| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттулга Номин |
| Хэргийн индекс | 307/2025/00180/И |
| Дугаар | 307/ШШ2025/00922 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 307/ШШ2025/00922
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/00180/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ******* тоотод байрлах ******* (төлөөлөгч Ц.*******, утас: *******)-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* байрлах *******,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* байрлах ******* нарт холбогдох,
“36,590,150 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.*******,
Хариуцагч ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******,
Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.*******, Л.*******, Г.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан 36,590,150 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“...******* нь *******тай 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ******* дугаартай “Анагаахын уулзвараас ШУТИС чиглэлийн авто зам, явган зам, гэрэлтүүлгийн ажлын гэрээ”-г байгуулсан ба гэрээнд заасан ажлаа цаг тухайд нь хийж гүйцэтгэн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн *******/01 дугаартай ажлын хэсгийн акт, дүгнэлтээр авто замыг ашиглалтад оруулсан.
Уг ажлыг хийж гүйцэтгэх явцад гүйцэтгэгч нь зураг төсөвт тусгагдаагүй, далд байсан 6 кв-ын кабель шугамыг гэмтээсэн ба ******* нь уг гэмтсэн кабель шугамыг бүтнээр нь солиулах, хохирлыг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж хариуцагчаар *******-ийг татсан.
Улмаар иргэний хэрэг үүсэж анхан болон давж заалдах шатын шүүхээс хэргийг хянан шийдвэрлэсний үндсэн дээр Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 209/МА2024/00022 дугаартай магадлалаар *******-аас 35,732,184 төгрөг гаргуулж *******-д олгохоор, түүнчлэн *******-аас нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 336,611 төгрөг гаргуулах, *******-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 521,355 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр тус тус шийдвэрлэсэн. *******-ийн зүгээс давж заалдах шатны шүүхийн магадлалд гомдол гаргасан боловч хяналтын шатны шүүх гомдлыг хүлээн аваагүйн улмаас шүүхийн магадлал хүчин төгөлдөр болсон байдаг.
Захиалагчаас гаргаж өгсөн ажлын зураг цахилгаан, кабелийн зураг тусгагдаагүй, мөн төсөвт цахилгааныг шилжүүлэх зардал байхгүй байсан болно. Захиалагч ийнхүү зураг төслөө алдаатай, дутуу гаргасны улмаас манай компани шүүхийн магадлалын дагуу 36,590,150 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. Энэ талаар *******д мэдэгдэн талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг удаа дараа албан бичгээр хүсэж байсан боловч хариуцагч хохирлыг барагдуулахаас үндэслэлгүйгээр татгалзсаар өдийг хүрсэн.
Иймд талуудын хооронд байгуулсан ******* тоот гэрээний 7 дугаар зүйлийн 7.3.4-т “Захиалагчийн зураг төслийн алдааны улмаас үүссэн аливаа эрсдэлийг захиалагч хүлээнэ” гэж, 8.10-т зураг төслийг захиалагч боловсруулсан бол зураг төсөлтэй холбоотой аливаа асуудлыг захиалагч хариуцна гэж, 10.26-д маргааныг зөвшилцөж, шийдвэрлэж эс чадвал Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ гэж тус тус заасныг үндэслэн зураг, төсөвт тусгагдаагүй дээрх гэмтлийн улмаас *******-д учирсан хохирол боох 36,590,150 төгрөгийг захиалагч буюу ******* болон ******* гаргуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
2.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.*******, Б.******* нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“...Аймгийн Засаг дарга, *******-ийн хооронд Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих Анагаахын уулзвараас-Шинжлэх ухаан технологийн их сургууль чиглэлийн авто зам, явган зам, гэрэлтүүлгийн ажил ******* дугаартай төсөл арга хэмжээний гэрээг 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан.
Дээрх төсөл нь Анагаахын уулзвараас ШУТИС чиглэлийн авто зам, явган замын шинэчлэл 0.835 м.кв, объектыг ашиглалтад оруулах 1.4 км, анагаахын уулзвараас ШУТИС чиглэлийн авто зам, явган замын трасст орсон шугам сүлжээний хүчитгэл К71-К73 худгийн хоорондох дулааны магистрал шугамын трассын өөрчлөлт, Анагаахын уулзвараас ШУТИС чиглэлийн авто зам, явган замын трасст орсон холбооны худаг сувагчлал кабел шугамыг хамгаалах угсралтын ажил, Анагаахын уулзвараас ШУТИС чиглэлийн авто зам, дугуйн замын нэмэлт ажил 0.026 км ажлуудыг ******* туслан гүйцэтгэгчийн хамтаар хэрэгжүүлсэн.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар авто замын зураг төслийн ******* зургийн шифр 06/22 Анагаахын уулзвараас Шинжлэх ухаан технологийн их сургууль чиглэлийн авто зам, явган зам, гэрэлтүүлгийн ажлын зураг төслийг боловсруулсан бөгөөд зургийн шатанд инженер хангамжийн байгууллагууд болох *******, ******* нартай зөвшилцөж булангийн хүснэгтэд гарын үсгээр баталгаажуулсан.
Зөвлөх үйлчилгээний явцад аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газраас тодруулга авдаг бөгөөд тухайн төсөл хэрэгжих ажлын трасст цахилгааны далд шугам байгаа тухай мэдээллийн санд байгаагүй болно.
Учир нь *******-ийн гүйцэтгэсэн Анагаахын уулзвараас ШУТИС чиглэлийн авто зам, явган замын трасст орсон шугам сүлжээний хүчитгэл К71-К73 худгийн хоорондох дулааны магистрал шугамын трассын өөрчлөлт хийх явцад *******-д учирсан хохирол гэх нийт 36,590,150 төгрөгийг хариуцагчаас гаргуулах гэсэн нь үндэслэлгүй бөгөөд тухайн төслийн шатанд зураг төсвийг хянан баталгаажуулсан мөн аймгийн мэдээллийн санд цахилгааны далд шугамын мэдээллийг оруулаагүй зэрэг нь ******* өөрөө буруутай гэж үзэж байна.
******* нь Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих Анагаахын уулзвараас-Шинжлэх ухаан технологийн их сургууль чиглэлийн авто зам, явган зам, гэрэлтүүлгийн ажил ******* дугаартай төсөл арга хэмжээний гэрээний хэрэгжилтийг хангаж байнгын ашиглалтад хүлээлгэн өгч гэрээ дүгнэсэн акт үйлдэн төслийг хааснаас хойш энэхүү гомдлыг гаргаж байгаа нь гэрээний хэрэгжилт гэрээ дүгнэсэн актаа зөрчиж байна.
Иймд аймгийн Засаг дарга, *******-ийн хооронд байгуулсан ******* дугаартай гэрээний хэрэгжилтийг хангах ажил гүйцэтгэх явцаа *******-ийн туслан гүйцэтгэгч компанийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн гарсан учирсан хохирол гэх 35,732,184 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 336,611 төгрөг болон 521,355 төгрөг нийт 36,590,150 төгрөгийг ******* гаргуулах нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, *******-ийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 130 дугаартай албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ******* 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 5-10/1920 дугаартай албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 209/МА2024/00022 дугаартай магадлалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Их сургуулийн гудамжны зам засварын төлөвлөлтийн трасст орсон холбооны худаг сувагчлал, кабел шугамыг хамгаалах угсралтын ажлын төсвийн хуулбар, ТК71-ТК73 худгийн хоорондох дулааны магистрал шугамын трассын өөрчлөлтийн ажлын төсвийн хуулбар, Анагаахын уулзвараас ШУТИС чиглэлийн авто замын барилгын ажлын нэгдсэн төсвийн хуулбар, 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Анагаахын уулзвараас ШУТИС чиглэлийн авто зам, явган зам, гэрэлтүүлгийн ажлын гэрээний хуулбар, Анагаахын уулзвараас ШУТИС чиглэлийн авто замын зураг төслийн хуулбар, хөдөлгөөн зохион байгуулалтын зургийн хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. (1-р хх 3-76 хуудас)
4.Хариуцагчаас ******* улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ******* 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2-10/15в дугаартай итгэмжлэл, ******* 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 1-10/75 дугаартай итгэмжлэл, ******* 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 1-10/222 дугаартай итгэмжлэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. (1-р хх 84-85, 93, 242 хуудас)
5.Шүүхээс нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.*******гийн хүсэлтээр ******* 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 5-10/538 дугаартай албан бичиг, 2022.05.26-ны өдрийн ******* дугаартай Анагаахын уулзвараас ШУТИС чиглэлийн авто зам, явган зам, гэрэлтүүлгийн ажлын гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ТК71-ТК73 худгийн хоорондох дулааны магистрал шугамын трассын өөрчлөлтийн ажлын төсвийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Их сургуулийн гудамжны зам засварын төлөвлөлтийн трасст орсон холбооны худаг сувагчлал, кабел шугамыг хамгаалах угсралтын ажлын төсвийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Анагаахын уулзвараас ШУТИС чиглэлийн авто замын барилгын ажлын нэгдсэн төсвийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Анагаахын уулзвараас ШУТИС чиглэлийн авто замын зураг төслийн хуулбар, Дарханы дулаан дамжуулах сүлжээний ТК71-ТК73 худгийн хоорондох дулааны магистрал шугамын трассын өөрчлөлтийн ажлын зургийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг Их сургуулийн гудамжны зам засварын төлөвлөлтийн трасст орсон холбооны худаг, сувагчлал, кабел шугамыг хамгаалах ажлын зургийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Дархан-Уул аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 290 дугаартай албан бичиг, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 135/ШШ2024/00202 дугаартай шийдвэрийн хуулбар зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн болно. (1-р хх 102-238, 2-р хх 3-13 хуудас)
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч *******-ийн хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гаргасан “36,590,150 төгрөг гаргуулахыг” хүссэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.******* нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг “...******* нь *******тай 2022 оны 5-р сарын 22-ны өдөр ******* дугаартай “Анагаахын уулзвараас ШУТИС чиглэлийн авто зам, явган зам, гэрэлтүүлгийн ажлын гэрээ”-г байгуулсан ба гэрээнд заасан ажлаа цаг тухайд нь хийж гүйцэтгэн мөн 2022 оны 12-р сарын 05-ны өдрийн *******/01 дугаартай ажлын хэсгийн акт, дүгнэлтээр авто замыг ашиглалтад оруулсан. Уг ажлыг хийж гүйцэтгэх явцад гүйцэтгэгч нь захиалагчийн боловсруулсан зураг төсөвт тусгагдаагүй, далд байсан 6кв-ын кабель шугамыг гэмтээсэн ба ******* нь уг гэмтсэн кабель шугамыг бүтнээр нь солиулах, хохирлыг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж хариуцагчаар *******-ийг татсан бөгөөд улмаар шүүхээс *******-аас 35,732,184 төгрөг гаргуулж *******-д олгохоор шийдвэр гарч, магадлал хүчин төгөлдөр болсон. Захиалагч ийнхүү зураг төслөө алдаатай, дутуу гаргасны улмаас манай компани шүүхийн магадлалын дагуу 35,732,184 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 336,611 төгрөг, нийт 36,068,795 төгрөг төлөх үүрэг хүлээсэн. Мөн нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 521,355 төгрөгийг төлсөн. Талуудын хооронд байгуулсан гэрээний заалтаар зураг төслийн алдаанаас үүссэн эрсдэлийг захиалагч хариуцах ёстой тул компанид учирсан дээрх хохирол болох 36,590,150 төгрөгийг захиалагч буюу ******* болон ******* гаргуулж өгнө үү” гэж тодорхойлсон.
3.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдаанд “...******* захиалгаар Анагаахын уулзвараас ШУТИС чиглэлийн авто зам, явган зам, гэрэлтүүлгийн ажлын зөвлөх үйлчилгээг *******-иар гүйцэтгүүлсэн. Зураг төслийг боловсруулахдаа холбогдох инженерийн байгууллагуудаас албан ёсоор мэдээлэл авч зөвшилцсөн бөгөөд ******* нь өөрөө тухайн зураг төсөл дээр гарын үсэг зурсан. Мөн гэмтсэн кабелийн нэг хэсэг инженерийн санд бүртгэгдээгүй байсан тул зурагт тусгагдаагүй байдаг. Иймээс хариуцлага нь цахилгаан түгээх байгууллага дээр үүсэх болохоос Засаг дарга болон Засаг даргын Тамгын газар хариуцахгүй” гэж татгалзлаа тайлбарлаж, талууд маргаж байна.
