Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 215/МА2021/00003

 

Н.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Э даргалж, шүүгч Ш.Б, Т.Ж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 133/ШШ2021/00035 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ..... сумын 3 дугаар баг, Жавхлантад оршин суух, Х овогтой Н. А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн ........ сумын Эрүүл мэндийн төвд холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч шүүгч Т.Ж-ы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.А, түүний өмгөөлөгч Ж.М, хариуцагч байгууллагын төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.У нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н.А шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 оны 10 дугаар сарын 16-нд ....... сумын эрүүл мэндийн төвд ээлжийн сувилагчаар ажилд орж байсан. Миний бие ажиллах хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй, намайг ажилд ороход ерөнхий эмч А байсан. А эмч жирэмсний амралтаа аваад түүний оронд Н.Ц эмч томилогдон ажилласан цагаасаа намайг ажил хийлгэхгүй янз бүрийн өө хайж, элдэв үгээр хэлж, удаа дараа үндэслэлгүйгээр сахилгын арга хэмжээ авч, ажлаас чөлөөлж байсан юм. Ингээд би 2016 оны 01 дүгээр сарын 4-ний өдрийн шийдвэрээр ажилдаа буцаад орж байсан. Энэ үеэс хойш байнга дарамтанд ажиллах болсон. Надад сахилгын арга хэмжээ авч, үндэслэлгүйгээр цалингаас суутгал хийж байсан талаар нь дахин шүүхэд хандсан. Шүүхээс үндэслэлгүйгээр сахилгын арга хэмжээ авч, цалингаас суутгал хийсэн байна гэж үзсэн. Энэ хүн уурлаж надаас өө хайж, янз бүрийн үгээр доромжлон ажлаас чөлөөлөх шалтаг хайж удаа дараа ажлаас чинь чөлөөлнө гэж занах болсон юм. Ингээд намайг 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр дахин ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн юм. Намайг 3 дахь удаагаа чөлөөлж байна. Миний бие ажилдаа эргэн орох хүсэлтэй байна. Иймд Н.А намайг Говь-Алтай аймгийн ........ сумын эрүүл мэндийн төвд багийн эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч байгууллагыг төлөөлж Н.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэний хэргийн хариуцагч Говь-Алтай аймгийн ..... сумын эрүүл мэндийн төвийн дарга Н.Ц миний бие нэхэмжлэгч Н.А-ийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа Говь-Алтай аймгийн ..... сумын Эрүүл мэндийн төвд багийн эмчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага гаргажээ. Мөн нэхэмжлэлдээ намайг нэхэмжлэгчээс өө хайдаг, хэл амаар доромжилдог ажлын байрны дарамт үзүүлдэг ажлаас чөлөөлөх шалтаг хайж ажлаас чөлөөлсөн гэжээ. Ажил олгогч миний хувьд нэхэмжлэгчид ямар нэгэн байдлаар ажлын дарамт үзүүлж шалтаг хайж ажлаас чөлөөлсөн зүйл байхгүй. Тэр доромжилсон занасан зүйлийг нотлох баримтаар нотлохыг хариуцагчийн хувьд шаардаж байна. Нэхэмжлэлийн утга нь энэ хүн надад өс санаж явсаар намайг ажлаас чөлөөлсөн гэдэг байдлыг ойлгуулах гэж хичээсэн бололтой тийм зүйл байхгүйг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 743 дугаартай албан бичиг ирсэн. Уг албан бичигт Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийг удирдлага болгож хангаж ажиллах талаар мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Тус мэдэгдлийн дагуу ажилчдын хавтас бүхий хувийн хэрэг, ажлын байрны тодорхойлолттой танилцаж хяналт хийхэд багийн эмчээр ажилладаг Н.