. М.Х биед тархи доргилт, бүсэлхий нуруун дахь сорви, зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн жижиг хуучин хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. М.Х биед учирсан гэмтлүүдээс тархи доргилт гэмтэл нь 2017.12.19-нд үүссэн байх боломжтой.
4. М.Х биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
6. Л.Хишигдэлгэрийн толгойн КТГ-н шинжилгээгээр тогтоогдсон зүүн чамархай ясны хуучин хугарал гэмтэл нь уг КТГ-н зураг болон СО-г давтан уншуулахад тогтоогдоогүй бөгөөд зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хуучин хугарал гэмтэл тогтоогдсон болно.
7. Дээрх ухархайн дотор хананы хугарал гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
8. Дээрх гэмтлийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.
9. Дээрх гэмтэл нь эмчилгээ хийгдэхгүйгээр өөрөө бороолж эдгэх боломжтой гэх дүгнэлт /хх-37-38 тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх-1-3 тал/, мөрдөгчийн санал /хх-2 тал/, өргөдөл, гомдол хүлээн авсан тэмдэглэл /хх-8-9 тал/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-48-61 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон иргэний үнэмлэхний лавлагаа /хх-62-63 тал/, хавтаст хэргийн материал танилцуулсан баримт /хх 81-82 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянаж шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Бнь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт 2014 оны 5 дугаар сар, 2016 оны 8 дугаар сар, 2017 оны 12 дугаар саруудад гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу эхнэр Л.Хишигдэлгэрийн бие эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах зэргээр гэр бүлийн хүчирхийлэлийг байнга догшин авирлаж үйлдсэн үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримтыг мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, гэмт хэргийн сэдэлт, шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн талаар хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Х өгсөн мэдүүлгийн эх сурвалж гэрч Л.Хишигдаваа, Б.Б, Л.Х, Д.У, Л.Б, Б.Ч, Б.Э нарын өөр хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлгүүд, хохирогчид учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 16 дугаартай, 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 112 дугаартай дүгнэлтүүд, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Иймд шүүгдэгч Д.Б г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг байнга догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Б гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.Хишигдэлгэрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэний нэхэмжлэл гаргаагүй, харин цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэжээ.
Шүүгдэгч Д.Б д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, хохирогчийн хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх хүсэлт зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.Бнь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч иргэний нэхэмжлэл гаргаагүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүйг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-9, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Их хотгор овогт Д. Б г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг байнга догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.2-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Д.Б г нэг жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.2, 3.3-т заасныг баримтлан шүүгдэгч Д.Б д зан үйлээ засах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Д.Б д тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Бнь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй бөгөөд хохирогч Л.Хишигдэлгэр нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД