| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2018/0035/Э |
| Дугаар | 00032 |
| Огноо | 2018-02-23 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Ц.Сувдаа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 00032
Булган дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Одончимэг,
Улсын яллагч Ц.Сувдаа,
Хохирогч Ч.Д ,
Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б холбогдох эрүүгийн 1815000270025 дугаартай, 163/2018/0035/Э индекстэй хэргийг 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1983 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатарт хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, мал малладаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багт оршин суух, 2 удаагийн ял шийтгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт 2005, 2008 онуудад ял шийтгүүлж байсан, Б овогт Ц. Б
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Булган аймгийн Баяннуур сумын нутаг дэвсгэрт эхнэр Ч.Д г зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Бөгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчтой эвлэрсэн. Оногдуулах ял шийтгэл, түүний үр дагаварыг ойлгосон, маргах зүйлгүй гэх мэдүүлэг,
Хохирогч Ч.Д өгсөн: Учруулсан гэм хор, хохирлын талаар маргахгүй, бид хоёр эвлэрсэн. Санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг,
1815000270025 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч Ч.Д өгсөн: 2018 оны 01-р сарын 13-ны өдөр 1600 цагийн үед манай гэрт манай ээжийн дүү нөхрийн хамт ирээд манай нөхөр Ц.Б тэй 0.5 литрийн нэг шил “Ерөөл” архи хувааж уучихаад 1700 цагийн үед манай гэрээс сумын төврүү явсан юм. Тэгтэл Ц.Б манай ах, эгч хоёрыг сумын төврүү явангуут “машины түлхүүр өг” гээд байхаар нь би Ц.Б ийг “чи архи уучихаад машины түлхүүрээр яах гээд байгаа юм” гэж хэлтэл Ц.Б уурлаад намайг гэрт байсан суран эмээлийн даруулга оломоор ороолгож зодоод байхаар нь гэрээс гарч зугтаагаад өвөлжөөний гадаа очтол Ц.Б миний араас гарч ирээд шургаагаар миний нуруу руу нэг удаа цохиж зодсон юм. Тэгээд би Ц.Б өөс айгаад гэртээ орж машины түлхүүрийг нь өгсөн чинь Ц.Б машинаа асаагаад яваад өгсөн. Тэгээд би ээж рүүгээ утсаар яриад “миний бие өвдөөд байна, та хүрээд ирээч” гэж дуудсан юм. Удалгүй ээж сумын төвөөс эмч Баярмаагийн хамт ирээд би сумын төврүү явж эмчид үзүүлж, цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Бүрэнтөгсийг намайг зодож байхад нь Гүнчин, Отгонбаатар нар салгах гэсэн боловч тэр хоёрыг ойртох юм бол ална шүү гээд байсан. Одоо миний нүүр, нуруу гар, хөл хавдаж хөхөрсөн. Эмч нар намайг Улаанбаатар хот руу явж эмчлүүлэх шаардлагатай гэсэн. Би гомдолтой байна, хуулийн дагуу шалгуулах хүсэлтэй байна гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 тал/,
Гэрч Г.С өгсөн: 2018 оны 01-р сарын 13-ны орой багцаагаар 2000 цагийн үед намайг гэртээ байж байтал манай охин Ч.Д надруу утсаар яриад “ээж та намайг ирээд ав, миний бие муу байна” гэхээр нь би сумын төвөөс эмч Баярмааг аваад хөдөө гэр рүү нь яваад очиход манай охин Ч.Д орон дээрээ хэвтэж байсан юм. Тэгээд эмч Баярмаа манай охиныг үзээд “сумын төврүү авч явж үзэх шаардлагатай байна” гээд би Ч.Д г аваад сумын төврүү явсан. Тэгтэл манай охин Ч.Д надад “Ц.Б намайг суран эмээлийн даруулга олом болон шургаагаар зодсон” гэж хэлсэн. Тухайн үед Б гэртээ байгаагүй, түүний дүү Гүнчин, Отгонбаатар нар байсан. Б урьд өмнө нь миний охиныг зодож байсныг би сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/,
