Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2024/ДШМ/11

 

Б.Н-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч З.Түвшинтөгс, ерөнхий шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд: 

 

               Прокурор Э.Уянга 

               Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч А.Золжаргал

               Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан

 

   Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 500 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Уянгын бичсэн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 02 тоот эсэргүүцэлд үндэслэн Б.Н-д холбогдох эрүүгийн 2334005580255 дугаар хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 25-нд Төв аймгийн Заамар суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Монгол Солонгосын хэл соёлын төв”-д хуульч ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, ... оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгүүлж байгаагүй, У овогт Б Н, 

  

Б.Н нь Я.Б-тэй үйлдлээрээ санаатай нэгдэж 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Авдар баян” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр 2681м.кв талбайд хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулж, байгаль орчинд 2.159.786 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн прокурорын газраас Б.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч У овогт Б-ийн Н-д холбогдох эрүүгийн  2234005580255 дугаартай хэргийг “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч У овогт Б-ийн Н-г цагаатгаж, Б.Н-г цагаатгасан тул байгаль орчинд учирсан хохирлыг хэлэлцэхгүй орхиж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохыг тус тус дурдан шийдвэрлэжээ.

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Уянга 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр бичсэн 02 тоот эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Эрүүгийн 2234005580255 дугаар яллагдагч Б.Н-д холбогдох хэрэгт 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 329 дугаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Нд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатган шийдвэрлэсэн.

 

Шүүх цагаатгах тогтоолдоо “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус зааснаар гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанаас хойш 1 жил 5 хоногийн дараа, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсанаас хойш 11 сар 26 хоногийн дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж зааснаар шүүгдэгч Б.Н-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах нь зүйтэй байна гэж үзлээ...” гэж дүгнэсэн.

 

Цагаатгах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

 

Прокуророос шүүгдэгч Б.Н-г “Я.Бтэй үйлдлээрээ санаатай нэгдэж 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Авдарбаян” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр 2681м.кв талбайд хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулж, байгаль орчинд 2.159.786 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт хамтран оролцсон” үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн үндэслэлтэй гэж үзнэ.

 

Мөрдөн байцаалтын явцад хэргийн газарт үзлэг хийсэн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “...Хэрэг болсон гэх газар нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг “Салтгарын ам” гэх газар байх бөгөөд тус сумын төвөөс 18км орчим зайд зүүн хойд зүгт байх ба тухайн газарт байх уулын энгэр дагасан хойд талаас өгссөн зам байх ба уг замыг даган өгсөж гарахад орой хэсгийг зам гаргаж сэтэлсэн байв. Сэтэлсэн замын дундуур гарахад орой хэсэгт эвдэгдсэн талбай байх ба улбар шар өнгийн Doosan 300LCV бичигтэй экскаватор үйл ажиллагаа явуулж байв. Экскаватор ажиллаж байсан талбайд техник ашигласны улмаас эвдэгдсэн 2 метр орчим гүн хонхойлсон шороо болон чулууг гаргаж экскаваторын хойд талд овоолж овоолго үүсгэсэн байсан байна...” гэх тэмдэглэл,

Гэрч Бын “...Тэгшээ нь Б.Н гэдэг хүний туслах гэж надад танилцуулж байсан. Тэгээд би тухайн газарт очсоны маргааш өдрөөс нь эхлээд Батсүх гэдэг хүнийг дагаад лантуугаар чулуу бутлах л ажил хийгээд 2-3 хонож байтал Б.Н, Я.Б нар ирсэн, бас Бумаа гэдэг ах ажиллахаар нэмж ирсэн. Намайг очиход тухайн газарт нэг Ховоны тал орчим чулуу байсан бөгөөд түүнийг бутлаад дуусах гэж байтал нэмж бас нэг Ховоны тал чулуу авч ирсэн бөгөөд одоо чулуу буулгасан Ховоны дугаарыг санахгүй байна, жолоочийг нь танихгүй хүн байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Б “...Би Төв аймгийн Заамар сумын “Авдар баян” гэх газарт 2021 оны 8 дугаар сард очсон бөгөөд тухайн газарт Б.Н, Я.Б нарын аваачсан Монгол гэр, контейнер, “ЗИЛ-131” маркийн тээврийн хэрэгсэл, улбар шар өнгийн экскаватор зэргийг харахаар очсон. Тэр газарт очоод 4-5 сар болсон. Экскаваторын оператороор Энхбаяр болон улаан өнгөтэй ховоны жолооч Батболд нартай хамт явсан. Экскаватор ямар ч байсан 1 удаа тэр уул руу гарч явсан харагдсан. Ухсан эсэхийг сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг,

Гэрч Бын “...Миний бие 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг “Авдар Баян” гэх газар  жижүүрийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.З болон экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч П.Төгсбилэгт нарын хамт эргүүл, хяналт шалгалтаар явж байгаад экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч П.Төгсбилэгт дрон нисгэсэн улмаар “Авдар Баян” уулын “Салтгарын ам” гэх газарт уулын орой дээр улбар шар өнгийн Доосан маркийн улсын дугааргүй экскаватор ажиллаж байсан. Тэгээд доороос Б.З, П.Төгсбилэг бид 3 гараад очиход уулын орой дээр тухайн улсын дугааргүй, улбар шар өнгийн экскаватор газар ухаад зогсож байсныг очиж үйл ажиллагааг нь зогсоосон..., Л.Энхбаяр гэж хүний жолоодож байсан улсын дугааргүй, улбар шар өнгийн Доосан маркийн эксковатор нь ажиллахдаа шанагаараа шороо малтаад ухсан нүхнийхээ зах руу хаяж байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Г “...Би Төв аймгийн Заамар сумын Засаг даргын тамгын газарт байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтнээр 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш ажиллаж байна. ...Б овогтой Н нь 2021 оны 10 болон 11 дүгээр сард утсаар холбогдож Төв аймгийн Заамар сумын нутаг “Авдар баян” “Салтгараны ам” гэх газарт нинжа нар дайраад нүх ухаад байна гэж над руу утсаар ярьж байсан талаар би одоо санахгүй байна. Ер нь бол “Салтгарын ам” гэх газарт бичил уурхайгаар дүгнэлт гаргуулахаар хүсэлт өгсөн талбайн хажуу талд Б.Н нь гэр барьж манаач тавьсан байдаг байсан. Миний зүгээс Б.Нд техник ашиглан нөхөн сэргээлт хийх болон тухайн талбайг булах талаар хэлсэн зүйл огт байхгүй...” гэх мэдүүлэг,

Гэрч Б “...Би 2022 оны 4 дүгээр сард Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг “Авдар баян” гэх ууланд манаачаар ирээд одоог болтол ажиллаж байна. Би “Авдар баян” гэх уулан дээр хүн орсон гарсан эсэхийг шалгаад Б.Н гэх хүнд хэлдэг. Б.Н нь уулан дээр хүн орсон гарсан эсэхийг харуулахаар манаачаар ажилд авсан. Б.Н намайг ажилд авахдаа гэрээ хийсэн зүйл байхгүй амаар тохиролцоод сарын 1.500.000 төгрөг гэж тохиролцсон. Миний цалинг хагас дутуу өгдөг, өгөхдөө дансаар өгдөг...” гэх мэдүүлэг,

Гэрч Эгээс гаргаж өгч хэрэгт хавсаргуулсан дээрх газрын асуудлаар Б.Нтэй бичсэн чатын хуулбар,

Гэрч Б.Згийн гар утсанд 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, түүнээс гаргаж өгсөн сиди бүхий бичлэг зэрэг нотлох баримтуудаар Б.Н уг газарт халдах зорилгоор харуул, экскаваторын оператор ажиллуулж газрын хэвлийд халдан бодитой хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

Гэтэл анхан шатны шүүх хэргийн талаар дүгнэлтийг хийхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч талуудын хүсэлтгүйгээр прокурор, мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчиж цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд, нотлох баримтаар тооцохгүй шийдвэр гаргаж, улмаар Б.Нгийн үйлдэл бусад нотлох баримтуудаар тогтоогдоогүй гэж дүгнэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасныг зөрчсөн байна.

 

Тодруулбал: Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчийн гаргасан хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоол хугацаа алдсан, мөн хэрэг бүртгэлтийн хугацаа сунгасан тогтоол нь хэрэгт авагдаагүй, эсхүл үнэхээр хугацаа сунгаагүй аль нь болох, дээрх зөрчил засагдах боломжтой эсэхэд дүгнэлт хийгээгүй, хэргийн үйл баримтыг бүхэлд үгүйсгэж байгаа нь үндэслэлгүй болжээ.

Хавтаст хэрэгт авагдсан гэрч Б.Згийн гар утаст авагдсан бичлэг бүхий сиди-нд үзлэг хийсэн тэмдэглэл, түүний нотолж байгаа гэрчүүдийн үнэн мэдүүлгүүдийг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгаж, бодит байдлаар хянаж үнэлэлгүйгээр шийдвэр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь заалтыг, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2-т тус тус заасныг хэрэгжүүлж ажиллаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан хэлэлцэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заажээ.

Гэвч шүүх цагаатгах тогтоолдоо дээр дурдсан бичгийн нотлох баримтуудыг хэрхэн няцааж үгүйсгэж байгаа талаараа тодорхойлох хэсэгтээ үндэслэл бүхий бодит дүгнэлт хийхгүйгээр шүүгдэгчийн холбогдсон хэргийг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн байна.

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасныг үндэслэн нотлох баримтаар тооцохгүй гэсэн нь ойлгомжгүй байна.

Учир нь: Шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлд “нотлох баримтыг гараж өгөх, нотлох баримт шалгуулах, мөрдөн шалгах ажиллагааг явуулах хүсэлтийг шийдвэрлэх” гэж зааснаар нотлох баримт хасуулхаар хүсэлт гаргасныг шүүхээс хүсэлтийг хэлэлцэхгүй орхисон нь үндэслэлтэй байна. /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаас харагдана/.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд “Нотлох баримтаар тооцохгүй байх” гэж зааснаар оролцогчоос хүсэлт гаргаагүй байхад шүүх өөрийн санаачилгаар, нотлох баримтаар тооцохгүй тухай шийдвэр гаргаагүй атал шийдвэр гарсан мэтээр нотлох баримтаас хасаж тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 500 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч А.Золжаргал тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Тухайн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа анхнаасаа хууль бусаар явагдсан. Уг гэмт хэрэг гарах үед Б.Н Улаанбаатар хотод байсан. Прокуророос Б.Нг Я.Бтэй үйлдлээрээ хамтран оролцсон гэж ялалдаг ч энэ нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин энэ хоёр хүн хамтран Сэлэнгэ аймгийн Баруун хараа суманд тээрэм ажиллуулдаг байсан. Мөрдөн байцаалтын шатанд энэ хэргийн хохирол хор уршгийн асуудлыг ч зөв тогтоож чадаагүй ба хэргийн хугацаа сунгагдаагүй байхад мөрдөн шалгах ажиллагаа явуулж хэргийн оролцогчийн эрхийг зөрчин шинжилгээ хийлгэн зарим гэрч нараас мэдүүлэг авсан байдаг. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд  заасныг тогтоож чадаагүй учир анхан шатны шүүхээс Б.Нд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгасныг үндэслэлтэй гэж үзнэ. Иймд цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 болон 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар давж заалдах шатны шүүх Б.Нд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг прокурор Э.Уянгын бичсэн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 02 тоот эсэргүүцэлд дурдсан үндэслэлд хязгаарлахгүй бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго нь гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах нь хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийн баталгаа болдог.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох, ингэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг энэ хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хүрээнд явуулах үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шүүх, шүүгч нь хуульд заасны дагуу тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянан үзэж тухайн хэрэг учрал болж өнгөрсөн цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдлыг тогтоосноор шүүгдэж буй этгээдийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл гэм буруутай эсэх болон хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудын талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийснээр шүүхээс гарч буй шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий болдог учиртай.

Мөн материаллаг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулийн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн шүүхээс оновчтой тодорхойлж зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэр хууль ёсны, тухайн хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэн, шинжлэн судлагдсан нотлох баримтаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг эргэлзээгүй байдлаар тогтоон хийсэн бодит дүгнэлт бүхий шийдвэрийг үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан гэж үздэг.

 

4. Б.Нд холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзвэл шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй дор дурдсан мөрдөн шалгах ажиллагаануудыг хийж гүйцэтгэлгүй орхигдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байхад анхан шатны шүүх дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох уг нөхцөл байдлуудыг анхаарч үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн хэмээн дүгнэж илт үндэслэлгүй хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатган шийдвэрлэсэн нь буруу байна.

