Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 307/ШШ2025/00924

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2024/01092/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (РД:*******, утас: *******)-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (РД:*******, утас: *******)-д холбогдох,

“Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч О.*******,

Хариуцагч Н.*******,

Хариуцагчийн өмгөөлөгч Л.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анужин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Н.*******д холбогдуулан “Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай” нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 “...Миний бие 2007 онд Н.*******той танилцаж, гэр бүлийн харилцаатай байсан. Бидний дундаас 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр охин С., 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр охин С. нар төрсөн. Миний бие О.******* нь Н.*******той гэр бүлийн баталгаагүй. Бидний дунд ямар нэгэн эд хөрөнгийн маргаан байхгүй. Одоогоор би хувийн компанид угаагч албан тушаалд ажиллан авч буй цалин минь бидний амьдралд хүрэлцээ бага байна. Одоо том охин С. 7 дугаар анги, бага охин С. 1 дүгээр ангид орж байна. Иймд охидын төрсөн цэцэг болох Н.*******ос хүүхдийн  тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэв.

2.Хариуцагч Н.******* нь хариу тайлбартаа:

“...Н.******* би О.*******тай 2007 онд Төв аймгийн Алтанбулаг сумын Цэргийн ангид танилцсан. 2008 онд О.******* нь ******* манай аав, ээжийн гэрт ирж байсан. Бид 2009 онд тусдаа гарахад О.******* нь өөрийн хүү болох овогтой авч ирсэн. О.*******тай гэрлэлтээ батлуулах гэхэд аасаа гэрлэлтээ салгаагүй гээд гэрлэлтийн баталгаа хийлгээгүй хамтран амьдарч ирсэн. Улмаар сумын төвдөө газар авч, 2012 онд байшин барьж ашиглалтад оруулж тэр үед том охин С. төрсөн. Хоёр дахь охин С. 2018 онд төрсөн. Бид хоёр 2019 он хүртэл сайхан амьдарч байсан.

2019 онд ээлжийн амралтаар гэртээ байхад О.*******гийн утсанд чат ирэхэд нь санаандгүй харахад бага охиныг минь асуугаад хайраа гэж бичсэн байсан. Ингээд надаас хойгуур гэх залуутай харилцаатай болсныг мэдсэн. Үүнээс хойш гэх залуугаасаа салсан гэж хэлээд удалгүй цуг байж баригдсан. Тэр болгондоо уучлалт гуйхад нь би ойлгоод одоо жинхэнээсээ салсан байх гэж итгэдэг байсан. Гэвч тэр хүнээсээ салахгүй 3 жил болсон. Энэ бүх үйл явдал давтагдсаар л байсан. О.******* би энэ хүнээс бүр нэг мөсөн холдмоор байна. Намайг Солонгос улс руу явуулаад өг гэж гуйсан. Би гэр бүлээ, охидоо бодоод тэр үгэнд нь итгэж хашаа, байшин, машинаа зарж, мөн дээрээс нь зээл нэмж авч нийт 26,000,000 төгрөг болгож Солонгос улс руу 2022 оны 07 дугаар сард явуулж өгсөн. Гэтэл нөгөө гэх залуутайгаа цуг Солонгост очиж хамт амьдарч байгааг нь мэдсэн. Би энэ хугацаанд ажлаа хийж, 2 охиноо өөрөө харж өсгөж байсан. Том охин С. маань ээжийнхээ энэ бүх муухай үйл явдлыг мэддэг байсан. Энэ бүх доромжлолыг би хоёр охиныхоо төлөө 5 жил тэвчсэн. Тэвчээрт үнэхээрийн хязгаар байдаг.

О.******* нь 2023 оны 12 дугар сард Солонгос улсаас ирсэн. 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр надаар цалингийн зээл 23,700,000 төгрөг авхуулж, тэр мөнгө миний дансанд байсныг надад хэлэлгүй интернэт банкаар бүх мөнгийг авсан.