Гэрч О.Б өгсөн: 2017 оны 01-р сарын 13-ны орой 1900 цагийн үед намайг ажил дээрээ байж байтал манай сумын Шар тал багийн иргэн Саранчимэг эгч ирээд “манай хүүхдийг хүргэн Ц.Б зодоод охин маань босч чадахгүй байна” гэхээр нь би дуудлаганд очиж иргэн Доржмаад эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн юм. Тухайн үед Доржмаа нь хоёр хөл дээрээ зогсож чадахгүй, хөдөлгөөн хязгаарлагдмал, баруун бөөрний дээд хэсэгт хавдаж хөхөрсөн, нурууны үенүүдэд дарж үзэхэд эмзэглэл ихтэй, хоёр гарын ар нь хавдсан байдалтай байсан. Тэгээд өвчин намдаах тариа хийж, нурууг нь бэхэлж сумын төвд авчирсан гэх мэдүүлэг /хх-19-20 тал/,
Гэрч А.Чөгсөн: 2018 оны 01-р сарын 13-ны орой багцаагаар 2000 цагийн үед намайг сумын төвд гэртээ байж байтал эхнэр Саранчимэг надад “Ч.Д сая утсаар ярьж байна, бие муу байна ирээд ав гэнэ” гээд гэрээс гараад явсан юм. Удалгүй 2220 цагийн үед манай эхнэр Саранчимэг, охин Доржмаа хоёрыг ирэхээр нь Доржмаагаас юу болсон талаар асуутал Ц.Б ийг зодсон гэж хэлсэн. Бүрэнтөгс, Доржмаа нар нь 2008 онд гэр бүл болсон бөгөөд түүнээс хойш зодуулж байсан зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/,
Гэрч А.Г өгсөн: 2018 оны 01-р сарын 13-ны орой Отгонбаатар бид хоёр Туул гол орж морио усалчихаад 1700 цагийн үед Ц.Б ахын гэрт очтол Ц.Б ах Ч.Д эгч хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаад байхаар нь бид хоёр гараад явсан юм. Тэгээд удалгүй бид хоёрыг гадаа хонь хашаад байж байтал Ц.Б ах Ч.Д эгч хоёр гэрээсээ хэрэлдээд гараад ирсэн. Тэгтэл Ц.Б ах Ч.Д эгчийг зодоод байхаар нь бид хоёр тэр хоёрыг салгах гээд очиж явтал Ц.Б ах Ч.Д эгч хоёр гэр рүүгээ орчихсон юм. Тэгэхээр нь Отгонбаатар бид хоёр Ц.Б ах Ч.Д эгч хоёрын араас гэр рүү нь яваад ортол Ц.Б ах намайг хоёулаа сумын төв рүү явъя гээд намайг дагуулаад явсан. Тухайн үед Б ах архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Ч.Д эгчийг эмээлийн даруулга оломоор бүдүүн гуя болон нуруу руу нь 1-2 удаа ороолгож зодсон юм. Харин шургаагаар зодсон эсэхийг нь би мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 тал/,
Гэрч Р.О өгсөн: 2018 оны 01-р сарын 13-ны орой Гүнчин бид хоёр Туул гол орж морио усалчихаад Ц.Б ахын гэрт ортол Ц.Б ах Ч.Д эгч хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаад байхаар нь бид хоёр гэрээс гараад явсан юм. Тэгээд удалгүй бид хоёрыг гадаа хонь хашаад байж байтал Гүнчин надад “Ц.Б ах Ч.Д эгчийг зодоод байх шиг байна” гэхээр нь бид хоёр гэрт ортол Доржмаа эгч уйлчихсан байж байсан. Тэгээд Ц.Б ах Гүнчинг аваад Баяннуур сумын төврүү явсан. Удалгүй Баяннуур сумаас Сараа эгч ирээд Доржмаа эгчийг сумын төврүү аваад явсан юм гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 тал/,
Шүүгдэгч Ц.Б яллагдагчаар татагдаж өгсөн мэдүүлэгт: 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр эхнэр бид 2 гэртээ байж байсан чинь манай хадам ээжийн 2 дүү манайд ирсэн. Тэгээд надад 0.5 литрийн Ерөөл нэртэй архи авчирч өгсөнийг нь хувааж уусан. Тэгээд тэр хоёр сумын төврүү яваад өгсөн ба манай найз Тулга намайг “адууны эрэлд машинтайгаа яваад өгөөч” гэж ярьсан. Тэгээд би “тэгье” гээд эхнэрээсээ машины түлхүүр авах гэсэн түлхүүрийг маань өгөөгүй. Тэгээд бид хоёр хэрэлдээд эмээлийн суран олмоор эхнэрийнхээ гарын мөр, бугалага руу нь хоёр удаа ороолгосон. Тэгээд гэрээс түлхүүр аваад гараад явчихаар нь араас нь гараад уурганы модоор нуруу руу нь нэг удаа цохиж түлхүүрээ аваад машинаа Гүнчин гэж дүүгээрээ бариулаад сумын төв явсан. Тэгээд Тулга гэж найзтайгаа 4 хоног эрэлд яваад гэртээ ирсэн чинь эхнэр маань “ээж өргөдөл өг гээд би өргөдөл өгсөн, гомдолгүй гэж хэлсэн” гэсэн. Эхнэрээ зодсон асуудлаа би хүлээн зөвшөөрч байна. Би эхнэрээ зодох үедээ согтоогүй эрүүл байсан. Эхнэр “хүн бүл байхгүй байхад явах гэлээ” гэдгээс болж л бид хоёр хэрэлдэж маргалдсан. Түүнээс өөр ямар нэгэн шалтаг шалтгаан байхгүй. Өмнө нь би