Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 26

 

 

2024        04        09                                          2024/ДШМ/26

 

*******д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Ж.Отгонхишиг, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор З.Алтансолонго, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нарыг оролцуулан,

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 19ий өдрийн 2024ЦТ/32 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн *******д холбогдох эрүүгийн 2336000440155 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 15ы өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн Цагаан туг ургийн овогт *******гийн Гантулга, 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, малчин, Ховд аймгийн Буянт сумын 04 дүгээр (Цагаан-Эрэг) багт оршин суух хаягтай, урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450'000 төгрөгийн торгох ялаар, мөн тус шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, тус шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900'000 төгрөгийн торгох ялаар, тус шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнссэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2'700'000 төгрөгийн торгох ялаар, тус шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 2023/ШЦТ/95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан, регистрийн дугаар: *******.

2. Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг багийн нутаг дэвсгэрээс 2023 оны 03 дугаар сарын эхээр хохирогч *******ийн эзэмшлийн 6 настай бор зүсмийн эр адууг хулгайлан авч *******т 1'400'000 төгрөгөөр зарж, хохирогч *******эд 1'200'000 төгрөгийн хохирол учруулан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, мөн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багийн нутаг дэвсгэрээс хохирогч *******ийн халиун зүсмийн 4 настай, зөв гуяндаа өөлд гал тамгатай 800'000 төгрөгийн хохирол учруулж мал хулгайлах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

3.Ховд аймгийн Прокурорын газраас Б.Гантулгын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

4.1 Шүүгдэгч Цагаан туг ургийн овогт *******гийн Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2 Шүүгдэгч Цагаан туг ургийн овогт *******гийн Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гантулгын өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 90 хоногийг нэмж нэгтгээд нийт эдлэх ялыг 02(хоёр) жил 03 (гурав) сарын хугацаагаар тогтоож,

4.4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

4.5 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гантулгын цагдан хоригдсон 27 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

4.6 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гантулгын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 2,000,000 (хоёр сая) төгрөгийг түүнээс гаргуулж улсын төсөвт шилжүүлж,

4.7 Шүүгдэгч *******ас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлж,

4.8 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 7,8 дугаартай "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц цуцалж,

4.9 Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шүүхэд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

5. Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нар давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн  шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/32 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн "...2. Шүүгдэгч Цагаан туг ургийн овогт *******гийн Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 (хоёр) жил 03 сарын хугацаагаар тогтоосон, 3. Шүүгдэгч Б.Гантулгын өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 90 хоногийн нэмж нэгтгээд нийт эдлэх ялыг 2 жил 03 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүгдэгч ******* нь 2017, 2019 оны хоёр гэмт хэрэг нь өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, мөрдөн байцаалт, прокурор шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид төлөх хохирол төлбөргүй. Шүүгдэгч ******* нь эхнэр 5-7 насны бага хоёр хүүхэдтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно, мөн хуулийн 1.2-д энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэн гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч *******д 02 жилийн хорих ялаар шийтгэсэнд гомдолтой байна. Иймд Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/32 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэв.

6.Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэлгүй байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх агуулга бүхий заалт юм. Шүүгдэгч нь хэдий мөрдөн байцаалтын шатнаас гэм буруутай эсэхдээ маргаагүй хэргийн үйл баримтыг хүлээн зөвшөөрч, хэргийн улмаас хохирогч болоод иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлыг нөхөн төлсөн хэдий ч шүүгдэгчийн удаа дараа мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийтгүүлсэн хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн нөхцөл байдал байхгүй гэснийг харгалзан анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо шүүгдэгчид хорих ял оногдуулах нь хэргийн шинж байдалд тохирох тухай дүгнэлтийг гарган оролцсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Давж заалдах шатны шүүх яллагдагч *******д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагааг  бүхэлд нь хянаж үзлээ.

2.Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны байх шаардлагыг хангасан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 3.Энэ хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх талаар мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

4.Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Гантулгыг “хохирогч *******,   ******* нарын  адууг буюу бусдын  мал хулгайлах гэмт хэрэг   үйлдсэн нь нотлогдсон” гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд  шилжүүлжээ.

5.Анхан шатны шүүх *******д холбогдох эрүүгийн 2336000440155 дугаартай хэргийг хянан хэлэлцээд “түүний үйлдсэн хэргийн үйл баримт тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон” гэж дүгнээд,шүүгдэгч Б.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан байна.

6. Шүүгдэгч  Б.Гантулгыг Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг багийн нутаг дэвсгэрээс 2023 оны 03 дугаар сарын эхээр хохирогч *******ийн эзэмшлийн 6 настай бор зүсмийн эр адууг, мөн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багийн нутаг дэвсгэрээс хохирогч *******ийн халиун зүсмийн 4 настай, зөв гуяндаа өөлд гал тамгатай адууг нууцаар, хууль бусаар авч худалдан борлуулж хохирогч   *******эд 1.200000 төгрөгийн, *******ид 800.000 төгрөгийн хохирол тус тус  учруулж мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,  хэргийн үйл баримт тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт   үндэслэлтэй байх бөгөөд түүний үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна.  Үүнд:

Хохирогч *******, ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ний 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №ХЦ23-19 дугаартай шинжээчийн дүгнэлт, Малд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Вендо ХХК-ний 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ХЦ23-110 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрч Б.Бегжан, *******, Х.Бямбабаяр, Н.Мягмарсүрэн,  Д.Мейрамбек, О.Ербол, Т.Айбол, Х.Тилебек, Б.Мягмар, С.Кенжеболат, Ц.Ганбаатар, З.Энхбаатар, Т.Булган нарын мэдүүлгүүд,  шүүгдэгч  Б.Гантулгын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйл баримтын  талаар  тодорхой ярьсан мэдүүлэг зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж авсан нотлох баримтуудаар хэргийн үйл баримт нотлогдон тогтоогдсон байна.

7.Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 2 (хоёр) жилийн хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанар хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гантулгын өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 90 хоногийг нэмж нэгтгээд түүний нийт эдлэх ялыг 2(хоёр) жил 3 (гурав) сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

8.Иймд шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын гомдолд дурдсан “...******* нь эхнэр 5-7 насны хоёр бага насны хүүхдийн хамт амьдардаг,эхнэр Э.Энхзаяа нь 8 сартай жирэмсэн” гэх хувийн байдлыг харгалдан үзэж, түүнд оногдуулсан 2(хоёр) жил 3 (гурав) сарын хорих ялыг  хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй  байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

9. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.Гантулгын  цагдан хоригдсон  78 (далан найман) хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцлоо.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож, 

ТОГТООХ нь:

 

1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 2024/ШЦТ/32 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.Гантулгын  цагдан хоригдсон  78 (далан найман) хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

           

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           М.НЯМБАЯР  

 

                                                 ШҮҮГЧ                                            Ж.ОТГОНХИШИГ

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Н.ТУЯА