Хоёр охинтойгоо байнга ярьж уулздаг байсныг 2 сар гаран уулзуулахгүй холбоогүй болгосон. Охидын минь дугаар болон фейсбүүк хаягийг сольж, миний дугаарыг блоклосон. Хүүхдүүдтэйгээ холбоотой баймаар байна. Мөн хүүхдийн тэтгэмж өгөхгүй байх шалтгаан надад байхгүй. Мөн тухайн тэтгэмжийг олгохдоо хүүхдүүдийнхээ ирээдүйн хадгаламжид тодорхой хувийг нь хиймээр байна” гэв.

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Дархан сумын 5 дугаар багийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 446 дугаартай тодорхойлолт, мөн ам бүлийн тодорхойлолт, 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин С.ий төрсний бүртгэлийн лавлагаа, 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн охин С.гийн төрсний бүртгэлийн лавлагаа, 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ГОСХОТ өрхийн эрхүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт (хх 2-8 хуудас) зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

4.Хариуцагчаас Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 307/ШШ2025/00282 дугаартай захирамжийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (хх 51 хуудас)-г шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

5.Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ЕГО325/3173 дугаартай шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар бүрдүүлсэн. (хх 65-69 хуудас)

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч О.*******гийн хариуцагч Н.*******д холбогдуулан гаргасан хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч О.******* нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ үндэслэлийг “...Анх 2007 онд Н.*******той танилцаж, 2008 оноос хамт амьдарч эхэлсэн. Хамтын амьдралын хугацаанд 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр охин С., 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр охин С. нар төрсөн. 2024 оны 03 дугаар сараас хойш тусдаа амьдрах болсон. Миний хувьд хоёр хүүхэдтэйгээ хамт амьдардаг. Энэ хүний хувьд тусдаа гэр бүл зохиосон. Хоёр хүүхдэдээ тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Н. хувьд С.ийг миний хүүхэд биш гэж эргэлзэж байсан тул эцэг тогтоолгох шинжилгээ өгч, эцэг нь Н.******* мөн гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байх тул эцгийн үүргээ биелүүлж хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд хандсан. Миний хувьд архи, тамхи хэрэглэдэггүй учраас тухайн тэтгэлгийг хоёр хүүхдэдээ зориулнагэж тодорхойлсон.

3.Хариуцагч Н.******* нь шүүх хуралдаанд “...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2018 онд энэ хүн намайг хуурч байсан учраас бага охин С.д эргэлзсэн. Хоёр хүүхдийн тэтгэлгийг өөр хэн нэгэнд биш хоёр хүүхдэд минь зарцуулаасай гэж хүсэж байна” гэж тайлбарласан.

4.Зохигчид 2008 оноос хамтран амьдарч, тэдний дундаас 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр охин С., 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр охин С. нар төрсөн болох нь зохигчийн тайлбар, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

5.Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т “Хүүхдийн эцэг, эх нь гэрлэлтээ бүртгүүлсэн бол гэрлэлтийн гэрчилгээг, гэрлэлтээ бүртгүүлээгүй бол хуульд заасны дагуу захиргааны буюу шүүхийн журмаар эцэг, эхийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн тогтоогдоно” гэж зааснаар охин С., С. нарын төрсөн эцэг Н.*******, эх О.******* нар мөн болох нь захиргааны журмаар тогтоогдсон гэж үзнэ.

6.Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д “Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална”, 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн зүйлийн 21.5-д “Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т “Эцэг, эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

7.Хариуцагч Н.******* нь насанд хүрээгүй охин С., С. нарыг нэхэмжлэгч О.*******гийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байх ба зохигчид хүүхдээ тэжээн тэтгэх талаар харилцан тохиролцсон гэж үзнэ.

Иймд охин С., С. нарт эцэг Н.*******ос сар бүр хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулах учиртайг дурдах нь зүйтэй байна.

8.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, мөн нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнээс улсын тэмдэгтийн хураамж тооцож 154,054 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин С., С. нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Н.******* (РД:*******)-оос тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч О.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.*******ос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнээс улсын тэмдэгтийн хураамж тооцож 154,054 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.НОМИН