эхнэрээ зодож цохиж байгаагүй. Би өмнө нь тэр найзынхаа машиныг гуйгаад хэдэн өдөр унаж байсан ба адуугаа алдаад 20 гаран хоночихлоо гээд нэг удаа гуйж байхад нь явахгүй гэлтэй биш гээд би явсан юм. Надад эрүүгийн хэрэгт нэмж хэлж шалгуулах зүйл байхгүй. Эхнэр бид хоёр одоо хамт амьдарч байгаа. Цаашид дахиж ийм буруу үйлдэл хийхгүй. Хөдөө мал дээр хоёулахнаа байдаг ба охин маань сургуульд сурч сумын төвд байдаг. Сая ирэхдээ малаа хүнд захичихаад ирсэн учраас эрүүгийн хэргийг шуурхай шийдүүлэх саналтай байна. Миний ярьсан зүйлүүд үнэн. Би эхнэрийн биед хүндэвтэр гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-49-р тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн №1501 тоот
1. Ч.Д биед бүсэлхий нурууны 2,3,4-р нугалмын зүүн талын хөндлөн сэртэнгийн зөрөөтэй ташуу хугарал, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 37-р тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 3 тал/, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 тал/, эд мөрийн баримт хураан авсан тогтоол, тэмдэглэл /хх-ийн 9-11 тал/, аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 40-44 тал/, иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52-53 тал/, хэргийн материалыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 56-57 тал/ зэрэг нотлох баримтуудыг судлав.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Булган аймгийн Баяннуур сумын нутагт гэртээ Ч.Д тай “машины түлхүүр өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдах явцдаа түүнийг эмээлийн суран олмоор ороолгох, уурганы модоор нуруу руу нь цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдлоо.
Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, шүүгдэгч Ц.Бгэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Ч.Д , гэрч Г.Саранчимэг, О.Баярмаа, А.Чинзориг А.Гүнчин, Р.Отгонбаатар нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх ба шүүгдэгч Ц.Б нь гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Ч.Д г зодож бие махбодийн хэлбэрээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.
Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон байх тул шүүгдэгч Ц.Б ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 2.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Бгэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.Д эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, шүүгдэгч эмчилгээний зардлыг бүрэн хэмжээгээр төлж барагдуулснаар хохирогч шүүгдэгчтэй эвлэрч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлжээ.
Шүүгдэгч Ц.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирогчийн эмчилгээ оношлогоотой холбоотой гарсан зардлыг бүрэн хэмжээгээр төлж барагдуулсан, хохирогчтой эвлэрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан нь үндэслэлтэй байх тул оногдуулах ялыг хөнгөрүүлж, шүүгдэгч Ц.Б ийг тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1.75 см урттай, бүдүүн тал нь 2.3 см диаметртэй, нарийн тал нь 1.5 см диаметрийн өргөнтэй мод, 1.40 см урттай, 2 см өргөнтэй эмээлийн суран даруулга олом тус бүр нэг ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Ц. Б хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр, шүүгдэгч Ц.Б ийг нэг жил, зургаан сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.Б зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1.75 см урттай, бүдүүн тал нь 2.3 см диаметртэй, нарийн тал нь 1.5 см диаметрийн өргөнтэй мод, 1.40 см урттай, 2 см өргөнтэй эмээлийн суран даруулга олом тус бүр нэг ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комиссд даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Цогзолмаад даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД