Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 307/ШШ2025/00887

 

 

 

 

 

 

 

2025 05 28 307/ШШ2025/00887

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2024/01528/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* байрны оршин суух, ******* овогтой *******ийн *******д холбогдох,

Хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Г.******* (цахимаар),

Хариуцагч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анужин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анх 2010 онд танилцаж байсан. 2012 онд охинтой, 2018 онд хүүтэй болсон. Хамтын амьдралын хугацаандаа хадам аав ээжийндээ эсхүл манай ээжийнд амьдардаг байсан. Энэ хүний хувьд 2018-2019 онд хоригдоод гарч ирэхдээ зан харилцаа нь өөрчлөгдсөн. Үе үе гар хүрч элдвээр хэлдэг болсон. 2022 оны 10 дугаар сард хоёр хүүхдээ аваад өөрийнхөө ээж дээрээ ирж байсан. Түүнээс хойш тусдаа амьдарч хүүгээ Д.*******ын асрамжид үлдээсэн. Энэ хүний хувьд хүүгээ зодож, малд явуулж байсан талаар хүмүүсийн дам ярианаас сонсоод хүүгээ очиж авч байсан. Өсвөр насны охин хүүхэд учраас подвалд амьдардаг гээд ангийнх хүүхдүүд гадуурхаад байдаг учраас хүүхдээ аавынх нь асрамжид өгөхөөр болсон. Хүүхэдтэйгээ энэ талаар ярилцсан... гэв.

2. Хариуцагч Д.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2010 онд танилцаж, 2012 онд охинтой болоод дахиад нэг хүүтэй болсон. Энэ хүн худлаа яриад байна. Энэ хүн гэртээ хашаа байшинтай байсан. Энэ хүн хоногоор алга болоод тэрнээс болж хэрүүл маргаан болдог байсан. Тэгээд буцаж ирээд би уурын зууханд 24/48 ажилд орсон. Гэтэл нэхэмжлэгч сургуульд нярваар ажилд орлоо гээд яваад алга болсон утсаар залгахад би чамтай амьдарч чадахгүй юм байна машиныг чинь эгчийн чинь гадаа үлдээе гэж надад өөрөө хэлсэн. Манай сумын хүнтэй танилцаад Дарханд амьдраад байгаа талаараа сонсоод ах эгчтэй нь уулзаад нэхэмжлэгчтэй нүүр нүүрээ харж сууж байгаад хоёулаа одоо хамт амьдрах боломжгүй гээд хоёр тийшээ болохдоо хоёр хүүхдээ нэг нэгээр нь авъя чи хүүгээ ав би охиноо авъя гэж хэлээд би зөвшөөрөөд ээжтэйгээ хамт хүүхэдтэйгээ амьдарч байхад зун нь очоод хүүхэд булаагаад авчлаа. Хүү уйлаад архи уухаараа намайг зоддог гээд явахгүй гэж уйлсан гэж хэлэхэд нь би төмөр замын байрны урд байхаар нь аваад явсан. Энэ хүн хүүхэд авч явахаар бөөстүүлээд хуурстуулаад аваад ирдэг тэгээд нэг мөсөн шүүхээр ороод асрамжийн тогтоолговол амар юм байна гээд шүүхэд хандсан... гэв.

4. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Г.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2012 оны 11 сарын 05-ны өдрийн Л.*******ын төрсний бүртгэлийн лавлагаа, 2018 оны 04 сарын 16-ны өдрийн төрсөн хүү Г.Буянжаргалын төрсний бүртгэлийн гэрчилгээ, нэрийн өөрчлөлтийн лавлагаа, Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугар багийн Засаг даргын тодорхойлолт, Л.*******ын эрүүл бойжиж байгаа өрхийн эмчийн тодорхойлолт, Г.Эрхэсийн эрүүл бойжиж байгаа лавлагаа зэрэг баримтуудыг бүрдүүлэн өгсөн байна.

5. Шүүхээс Дархан-Уул аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын шинжээчийн дүгнэлтийг бүрдүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Г.******* нь Д.*******д холбогдуулан хүүхдийн асрамж өөрчлүүлэхээр гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч нь ...Анх 2010 онд танилцаж байсан. 2012 онд охинтой, 2018 онд хүүтэй болсон. 2018-2019 онд хоригдоод гарч ирэхдээ зан харилцаа нь өөрчлөгдсөн. Үе үе гар хүрч элдвээр хэлдэг болсон. Өсвөр насны охин хүүхэд учраас подвалд амьдардаг гээд ангийнх хүүхдүүд гадуурхаад байдаг учраас хүүхдээ аавынх нь асрамжид өгөхөөр шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлаж байна.

3. Хариуцагч нь охин Л.*******ыг өөрийн асрамжид авахыг хүлээн зөвшөөрч байна гэж тайлбарладаг болно.

4. Г.*******, Д.******* нар нь 2010 онд танилцан, улмаар хамтын амьдралтай болж, 2012 оны 11 сарын 05-ны өдөр охин Л.*******ыг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

5. Нэхэмжлэгч Г.******* нь охин Л.*******ыг одоогоор асрамждаа авах боломжгүй байгаа тул эцэг Д.*******ын асрамжид үлдээх, хариуцагч Д.******* нь өөрийн асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч байгаа. Мөн хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр эцэг эхийн чадамжийг үнэлэхэд 6 багц оношилгоогоор дүгнэхэд эцэгт 1 давуу тал, эхэд 2 давуу тал үүссэн. Эцэг эхийн хүүхдэдээ хандах хандлага, харилцан үйлчлэлийг тогтоох 3 судалгаанаас дүгнэхэд эцэгт 1 давуу тал үүссэн. Эхэд давуу тал үүсээгүй байна гэх дүгнэлтийг харгалзан үзэж, охин Л.*******ыг эцэг Д.*******ын асрамжид үлдээж шийдвэрлэв.

6. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т: Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 26 дугаар зүйлийн 26.2.2-т: эцэг, эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, 38 дугаар зүйлийн 38.1-т: Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байхаар тус тус заасан.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн болно.

8. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.*******т олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар ******* төрсөн охин Л.*******ыг эцэг Д.*******ын асрамжид үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.*******т олгосугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үргэлжлэхийг, мөн хуулийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг тус тус дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