 

 5. Экологийн Цагдаагийн албаны эрүүгийн цагдаагийн хэлтсийн нэгдүгээр тасгийн мөрдөгч, цагдаагийн хошууч О.Оюунболдоос Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 173 тоот даалгаварт заагдсан ажиллагааг хийж гүйцэтгэхээр “Хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах тухай” саналыг 2023 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн прокурорын газарт гаргасан байдаг. /хх-ийн 1-р хавтас 100-р тал/

Уг тогтоолыг прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэг бүртгэлтийн хугацааг прокурор тухай бүр 3 сар хүртэл хугацаагаар сунгаж болно” гэж заасны дагуу сунгалгүй орхигдуулсан нь буруу хэдий ч шүүхээс уг байдлыг нь нягталж үзэлгүйгээр мөн хугацаанд буюу 2023 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрүүдийн хооронд хийгдсэн бүх мөрдөн шалгаж ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаас хасаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

6. Мөн прокуророос Б.Нг Я.Бтэй үйлдлээрээ санаатай нэгдэж тусгай зөвшөөрөлгүйгээр 2681м.кв талбайд хууль бусаар ашигт малтмал олборлон байгаль орчинд 2.159.786 /хоёр сая нэг зуун тавин есөн мянга долоон зуун наян зургаа/ төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн атлаа анхан шатны шүүхийн шүүх хуралдааны шатанд Н.Нг Я.Бтэй үйлдлээрээ санаатай нэгдэж тусгай зөвшөөрөлгүйгээр 0.33га талбайд хууль бусаар ашигт малтмал олборлолт явуулан байгаль орчинд 288.546 /хоёр зуун наян найман мянга таван зуун дөчин зургаа/ төгрөгийн хохирол учруулсан гэж яллаж байгаа нь ойлгомжгүй эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгосон байна.

Хэдийгээр тухайн хэрэг учрал болсон гэх газрын байгаль экологид учирсан хохирлын талаар хийгдсэн шинжээчийн дүгнэлтүүд нь өөр өөр цаг хугацаанд, өөр өөр хэмжээстэйгээр хийгдэн хохирлын хэмжээ зөрүүтэй тогтоогдсон ч  прокуророос уг хоёр шинжээчийн дүгнэлтийн алийг нь авч бусдыг нь хэрэгт авагдсан ямар нотлох баримтуудаар үгүйсгэсэн талаар үндэслэл бүхий тайлбар гарган мэтгэлцэж чадаагүй байна. 

 

7. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Б.Н нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Авдар Баян” уулын “Салтгарын ам” гэх газрын уулын орой хэсгийг сайн дурын үндсэн дээр хүний хууль бус халдлагаас хамгаална гэж бусдад цалин өгөхөөр тохиролцон харуул, хамгаалалтын үүрэг гүйцэтгүүлж байх явцдаа Б.Одбаярын эзэмшлийн “Doosan 300LVC” маркийн экскаваторыг түрээслэн оператор Л.Энхбаяраар нөхөн сэргээлт хийлгэнэ гэх нэрийн дор ухуулан байгаль экологид хохирол учруулсан,

мөн Я.Б, Б.Н, Э нар нь 2021 оны 10 дугаар сараас 2021 оны 11 дүгээр сарын үед гэрч Т.Батболдын эзэмшлийн 2482 УНН улсын дугаар бүхий хүнд даацын автомашинаар Төв аймгийн Заамар сумын нутагт орших уулнаас чулуу ачин Сэлэнгэ аймгийн Баянгол /Баруун хараа/ сум руу тээвэрлүүлэн баяжуулсан нь үйл баримтуудын талаар тусгагдсан байдаг.

Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Н, Э нарын дээрх Төв аймгийн Заамар сумын нутагт орших уулнаас ачуулан Сэлэнгэ аймгийн Баянгол /Баруун хараа/ сум руу тээвэрлэн баяжуулсан гэх үйлдэл холбогдлын талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж үндэслэл бүхий шийдвэр гаргалгүй орхигдуулсан нь ойлгомжгүй, эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгож байх тул дээрх ажиллагаануудыг хийж гүйцэтгэсний эцэст түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

8. Дээрх зөрчлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-т гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1.2-т “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.3-т “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, 1.4-т “Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал”, 1.5-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, 1.6-д гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл” зэрэг хэргийн нотолбол зохих байдлуудад хамаарч байгаа бөгөөд үүнийг анхан болон давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй болно.

 

9. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцааж, Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Уянгын бичсэн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 02 тоот эсэргүүцлийг хүлээн авч хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 500 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

                            ШҮҮГЧИД                                     З.ТҮВШИНТӨГС

 

 

                                                                                                М.МӨНХДАВАА