4.Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаартай “Анагаахын уулзвараас ШУТИС чиглэлийн авто зам, явган зам, гэрэлтүүлгийн ажлын гэрээ”-г нэг талаас *******, нөгөө талаас ******* нар нь, Дархан-Уул аймгийн Дархан сум, ШУТИС чиглэлийн авто зам, явган замын шинэчлэл, Анагаахын уулзвараас ШУТИС чиглэлийн авто зам, явган замын трасст орсон шугам сүлжээний хүчитгэлийн ажил, холбооны худаг сувагчлал, кабел шугамыг хамгаалах угсралтын ажлыг 1,124,848,987 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцож байгуулсан байх бөгөөд гэрээг захиалагч талыг төлөөлөн *******, гүйцэтгэгч талыг төлөөлөн *******-ийн захирал Б.Тэлмэн нар баталжээ.
Дээрх гэрээгээр талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдож байна.
Зохигчид дээрх гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй бөгөөд гэрээг дүгнэж дуусгавар болгосон гэж тайлбарладаг болно.
5.Мөн нэхэмжлэгч ******* нь дээрх гэрээний дагуу авто замын ажлыг хийж гүйцэтгэх явцдаа дулааны шугам холбох газар шорооны ажлыг гүйцэтгэх үеэр 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр болон 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 2 удаагийн үйлдлээр 6 кв-ны кабель шугамыг тасалж гэмтээсэн, үүний улмаас эзэмшигч байгууллага болох *******-нд гэм хор учирсан, тус гэм хорын хохиролд нэхэмжлэгч *******-иас 35,732,184 төгрөгийг гаргуулан *******-нд олгосон үйл баримт Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 135/ШШ2024/00202 дугаартай шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 209/МА2024/00022 дугаартай магадлалаар тус тус тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан бөгөөд давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болсон гэж талууд тайлбарласан.
6.Талуудын маргааны зүйл нь дээрх хохирол үүсэхэд ажлын зураг төслийн алдаа байсан эсэх, зураг төслийн алдааны улмаас үүссэн хохирлыг хэн хариуцах эсэх буюу гэрээний харилцаанаас үүдэлтэй хохирлын асуудал байна.
7.Зохигчдын байгуулсан 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаартай Анагаахын уулзвараас ШУТИС чиглэлийн авто зам, явган зам, гэрэлтүүлгийн ажлын гэрээний 7.3, 7.3.4-т “Захиалагчийн зураг төслийн алдааны улмаас үүссэн аливаа эрсдэлийг захиалагч хариуцна” гэж, 8.10-т “Зураг төслийг захиалагч боловсруулсан бол зураг төсөлтэй холбоотой аливаа асуудал, зураг төслийн үнэн зөв, түүнээс үүссэн ажлын доголдол гэх мэтийг захиалагч хариуцна” гэж заажээ.
Мөн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж тус тус зааснаас үзэхэд нэхэмжлэгч ******* нь хариуцагч нараас зураг төслийн алдааны улмаас өөрт учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй байна.
Мөн дээрх гэрээний 1.1.1-д “захиалагч” гэж гэрээ баталгаажуулах маягтад нэрлэсэн этгээдийг хэлнэ гэж зааснаар нэхэмжлэгч нь гэрээний харилцаатай холбоотой асуудлаар хариуцагчаар *******, ******* тамгын газрыг татаж шаардлага гаргасан нь үндэслэлтэй байна.
8.Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 209/МА2024/00022 дугаартай магадлалд:
-*******-ийн Анагаахын уулзвараас ШУТИС чиглэлийн авто замын зураг төсөл гэх баримтын нүүрэн хэсэгт зөвшилцсөн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хэсэгт ******* дэд захирал ерөнхий инженер Б. гэх нэр, гарын үсэг байх ба үүнийг нэхэмжлэгч ******* нь зам засварын ажил явагдахыг мэдсэн, үүнд хууль дүрмийн дагуу хяналт тавьж анхаарах ёстой байтал хайнга, хайхрамжгүй хандсан үйлдэл гэм хорын хэмжээг нэмэгдэхэд зохих хэмжээгээр нөлөөлсөн байх тул *******-ийн кабель шугамыг засварлах зардалд нэхэмжилсэн 59,553,641 төгрөгийн шаардлагыг багасгаж, үүний 60 хувь буюу 35,732,184 төгрөгийг *******-иас гаргуулахаар, мөн ТП-23-с ТП-31 рүү явсан 6кв кабель шугам мэдээллийн санд бүртгэгдээгүй гэж 646,997 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж,
-Харин *******-ийг 35,732,184 төгрөгийн хохирлыг хариуцах үндэслэлийг ажлын зурагт цахилгаан, кабелийн зураг тусгагдаагүй ч эрчим хүчний хамгаалалтын зурваст газар шорооны ажил гүйцэтгэх зэрэг ямар ч тохиолдолд эрчим хүчний шугам сүлжээг эзэмшигч аж ахуй нэгж, байгууллагын зөвшөөрлийг авсан байхыг хууль болон холбогдох дүрмийн аль алинаар нь шаардсан байхад ******* нь дулааны шугам холбох газар шорооны ажлыг гүйцэтгэхдээ дээрх хууль дүрмийг биелүүлээгүй, ажлыг гүйцэтгэхдээ эзэмшигч байгууллага болох *******-иас ямар нэгэн зөвшөөрөл аваагүй буруутай гэжээ.
9.Дээрхээс дүгнэхэд хариуцагч нараас хариуцан боловсруулсан ажлын зураг төслийн тодорхой алдааны улмаас буюу кабель шугам ажлын зурагт тусгагдаагүйгээс нэхэмжлэгч нь кабель шугамыг гэмтээн өр төлбөрт орсон болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцагч нар арилгах үүрэгтэй.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасан байдаг.
Нэхэмжлэгчээс өөрт учирсан хохирлыг дээр дурдсан шүүхийн шийдвэр, магадлалыг үндэслэн тодорхойлж нэхэмжилсэн боловч тухайн хохирол учрахад ажил гүйцэтгэхдээ зөвшөөрөл аваагүй гүйцэтгэгчийн буруутай үйлдэл, мөн цахилгаан түгээх байгууллагын хайхрамжгүй, хяналтгүй байдал зэрэг олон хүчин зүйл хамт нөлөөлсөн гэж шүүх үзсэн байна.
Өөрөөр хэлбэл, дээрх хохирлыг үүсэхэд зөвхөн зураг төслийн алдаа бус нэхэмжлэгчийн буруутай үйлдэл давхар нөлөөлсөн байх тул шүүхийн шийдвэрээр *******-иас гаргуулахаар шийдвэрлэсэн 35,732,184 төгрөгийг бүхэлд нь нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэх боломжгүй, харин тухайн хохирлын тал хувийг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
10.Нэхэмжлэгчээс дээрх гэм хорын маргаанд давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 521,355 төгрөг, шүүхээс улсын тэмдэгтийн хураамжид *******-д олгуулахаар шийдвэрлэсэн 336,611 төгрөгийг мөн өөрт учирсан хохирол гэж үзэж нэхэмжилсэн бөгөөд тус шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Учир нь улсын тэмдэгтийн хураамж нь тухайн маргаанд буруутай этгээдээс гаргуулахаар шүүхийн шийдвэрээр тусгайлан заагдаж гардаг шүүхийн зардал бөгөөд үүнийг хохиролд тооцохгүй боломжгүй юм.
11.Хариуцагч нараас талууд ажил гүйцэтгэх гэрээг дүгнэж дуусгавар болгосны дараа нэхэмжлэгч нь мөнгө гаргуулахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна гэж маргасан бөгөөд зохигчид гэрээг дүгнэсэн талаар маргаагүй хэдий ч гэрээг талууд хэрхэн, яаж дүгнэж дуусгавар болгосон эсэх баримт хэрэгт авагдаагүй, энэ талаарх баримтаа шүүхэд гаргаж өгөх үүргээ хариуцагч нар биелүүлээгүй, нөгөө талаар талууд гэрээг дүгнэж дуусгавар болгосон нь гэрээнээс үүдэлтэй бусад асуудлын талаар нэхэмжлэгчийн хуулийн хугацааны дотор шаардлага гаргах эрхийг хөндөхгүй.
12.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.1, 343 дугаар зүйлийн 343.1-д тус тус зааснаар хариуцагч *******, ******* 17,866,092 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, үлдэх 18,724,058 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 340,901 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 247,280 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НОМИН