А нь эх баригч дипломтой, эх барих эрүүл мэндийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй, эмчлэх эрхийн зөвшөөрөлгүй, сувилагч Ч.А нь бага эмч, сувилагч дипломтой, эмчлэх эрхийн зөвшөөрөлтэй байсан. Н.А нь эх барихын зөвшөөрлийн гэрчилгээтэй байгаа нь тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй, өөрт нь шаардлага хангаж сургалтад хамрагдах, шалгалт өгөх боломж байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй. Энэ нь нэхэмжлэгч бага эмчийн ажлыг хийх эмчлэх эрхийн зөвшөөрөлгүй байж ард иргэдэд эмчлэх тусламж үйлчилгээ үзүүлж байгаа нь хүний амь нас эрүүл мэндэд хохирол аюул учруулах эрсдэлтэй. Ажилтан өөрөө боловсролоо дээшлүүлэн эмчлэх эрхийн зөвшөөрөл авах ёстой. Гэтэл эмчлэх эрхийн зөвшөөрөлгүйгээр бага эмчийн ажил үүргийг гүйцэтгэж байгаа нь хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд заасан ноцтой зөрчилд тооцогдохоор байгаа тул 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн Б/23 дугаар тушаалыг гаргаж ажлаас чөлөөлсөн. 2013 онд ажилд орсон, 3 дахь удаагаа ажлаас чөлөөлж байна гэсэн үндэслэлгүй тайлбар гаргаж байна. Өмнө 1 удаа ажлаас чөлөөлсөн. Чөлөөлсөн шалтгаан нь Эрүүл мэндийн сайдын алдаа зөрчилгүй ажиллах хуудас дээр ажлын байрны алдаа зөрчил гаргасан учраас чөлөөлсөн. Шүүхийн шийдвэрээр эргэж ажилдаа орсон. Нэхэмжлэгч эх баригчийн дипломтой, эх барих үйл ажиллагааны зөвшөөрөлтэй. Тийм учраас Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалтыг үндэслэн зөвхөн зөвшөөрөл олгосон чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлэх ёстой байтал бага эмчийн тусламж үйлчилгээг багийн иргэдэд үзүүлж байгаа учраас нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн. Ер нь ажилтан өөрийн диплом, эмчлэх эрхийн зөвшөөрөл авахаар цаашид суралцаж мэдлэг мэдээллээ дээшлүүлж байж ажлын байранд заасан чиг үүргийг гүйцэтгэх ёстой байдаг. Тийм шаардлагын үүднээс эмчлэх эрхийн лицензтэй байна гэсэн шаардлагыг удаа дараа тавьсан боловч нэхэмжлэгч хүлээн аваагүй. Тиймээс ажлаас чөлөөлсөн. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х овогтой Н.А-ийг Говь-Алтай аймгийн .... сумын Эрүүл мэндийн төвийн багийн эмчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Говь-Алтай аймгийн .... сумын Эрүүл мэндийн төвөөс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1.841.178 /нэг сая найман зуун дөчин нэгэн мянга нэг зуун далан найман/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.А-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.А-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөг, ажилгүй байсан хугацааны олговор 1.841.178 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 44.409 /дөчин дөрвөн мянга дөрвөн зуун есөн/ төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид нийт 114.609 /нэг зуун арван дөрвөн мянга зургаан зуун есөн/ төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн .... сумын Эрүүл мэндийн төвөөс гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Иргэний хэргийн хариуцагч Говь-Алтай аймгийн .... сумын Эрүүл мэндийн төвийн төлөөлөгч Н.Ц-ийн өмгөөлөгч Ж.Д миний бие Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 133/ШШ2021/00035 дугаар бүхий шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны журмаар дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй.

Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бодитой тогтоож, тогтоогдсон үйл баримтад үндэслэн материаллаг эрх зүйн хэм хэмжээг зөв хэрэглэж хэргийг үндэслэл бүхий шийдвэрлээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг нэхэмжлэгч өөрөө тодорхойлох үүрэгтэй. Гэтэл хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас харахад нэхэмжлэгч тухайн ажлын байранд хэзээ хэрхэн томилогдсон болох ажилтанг ажилд томилсон шийдвэр гаргасан эсэх, талууд хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон эсэх тухайн ажлын байранд анх томилох болсон үндэслэл шаардлага чухал ач холбогдол бүхий нөхцөл байдал тодорхой бус байхад шаардлагатай нотлох баримтыг гаргах боломжийг зохигчид олголгүйгээр ганцхан хариуцагч нотлох ёстой мэтээр дүгнэлт хийж хэт нэг талыг барьж шүүх хуралдааныг хийж шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн.

Мөн ажил олгогчийн зүгээс тухайн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон, хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтонд сахилгын ноцтой зөрчилд тухайн эмнэлгийн мэргэжилтэн нь өөрийн мэргэжил мэргэшлээ дээшлүүлж ажлын байранд тусгасан шаардлагыг хангаж ажиллах талаар тодорхой тусгаж өгсөн байхад анхан шатны шүүхийн зүгээс ажилтанг анх ажилд томилосон тушаал байхгүй байна, анх ажилд томилсон тушаалд тухайн шаардлагыг тавьж тусгагдаагүй байна гэж ажилд томилсон тушаал хэрэгт байхгүй байхад хийсвэрээр дүгнэлт хийж, тайлбарлаж шийдвэр гаргасан нь ойлгомжгүй нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Н.А нь Говь-Алтай аймгийн ... сумын Эрүүл мэндийн төвд холбогдуулан багийн эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Говь-Алтай аймгийн .... сумын эрүүл мэндийн төв нь тус төвийн багийн эмчээр ажиллаж байсан Н.А-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38.1.2, 40.1.4, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8.8.4, 11.2.13, багийн эмчийн ажлын байрны тодорхойлолт зэргийг үндэслэл болгон зааж багийн эмчийн ажлаас чөлөөлжээ.

Өөрөөр хэлбэл ажил олгогч байгууллага болох Говь-Алтай аймгийн .... сумын эрүүл мэндийн төв нь ажилтан Н.А-ийг хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлжээ.

 

 Хөдөлмөрийн ноцтой зөрчил гэдэгт ажил олгогчийн эрх, ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт харш үйлдэл, эс үйлдэл гаргасан байхыг ойлгох бөгөөд гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаарддаг.

 

Говь-Алтай аймгийн ... сумын Эрүүл мэндийн төв ажилтан Н.А нарын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.3-т зан харилцааны зөрчил, эмнэлгийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг зөрчих гэсэн зөрчлүүдийг сахилгын ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар нэрлэн заасан байна.

Гэтэл ажилтан Н.А нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт харш үйлдэл, эс үйлдэл гаргаж ажил олгогчийн ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон байдал хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдоогүй байх бөгөөд Н.А-ийг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон гэх зөрчлийг ажил олгогчийн зүгээс түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчилд тооцохоор нэрлэн заагаагүй байна.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч тушаалынхаа үндэслэлийг тайлбарлахдаа “Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 743 дугаартай албан бичиг ирсэн. Уг албан бичигт Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийг удирдлага болгож ханган ажиллах талаар мэдэгдэл ирүүлсэн.

 

Н.А нь эх барих эмчийн зөвшөөрлийн гэрчилгээтэй байгаа нь багийн эмчийн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй. Өөрт нь шаардлага хангаж сургалтад хамрагдах, шалгалт өгөх боломж байсан боловч энэ үүргээ биелүүлэхгүй эмчлэх эрхийн зөвшөөрөлгүйгээр ажил үүрэг гүйцэтгэж байгаа нь хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд заасан ноцтой зөрчилд тооцогдохоор байгаа тул ажлаас чөлөөлсөн гэж маргаж байна.

 

Гэтэл Говь-Алтай аймгийн .... сумын Эрүүл мэндийн төв нь Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан “эмнэлгийн тусламж, үйлчилгээг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий эмнэлгийн мэргэжилтэн үзүүлэх бөгөөд зөвхөн зөвшөөрөл олгосон төрлөөр тусламж үйлчилгээ үзүүлнэ” гэсэн заалт хүчин төгөлдөр үйлчилж байх хугацаанд буюу 2016 оноос хойш Н.А-ийг багийн эмчийн ажилд өөрөө томилон ажиллуулсаар байсан боловч энэ үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь буруу гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нь Н.А-ийг байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8.8.4, 11.2.13-д заасан зөрчлийг гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлсөн боловч уг зөрчлийг ажилтан ажил олгогчийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчлөөр нэрлэж заагаагүй байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь үнэлж, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 133/ШШ2021/00035 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Д-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114.609 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ч.Э

 

ШҮҮГЧИД                          Ш.Б

 

                                                  Т.Ж